Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1228

 

“ХХХ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох,

 

6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

"ХХ" ХХК-ийг 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, дээрх эксковаторын техникийн гэрчилгээг "ХХ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг "ХХХ" ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "ХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-д 2014 оны 001/2014 дугаар "зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн өгсөн юм. Хариуцагч нь экскаваторын 2015 оны 6, 7, 8 дугаар саруудад төлбөл зохих хуваарьт төлбөрийг төлөөгүй тул "ХХХ" ХХК нь 001/2014 дугаар гэрээний 3.6-д заасны дагуу гэрээг дангаар цуцалж тоног төхөөрөмжийг эргүүлэн авахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд DX300LCA маркийн экскватор болон түүний түрээсийн төлбөрийг "ХХХХ" ХХК-иас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч "ХХХХ" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ХХХХХХ нас барсан гэх үндэслэлээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 32632 дугаар захирамж гаргасан. Бид шалгаж үзэхэд 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковатор одоогийн байдлаар "ХХ" ХХК-ийн эзэмшилд байна. Иймд "ХХ" ХХК эксковаторыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ХХХ" ХХК-иас "ХХ" ХХК-д эксковатор хууль бусаар эзэмшиж байна гэж хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрхгүй байна. Манай компани нь "ХХХ" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд "ХХХХ" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 021/2013 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр "ХХ" ХХК 367 620 000 төгрөгөөр DOOSAN DX300LCA гинжит эксковаторыг худалдан авч тооцоог бүрэн төлсөн ба уг эксковаторын хууль ёсны шудрага өмчлөгч юм. Бид хариуцагч болох үндэслэлгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаар өөр компанийг татах ёстой байх гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ХХ” ХХК-ийн ерөнхий захирал Х, менежер ХХХХХХ нар нь "ХХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирал ХХХХХХтой 2007 онд анх танилцсан ба 2013 онд ХХХХХХтой манай менежер ХХХХХХ уулзаж газар шорооны ажилд эксковатор хэрэгтэй байна гэх мэт зүйл ярихад ХХХХХХ нь би Солонгосын DOOSAN компанийн Монгол талын "ХХХ" ХХК-ийн захирал хийж байгаа манай албан ёсны борлуулагч нь манай дүү, миний "ХХХХ" ХХК байна.

Эндээс DOOSAN компанийн эксковатор аваарай хөнгөлөлттэй гэх зэрэг зүйлийг урдны танил хэлсэн учир 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг талаас "ХХХ" ХХК-ийн албан ёсны борлуулагч "ХХХХ" ХХК, нөгөө талаас "ХХ" ХХК тохиролцож, "тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 021/2013 тоот гэрээ" хийж нийт 367 620 000 төгрөгт 1 ширхэг 65-05 техникийн дугаартай DOOSAN DX300LCA гинжит эксковаторыг худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан.

Урьдчилгаа 90 062 000 төгрөгийг болон үл хөдлөх хөрөнгийг өгч эксковаторыг "ХХХ" ХХК-ийн худалдааны талбайгаас худалдан авагч талд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "ХХХХ" ХХК-д хүлээлгэн өгсөн. "ХХХ" ХХК-ийн талбайгаас нэгж бүх төлбөрөө төлсөн учир эксковаторыг авч гарахад ямар нэгэн хориг тавиагүй болно. Ингээд ямар нэгэн асуудалгүй "ХХХХ" ХХК-ийнхан манайд мөнгөө гүйцэд өгөхгүй байна танайх төлбөрөө дуусахаар нь гэрчилгээгээ ав гэсэн.

Бид албан ёсоор гэрээ хийж бүх төлбөрөө төлсөн учир танай хоёр компанийн асуудал хамаагүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Ингээд 2016 оны 2 дугаар сард манай компанитай гэрээ хийсэн ХХ "ХХХ" ХХК-ийн хуулийн зөвлөх, ХХХХХХийн эхнэр ХХХХХХХ нар "ХХ" ХХК-ийн захирал Х, хуулийн зөвлөх ХХХХХХХХ нар байлцан харилцан ярилцаж "ХХХХ" ХХК буюу ХХ, "ХХХ" ХХК-ийг удахгүй 6 сарын хугацаанд хохиролгүй болгож өгөх талаар ярилцсан. Тэр яриан дээр "ХХХ" ХХК, "ХХХХ" ХХК-иас эксковаторыг 291 000 000 төгрөгөөр авч бидэнд 367 000 000 төгрөгөөр зарсныг мэдсэн.

Энэ хоёр компанийн өглөг авлагаас болж төлбөрөө бүрэн хугацаанд нь өгсөн "ХХ" ХХК хохирох ёсгүй гэж үзэж байна. Бидний хооронд хийгдсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байгаа болно. Иймд Иргэний хуулийн 243, 261, 262-264 дүгээр заалтуудыг баримтлан "ХХХХ" ХХК, "ХХ" ХХК-д харилцан тохиролцож гэрээ хийсэн нь хүчинтэй байгаа ба Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлийн зохицуулалт шудрага хууль ёсны өмчлөгч “ХХ" ХХК-д үйлчилнэ гэж үзэж 6505 техникийн арлын дугаартай DX300LCA эксковаторын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, дээрх эксковаторын техникийн гэрчилгээг "ХХ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг "ХХХ" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эд хөрөнгийн захиран зарцуулах буюу худалдах эрхийг зөвхөн өмчлөгч хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд "ХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-д эксковаторыг зээлээр худалдсан. Өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр эксковаторыг цааш нь дамжуулж худалдах боломжтой боловч өмчлөгч "ХХХ" ХХК-ийн зүгээс "ХХХХ" ХХК-д худалдах зөвшөөрөл өгөөгүй байхад гэрээ байгуулж "ХХ" ХХК-д худалдан борлуулсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл болж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно" гэсэн ба эксковатор нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд "ХХХХ" ХХК-ийн өмч биш гэдгийг "ХХ" ХХК нь мэдэж байсан, үүнийгээ өөрсдөө ч тайлбарлаж хэлсэн. Иймд өмчлөх эрхийг "ХХ" ХХК нь шударгаар олж авсан гэж үзэхээргүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн шаардлага нь үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-ийн хариуцагч "ХХ" ХХК-иас 6505  арлын дугаартай  DX300LCA маркийн  эксковаторыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, “ХХ” ХХК-ийг 6505 арлын дугаартай DX300LCA маркийн  эксковаторыг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, дээрх эксковаторын техникийн гэрчилгээг “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “ХХХ" ХХК-д даалгах тухай хариуцагч "ХХ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1 613 250 төгрөг, хариуцагч "ХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгэзр сарын 14-ны өдрийн 15584 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд Иргэний хуулийн 111 дүгээр зүйл бол өмчлөгч нь эд хөрөнгийг бусдад шилжүүлэхэд хэрэглэгдэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл эксковаторын өмчлөгч "ХХХХ" ХХК байсан бол шүүх энэ заалтыг хэрэглэж болох байсан. Гэтэл "ХХХХ" ХХК эксковаторыг "ХХ" ХХК-д шилжүүлэх үед эксковаторын өмчлөгч нь "ХХХ" ХХК байсан ба одоо ч тус эксковаторын өмчлөгч хэвээр байгаа юм.

Хэрэв өмчлөгч биш этгээдээс эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх ёстой юм. Өмчлөх эрхийг шударгаар олж авах асуудал нь эрх шилжүүлж байгаа этгээд өмчлөгч мөн гэж дүгнэхэд хүргэж буй гадаад нөхцөл байдал байгаа эсэхийг шаарддаг. Эксковаторын хувьд энэ нь эрх шилжүүлж байгаа этгээд тээврийн хэрэгсэл өмчлөгчөөр бүртгэгдсэн байх явдал юм.

Хариуцагчийн хувьд эксковаторын өмчлөгч "ХХХ" ХХК-ийн өмч болохыг гэрээ байгуулж байсан үед мэдэж байсан болохоо шүүх хуралдааны үед хэлсэн, мөн мэдэх боломжтой юм. Ийнхүү "ХХХХ" ХХК эксковаторын өмчлөгч биш гэдгийг мэдсээр байж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр уг эксковаторыг худалдан авах гэрээг "ХХХХ" ХХК-тай байгуулж эксковаторыг авсан явдал нь хариуцагч өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 111 болон 114 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

2013 оны 021/2013 дугаар гэрээг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээний талууд байгуулсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 50, 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь заавал хүчин төгөлдөр бус гэж тооцогдох шаардлагагүй, хүчин төгөлдөр бус байх нь тухайн хэлцлийн энгийн үр дагавар байх хэлцэл байдаг. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хэлцэл нь зөвхөн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр бусд тооцогддог.

Өмчлөгчийн зөвшөөрөл авалгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулах гэрээ байгуулсан, үүнийг өмчлөгч хожим нь мэдсэн боловч зөвшөөрөл олгоогүй атал үүнийг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэжээ. Шүүхийн энэ дүгнэлтийн дагуу бол өмчлөгчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг худалдан борлуулж болохоор хуулийг тайлбарласан байна.

Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хариуцагч нь эд хөрөнгийг эзэмшиж байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг үндэслэн эксковаторыг нэхэмжилсэн ба энэхүү шаардлагаа хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 111, 114, 90, 93, 106, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж 6505 аралын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 6505 арлын дугаартай,      DX300LCA маркийн эксковаторыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторын өмчлөгч болохыг тогтоолгох, эксковаторын техникийн гэрчилгээг “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “ХХХ” ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгчийн “ХХХХХ” ХХК нь зээлээр худалдаж авсан эксковаторын үнийг бүрэн төлөөгүй, эд хөрөнгө “ХХХ” ХХК-ийн өмч байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан тул “ХХ” ХХК-ийг хууль бус эзэмшигч гэж үзнэ, иймээс бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэсэн тайлбарт заагдсан үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

            Хариуцагч нь эксковаторыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үнийг бүрэн төлж, шилжүүлэн авсан, хууль ёсны шударга өмчлөгч тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

            Хариуцагч “ХХ” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ХХХХХ” ХХК-тай “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 02/2013 дугаар гэрээг байгуулж, эксковаторыг мөн өдрөө “ХХХ” ХХК-ийн худалдааны талбайд худалдагч талаас хүлээн авсан, “гэрээний урьдчилгаа төлбөр 90 062 000 төгрөгийг “ХХХХХ” ХХК-д “Замч ирээдүй” нэрээр 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн, үлдэх 277 558 000 төгрөгт ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХ байрны ХХ тоот 93,54 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 18 м.кв 4 номерийн авто зогсоолыг шилжүүлж төлбөр тооцоо дууссан талаарх баримт хэрэгт авагджээ.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны 001/2014 дугаартай “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээ хэрэгт авагдсан ба зээлийн гэрээний дугаар алдаатай бичигдсэн гэж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/2014 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, худалдааны гэрээний хавсралт болох төлбөрийн хуваарийг өөрчилсөн тухай гэрээнд гэрээний огноо нь 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр болохыг залруулсан байна. Түүнчлэн “ХХХ” ХХК-д маргаж буй эксковаторын техникийн гэрчилгээ 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон нь хэрэгт авагджээ.

            Дээрх баримтуудад заагдсан байдлаар гэрээний зүйл болох эксковаторын эзэмшлийн асуудлыг цаг хугацааны дарааллаар харьцуулан үзвэл “ХХХХХ” ХХК, “ХХ” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж, эксковаторыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь “ХХХХХ” ХХК-тай 001/2014 дугаартай “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээг байгуулж,  техникийн гэрчилгээ “ХХХ” ХХК-д олгогдсон байна.

Хариуцагч “ХХ” ХХК-ийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ХХХХХ” ХХК-тай байгуулсан “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 02/2013 дугаар гэрээний дагуу эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-т заасанд нийцнэ.

Хариуцагч “ХХ” ХХК-ийн хувьд эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь  “ХХХХХ” ХХК-ийг өмчлөгч биш гэж үзэх, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцох үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч “ХХХХХ” ХХК-тай эксковаторыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед уг тээврийн хэрэгслийн эзэмшлийн бүртгэл хийгдээгүй, уг эксковатор нь худалдагч компанийн эзэмшилд байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч “ХХ” ХХК-ийн хувьд эксковаторыг гэрээний дагуу шилжүүлж өгсөн “ХХХХХ” ХХК нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчөөр тооцогдохоор байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулахаар  шаардах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторын өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр зээлээр худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардаагүй, харин өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан байх тул шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байна. Иймд эрхийг хүлээн зөвшөөрөх агуулга бүхий Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг баримтлан өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч “ХХХ” ХХК болон хариуцагч “ХХ” ХХК-ийн хооронд  харилцан үүрэг үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс эксковаторыг худалдаж аваагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “эксковаторын техникийн гэрчилгээг “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “ХХХ” ХХК-д даалгах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо уг шаардлагатай холбоотой маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх  тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ХХ” ХХК-иас 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг гаргуулах нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасныг баримтлан хариуцагч “ХХ” ХХК-ийг 6505 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг өмчлөх эрхтэй болохыг тогтоон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эксковаторын техникийн гэрчилгээг “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг “ХХХ” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан, хариуцагч “ХХ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 613 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ