| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0205/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Д-ийн О-т холбогдох эрүүгийн 1910001700164 дугаартай, 187/2019/0205/Э индекстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны..........дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл . хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Сонсголонгийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Э овогт Д-ийн О /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-616а тоотод байх өөрийн гэртээ нөхөо А.А-тай муудалцаж улмаар битгий хэрүүл хийгээд бай гэж шаардлага тавьсан хадам дүү Б.Б-ыг нүүрэн тус газар нь алгадаж, хоолойг нь самардаж, сахиусаар нь боох, баруун гарын шуу хэсэгт нь чимхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-616а тоотод байх өөрийн гэртээ нөхөо А.А-тай муудалцаж улмаар битгий хэрүүл хийгээд бай гэж шаардлага тавьсан хадам дүү Б.Б-ыг нүүрэн тус газар нь алгадаж, хоолойг нь самардаж, сахиусаар нь боох, баруун гарын шуу хэсэгт нь чимхэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Насанд хүрээгүй хохирогч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн үед хичээлээ тараад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-616а тоотод байдаг ах А.Аюурзаны гэрт ирээд хичээлээ хийгээд байж байтал орой 21 цагийн үед бэр эгч Д.О ажлаа тараад гэртээ орж ирэнгүүтээ ах А.Аюурзаныг хаагуур тэнэж байгаад хэзээ ирсэн юм гээд уурлаж маргалдаад байхаар нь “та хоёр ямар ядаргаатай юм дандаа хэрүүл маргаан хийж байх юм, би хичээлээ хиймээр байна” гэтэл бэр эгч “чамд ямар хамаатай юм, чи дуугүй бай” гэж загнахаар нь “надад хичээл хийхэд хэцүү байна” гэж хэлтэл миний хацар руу гараараа 1 удаа алгадахаар нь би хоёр гараас нь бариад авсан чинь гараа тавиулах гээд миний баруун гарыг баруун гараараа чимхээд надтай барьцалдаж байгаад миний цамцны захнаас гараараа заамдаж миний хүзүүнд зүүлттэй сахиуснаас татаад байхаар нь би тавиулсан чинь дахин гараараа намайг заамдаж миний хүзүүнд байсан сахиусыг тасалсан. Энэ үед манай ах А.Аюурзана хүрч ирээд намайг салгаж урд айл руу оруулсан. Шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг манай бэр эгч Д.О учруулсан ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 /
3. Гэрч Б.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой гэртээ дүү Б.Батбаатарын хамт байж байтал орой 21 цагийн үед манай эхнэр ажлаа тараад гэртээ ирсэн...Манай эхнэр Б.Батбаатараас “юм угаадаг түмпэн хаана байна” гэж асуусан чинь “гэрт байгаа өөрөө ол” гэж хэлтэл эхнэр “чи яасан том болсон юм бэ, эгч, ах нар чинь надтай ингэж ханд гэж хэлсэн үү, манай гэрээс зайл” гэж хэлсэн чинь Б.Батбаатар “чиний гэрт амьдарч байгаа юм уу, би ахынхаа гэрт байна” гээд тэр хоёр маргалдаж ноцолдоод эхлэхээр нь очиж салгахад манай эхнэр Батбаатарын цээжин хэсгийг самардчихсан байсан. Тухайн үед Батбаатар эхнэр О рүү орилоод дайраад байхаар нь би тайвшруулж, урд байдаг Б.Баяржавхлан ахын гэр лүү оруулсан. Манай эхнэр урд өмнө нь Б.Б-ыг миний нүдэн дээр зодож цохьсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-35/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№963/-ний дүгнэлт:
-Д.Батбаатарын биед эрүү, хүзүү, баруун эгэмд цус хуралт, хүзүү, цээж, зүүн мөр, хоёр сарвуунд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 46/
6. Хохирогчийн нас тоолсон тэмдэглэл “....Б.Батбаатар нь 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 нас 2 сар 5 хоногтой байсан...” гэсэн /хх-36/
7. Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед гэртээ нөхөр Б.Аюурзанатай “танай эгч нар чинь гэрт янз бүрийн будаа, арц цацаад байдаг яах гэж тэгж байдаг юм” гээд маргалдаж байтал Б.Батбаатар босч ирээд “манай ахыг дарамталдаг хэн бэ” гээд намайг олон янзын цээртэй үгээр гутаан доромжлоод байхаар нь цамцнаас нь зулгаагаад татсан чинь хүзүүг нь урсан байсан бөгөөд өөр цохиж зодсон асуудал байхгүй. Маргалдаад цамцнаас нь хоёр удаа татсан чинь хүзүүг нь урсан байсан. Батбатаатар манайд нөхөр бид хоёртой хамт амьдраад 2 жил болж байгаа. Урьд өмнө нь түүнийг цохиж зодож байгаагүй. Би тухайн үед Батбаатартай барьцалдаж байгаал хүзүү болон энгэрийг нь хумстай гараараа маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-616а тоотод байх өөрийн гэртээ нөхөр А.А-тай муудалцаж улмаар битгий хэрүүл хийгээд бай гэж шаардлага тавьсан хадам дүү Б.Б-ыг нүүрэн тус газар нь алгадаж, хоолойг нь самардаж, сахиусаар нь боох, баруун гарын шуу хэсэгт нь чимхэх зэргээр зодож түүний биед эрүү, хүзүү, баруун эгэмд цус хуралт, хүзүү, цээж, зүүн мөр, хоёр сарвуунд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/, түүний хувийн байдал /...28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Д.О-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Д-ийн Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овогт Д-ийн Д.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР