Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Б.Гүнсэл,     

шүүгдэгч З.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт З-ын  Д-д  холбогдох эрүүгийн 1910003650149 дугаартай, 187/2019/0206/Э индекстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .....дүгээр сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ..... инженер ажилтай, ам бүл .... хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт З-ын  Д /РД:......................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Д  нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн автобусны буудал орчим 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Г-той маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.Д  нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн автобусны буудал орчим 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Г-ийг  чи яагаад ах дээрэлхээд байна гэх шалтгаанаар нүүр лүү нь 3 удаа цохиж, боож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч З.Д-ийн   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Г.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед ах Бавуудоржийнд очиж цагаан сарын бууз хийх гээд Нисэхийн эцсийн буудал дээр явж байтал араас машин сигналдахаар нь хартал саарал өнгийн приус 20 загварын машин дотроос Д бууж ирсэн. Тэгээд над руу ирээд чи яагаад ах дээрэлхээд байна гэхээр нь би дээрэлхээгүй танай ах Авирмэд цагдаад өргөдөл өгөөд би шалгуулж байгаа гэж хэлтэл миний нүүр лүү 3 удаа цохьсон. Тэгээд дараа нь намайг боосон. Тэгтэл цаанаас нь манай аав, ээж 2 ирсэн. Аав, ээж хоёр юу болж байна гэж асуутал Д намайг тавиад машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 /

            3. Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Г.Г-ийг  Д гэх найз нь заамдчихсан хашаа руу түлхчихсэн зогсож байхаар нь би машинаас буугаад юу болж байна вэ та 2 чинь хар багийн найзууд байж болиоч гээд очиж салгаад хүү Ганзоригийг машинд суулгаад буцаад гэр лүүгээ явсан. Намайг очиход Ганзоригийн хамар болон амнаас нь цус гарчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

            4. Гэрч Д.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай хүү Ганзоригийг Д гэх найз нь заамдчихсан хашаа руу түлхчихсэн зогсож байсан. Тэгээд машинаас манай эхнэр болон ач охин 2 бууж Ганзориг дагуулаад машинд суусан. Тэгээд би эхнэрийн эгчийн гэр лүү явсан. Ганзориг, Д хоёр хоорондоо муудалцаад хэрүүл маргаан хийгээд байсан. Би найзууд өөрсдөө учраа олох байлгүй гэж бодоод машинаас буугаагүй. Тэгээд Ганзориг машин дотор орж ирж суухад хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

           5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1826/-ний дүгнэлт:               -Ганзоригийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр багадаа нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 20/

           6. Шүүгдэгч З.Д-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Ганзориг архи үнэртүүлчихсэн миний урдаас салаавч гаргаж ам руу хийгээд чамд ямар хамаатай юм гэж хэлээд бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд би Ганзоригийг нэг удаа алгадсан чинь намайг зөрүүлээд цохихоор нь би буцаагаад нэг удаа цохьсон юм. Хохирогчид дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч З.Д  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч З.Д  нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн автобусны буудал орчим 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г.Г-ийг  “чи яагаад ах дээрэлхээд байна” гэх шалтгаанаар нүүр лүү нь 3 удаа цохиж, боож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.     

Иймд шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Г.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Надад нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, түүний хувийн байдал /...39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Лайнер инженернг ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан З.Д-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.        

Шүүгдэгч З.Д-ийн   үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

З.Д-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт З-ын  Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт З-ын  Д-г  550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Д-д  оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянган/ торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. З.Д-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Д-д  сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР