Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0109

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 729 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Ц-ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан. Энэхүү албан тушаалыг эрхлэх хугацаандаа холбооны Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлж ирсэн гэж үздэг. Гэтэл Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол гарч, намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө.

Миний бие Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын талаар иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд Удирдах зөвлөлөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн чиглэлийг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж, нотлох баримтын хамт гарган өгсөн байна. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Н нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 дугаар албан бичгээр Д.Ц намайг “Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журам”-ыг зөрчсөн мэтээр дүгнэж, гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай чиглэлийг Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлд өгчээ.

Энэхүү албан бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол гарган намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн байв. Өөрөөр хэлбэл захиргааны актын хэрэгжилтийг хангах үүднээс намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Ц би “Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журам”-ыг зөрчөөгүй бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй болно.

Ийм байхад намайг жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журам зөрчсөн мэтээр дүгнэлт гарган хүргүүлж, улмаар намайг гүйцэтгэх захирлын ажлаас халуулсан Санхүүгийн зохицуулах хорооны чиглэл хүргүүлсэн албан бичигт гомдолтой байна.

Уг захиргааны актын хэрэгжилтээр Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсээд байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ц миний нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны акт болох Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Албан журмын даатгагчдын холбоо нь Даатгалын тухай хуульд зааснаар Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагчдын гишүүнчлэл бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь Холбооны үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, зааврыг баталж уг холбооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Албан журмын даатгагчдын холбоо нь үйл ажиллагаагаа жил бүр тус хороонд тайлагнадаг. Холбооны төсөв нь үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө, гишүүний элсэлтийн хураамж, татвар болон бусад төлбөр, зээл, тусламж, хандивын эх үүсвэрээс бүрддэг.

Албан журмын даатгагчдын холбоо нь удирдах зөвлөлтэй ажилладаг ба түүний бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны төлөөллийг оролцуулж, бүтэц, бүрэлдэхүүнийг тус хороо баталдаг. Удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан удирдамжийн дагуу хорооны шалгалтын ажлын хэсэг Албан журмын даатгалын холбооны үйл ажиллагаанд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн шалгалт хийж дараах нөхцөл байдлуудыг тогтоосон.

Тус холбоо нь Даатгалын тухай хуулийн 121.3-т “албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сан”-тай байхаар зохицуулсны дагуу 2012 онд АМИС буюу “Мэдээллийн нэгдсэн автоматжсан систем”-ийг ашиглаж эхэлсэн. Энэхүү систем нь мэдээллийн шаардлагыг хангахгүй байсан тул Удирдах зөвлөлийн 2013 оны 15 тоот тогтоолоор “Шинэ систем” боловсруулах Ажлын хэсэг байгуулж Холбооны ажилтнууд болон БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зардлаар тус улсын даатгалын институтээс ирж ажиллаж байгаа мэргэжилтэн нар хамтран ажиллаж МИИС системийн бүтэц, программыг Холбооны зардлаар хийж гүйцэтгэсэн байна.

Гэтэл дээрх МИИС системийн зохиогчийн эрхийг тус Холбооны ажилтан Т.Ш-т олгох “Зохиогчийн эрхийг зохицуулах” 01 тоот гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Холбооны гүйцэтгэх захирал Д.Ц байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “... зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” байсан.

Мөн Холбооны дүрэмд “Удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж ажиллах бөгөөд түүнд гүйцэтгэх захирлын эрх үүргийг нарийвчлан тусгах”-аар заасан байдаг. Энэхүү заалтын дагуу Холбооны гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан 2013, 2014 оны Хөдөлмөрийн гэрээний 5.3-т “... Удирдах зөвлөлийн хурлаас эрх олгосон асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд гэрээ, хэлцэх байгуулах...” гэснийг зөрчиж Удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр дээрх гэрээг байгуулсан нь өөрт нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн хууль бус үйлдэл болохыг тогтоосон.

Нөгөө талаар ажилтан Т.Ш нь тус холбооны орон тооны ажилтан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилгод “жолоочийн даатгалын мэдээллийн санг үүсгэх, түүний нууцлал аюулгүй байдал, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, програм хангамжуудыг боловсруулах, нэвтрүүлэх, хөгжүүлэх, журам, заавар, стандарт, шаардлагыг боловсруулах, Холбооны мэдээллийн технологийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, шинэ технологи судлах, нэвтрүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх” гэж заасан бөгөөд ажлын байранд заагдсан дээрх зорилтыг хэрэгжүүлсний төлөө цалин авдаг, үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлаар тухайн албан хаагчдад зохиогчийн эрхийг эзэмшүүлэх давуу эрхийг олгосон нь тус Холбоонд хохиролтой гэрээ болсон зэргийг Ажлын хэсэг шалгалтаар тогтоож дүгнэлт гаргасан.

Дээрх Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 тоот албан бичгээр “Шалгалтаар даатгалын мэдээллийн сангийн МИИС програм хангамжийг өмчлөх эрх тус Холбоонд байхгүй, системийн засвар үйлчилгээ, нууцлал, аюулгүй байдал нэг хүнээс шууд хамааралтай, энэ нь Хорооны 2012 оны 392 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн журмын 6.3, 6.6.9, 8.2.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдож, олон нийтийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус Холбооны Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн, гарсан шийдвэрийг Хороонд танилцуулах”-ийг чиглэл болгосон.

Дээрх албан бичиг нь захиргааны шийдвэр биш бөгөөд шалгалтын дүнгээр илэрсэн зөрчлийг арилгуулах болон хяналт таивх эрхийг Даатгалын тухай хуулийн 121.7-д “... уг холбооны үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн Хороонд олгосон эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаар авч үзвэл тус Хорооны даргын дээрх албан бичиг нь Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлыг ажлаас халах захирамжилсан шийдвэр биш, нөгөө талаар албан бичгийн дагуу албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлц гэсэн нь эрх зүйн үр дагаврыг шууд бий болгоогүй зэрэг нь хуулиар томъёолсон захиргааны актын дээрх үндсэн шинжийг агуулаагүй байна.

Нөгөө талаар хэлэлцээд шийдвэр гаргах нь Холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал тул Хорооны даргын дээрх албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 729 дүгээр шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 121.1, 1217 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-аас гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны даргаас Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлд хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 46 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Магадлалын Хянавал хэсэгт “Анхан шатны шүүх “Чиглэл өгөх тухай” албан бичгийг захиргааны актын шинж агуулсан эсэхэд буруу дүгнэлт хийсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны үйл ажиллагааг захиргааны акт биш гэж дүгнэснээс үүдэн маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна” гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрт “маргаанд” холбогдох шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг цуглуулсан бөгөөд тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нотлох баримт цуглуулж, үнэлэх байсныг давж заалдах шатны шүүх магадлалд заагаагүй, нөгөө талаар нотлох баримт нэмж гаргах талаар хариуцагч, нэхэмжлэгч талуудын хүсэлт гаргаагүй, мөн маргаагүй байхад ингэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

2. Мөн хэсгийн “Нэхэмжлэлийн шаардлагад 1/2718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлипн агууллагаас үзвэл нэхэмжлэгч нь уг албан бичгийн 7 дугаарт заагдсан асуудлаар маргасан байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч уг албан бичигт дурдагдсан бусад асуудлаар маргаж буй эсэх, мөн маргах эрхтэй эсэх талаар нэхэмжлэгчийн тайлбар, тодруулгыг авсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ тодорхойлогдохоор байна” гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг болон  69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус заасны дагуу талууд “... нэхэмжлэлийн шаардлага, ...”-ыг нотолж мэтгэлцэх чиг үүрэгт анхан шатны шүүхийг оролцоогүй гэж буруутгасан нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Нөгөө талаар шүүх хуралдаан эхлэхэд шүүхээс “... нэхэмжлэгч уг албан бичигт дурдагдсан бусад асуудлаар маргаж буй эсэх, талаар асууж тодруулга авсан нь” хуралдааны
тэмдэглэлд тусгасан байхад үүнийг давж заалдах шатны шүүх үнэлж үзээгүй байна.

3. Мөн хэсэгт “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийн 7 дугаарт “... Холбооны гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн, гарсан шийдвэрийг Хороонд танилцуулах” гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын шинжийг агуулахаар байхад анхан шатны шүүх захиргааны акт биш гэж дүгнэсэн нь буруу болжээ” гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““захиргааны акт” гэж ниптийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажилагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;” гэж заасан.

Тухайн хуулийн энэхүү заалтаар авч үзвэл тус Хорооны даргын дээрх албан бичиг нь Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захиралыг ажлаас халах захирамжилсан шийдвэр биш, нөгөө талаар албан бичгийн дагуу албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлц гэсэн нь эрх зүйн үр дагаварыг шууд бий болгоогүй, Албан журмын даатгагчдын холбоо нь “тухайн асуудлыг” хэлэлцэхгүй ч байж болох тул захиргааны актын дээрх үндсэн шинжийг агуулаагүй байгаа юм.

Нөгөө талаар хэлэлцээд шийдвэр гаргах нь Холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал тул Хорооны даргын дээрх албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан Албан журмын даатгагчдын холбооны тухайн асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Д.Ц нь “өөрийгөө ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн” байдаг.

4. Мөн хэсгийн “... энэ талаар шалгалт хийх эрхтэй талаар шүүх зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч болон Санхүүгийн зохицуулах хорооны хооронд дээрх хяналт шалгалтын асуудлаар үүссэн харилцааг хэлэлцүүлж үр дүнг тодорхойлсон өөр бусад шийдвэр байхгүй тул дээрх албан бичиг нь “Зөрчил гарсан эсэх талаар шалгалт хийсэн захиргааны байгууллагын зүгээс гаргасан эцсийн шийдвэр болохыг анхаараагүй байна” ... мөн “... хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал үндэслэлтэй эсэхийг холбогдох баримтын дагуу дүгнэлт өгөх шаардлагатай байна” гэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль нь тус Хорооны “хяналт шалгалт” хийсэн асуудлаар огт маргаагүй гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзан үзээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 46 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 88.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;” гэж заасантай нийцжээ.

Дээрх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ” гэсний дагуу анхан шатны шүүх магадлалд заагдсан зүйлүүдийг шалгаж тодруулахаар байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/2718 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхэд анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Уг албан бичгийн 7 дугаарт заагдсан асуудал нь Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ц-ын хувьд тодорхой үйлчлэл бүхий буюу түүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхийг тус холбооны Удирдах зөвлөлд үүрэг болгосон шинжийг агуулсан, эрх зүйн үр дагаврыг бий болгосноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Нэхэмжлэгч Д.Ц-ын Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар авч, үнэлэлт өгөхөөс гадна тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл хуульд заасан журмын дагуу үйлдэгдсэн эсэхийг шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус хорооноос Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайлангийн дүгнэлт хэсэгт гүйцэтгэх захирал Д.Ц-тай холбоотой асуудал тусгагдаагүй байхад хуулийн заалт хэрэглэлгүй гаргасан маргаан бүхий 1/2718 дугаар албан бичигт гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр заасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн дээрх дүгнэлтийн 5-д мэдээллийн сангийн програм, мэдээллийн санг Албан журмын даатгагчдын холбоо өмчлөхөөр заасан, гэтэл албан бичгийн 7-д шалгалтаар даатгалын мэдээллийн сангийн МИИС програм хангамжийг өмчлөх эрх тус холбоонд байхгүй гэсэн эсрэг дүгнэлт хийснийг тодруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасан журмын дагуу гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзээд магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нотлох баримт цуглуулж үнэлэх байсныг магадлалд заагаагүй ... талууд нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, мэтгэлцэх чиг үүрэгт анхан шатны шүүх оролцоогүй гэж буруутгасан нь хууль хэрэглээний хувьд буруу ... хорооны даргын албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА