Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2024/00004

 

 

 

 

 

 

   2024        02          02                                           226/МА2024/00004

 

 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа

УБҮ-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-/цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарын оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "М" ТӨҮГ-ын харьяа УБҮт холбогдох "М" ТӨҮГ-ын харьяа УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Ч-ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31.050.382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ч- нь уул уурхайн салбарт 23 жил, тус УБҮт 2005 оны 11 дүгээр сараас эксковаторын машинистаар томилогдон 17 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 6 дугаар сараас хөдөлмөрийн нөхцөл сольж эрүүл мэндэд харшлахгүй буюу хөнгөн ажилд томилогдон 6 cap ажилласан. Уг 6 сарын хугацааг эрүүл мэндийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар сэргээгдэх боломжтой хугацаа хэмээн тооцож, тогтоосон хугацаа гэж үзэж байна.

Улмаар Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар дахин орж, уг комиссын мөн өдрийн 0575240 дугаартай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан хэмээн тогтоогдсон тул 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиргаанд Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын 0575240 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тотоосон актыг хөдөлмөрийн нөхцөл сольсон актын хамт хүлээлгэн өгөхөөр Баргилт цехийн дарга Ганчулуун, тус цехийн эдийн засагч Ундармаа нартай уулзахадөргөдлөө бичиж өггэхэд нь Б.Ч- “юу гэж бичих билээ” гэсэн чинь өөрийн хүсэлтээр гэж бич гэсэн бөгөөд өөрөө юу гэж бичих учраа олохгүй байсан учир Баргилт цехийн норм зохиогч М-ийг гуйж өргөдөл бичүүлсэн байдаг.

Уг өргөдлийг өөрөө бичээгүй болох нь өргөдлөөс тодорхой харагдана /он, cap, өдөр буруу бичигдсэн, бүхэл бүтэн жилээр зөрүүлж бичсэн/.

Б.Ч- нь хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан ч цалингийн зээлийн үлдэгдэл ихтэй, эм тарианы мөнгө шаардлагатай зэрэг шалтгаанаар өөрийн эрүүл мэндэд харшлахгүй ажил хийх хүсэлтэй, мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай иргэний хөдөлмөрийн нөхцөл сольсон актад “үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцлийн ажилд бүрмөсөн шилжүүлэв” хэмээн заасаар байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан ...ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулнагэсэн заалтыг зөрчиж, уг заалтад тусгагдсан ажиллагааг хийхгүйгээр үл барам өөрийн хүсэл сонирхлыг тулгаж өргөдөл бичүүлж, түүнийгээ үндэслэн УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Б.Ч-ийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолгүй байгаа нь 1-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан ажиллагааг хийгээгүй, 2-рт: өргөдлөө өг гэж хүчээр өргөдөл бичүүлсэн зэргээс тодорхой харагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахгүйгээр 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэйгэсэн заалтыг үндэслэж тушаал гаргасныг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Дээрх тушаалыг үндэслэлгүй гарсан тухай асуудлаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М, Захиргаа удирдлагын газрын дарга Ц, ахлах мэргэжилтэн У нартай уулзаж, хууль эрх зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж санал солилцоход тус Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг өөрчилж гаргахаар тушаалын төсөл боловсруулж танилцуулсан ба уг төслийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалт”-ыг зэрэг барьсан байсан тул миний зүгээс “энэ 2 заалтыг зэрэг барьж болохгүй ээ”  гэхэдөөрөөр гаргах боломжгүйгэсэн хариуг өгсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэснээс харахад уг нөхөн олговор нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласны улмаас буюу тухайн ажилтны эрүүл мэндэд аль хэдийн учирчихсан хохирлыг нөхөн төлж байгаа асуудал хэмээн ойлгож байна. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулж, тухайн байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч олгож байгаа тэтгэмжийн асуудлыг зохицуулсан байх тул нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж гэсэн ялгаатай хоёр ойлголтыг зөв тайлбарлаж практикт хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэр гаргахгүй байгаа нь Б.Ч-ийн болоод түүнтэй адилхан нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасны дагуу УБҮийн хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан боловч маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮт холбогдуулан “М” ТӨҮГ-ын харьяа УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Ч-ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31.050.382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр Б.Ч- нь 2005 оноос УБҮт хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан. Биеийн байдал маш их муудаж байсан. Б.Ч- нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 44 дугаартай акт тогтоож, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн нөхцөл сольсон. Уг актаар 6 сар хүнд юм өргөхгүй, доргионгүй нөхцөлд 6 сар хөнгөн ажил хийж байсан.

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан. Уг актаа аваад уурхайд ирээд хүний нөөцийн ажилтантай уулзсан.

Цехийн дарга Г нь “ажлаа өгөх өргөдлөө өг” гэж хэлсэн байсан. Тэгээд “ажлаас чөлөөлж өгнө үү” гэж хүнээр өргөдөл бичүүлсэн байсан. Өөрийн хүсэл сонирхлоор өргөдөл бичээгүй. Нэг хоногийн дотор ийм шийдвэр гаргахгүй. “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр” гэж бүтэн нэг жилийн өмнө юм шиг буруу огноотой өргөдөл бичсэн. 2023 оны 01 дүгээр сард 20 гаруй сая төгрөгийн өртэй, цалингийн зээлтэй байсан. Ажлаас гарах шийдвэрийг яаран гаргахгүй. Ажил олгогчийн дарамтаас болж өргөдөл бичиж өгсөн. Тэгээд өргөдлөө өгчихлөө гэж надад хэлсэн.

Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед Бор-Өндөрт ирж уурхайн дарга нартай уулзсан. Би “манай нөхөрт ажлаас гарах шаардлага байгаагүй, ажлаас чөлөөлөх тушаал чинь  үндэслэлгүй гарсан байна, ядаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөд өгөөч, тэтгэмжээ авмаар байна” гэж уурхайн дарга нарт хэлсэн боловч хүлээж аваагүй. Манай нөхөр одоо ч гэсэн 40 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай групптэй байгаа...” гэв.

 

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг буюу Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар М ХХК-ийг Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар болгон өөрчлөх байгуулах тухай тогтоолоор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өмчийн хэлбэрийг өөрчлөн үүсгэн байгуулжээ.

Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Б УБҮ гэж, тогтоолын 1 дүгээр хавсралт М ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемд Үйлдвэрлэлийн бодлогын газрын бүтцэд Б УБҮ гэж хамруулсан.

Б УБҮ тамгад М ТӨҮГ-ын .......... дугаартай регистр бичигддэг нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй харин Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж гэдгийг нотолж байгаа үйл баримт юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.

Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- хариуцагчийг тодорхойлохдоо М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М- гэж заажээ.

Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь М ТӨҮГ, Б УБҮ, иргэн М- аль нь болох нь тодорхойгүй байна.

Хэрэв нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байгаа бол хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрын шүүхэд гаргах нь зүйтэй.

Иймд хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Ч- ажил олгогчийн санал болгосон ажлын саналыг хүлээж аваагүй, цаашид ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй хүсэл зоригоо илэрхийлэн ажлаас чөлөөлөгдөх, нөхөн төлбөр авах хүсэлтэд гарын үсэг зурсан үйл баримтаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Ч- нь 2022 оны 1-6 саруудын ихэнх хугацаанд өвчтэй, ээлжийн амралттай шалтгаанаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Харин 2022 оны 5 дугаар сард ажиллавал зохих 23 өдрөөс 5 хоног буюу 5 удаа ээлжид 60 цаг, 6 дугаар сард ажиллавал зохих 20 өдрөөс ээлжийн бус 9 өдөр ердийн цагийн хуваарийн дагуу ажилласан байдаг.

Ажил олгогч Б.Ч-ийг даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр акт, түүнд бичигдсэн G54.1 онош, Мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эрүүл мэндэд харшлахгүй ажил буюу хөнгөн тэрэгний жолоочоор ажиллуулсан.

Улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 актаар Б.Ч- нь үндсэн G54.1 Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг, хавсарсан М21.2 оношоор хөдөлмөрийн чадвараа 40 хувиар 12 сарын хугацаатай алдсан нь тогтоогдсон.

Тухайн шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дүгээр актаар G54.1 онош, мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн Б.Ч-ийг "үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд" хугацаагүй бүрмөсөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримт болж байх үед ажил олгогч буюу УБҮийн захирал М-, Захиргааны хэлтсийн дарга Ц нар Б.Ч-т үргэлжлүүлэн ажиллах санал тавихад гэр бүлийн гишүүд Багануур дүүрэгт амьдардаг нөхцөл байдлыг тайлбарлахад эхнэрийг нь ажлын байраар хангах санал тавьсан байдаг. Гэвч нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул түүний хүсэлт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн нөхцөл сольсон актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дүгээр Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Б.Ч-ийг Баргилт цехийн Ил уурхайн хэсгийн экскаваторын операторчны ажлын байрнаас чөлөөлсөн байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр экскаваторын операторчны ажлын байранд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй нь тогтоогдсон тул тухайн ажлын байранд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй юм.

Иймд тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хариуцагч нь УБҮ биш. Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон.

УБҮийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “Б.Ч-ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай акт гарсан тул уг актыг үндэслээд 6 сар хөнгөн ажилд томилсон.

“М” ТӨҮГ-ын харьяа УБҮийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/1561 дугаартай тушаал, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/2046 дугаартай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/2374 дугаартай тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2632 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/2832 дугаартай тушаалуудаар хөнгөн тэрэгний жолоочоор томилж ажиллуулж байсан.

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “Б.Ч-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай актаар Б.Ч-ийг 40 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж тогтоосон байсан. 

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ч- нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ уурхайн захиралд гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг ирүүлсэн. Уг 0575240 дугаартай акт, Б.Ч-ийн гаргасан өргөдөл зэргийг үндэслэн ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн.

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Ч- нь “Баргилт” цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторчны ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр өгсөн. Өөр ажилд ажиллах, хөнгөн ажилд томилуулах хүсэлт гаргаагүй. Манай байгууллага ажилтны хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэжээ.

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮт холбогдох “М” ТӨҮГ-ын харьяа УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Ч-ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператораар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31.050.382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Тушаалын үндэслэх хэсэгт эх сурвалж болгон хэрэглэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн /гуйвуулсан/ талаар:

Нэхэмжлэгч Б.Ч- нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон шийдвэрийг аваад УБҮийн Барилга цехийн дарга Г, эдийн засагч У нартай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ очиж уулзаж дээрх шийдвэрийн талаар танилцуулахад “тэгвэл та ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг” гэж хэлсэн.

Тэгэхээр нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон л бол өргөдлөө өгдөг жишиг тус байгууллагад тогтсон байсан учир тус цехийн норм зохиогч М-ээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлсэн байдаг.

Тухайн үед нэхэмжлэгч Б.Ч-т ажлаас гарах хүсэл зориг анхнаасаа байгаагүй бөгөөд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг танилцуулах гээд очиход хариуд нь “та өргөдлөө өгчих" гэсэн санааг тэр үед ажил олгогчийн зүгээс илэрхийлэх замаар зүй бусаар нөлөөлсөн.

Ер нь тус үйлдвэрийн газар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар тодорхой хувиар алдсан ажилчдад "ажлаас гарах өргөдлөө өг” гэх саналыг ажил олгогч тавьдаг нь хэвшил болсон бөгөөд ажилчид хууль мэдэхгүйгээс өөрийн хүсэл зоригоос бус ажил олгогчийн хэлснийг ёсоор болгодог нь гэрч Төмөрхуяг,  Энхтүвшин нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

...Хэрвээ нэхэмжлэгч Б.Ч- нь үнэхээр өргөдлөө өгөх санаа сэдэлттэй байсан бол дор хаяж нэлээд хэдэн сарын өмнөөс бодож төлөвлөж байж өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сэтгэл зүйн дотоод түлхцээрээ өргөдлөө өгөх, өөрөө ингэж өргөдлөө өгсөн бол хэзээ ч шүүхээр нэхэмжлэл гаргаад явахгүй нь тодорхой юм.

...Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийн 1.7 дэх дэх хэсэгт “Ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино" гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг дүгнэхдээ гэрч Энхтүвшингийн мэдүүлгийг илтэд гуйвуулах, мөн гэрч Төмөрхуягийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.40.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон болохоос эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг тогтоогоогүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 58.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийг экскаваторын операторчны ажил үүргийг хийхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзсэн талаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай дүгнэлтэд огт дурдагдаагүй. Хэрвээ "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс" гаргасан дүгнэлтээрээ Б.Ч-ийн хөдөлмөрийн чадвар 40 хувь алдсан нь "экскаваторын операторын ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, хөдөлмөрийн чадвар дахиж сэргээгдэхгүй гэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т /58.1.3-т заасан үндэслэлээр түр шилжүүлсэн ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна/ заасан эрх зүйн үр дагавар үүсэх байсан.

Гэвч дээр дурдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй, мөн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж тус тус тогтоогоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх нөхцөл буюу гипотиз бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

Гэтэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй гэж дүгнээгүй, зөвхөн хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан болохыг тогтоосон байтал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт /шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудасны дээд талд/ дурдахдаа нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58.3-т зааснаар энэ ажилдаа үргэлжлэн ажиллах, эсхүл өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах талаар өргөдөл хүсэлт гаргаагүй байна гэх зэргээр дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг буруу тайлбарласан байна.

Хэрвээ хөдөлмөрийн чадвар сэргэхгүй болохыг тогтоосон байлаа гэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан гипотиз нөхцөлийн дагуу ажил олгогч нь санаачилж ажилтанд энэ ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллах, эсвэл өөр ажлын байр санал болгох ба энэ нь ажил олгогчийн удирдлага санаачилгаар явагдах процесс ажиллагаа болохоос ажилтан түрүүлж ажил олгогчид санал тавих үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-аар олгоогүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү...” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. Нэхэмжлэгч Б.Ч- 2022 оны 1-6 саруудын ихэнх хугацаанд өвчтэй ээлжийн амралттай шалтгаанаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Харин 2022 оны 5 дугаар сард ажиллавал зохих 23 өдрөөс 5 хоног буюу 5 удаа ээлжид 60 цаг, 06 сард ажиллавал зохих 20 өдрөөс ээлжийн бус 9 өдөр  ердийн цагийн хуваарийн дагуу ажилласан байдаг. Нэхэмжлэгч цаашид ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй нь түүний хүсэл зоригийн илэрхийллээ зөвшөөрөн ажлаас чөлөөлөгдөх, нөхөн төлбөр авах хүсэлтэд гарын үсгээ зурсан, ажил олгогчийн санал болгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах саналаас татгалзсан үйл баримтаар нотлогддог.

Б.Ч-ийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр акт, түүнд бичигдсэн G54.1 онош, Мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эрүүл мэндэд харшлахгүй ажил буюу хөнгөн тэрэгний жолоочоор ажиллуулсан.

Улмаар хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 актаар Б.Ч- нь үндсэн G54.1 Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг, хавсарсан М21.2 оношоор хөдөлмөрийн чадвараа 40 хувиар 12 сарын хугацаатай алдсан нь тогтоогдсон.

Тухайн шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дүгээр актаар G54.1 онош, мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн Б.Ч-ийг "Үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд" хугацаагүй бүрмөсөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримт болж байх үед ажил олгогч буюу УБҮийн захирал Б.М-, Захиргааны хэлтсийн дарга Ж.Ц нар Б.Ч-т үргэлжлүүлэн ажиллах санал тавихад гэр бүлийн гишүүд Багануур дүүрэгт амьдардаг нөхцөл байдлыг тайлбарлахад эхнэрийг нь ажлын байраар хангах саналыг мөн тавьсан байдаг.

УБҮийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг ажилтны хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг үндэслэн Баргилт цехийн Ил уурхайн хэсгийн экскаваторын операторын ажлын байрнаас чөлөөлж, цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

Гэтэл нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон болохоос хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, экскаваторын операторын ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, мөн хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг тогтоогоогүй гэж тайлбарлаж ажилд эгүүлэн тогтоолгох, дундаж цалин хөлснөөс тооцон 31.050.382 төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөл сольж ажилласан, хөдөлмөрийн чадвар нь сэргээгдсэнийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогоогүй байхад экскаваторын операторын ажлын байранд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах, шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч талын тайлбарын утга санааг дүгнэвэл нэхэмжлэгч хөдөлмөрийн  чадвар алдсан нь ажил олгогчийн буруутай үйлдэл, ажил олгогч ажлын байраар хангаж байгаа нь бусдын хөдөлмөрийн үр шимээр хөрөнгөжиж байгаа үйлдэл, хөдөлмөрийн чадварын хувь, хэмжээ тогтоосон акт нь зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажилтанд олгуулах тухай зохицуулалт гэж ойлгогдож байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дүгээр Хөдөлмөрийн нөхцөл сольсон актаар нэхэмжлэгчийг "үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд бүрмөсөн шилжүүлэв" гэж хугацаагүй байдлаар тогтоож шийдвэрлэсэн байдаг.

2. Ажил олгогч Б.Ч-ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлалгүй ажилтны хүсэлтийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй хөнгөн ажилд шилжүүлэн ажиллуулах хугацаанд дундаж цалин хөлснөөс нь тооцон сард 3.704.875 төгрөгөөр цалинжуулсан. Тухайн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл ажилтнаас төлөх 12.5 хувь буюу 344.553 төгрөгийг суутгаж, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т "Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого" заалтыг үндэслэн хүн амын орлогын албан татвараас чөлөөлж 3.360.322 төгрөгийн цалин хөлсийг олгож байжээ. Нийт олгосон цалин хөлсний нийлбэрийг тооцоход татварын дараах орлого 20.161.932 төгрөг болжээ.

Түүнчлэн УБҮийн Захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх заалтыг үндэслэн дундаж цалин хөлсийг нь 7 дахин нэмэгдүүлэн тооцож 24.853.913 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, тухайн нөхөн төлбөрийн мөнгийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон.

Хэрэв ажил олгогч 2022 оны 6 дугаар сард хөдөлмөрийн нөхцөл сольсон актыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд Б.Ч-т Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх заалтыг үндэслэн 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Ч- цаг, зэргээр цалинждаг ажилтан бөгөөд 2022 онд 5 дугаар зэрэгтэй экскаваторын операторын 1 цагийн цалин хөлс 8996 төгрөг байсан. Хэрэв тухайн үед ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийг үндэслэн түүнд тэтгэмж олгох нөхцөлд түүний 1 цагийн цалин хөлсийг 1 өдрийн ажлын 8 цагаар тооцож, 1 сард ажиллах дундаж хугацааг 21 хоног буюу 188 цагаар тооцоход 1 сарын үндсэн цалин 1.511.328 төгрөг болж байна. Тухайн цалин хөлсийг 4 сараар үржүүлэн тооцоход 6.045.312 төгрөгийн тэтгэмжийг Б.Ч-т олгох байжээ.

Нэхэмжлэгч Б.Ч- эрүүл мэндэд харшлахгүй хөнгөн ажил хийсэн 6 сарын хугацаанд нийт 20.161.932 төгрөгийн цалин хөлсний орлого олжээ. Тухайн 20.161.902 төгрөгөөс алдагдсан боломжийн өртөг буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосонтой холбогдуулан олгох байсан тэтгэмж 6.045.312 төгрөгийн хоорондын зөрүү 14.116.620 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч тухайн үедээ ирээдүйд бий болох алдагдсан боломжийн өртгийг тооцон эрүүл мэндэд харшлахгүй хөнгөн ажилд үргэлжлүүлэн ажиллах санал тавьсныг ажил олгогч дэмжиж Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасан үүргийнхээ хүрээнд тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж үргэлжлүүлэн ажиллуулсныг ажилтны эрх, ашиг сонирхолд хохиролтой гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтыг зөв дүгнэж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч тал "М" ТӨҮГ-ын харьяа УБҮийн захиралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “...”М ХХК-ийг Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар болгон өөрчлөх байгуулах тухай Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өмчийн хэлбэрийг өөрчлөн үүсгэн байгуулсан. 

Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Бр УБҮ гэж, тогтоолын 1 дүгээр хавсралт М ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемд Үйлдвэрлэлийн бодлогын газрын бүтцэд Б УБҮ гэж хамруулсан.

Б УБҮ-н баяжуулах үйлдвэрийн тамгад М ТӨҮГ-ын ......... дугаартай регистр бичигддэг... бие даасан хуулийн этгээдийн эрхгүй юм.

Хэрэв нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байгаа бол хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрын шүүхэд гаргах нь зүйтэй...” гэж /хх 32/ маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, Иргэний хуулийн 29.6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж, мөн зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна” гэж тус тус заажээ.

 

4. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. 

Гэтэл анхан шатны шүүх “М” ТӨҮГ-ын харьяа УБҮийг хуулийн этгээдийн эрхтэй эсэх, хэрэв эрхгүй бол үйлдвэрийн захирал Б.М- нь “М” ТӨҮГ-ыг ямар хэмжээнд төлөөлөх эрхтэй буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох чадамжтай эсэх, түүнчлэн шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар гүйцэд тодруулаагүй бөгөөд холбогдох хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно” гэж заасан байхад шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэхийг тогтоож чадаагүй ба шүүх хуульд заасан арга хэмжээг авах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮт холбогдох иргэний хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг авч хэлэлцээгүй болно.

 

8. Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2023/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ДЭНСМАА

 

                              ШҮҮГЧИД                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                            

                                                                                     Д.ГАНЗОРИГ