Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 1

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

Шүүгчид                                Б.Манлайбаатар

                                                                            Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                А.Энхтуяа

Ялтны өмгөөлөгч                 Д.Эрдэнэ-Оргил

Ялтан                                   Т.Түвшинжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хар үхэрт овогт Түмэнтогтохын Түвшинжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000299 дугаартай, 148/2016/0131/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг 1-06 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Хар үхэрт овогт Түмэнтогтохын Түвшинжаргал /РД: МО88021416

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Түвшинжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан нэгдүгээр багт байрлах АТП-118 дугаартай трансмоторын хэлхээг гараараа салгаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт  хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Т.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 133 дугаартай шийтгэх тогтоолоор

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хар үхэрт  овгийн Түмэнтогтохын Түвшинжаргалыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож,  

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  Түмэнтогтохын Түвшинжаргалыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Түвшинжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-…Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пүүзэн гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Түвшинжаргалд буцаан олгохоор зааж,  

-Иргэний хуулийн 497 дугаар зйүүийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Түвшинжаргалаас 343.594 төгрөг гаргуулж, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгож,  

-Т.Түвшинжаргалд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

        Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

          …Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд  цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлж байна. Миний бие нь эрх зүйн мэдлэг дутмагаас болж анхан шатны шүүх хуралдаанд хуульзүйн туслалцаа авалгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулалгүй орж маш том алдаа гаргасан байна.

          Би эхнэр, бага насны 2 хүүхэд, тэтгэвэрт гарсан өндөр настай ээжийн хамтамьдардаг. Эхнэр одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй, гэр бүлээ тэжээж явдаг хүн нь би юм. Би одоо өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ бүрэн ухамсарлаж нэхэмжлэл гаргасан 5 хүн болон нэхэмжлэл гаргаагүй 3 хүний төлбөрийг сайн дураараа төлж бүрэн барагдуулсан. Мөн ДСЦТСүлжээ ХК-ийн нэхэмжилсэн 343594 төгрөгнөөс 2016.12.12-ны өдөр Шаамар сумын Төрийн банкинд 120.000 төгрөгийг тушаасан байснаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй алдаа гаргасан байна. Мөн үлдэгдэл мөнгийг бүрэн барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүсье гэжээ.

        Ялтан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Цаашдын ажил, амьдралдаа ийм алдаа гаргахгүй. Надад оноосон хорих ялыг тэнсэн харгалзаж өгөөч гэв.

        Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Түвшинжаргалын эрх ашгийг хамгаалахаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолтой маргах зүйл байхгүй. Хавтаст хэргийн 29-30 дугаар талд байх гэмтэл судалсан акт нотлох баримт мөн үү? гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар гаргаж өгсөн баримт нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна. Хавтаст хэргийн 56-58 дугаар талд авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт хэлхээг засахад ямар нэгэн зардал гараагүй, эрчим хүчийг тасралтгүй хангах тал дээр хохирол гарсан байх гэж мэдүүлсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байсан нь  харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэглэх боломжгүй болсон байгаа юм. Гэвч ялтан Т.Түвшинжаргал нь өнөөдрийн байдлаар дээрх хохирлыг барагдуулсан учраас Т.Түвшинжаргалын хорих ялыг өөрчлөн тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтэндээ:

        Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх тул хэлэх зүйл байхгүй гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Т.Түвшинжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан нэгдүгээр багт байрлах АТП-118 дугаартай трансмоторын хэлхээг гараараа салгаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Т.Түвшинжаргалыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Т.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлын дагуу эрүүгийн 201618000299 дугаартай хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Т.Түвшинжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан нэгдүгээр багт байрлах АТП-118 дугаартай трансмоторын хэлхээг гараараа салгаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт  хэргийг үйлдсэн болох нь ялтан Б.Түвшинжаргал /хх-ийн 73-77,120-128-р ху/, хохирогч М.Болор-Эрдэнэ /хх-ийн 36,120-128-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Батдэлгэр /хх-ийн 38-р ху/, М.Алтнаа /хх-ийн 41-р ху/, О.Солонго /хх-ийн 44-45-р ху/, Ж.Батнасан /хх-ийн 47-48-р ху/, Д.Мөнхсаруул /хх-ийн 50-51-р ху/, гэрч Ц.Амарсанаа /хх-ийн 54-р ху/, Б.Отгонбаяр /хх-ийн 55-р ху/, Т.Анхбаяр /хх-ийн 56-р ху/, Ж.Батхүү      /хх-ийн 57-р ху/, Н.Бадамтуяа /хх-ийн 58-р ху/, Д.Ганхуяг /хх-ийн 59-р ху/, Б.Сонинбаяр /хх-ийн 60-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р ху/, Эд зүйлд үзлэг хийж, хурааж авсан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй.

Т.Түвшинжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орлогын мэдүүлгүүдээр батлагдаж байх тул   түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй байна.

Иймд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  133 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн   133 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Түвшинжаргалд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Т.Түвшинжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Т.Түвшинжаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                 Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                Б.МАНЛАЙБААТАР

                                            Д.БУЯНЖАРГАЛ