| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 104/2022/00248/И |
| Дугаар | 210/МА2024/00255 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/00255
2024 оны 02 сарын 02 өдөр Дуга 210/МА2024/00255
П.У-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2023/00559 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.У-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СТ ХХК, Б.А- нарт холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тохиролцооны бичиг нэртэй эрх шилжүүлэх гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр СТ ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу СТ ХХК-аас захиалсан орон сууцаа авахаар хандахад манайд ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй байх тул уг гэрээний дагуу орон сууцанд оруулах боломжгүй гэсэн.
1.2. Миний бие Үнэгүй.мн сайтад орон сууц худалдах зарын дагуу Б.А-тэй холбогдсон. Б.А- нь СТ ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу надад орон сууцаа худалдахаар харилцан тохиролцож, Тохиролцооны бичиг хийн нотариатчаар гэрчлүүлсэн.
1.3 Уг тохиролцооны бичгийн дагуу миний бие нь орон сууц худалдах авах төлбөр болох 38,000,000 төгрөгийг Б.А- болон түүний эхнэр С.Ичинхорлоо нарын дансанд шилжүүлэн бүрэн төлсөн байдаг. Үүнтэй Б.А- маргадаггүй, тохиролцооны үндэс нь СТ ХХК-ийн бариулсан орон сууцыг П.У- өөрийн өмчлөлдөө авах байсан.
1.4. Гэтэл өнөөдрийг хүртэл тохиролцооны бичгийн дагуу орон сууцандаа орж чадахгүй, Б.А- болон СТ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байх тул СТ ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай Орон сууц захиалан бариулсан гэрээ-г цуцалж, Б.А-ээс 38,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.А-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Миний бие 2018 оны 07 дугаар сард СТ ХХК-ийн захирал Ц.М-тэй уулзаад паб, лоунжны зориулалтай 120 метр квадрат талбайг түрээслэхээр гэрээ байгуулахаар тохиролцсон. Ингээд би 30,000,000 төгрөгийг бэлнээр, хүнээс 20,000,000 төгрөгийг зээлж, нийт 50,000,000 төгрөг Ц.М-эд түрээсийн төлбөрт өгсөн. Ц.М- нь надад объектоо түрээслэхгүй янз бүрийн шалтаг хэлээд байсан тул би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгч байсан.
2.2. Ц.М- тухайн үед надтай тохиролцоод 50,000,000 төгрөгтөө тооцож баригдаж байгаа байрнаасаа нэгийг өгье гэсэн тул би зөвшөөрсөн. Бид тохиролцоог хуульд заасан журмын дагуу хийсэн бөгөөд Налайх дүүрэгт холбоонд байрлах н.Жигжидсүрэн гэх нотариатчаар гэрчлүүлж СТ ХХК болон түүний захирал Ц.М-тэй уг байр авах тухай гэрээг байгуулсан.
2.3. Уг гэрээг байгуулснаар Б.А- болон СТ ХХК-ийн хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ-ний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Би Ц.М-ээс авсан байраа хэзээ ашиглалтад орох талаар асуухад хавар ашиглалтад орох байх гэж байсан.
Ц.М-эд мөнгө өгөхдөө миний бие хүмүүсээс мөнгө зээлсэн, өртэй байсан учраас unegui.mn сайтад орон сууцыг зарахаар зар тавихад нэхэмжлэгч надтай холбогдсон ба уг байрыг 38,000,000 төгрөгөөр П.У-д зарсан.
Үүний дагуу Ц.М-тэй уулзаж миний орон сууц захиалан бариулах гэрээг П.У- руу шилжүүлээд өгөөрэй гэхэд Ц.М- зөвшөөрсөн тул Орон сууц захиалан бариулах гэрээ-г нотариатч н.Маярагүль дээр очиж Эрх шилжүүлэх гэрээ-г хийсэн.
2.4. Ингээд эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч П.У- нь 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн, П.У-д байр өгсөн, авсан гэх зүйл дээр маргахгүй. СТ ХХК болон П.У- нарын хооронд гэрээ байгуулагдаад энэ асуудал дууссан. Нэхэмжлэгч нь надад хандаж байраа авч чадахгүй байгаа талаар ярьсан. Тэр үед би шүүхэд хандаарай гэж хэлсэн. Би хуулийн дагуу Орон сууц захиалан бариулах гэрээ-ний эрхээ П.У-д шилжүүлж, мөнгө авсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өгсөн, авсан зүйлээ буцаана гэвэл би П.У-гаас байраа авмаар байна.
Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.А-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Би СТ ХХК, түүнийг төлөөлж захирал Б.М-тэй 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 032 тоот зээлийн гэрээг байгуулж, орон сууц авсан бөгөөд тус гэрээний эрхийг П.У-д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.
П.У- Б.А- нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тохиролцооны бичиг нэртэй эрх шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн хэлцэл буюу Б.А- би тус Орон сууц захиалан бариулах гэрээ-г хийх эрхгүй байсан тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
3.2. Талуудын ярьж байгаагаар би эрх зүйн чадамжгүй этгээд байсан юм байна. Зарж болохгүй зүйлийг зарж мөнгө идсэн эрх зүйн чадамжгүй этгээд гэж өөрийгөө бодож байгаа. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж би П.У-д өгсөн байраа буцааж авмаар байна гэжээ.
4. Хариуцагч СТ ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн СТ ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б.А- нь П.У-гаас орон сууцыг авах ёстой гэж тайлбарлаад байна. Учир нь орон сууцны эрх нь П.У-д байхгүй. П.У-гаас Б.А- орон сууцыг шаардах эрхгүй.
4.2. П.У- болон Б.А- нарын хороонд ямар ч гэрээ байгуулагдаагүй. Тохиролцооны бичигт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот гэрээ байгаа гэх боловч үзлэг хийхэд гэрээ гарч ирээгүй бөгөөд хэрэгт ч байхгүй.
4.3. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлт баталгаа гаргах нь гэх гар бичмэл байдаг. Үүнд СТ ХХК ямар ч байдлаар оролцоогүй. Гэрээнд П.У-, Б.А- нар гээд гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч СТ ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй, энэ талаар баримт байдаггүй.
4.4. Харин СТ ХХК-д ирэх ёстой байсан буюу П.У-гийн өгсөн мөнгийг Б.А- дундаас нь авсан байгаа нь Эрүүгийн хуульд зааснаар завшсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 38,000,000 төгрөгийг Б.А- хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй, тухайн мөнгийг Б.А-ээс гаргуулах нь үндэстэй. Манай зүгээс орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт зааснаар эрх зүйн чадамжгүй гэж үзээд байх шиг байна. Шүүх хуралдаанд орж мэтгэлцээд байгааг нь харахад эрх зүйн чадвар чадамжтай гэж харж байна. Эрх зүйн чадамжгүй гэдгийг нь хэн тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Үнэхээр тохиролцооны бичгийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу П.У-гаас авсан 38,000,000 төгрөгийг өгөх ёстой гэдгээ илэрхийлээд байна гэж үзэж байна. Тийм учраас Б.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан бидэнд эрх шилжүүлсэн гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Бид орон сууцыг авах эрхийг шилжүүлж аваагүй учраас тухайн төлсөн төлбөрөө авахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл СТ ХХК болон Б.А- нарын хооронд Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байхыг үгүйсгэхгүй. Байгуулагдсан байлаа гэхэд захиалагчийн хувьд орон сууцын төлбөр төлөх үүргийг гүйцэтгэнэ. Энэ үүрэгтэй холбоотой маргаан гарч ирсэн. Яагаад гэвэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр СТ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.
5.2. Тухайн гэрээний дагуу төлөгдөх төлбөр СТ ХХК-д ирээгүй учир тухайн байрыг П.У- шаардах эрхээ алдсан. Анх Б.А-т орон сууцыг худалдаж авахаар шилжүүлсэн 38,000,000 төгрөгийг Б.А-ээс шаардсан. Хариуцагч Б.А-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан буюу Б.А-ээс 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа учраас хариу тайлбар бичгээр гаргаагүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 38,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.У-д олгож,
Хариуцагч СТ ХХК 2020 оны 09 дүгээр сарын 29 өдрийн 20/49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах тухай П.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар хариуцагч Б.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөг, хариуцагч Б.А-ээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Суккистар тур ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч Б.А-ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Тус хэргийг шүүгч шийдвэрлэхдээ хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн талаар зохигч нарт шүүх хүралдааны өдөр мэдэгдэж, шүүх хүралдааны явцад зөвхөн хариуцагч П.У-гийн хариу тайлбар гаргаж өгөхгүй гэх тайлбараар хэргийн зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй шийдвэрлэсэн нь нэг талыг хэт баримталсан, хууль зөрчсөн үйлдэл нь дараах байдлаар тогтоогдож байна.
7.2. Сөрөг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч Б.А-т үүсэх эрх, үүргийг эдлүүлэлгүй зөвхөн хариуцагчийн тайлбар гаргаж өгөхгүй гэсэн тайлбараар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4-т заасныг зөрчсөн.
7.3. Мөн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.А-ийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, гэрч Б.Болортуяагийн гэрчийн мэдүүлэг зэргийг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Иймд тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчээс хариуцагч Б.А-ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгч талаас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хариу тайлбар гаргах эрхийг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж байгаа нь Б.А-ийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч СТ ХХК-аас хариуцагч Б.А-ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
9.1. Хариуцагчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Учир нь хариуцагч Б.А-ээс шалтгаалж, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, Б.А-т эрхээ хэрэгжүүлэх, баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байсан.
9.2. Нэхэмжлэгчид хариу тайлбар гаргах хугацаа олгоогүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн хувьд тайлбар өгөх шаардлагагүй шүүх хуралдаан дээр тайлбар гаргах боломжтой гэсэн. Сөрөг нэхэмжлэлтэй хавсаргаж, хүсэлт гаргах, баримт гаргаж өгөх боломжтой байсан. Хэдийгээр эрхээ эдлэх ёстой ч гэсэн үүргээ биелүүлэх ёстой. Хуульд нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд тус үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх хангалттай хугацаа олгосон. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч П.У- нь хариуцагч СТ ХХК, Б.А- нарт холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.А- 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тохиролцооны бичиг нэртэй эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
П.У- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч СТ ХХК-аас татгалзаж, хариуцагч Б.А-ээс 38,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.а. Хариуцагч Б.А- нь Хэгстар холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-тэй 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Тохижилтын түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Солонго рестораны 1 дүгээр давхарт байрлах, Таби пабын дотоод тохижилтыг хийж, улмаар 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба Б.А- нь Хэгстар холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-эд 25,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн;
3.б. Б.А- нь нэхэмжлэгч П.У-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Тохиролцооны бичиг нэртэй баримт үйлдэж, уг баримтаар Налайх дүүрэгт байрлах, Хулан хотхоны 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв орон сууцны захиалгын эрхийг 38,000,000 төгрөг худалдсан ба П.У- нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.А-ийн нэрлэн заасан дансанд 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн;
3.в. Нэхэмжлэгч П.У- нь СТ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20/49 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр СТ ХХК нь Налайх дүүрэгт байрлах, Хулан хотхоны 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв орон сууцыг П.У-гийн өмчлөлд шилжүүлэх, Д.У- нь орон сууцны захиалгын гэрээний үүрэгт 38,000,000 төгрөгийг СТ ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож, хариуцагч Б.А-ээс 38,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4.а. Хариуцагч Б.А- нь СТ ХХК нарын хооронд Хулан хотхоны 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг орон сууц худалдах худалдан авах, эсхүл өр төлбөрт шилжүүлэн авах талаар тохиролцсон гэрээг байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй, эрх зүйн харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй талаар анхан шатны дүгнэлт зөв болжээ.
Хариуцагч Б.А- нь ...Хэгстар холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх гүйцэтгээгүй тул Б.А-т Налайх дүүрэгт байрлах, Хулан хотхоны 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв орон сууцны захиалгын эрхийг өгөхөөр тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
4.б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.У-, хариуцагч Б.А- нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Учир нь Б.А- болон нэхэмжлэгч П.У- нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Тохиролцооны бичиг нэртэй баримт үйлдсэн хэлцлээр хариуцагч СТ ХХК-ийн барьж байгаа Налайх дүүрэгт байрлах, Хулан хотхоны 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв орон сууцны захиалгын эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй атлаа уг орон сууцны захиалгын гэрээний үнэд 38,000,000 төгрөг П.У-гаас авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, П.У- болон СТ ХХК нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үнийг Б.А- шилжүүлэн авах эрх олгогдоогүй байхад 38,000,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул анхан шатны шүүх хариуцагч Б.А-ээс 38,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь хуульд нийцжээ.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг хасах нь зүйтэй.
4.в. Нэхэмжлэгч П.У- болон СТ ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20/49 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ нь хэрэгжээгүй, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээгээр харилцан шилжүүлсэн хөрөнгийг буцаах хуулийн зохицуулалттай байхад уг гэрээгээр шилжсэн зүйл байхгүй тул гэрээг цуцлах шаардлага нь бие даасан шаардлага болохгүй.
Шүүх гэрээнээс татгалзсан тохиолдолд үр дагавар шийдвэрлэх ба талуудын байгуулсан гэрээнээс үүссэн хууль зүйн үр дагавар үүсээгүй байхад анхан шатны шүүх хариуцагч СТ ХХК-ийн зөвшөөрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасна.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг хасч байгаатай холбоотой тогтоох хэсгийн дугаарлалтад өөрчлөлт оруулна.
4.г. Анхан шатны шүүх хариуцагч Б.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.А- нь ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тохиролцооны бичиг нэртэй эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
П.У- болон Б.А- нар нь эрх зүйн чадамжгүй талаар баримт авагдаагүй, мөн уг хэлцлийг байгуулах эрхгүй этгээдийн хооронд байгуулсан тул уг хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
5. Хариуцагч Б.А-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ...хариуцагч Б.А- сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй гэж тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хариу тайлбар гаргах хугацаа авах эсэх нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.У-гийн субъектив эрх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийллийг хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдол нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар нэхэмжлэгч гаргах давж заалдах гомдлын үндэслэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, П.У-гийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хугацаанаас хойш хариуцагч нарын эрхийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болохыг дурдах нь зүйтэй.
6. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2023/00559 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56 дугаар зүйлийн 56.1.8. гэснийг хасч,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар П.У-д холбогдох 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тохиролцооны бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.А-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР