Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00998

 

 Ж.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00012 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ДГА-ийн ЗДд холбогдох,

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗД-ын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1978815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч С.Оын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчоор 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан. Харин тус сургуулийн захирал С.Зоригт-Эрдэнийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Сайншанд сумын ЗД С.О нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн б/03 тоот захирамжаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг баримтлан намайг албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан гэж нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Намайг нягтлан бодогчоор ажиллаж байх үед захирал С.Зоригт-Эрдэнэ нь сургуулийн хаалга хийлгэхээр Мандала цехтэй гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлсэнийхээ дараа харилцан тохирч, мөнгөө буцааж аваад БНХАУ-ын Эрээн хотоос хаалга хийлгэхээр болсон. Ингээд Эрээн хотоос хаалга захиалан хийлгэх үнэ болон замын зардлын тооцоог хийхэд, бидний төсөвлөсөн мөнгөнөөс бага зарцуулагдахаар байсан тул нярав Л.Отгончимэгт 1 978 000 төгрөгийг өгч, үлдэх 487 000 төгрөг байгууллагад миний дансанд үлдсэн. Паспортын зөрчлөөс болж би өөрөө хамт явж чадаагүй тул мөнгө дутвал хэлээрэй гэж хэлээд явуулсан. Ингээд явж ирснийх нь дараа няравтай тооцоо нийлэн тайлангаа захиралд гаргаж өгч амжаагүй байх үед захирал С.Зоригт-Эрдэнэ нь уг асуудлаар хуралдсан бөгөөд миний бие учир явдлыг тайлбарлаж, үлдэгдэл мөнгийг няравын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг би өөртөө завших гэсэн ямар ч санаа зорилго агуулаагүй, харин хяналт хийж, байгууллагын мөнгө үрэгдэхээс хамгаалсан юм. Уг мөнгийг нярав Л.Отгончимэгээс захирал С.Зоригт-Эрдэнэ бэлнээр авсан гэх бөгөөд юунд зарцуулсан нь тодорхойгүй юм. Харин ч уг асуудал нь нягтлан бодогчийн албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан асуудал уу, эсхүл сургуулийн захирлын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй юм. Би өөрийгөө урьд сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэхгүй байна.

Учир нь өмнөх захирлаар ажиллаж байсан Х.Ганцэцэг нь ажлаас чөлөөлөгдөхийнхөө урьд орой ажлын цаг дууссаны дараа сахилгын шийтгэл оногдуулах тухай гэсэн тушаалыг нарийн бичгээрээ дамжуулан надад үзүүлсэн бөгөөд тухайн үед би тушаалыг авахгүй, эрх зүйн үндэслэлгүй байна гэхэд захирал Ганцэцэг юу ч хэлэлгүй аваад үлдсэн. Надад гардуулж өгөөгүй, тэгээд ч сургуулийн захирал надад сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд биш юм. Тооллогын комисст нягтлан бодогч ордоггүй. Байгууллагын эд хөрөнгө тоолох ажлыг сургуулийн захирал хариуцах ёстой бөгөөд солигдох бүрт захиралын томилсон ажлын хэсэг гарч, бүх эд хөрөнгө тоо ёсоор байгаа талаар тайлан гаргаж байсан болно. Гэтэл одоо байгууллагын хөрөнгө дутсан гэсэн асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу алдаа зөрчилгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд, зарим тохиолдолд гарсан дутагдалд санхүүгийн хяналт шалгалтын байгууллага зохих ёсны хяналт шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгаж явсан. Миний бие эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гарган ажиллаж, байгууллагын 2016 оны төсвөөс нийт 24 100 000 төгрөгийн хэмнэлт үүсгэн ажилласан байхад сургуулийн захирал С.Зоригт-Эрдэнэ нь жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг тооцож олгоогүйгээр барахгүй 2016 оны 12 сард байгууллагын оны аварга шалгаруулах ажилчдын нэрсийн жагсаалтаас миний нэрийг хассан байдаг. Энэ мэтээр намайг зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн шинжтэйгээр ажлаас халахыг хүссэн бөгөөд сургуулийн захирлын зүгээс Сайншанд сумын ЗД-д 2 удаагийн албан тоот хүргүүлж, намайг ажлаас чөлөөлөхийг хүссэний үндсэн дээр Сумын ЗД-ын захирамж гарсан болно. Миний бие Аймгийн санхүүгийн Аудитын хяналт шалгалтаар 3 жил дараалан зөрчилгүй дүгнэгдэж, 2016 онд “Тэргүүний санхүүч цол тэмдэг”, “Сангийн яамны жуух бичиг” -ээр шагнагдаж, өөрийн ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн болно. Гэтэл ямар нэгэн баримт нотолгоогүйгээр, миний хөдөлмөрлөх эрх, нэр төрд минь халдаж ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Иймд намайг Ерөнхий боловсролын 1 сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Зоригт-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.С-г Сайншанд сумын ЗД-ын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн б/03 дугаар захирамжаар ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрээн хотод захиалгаар хийлгэх хаалга, цоожны үнэ 2 465 000 төгрөгийг Мандала цехийн дансаар гаргаж авахаар тохиролцож шилжүүлсэн боловч энэ мөнгийг Ж.С нь Мандала цехийн эзэн Тунгалагаас авч нярав Л.Отгончимэгт 1 978 000 төгрөгийг өгч Эрээн хот руу явуулсан бөгөөд 487 000 төгрөгийг өөртөө ашигласан нь тогтоогдсон. Үүнийг буцааж төлөхийг шаардсанаар арав гаруй хоногийн дараа нярав Л.Отгончимэгийн дансанд хийж авлагагүй болсон юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн ЗД-ын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/384 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Дээрх зөрчлийн улмаас Ж.С Сургуулийн захирлын 2016 оны 08дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар “үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Гэтэл санхүүгийн баримтад Б/33 тушаалыг хавсаргалгүй өөртөө цалинг бүтэн бичиж авснаар байгууллагын төсөв санхүүг хохироосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна. Санхүүгийн жилийн тайлан гаргахын өмнө, эд хөрөнгө хариуцсан болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэсэн заалтуудыг удаа дараа зөрчсөн. 2013 оноос одоог хүртэл 2 нярав дамжсан, санхүүгийн 2 жил өнгөрсөн байхад эд хөрөнгийг нарийвчлан тоолж, хяналт хамгаалалт тавиагүй байна. Нярав Л.Отгончимэгийг ажлаас чөлөөлөгдөхөд 18 сая гаруй төгрөгийн хөрөнгө дутагдсан. Ж.С нь 2014, 2015, 2016 онуудад багш ажилчдын цалин, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг олгоогүй зөрчил, цалинг илүү олгосон зөрчил, 2016 оны жилийн эцэст Чандмань илч ХХК-д 15796,4 төгрөгийг нэхэмжлэлгүйгээр шилжүүлж авлага үүсгэж бүртгээгүй зэрэг зөрчил гаргасан гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.С-гийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗД-ын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 978 815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00012 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.С-г Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Сайншанд сумын ЗДас ажилгүй байсан хугацааны цалин 1 285 064 төгрөг гаргуулж Ж.С-д олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаас 693 751 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35391 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг 4, 5 гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж гомдол гаргаж байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт зааснаар “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсөв”-ийг буюу Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын багцаас тусгай зориулалтын шилжүүлэгээр төсөв хуваарилагдаж Дорноговь аймгийн ЗДтай гэрээ байгуулан ажилладаг. Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтад “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр орон нутагт шилжүүлсэн төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдах төсвийн байгууллагын ахлах нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөж” буюу аймгийн ЗД сургуулийн нягтлан бодогчийг томилж, чөлөөлөхөөр хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Санхүүгийн

алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолд “боловрол, эрүүл мэндийн салбарын байгууллагаас орон тоо, урсгал зардлыг орон нутгийн төсөвт шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд Ч.Удвал нарт тус тус үүрэг болгосугай” гэж чиглэл өгсний дагуу Дорноговь аймгийн ЗД-ын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” А/578 дугаар захирамж гарч “...чиг үүрэг, бүтэц орон тоо баталж ажиллахыг Сумын ЗД-д үүрэг болгосон” тул Сайншанд сумын ЗД-ын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” А/59 дугаар захирамжаар сумьн Санхүүгийн алба байгуулагдаж Сумын ЗД-ын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Ж.С-г нягтлан бодогчийн ажилд томилсон. Иймд Сумьн ЗД нь төсвийн байгууллагын нягтлан бодогч нарыг томилж, чөлөөлөх эрх хууль, тогтоомжийн дагуу олгогдсон байна.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч Ж.С нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдсан, Санхүүгийн зөрчил гаргасан үйлдлүүд нь холбогдох хяналт, шалгалтын байгууллага болон сургуулийн захирлын тушаалаар тогтоогдож байгаа тул Сумын ЗД-ын 2017 оны Б/03 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт дотоод журам авагдаагүй, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй, хөдөлмөрийн гэрээний ямар нөхцөл шаардлага хангаагүй талаар өөрөө мэдэгдээгүй, Сумын ЗД чөлөөлсөн нь “зөрчил гаргаж болно эсвэл зөрчил гаргасан ч хариуцлага тооцохгүй” гэсэн үг биш гэж үзэж байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба эрх зүйн зарим дүгнэлтийг зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.С нь ДГА-ийн ЗДд холбогдуулан тус аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1978815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Ж.С-г ажлаас халсан ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлийг заасан байна. Хариуцагч тушаалын үндэслэлээ “...Ж.С нь сургуулийн 487000 төгрөгийг өөртөө ашигласан, сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар түүний үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байхад цалинг бүтэн авсан, сургуулийн эд хөрөнгийг нарийвчлан тоолж, хяналт хамгаалалт тавьдаггүйгээс нярав Л.Отгончимэгийг ажлаас чөлөөлөгдөхөд 18 сая гаруй төгрөгийн хөрөнгө дутагдсан, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан” гэж тайлбарлажээ.

2014, 2015, 2016 онуудад багш ажилчдын цалин, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг олгоогүй, цалин илүү олгосон, 2016 оны жилийн эцэст Чандмань илч ХХК-д 15796,4 төгрөгийг нэхэмжлэлгүйгээр шилжүүлж авлага үүсгэн, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэх зөрчлүүдэд ажил олгогч нь Ж.С-д 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тул дээрх зөрчилд дахин шийтгэл оногдуулах үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан тул ажил олгогч шийтгэл ногдуулахдаа энэ хугацааг баримтлах ёстой байна.

Тушаалын үндэслэл болох “ Ж.С нь байгууллагын 487000 төгрөгийг өөртөө ашигласан, үндсэн цалинг бууруулсан байхад цалинг бүтэн авсан, сургуулийн эд хөрөнгийг тоолж, хяналт тавиагүйгээс 2016 оны жилийн эцэст нярав Л.Отгончимэгийг ажлаас чөлөөлөгдөхөд 18 сая гаруй төгрөгийн хөрөнгө дутагдсан“ гэх зөрчилд хуульд заасан хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Харин Сайншанд сумын ЗД бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажилд авч, ажлаас чөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүх хуульд байхгүй үндэслэл буюу ...уг тушаалыг гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь 487 000 төгрөг дутагдуулсан ажилтны зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр илрүүлсэн, энэ талаар уулзалт хийж тогтоосон /хх-19/ атлаа нэг сарын хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэлийг ногдуулсан, бусад зөрчил нь 2016 онд гарсан байх тул сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн байжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг хэрэглээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 202/МА2017/00012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА