Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00256

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр Дуга 210/МА2024/00256

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04356 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТЖ ХХК-д холбогдох,

 

Тэтгэмжийн зөрүү 9,352,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.Б- миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ТЖ ХХК-д хүний нөөцийн менежер, ерөнхий менежер, дэд захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж ажилласан. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа биеэр эдэлж дууссаны дараа ажилдаа ороход захирал М.Нарангарав, хуулийн зөвлөх н.Минжмаа нар дэд захирлын албан тушаалыг ерөнхий менежер болгож н.Балжинням гэх хүнийг томилох тул тантай хамтарч ажиллахгүй болсон талаар мэдэгдсэн.

1.2. Бид тохиролцож, сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авахаар тохиролцож, ажил олгогчийн шаардсаны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2023 оны Б-229 дугаар тушаал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлан, сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний тэтгэмж 20,100,000 төгрөгийг олгосон.

1.3. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан ээлжийн амралтын цалинг тооцож оруулахгүйгээр дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нийт тэтгэмж 29,452,748 төгрөг олгогдох байснаас 9,352,748 төгрөгийг олгоогүй.

1.4. Миний зүгээс ажил олгогчид 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан боловч шийдвэрлээгүй тул энэ талаарх гомдлыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд ТЖ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б-229 тоот тушаалаар олгогдох ёстой байсан 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс дутуу олгогдсон 9,352,748 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан энэ хүсэлтээ дэмжиж байна.

2.2. Түүнчлэн Н.Б- нь манай байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг дуудахад ирээгүй.

2.3. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т дундаж цалин хөлсийг тооцохдоо нийт сарын тоонд хувааж тооцохоор заасан байх тул 12 сарын хугацаанд авч байсан 80,942,108 төгрөгийг ажилласан сард хуваахад сарын дундаж цалин 6,745,175 төгрөг байна. Үүнийг 3 сараар бодож 20,100,000 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгчтэй тохиролцсны дагуу 3 сарын цалингийн дунджаар тооцоолж тэтгэмж олгосон тул нэхэмжилж байгаа 9,352,748 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ТЖ ХХК-аас 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт дутуу олгогдсон 9,352,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, үлдэх 38 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 165,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлөгдсөн 164,598 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Н.Б- нь ТЖ ХХК-ийн захирлын Б-171 дугаар тушаалаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр анх ажилд орж, захирлын Б-200 дугаар тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий менежер, захирлын Б-224 дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дэд захирлаар томилогдон ажилласан.

4.2. ТЖ ХХК-ийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А-13 дугаар тушаалаар дэд захирлын орон тоо хасагдсан тул Н.Б- нь өөрөө сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгож өгөхийг хүссэн байдаг. Н.Б- нь өргөдөлдөө хөдөлмөр эрхлэлтийн хугацааг цуцлуулах өдрийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс гэж тухайлан заасан байгаа.

4.3. Хүсэлтийг хүлээн авч захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б-229 тоот тушаалаар Н.Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тушаал гарсан.

Уг тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн дундаж цалин хөлсийг бодож олгосон.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.1-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална гэж заасан тул манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан тэтгэмжийг олгохдоо 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж олгоно гэдгийг үндэслэл болгон Н.Б-гийн 12 сарын ажилласан хугацаанд авч байсан цалин хөлсийг 12 сард хувааж 1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлсон.

4.4. ТЖ ХХК-д 1 жил ажилласан Н.Б-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үед нь хуульд зааснаас илүү давуу байдлаар боломж олгож 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 20,100,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу хуульд нийцсэн, хуулийн дагуу дүрэм журмын заалтыг зөв хэрэглэж явуулсан арга хэмжээ болно.

4.5. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговор гэдгийг баримтлан дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцон иргэн Н.Б-д 20,100,000 төгрөг бус 29,300,000 төгрөгийг олгох ёстой гэж хууль дүрэм журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаж байгаа ажилтанд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор заасан бөгөөд энэ тохиолдол нь Дундаж цалин хөлс бодох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан үндэслэлийг баримтлан дундаж цалин хөлс бодох нь шудрага ёсонд нийцсэн хууль дүрэм журмын дагуу байхаар байна.

Дээрх тэтгэмж нь Дундаж цалин хөлс бодох журам-ын 2.3-т тухайлан, нэг бүрчлэн заасан тохиолдолуудад хамаарахгүй.

Гэтэл шүүх дундаж цалин хөлс бодох журмын 2.3-т огт тусгагдаагүй нөхцөлөөр тэтгэмжийг тооцож 9,300,000 төгрөгийг ажил олгогчоос илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

ТЖ ХХК-ийн зүгээс иргэн Н.Б-д хуульд заасан нөхцлөөс илүү давуу байдлаар ажлаас халагдсаны нэг удаагийн тэтгэмжийг олгосон гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Дундаж цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан зохицуулалттай хамааруулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа хариуцагчийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа.

Өөрөөр хэлбэл тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгийг заасныг үндэслэж гаргасан.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсөнд ээлжийн амралтыг оруулж тооцно гэсэн үндэслэлийг оруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасныг баримтлан ээлжийн амралтыг оруулж сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцож олгох нь Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасантай нийцэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т дундаж цалин хөлсийг үндсэн болон түүнээс дээш хэмжээгээр тогтоож болно гэж заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарласан, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

5.3. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан олговрыг олгож байгаа нь тушаалын хэрэгжилтийг шийдвэрлэж байгаа зүйл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд ажил олгогч болон ажилтан дундаж цалин хөлс, нөхөн олговрыг тохиролцох эрхтэй гэж заасны дагуу анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий тайлбар хийсэн нь зөв. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын удирдлага болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн байцаагчийн тушаалын хэрэгжилтийг ханга гэсэн албан шаардлагыг хүргүүлсэн. Эрх бүхий албан тушаалтан нь хуулийн хүрээнд албан шаардлага хүргүүлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нөхцөл байдлыг илэрхийлж байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч ТЖ ХХК-д холбогдуулан дундаж цалин хөлсөнд дутуу олгосон 9,352,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.а. Нэхэмжлэгч Н.Б- нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ТЖ ХХК-д хүний нөөцийн менежер, ерөнхий менежер, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан;

 

3.б. ТЖ ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б-229 дугаар Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар ...дэд захирлын орон тоо хасагдсан тул Дэд захирал Намсрайжавын Б-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэж, 2 дахь заалтаар Н.Б-д дундаж цалин хөлснөөс тооцсон 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хөлөмөрийн дотоод журмын 3.1, ажилтны өргөдлийг үндэслэн Н.Б-г ажлаас чөлөөлсөн; /хх-59/

 

3.в. Нэхэмжлэгч Н.Б- нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №113 тоот гомдол хэлэлцсэн тэмдэглэлээр ... Гомдол гаргагч Н.Б-гийн ТЖ ХХК-тай холбоотой дутуу олгосон 3 сарын дундаж цалин хөлсийг гаргуулахыг хүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг аль болох харилцан тохиролцуулж шийдвэрлэх гэж оролцсон боловч ажил олгогч тал хүрэлцэн ирээгүй, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийн хэмжээнд шийдвэрлэх гомдол гэж үзэж урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй болно. гэж шийдвэрлэсэн байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргаантай харилцааг зөв тодорхойлж, цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг залруулна.

 

4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар ажил олгогч нь үндсэн цалингаас тэтгэмж олгох зохицуулалттай боловч талууд харилцан тохиролцож дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхцлийг дээрдүүлсэн байгаа нь хууль зөрчөөгүй байна.

 

4.б. Анхан шатны шүүх Н.Б-гийн 3 сарын дундаж цалин буюу 2023 оны 5 сарын цалин 6,382,643 төгрөг, 6 сарын цалин 5,855,701 төгрөг, 7 сарын цалин 9,209,966 төгрөгийн цалингийн дунджаар тэтгэмжийн хэмжээг тогтооно гэж зөв дүгнэсэн атлаа тооцооллын алдаа гаргаж, хариуцагчаас 9,352,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагч байгууллагаас Н.Б-д олговол зохих 3 сарын дундаж цалин хөлс нь 21,448,309 төгрөг ба үүнээс ажил олгогчоос олгосон 20,100,000 төгрөгийг хасч тооцоход 1,348,309 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-д дутуу олгосон байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д олговол зохих тэтгэмжийн хэмжээг зохицуулсан, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлсний бүрдлийг тодорхойлсон зохицуулалт нь дутуу олгосон цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй.

 

5.б. Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд урьдчилан шийдвэрлэх журам буюу Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шаардах эрх үүснэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ТЖ ХХК-аас дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 1,348,309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/04356 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ТЖ ХХК-аас дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 1,348,309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 165,593 гэснийг 36,523 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,593 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР