Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халиван овогт Ц-гийн Ө-, Ширүүнийхэн овогт А-гийн Н-л нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогч Д.А-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны ... дугаартай картнаас 4.000.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Би хохиролд 2.500.000 төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгч А.Н-л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Би хохиролд 1.500.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би тухайн өдөр “...” зочид буудалд 2 өрөө аваад уусан ба Ө-гийн дугаар руу залгахад “найз охидуудтайгаа байна” гэхээр нь “Айдсын даваанд байрлах ... зочид буудалд найзуудтайгаа хүрээд ир” гэхэд тэрээр 4 эмэгтэй найзын хамт 13 цагийн үед ирсэн. Зочид буудлын 1 давхарт супермаркет байсан. Би Ө-тай хамт супермаркет орж пиво, хиам, талх, ус, ундаа гэх мэт ойр зуурын зүйлс авсан. …Би нилээн согтсон тул Ө-д өөрийн Хаан банкны картаа өгөөд дахин архи, пиво авахуулахаар дэлгүүр рүү явуулсан. …Нэг сэрсэн чинь Ө-, Н-л хоёр найз нарын хамт байхгүй байсан. Би биедээ байх зүйлсээ бүртгэж үзэхэд миний карт байхгүй, утсанд 4.000.000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. …Надад 4.000.000 төгрөг төлж барагдуулсан тул гомдолгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17-р хуудас/,

Гэрч Ц.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Ө- Н-лтай нийлж нийтдээ 4.000.000 төгрөг авсан талаар мэдсэн. Тэр хоёр үрсэн мөнгөө нийлж төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Д.О-г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Ө- над руу залгаад миний Хаан банкны дансны дугаарыг асуугаад “ээжээ сургууль төгсөхөд мөнгө хэрэг болоод найз маань надад өгч байгаа юм, би таны данс руу шилжүүлье” гээд миний дансны дугаарыг авсан. Удалгүй миний данс руу 1.000.000 төгрөг орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Эд зүйл, баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Хохирогч Д.А-ийн дансны хуулга /хх-ийн 42-67-р хуудас/,

Д.О-гийн дансны хуулга /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А- над руу залгаад “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ... зочид буудалд байна, хүрээд ирээч” гэхээр нь “найз нарын хамт явж байна” гэхэд “хамт хүрээд ир” гэхээр нь замаараа Н-лыг аваад бид нар такси бариад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Айдсын даваанд байрлах “...” зочид буудалд очсон. А- бид нарыг дайлсан. …А- надад Хаан банкны картаа өгөөд дэлгүүр ороод ойр зуурын хэрэгтэй зүйлээ аваарай гэж хэлсэн. …Би гадаа тамхи татаж байгаад Н-лд “А- картаа өгсөн. Хэрэгцээний мөнгөө аваарай” гэж хэлсэн. Тэгээд Н-л бид хоёр АТМ орж мөнгө авахаар Нисэхийн тойрогт байрлах Миний Хайпермаркетын АТМ-ээс А-ийн виза картны үлдэгдлийг шалгахад 8-9 сая төгрөг байхаар нь 1.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээ хийж бэлнээр авсан. Дараа нь ээж рүүгээ залгаж дансны дугаарыг нь асуугаад 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 76-р хуудас/,

 

Шүүгдэгч А.Н-л мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ө- над руу залгаад “салхинд гаръя” гэхээр нь зөвшөөрч байгаа газраа хэлэхэд Хулан, Хоролсүрэн нарын хамт ирж авсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Айдсын даваанд байрлах “...” зочид буудалд ирэхэд А- халамцуу байсан. Бид нарыг буудлын өрөөнд оруулчихаад А- Ө-г дагуулж гараад пиво, ундаа, идэж уух ойр зуурын зүйлс аваад орж ирсэн. …Ө- бид хоёр гадаа хамт зогсож байхад тэрээр надад “А- картаа өгсөн. Цүнхээ авчих, хоёулаа АТМ ороод мөнгө аваад явъя” гэж хэлсэн. …Нисэхийн тойрогт байрлах Миний Хайпермаркет орж АТМ-ээс 1.000.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээ хийж мөнгө авсан. Дараа нь Ө- ээж рүүгээ залгаж дансны дугаарыг нь аваад 1.000.000 төгрөг шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 80-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /хх-ийн 92-100-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-р хуудас/,

Шүүгдэгч А.Н-лын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Н-мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Г.Ж-ийн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 89-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 108-116-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогч Д.А-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны ... дугаартай виза картнаас 4.000.000 төгрөгийг авч завшсан болох нь:

 

Хохирогч Д.А-ийн …Тухайн зочид буудлын 1 давхарт супермаркет байсан. Би Ө-гийн хамт супермаркет орж зүйлс, пиво, хиам, талх, ус, ундаа гэх мэт ойр зуурын зүйлс авсан. …Би нилээн согтсон тул Ө-д өөрийн Хаан банкны картаа өгөөд дахин архи, пиво авахуулахаар дэлгүүр рүү явуулсан. …Нэг сэрсэн чинь Ө-, Н-л хоёр найз нарын хамт байхгүй байсан. Би биедээ байх зүйлсээ бүртгэж үзэхэд миний карт байхгүй, утсанд 4.000.000 төгрөгийн зарлага гарчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17-р хуудас/

 

Гэрч Ц.А-ийн …Ө- Н-лтай нийлж нийтдээ 4.000.000 төгрөг авсан талаар мэдсэн. Тэр хоёр үрсэн мөнгөө нийлж төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Д.О-гийн …2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Ө- над руу залгаж миний Хаан банкны дансны дугаарыг аваад “ээжээ сургууль төгсөхөд мөнгө хэрэг болоод найз маань надад өгч байгаа юм. Би таны данс руу шилжүүлье” гэсэн. Удалгүй миний дансанд 1.000.000 төгрөг орсон…гэжээ. /хх-ийн 32-р хуудас/,

 

Хохирогч Д.А-ийн дансны хуулга /хх-ийн 42-67-р хуудас/,

Д.О-гийн дансны хуулга /хх-ийн 69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь хохирогч Д.А-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны ... дугаартай картнаас 4.000.000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Д.А- нь “4.000.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй” /хх-ийн 17-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

           

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Ц.Ө-, А.Н-л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Д.А- болон шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарт танилцуулсан байна.

 

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарыг бүлэглэн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул прокуророос гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарын орлого олох боломжийг нь харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Ө-, А.Н-л нар нь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.