Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0326

 

2019 оны 06 сарын 12 өдөр           Дугаар 221/МА2019/0326                          Улаанбаатар хот

“Ю...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0960 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор “Ю...” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О-д холбогдох захиргааны хэргийг Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 960 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Ю...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

“Ю...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0960 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч “Ю...” ХХК-ийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хуралд иргэн Б.О-ээс иргэн Э.Б-д өгсөн итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаан явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-ыг зөрчсөн. Энэ байдлыг шүүх хуралдааны эхэлд хууль ёсны итгэмжлэл гэж үзэхгүй гэж гомдол гаргагчийн зүгээс үзсэн боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т заасны дагуу түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Засаг дарга нь “... газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гарсан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх ...” тухай зааж газартай холбоотой асуудал болон Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан асуудлаар буюу зөрчилд дурдагдаж буй асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцахаар заасан байдаг ба энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дүгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалыг баталсан ба тушаалын хавсралтын 42-т Засаг дарга арга хэмжээ авахаар тодорхой заасан атал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нь эрх мэдлээ хэтрүүлэн шалгаж, шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.

Нөгөөтэйгүүр “Ю...” ХХК-ийн зүгээс 2014 оны 10 дугаар сард пантус барихдаа “К...” ХХК-аар барилгын гадна тохижилтын зургийг хийлгэсэн юм. Байцаагчийн шийтгэлийн хуудсыг даган гарсан даалгаварт барилгыг буюу пандусыг буулгах тухай байдаг ба барилга, байгууламж гэдэг ялгаа заагийг мэдэхгүйгээр эрх зүйн зөрүүтэй үр дагавар үүсгэхээр байгааг анхаарч үзсэнгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь төрийн байгууллага бөгөөд Төрийн хяналт, шалгалтын хуулийн дагуу 51, 52, 53 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтуудыг удирдамжийн дагуу эсвэл онцгой нөхцөлийн дагуу хийх ёстой байдаг атал “Н...” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0960 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаар шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Гомдол гаргагч “Ю...” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсаар “Ю...” ХХК-ийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байна.

Энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3-т “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй”, 112 дугаар зүйлийн 112.9-д “шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй” гэж зааснаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулах үүрэг болон хэргийн оролцогчдоос ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрх хамаарахааргүй байжээ.  

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2018/0085 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан “Ю...” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын холбогдох зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй талаарх саналыг Улсын дээд шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон байна.

Үүнээс үзвэл захиргааны хэргийн шүүх аливаа захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”, мөн зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2-т “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй болсон, өөрөөр хэлбэл, шүүх гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ бусад хэрэг, маргаантай адил нотлох баримтыг цуглуулах боломжтой болжээ.

“Ю...” ХХК-аас гомдол гаргахдаа маргасан “... удирдамжгүйгээр “Н...” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар, эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн, ... Б.О нь зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад пандусын асуудлыг хөндөөгүй, зөвхөн илүү хашаалсан асуудлыг ярьж, тэмдэглэл үйлдсэн боловч шийтгэлийн хуудас дээр пандусыг оруулсан. Пандусыг оруулах байсан бол бидний зүгээс холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх байсан. ... Мөн пандус бол барилга биш байгууламж байхад акт дээрээ барилга гэж бичсэн байгаа тул шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр бус акт гэж үзэхэд хүргэж байна. Мөн ямар хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авах ёстойг нотолж чадахгүй байна” гэх үндэслэлүүдэд холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын “... газартай холбоотой асуудал ... буюу зөрчилд дурдагдаж буй асуудлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцахаар заасан байдаг ... Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг ... эрх мэдлээ хэтрүүлэн шалгаж, шийтгэл ногдуулсан нь хууль бус”, “барилга, байгууламж гэдэг ялгаа заагийг мэдэхгүйгээр эрх зүйн зөрүүтэй үр дагавар үүсгэхээр байна”, “... “Н...” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар, эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийсэн” гэх үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ