Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02182

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02182

 

 

2023 12 18 210/МА2023/02182

 

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02816 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагч К т- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийг хангуулж, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд А.П-гийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн №0- орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.С-этэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг К т- ХХК, Ц.С-э нарт даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.С-э нь Хан-Уул дүүрэгт байрлах Ш- хотхон орон сууцны Е, Е1 блокын барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож барилга угсралт, мужааны ажлыг өөрийн 6-12 хүнтэй баг, А.П-гийн 10 гаруй хүнтэй багтай хамтран хийж гүйцэтгэсэн. Тухайн үед өөрийн ажилтнуудын цалинг ажилласан өдрөөр нь тооцон А.П-гээс гаргуулж өгсөн, харин надад бартераар 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон.

Энэ дагуу А.П- нь захиалагч компани болох К т- ХХК-тай 2021 оны 06 сарын 22-ны өдөр №0- Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 2-р хороо, А- хотхон 00/0 тоотод байх С- хотхон орон сууцны С блок, 1-р давхар, С загварын 47.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар болсон. Гэтэл байр ашиглалтад орсон боловч байрны нэрийг шилжүүлж өгөхгүй байгаа тул К т- ХХК-тай байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах №0- гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дээрх орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Ш- хотхон орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр А.П-тэй 2021 оны 02 сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Ажлын хөлсийг бэлэн болон бэлэн бусаар, мөн бартераар орон сууц, автомашин өгөхөөр тохиролцсон. Улмаар 2021 оны 06 сарын 22-ны өдөр А.П- нь Ц.С-этэй хамт манай ажилд ирж Ц.С-э нь манайхтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Ц.С-э нь А.П-тэй учраа олж чадаагүй учраас манай компанийг энэ маргаандаа татан оруулж байна. Тэдний хооронд ямар маргаан байгааг мэдэхгүй. Бид хэний ч нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөхөд бэлэн байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, тайлбарын агуулга: К т- ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш- хотхоны ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, А.П-гийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 11 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш- хотхоны Е, Е1, Д1, С1, В1 блокуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын бартерт Баянзүрх дүүргийн 2 хороо, А- хотхон 00/0 тоотод байх 47.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон.

 

Ц.С-э нь мөн туслан гүйцэтгэгчээр уг барилгад ажилласан бөгөөд миний ажлын хөлсөнд авсан 2 өрөө байрыг ашиглалтад ортол үнийг нь төлөөд худалдаж авахаар санал тавихад нь К т- ХХК-ийн захирал Г.А-д хүсэлт гаргаж уг байрыг Ц.С-ийн нэр дээр шууд шилжүүлэхээр 2021 оны 06 сарын 22-ны өдрийн №0-тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан. Гэвч Ц.С-э нь худалдан авсан байрны үнийг төлөөгүй учир гэрээгээ цуцлах талаар хэлсэн. Иймд энэ гэрээнээс татгалзаж байна.

 

А.П- нь Ш- хотхоны Е, Е1, Д1, С1, В1 блокуудын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд бартераар авсан дээрх 2 өрөө орон сууцыг авахаар тооцоо нийлж акт үйлдэн К т- ХХК-тай байгуулсан гэрээний ажлаа гүйцэтгэж дууссан. Иймд Ц.С-э, К т- ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан №0- орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ц.С-этэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 2 хороо, А- хотхоны 00/0 тоотод байх 47.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг А.П- надад шилжүүлэхийг Ц.С-э, К т- ХХК нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Ц.С-э нь гуравдагч этгээд А.П-тэй орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар хийж тохиролцсон зүйл байхгүй. Маргаан бүхий орон сууцыг К т- ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгөхөөр гэрээг байгуулсан. Уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 2 хороо, А- хотхоны 00/0 тоотод байх 47.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.С-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч К т- ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Ц.С-э, К т- ХХК нарын 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан №0- Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.С-этэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.П-д шилжүүлэхийг Ц.С-э, К т- ХХК нарт даалгах тухай гуравдагч этгээд А.П-гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.С-ийн төлсөн 548,505 төгрөг, гуравдагч этгээд А.П-гийн төлсөн 853,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч К т- ХХК-аас 548,505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-эд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ц.С-э нь уг байрыг авах ёсгүй гэж үзэж байна. А.П- нь энэ байрыг Ц.С- авах ёсгүй талаар тайлбарласаар байхад ямарч баримтгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын ихэсгэсэн шаардлагыг манай компанид танилцуулж гардуулаагүй, тайлбар өгөх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн учраас шүүх хэргийн нөхцөл байдлыг буруугаар ойлгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх болсон үйл явдлыг бодитой тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, манай компанийг үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх боломжоор хангаагүй шийдвэрлэсэн байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

А.П- нь Ц.С-э болон түүний ажилчдын цалинг тооцож Ц.С-ийн Хаан банкны 0000000000- тоот дансаар 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд цалинш нь дутуу төлөөгүй. "К т-" ХХК нь А.П-д ажлын хөлсөнд бэлэн мөнгө болон бартераар орон сууц өгөхөөр тохиролцсон. Ц.С-э нь А.П-тэй уулзахдаа "бартерт авч байгаа орон сууцыг зах зээлийн ханшаас хямд авч байгаа юм байна, би мөнгийг нь төлж орон сууцыг чинь авья" гэсэн байдаг. А.П- уг саналыг зөвшөөрснөөр 2021 оны 06 сарын 22 ны өдөр Ц.С-э, "К т-" ХХК нар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулсан.

А.П- нь 2022 онд Ц.С-эд орон сууцны үнийг төлөхгүй бол гэрээг цуцлая, маш удаан хүлээлээ" гэсний дараа Ц.С-э шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд дээрх орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар намайг төөрөгдүүлж хуурч хийсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн шийдвэрлэхдээ Ц.С-э орон сууцны үнийг хэрхэн төлсөн нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх ёстой байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар маргааны үйл баримтыг тогтоож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон орон сууц захиалагчтай байгуулах гэрээний эх хувь, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар хэрэгт авагдаагүй. Хариуцагчаас хуулбар үнэн гэж гараар бичиж, гарын үсэг зурсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгожээ.

7.2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу гэрээний үнийг 78,111,000 төгрөгөөр тохиролцсон тул Худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нотолж, маргаан бүхий орон сууцны жинхэнэ өмчлөгч болохыг нотолсон К т- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, Орон сууц захиалгын гэрээг цуцалж, өөрийн өмчлөлдөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн хүсэлт, Ц.С-д цалинг нь бүрэн өгсөн талаар дансны хуулга зэргийг гарган өгч, гэрчүүдийн мэдүүлгээр ажилчид цалингаар ажиллаж байсан талаар мен нотолсон. Гуравдагч этгээд тухайн орон сууц захиалгын гэрээнд гарын үсэг зураагүй нь гуравдагч этгээд орон сууцны өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж байна.

7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар:

Нэхэмжлэгч талаас 2023 оны 09сарын 08-ны өдөр "...Хан-Уул дүүргийн 0-р хороо-д байх Ш- хотхонд үзлэг хийж өгнө үү..." гэх хүсэлтийг гаргасан ч шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчсөн ба хариуцагчийн хүсэлт нь ажлыг хэрхэн хийсэн талаархи үйл явдлыг нотлоход ач холбогдолтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч К т- ХХК-ийн захирал Г.А- нэг л шүүх хуралдаанд ирээгүй, бусад шүүх хуралдаанд бүгдэд нь суусан, хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурж байсан. Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Орон сууц захиалгын гэрээг А.П- анх Е болон Е1 блокийг барихад бригадаараа ажиллаад ажилчдын цалин хөлсийг захиалагч компаниас, харин бригадын даргад бартераар 2 өрөө байр өгнө гэдэг тохиролцоотойгоор ажил эхэлсэн байдаг. Гуравдагч этгээд орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа. Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэнэт худалдах, худалдан авах гэрээ хийсэн, үүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулаад орон сууцаа авъя гэж ярьдаг. Түүнээс худалдах, худалдан авах гэрээний талаар нотлох баримт, тус гэрээний дагуу мөнгө төгрөг нэхсэн нотлох баримт байдаггүй. Байрыг нэхэмжилж байгаа бол гуравдагч этгээд нотлох үүрэг хүлээнэ. Peace tower гэж яриад байна, бичиглэлийн бага зэргийн техникийн алдаа гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн хариу тайлбараар Ц.С-ийн бригад, А.П-гийн бригад Е болон Е1 блокод 2 талаас тэнцүү хуваагаад хамтран ажил гүйцэтгэсэн гэдэг нь нотлогддог. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Тайлбар гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

10. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Тайлбар байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.С-э нь хариуцагч К т- ХХК-д холбогдуулан гэрээний үүргийг хангуулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, А- хотхон 32/1 тоот хаягтай, С- орон сууцны хотхоны С блок, 1 дүгээр давхрын С загварын 47.34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.П- нь Ц.С-э, К т- ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан №0- Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ц.С-этэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгийг А.П-д шилжүүлэхийг нэхэмжлэгч Ц.С-э, хариуцагч К т- ХХК нарт даалгах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Талуудын маргааны зүйл болох Ц.С-э, К т- ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувиар хэрэгт авагджээ. Уг баримтыг шүүхшийдвэрийн үндэслэл болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй юм.

 

Хэргийн оролцогч нэг талын баталгаажуулсан баримт нь дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад хамаарахгүй бөгөөд гагцхүү нотлох баримтыг шүүхэд эхээр нь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх бичмэл нотлох баримтад тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй буюу хариуцагч К т- ХХК-ийн захирал Г.А-ийн хуулбар үнэн гэж тодорхойлж, компанийн тамга дарсан гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх процессийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд бие даасан шаардлагыг ихэсгэж, шаардлагын үндэслэлээ тодруулан гаргажээ. Шүүх уг шаардлагыг хүлээн аваад хариуцагч талд гардуулах ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хариуцагчид гардуулаагүй нь хариуцагч талын тайлбар, нотлох баримтаа гаргах, мэтгэлцэхтэй холбоотой хуульд заасан эрх хангагдаагүй гэж үзнэ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчилд тооцогдож, шийдвэрийг хүчингүй болгон үндэслэл болно.

 

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч К т- ХХК-ийн төлсөн 548,505 төгрөг, гуравдагч этгээд А.П-гийн төлсөн 1,097,010 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Э.ЭНЭБИШ