Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00013

 

2023.12.22 210/МА2024/00013

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04043 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.У-т холбогдох,

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Б э- ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Ж.У-, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг, Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талийгаач Н.Э- бидний хооронд 2021 оны 03 сарын 26-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, Н.Э- нь Б э- ХХК-ийн 30 хувийн энгийн хувьцааг надад шилжүүлэх үүргийг хүлээсэн. Уг 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд хувьцаанд ногдох татварыг төлөх ёстой болсон ба энэ нь талийгаачаас хамаарч хугацаа алдан хойшлогдсоор байсан.

Талийгаач Н.Э-ын эхнэр Ж.У- нь 2022 оны 03 сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авч, хувьцааг шилжүүлж авсны дараа хувьцааг надад шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох Б э- ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.У-т даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б э- ХХК нь Н у бүсэд- олгогдсон лицензийг Засгийн газраас хурааж түүний орон олгогдсон Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь А лиценз, Б- сум дахь Б лицензийг эзэмшдэг компани юм. Энэ компанийг анх манай нөхөр н.А- гэх залуутай хамтран байгуулсан. Б.А- 2015 онд байгуулагдсан компанид 2018 онд орж нэмэгдэж орсон байдаг. Б.А- гуайг яагаад оруулж ирсэн гэхээр Н у бүсэд- олгогдсон лицензийг Засгийн газраас хураагдах үед манайх өндөр төлбөртэй үлдэж, засгийн газартай маргаан үүсч хоёр жил шүүхийн маргаан явагдсаны дараа Б.А- гуайг мэргэжлийн хүн учраас компанийн ажлаа явуулахын тулд нэмэгдэж орсон.

Хувьцааг шилжүүлэх тухайн үед худалдах-худалдан авах гэрээ хийхэд үл ойлголцол үүсч, миний нөхөр Н.Э- нотариатын байрнаас гарч явахад Б.А-, н.Т- нартай миний том хүү Э.Б- үлдэхэд тойргийн нотариатчн.Ө- нь аав руугаа залгаж хэлээрэй, нэг гарын үсэг дутуу байна. Тэгэхээр энэ гэрээг хүчин төгөлдөр гэж хэлэх боломжгүй гэж хэлсэн байдаг.

Намайг Б э- ХХК-ийн хувьцааны 70 хувийг өвлөх эрхийн дагуу өвлөж авахад нэхэмжлэгч нь өөрөө улсын бүртгэлийн газарт баримтуудыг бэлдэж, гарын үсэг зурсан атлаа хожим нь бодит байдлыг үгүйсгэж, нөхрийг минь нас барсныг ашиглан нэхэмжлэл гаргаж байна. Энэ гэрээ нь 2021 оны 03 сарын 26-ны өдөр байгуулагдсан. Гэтэл бүтэн жилийн өмнө тухайн гэрээг байгуулна гээд хэн нь ч мэдээгүй ийм гэрээний үнийг төлөөд явж байна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар хариуцагч Ж.У-т холбогдох 2021 оны 3 сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг Б э- ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд буруу дүгнэлт хийсэн тухайд:

Н.Э-, Б.А- нарын хооронд 2021 оны 03 сарын 26-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ бодитоор байгуулагдсан эсэх, гэрээний нөхцөл нь талуудын хүсэл зориг байсан эсэхийг шүүх дүгнээгүй. Б.А- нь 2018 оны 08 сарын 31-ний өдөр "Б э-" ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон ба тус компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сум, Т-аймгийн Баян сумын нутагт тус тус хайгуулын лицензтэй байсан. Хувьцаа эзэмшигч Н.Э- /70/, Б.А- /30/ нар дээрх хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох ажлыг эхлүүлж Б.А- хариуцан ажилласан. Хувьцаа эзэмшигч нар нь өөрсдийн эзэмшлээр санхүүжилт гаргах ёстой ба 2017-2022 оны хооронд "Б э- ХХК нь 182,332,346 төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулснаас Н.Э- 47,625,741 төгрөг, Б.А- 134,706,605 төгрөгийг гаргасан. Н.Э- нь Б.А-т өөрийн эзэмшлийн 30 хувийг худалдах болсон нь нэхэмжлэгчийн гаргасан санхүүжилттэй холбоотой бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, зохих баримтыг гаргаж мэтгэлцсэн ч шүүх өөр байдлаар тодорхойлсон мэт дүгнэлт хийсэн.

4.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ бодит байдалд 30 хувийн хувьцааг худалдахаар тохироогүй, "Б э- ХХК-ийн Т-аймаг дахь лицензийг бусдад шилжүүлэх зорилгоор уг гэрээг хийсэн гэж тайлбарласан атал өөр байдлаар маргасан мэт дүгнэлт хийсэн нь шүүх бодит байдлыг илт гуйвуулсан.

4.3. Хууль хэрэглээ ба хууль зүйн дүгнэлтийн тухайд: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Компанийн тухай хуулийн 17.4-т зааснаар гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээ хэрэгжиж дүрэмд өөрчлөлт орох ёстой гэж тодорхойлсон нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 10 дугаар зүйлд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байхаар хуульчилсан ба тус хуулийн 40.1, 40.3-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байхад талийгаач Н.Э-ын амьд байхдаа Б.А-т гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл нь түүнийг нас барснаар хүчингүй болохгүй юм.

4.4. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь чанарын доголдолгүй болоод эрхийн доголдолгүй эд хөрөнгө буюу гэрээний зүйлийг шилжүүлэх үүргийг хүлээдэг. Уг үүрэг нь гэрээнд заасан хугацаанд хэрэгжээгүй нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэвч анхан шатны шүүх гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гэрээ хэрэгжих ёстой ийм байдлаар хэрэгжээгүй нь худалдан авагч тал шаардлага гаргах эрхээ эдлэх боломжгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч гэрээний хөөн хэлэлцэх хугацааны дотор хэдийд ч шаардлага гаргах зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэсэн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2022 оны 04 сарын 28-ны өдөр Б э- ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У- бүртгэгдсэн. Үүнийг Б.А- өөрөө хүлээн зөвшөөрч мөн өдрийн шийдвэрт гарын үсэг зурсан. Өв хүлээн авсны дараа 30 хувийн хувьцааг нэхэмжлэх эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. 2021 оны 03 сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ хийгдэх болсон үндэслэлийн талаар Ж.Б- 2023 оны 08 сарын 10-ны өдөр тайлбарласан. Худалдах-худалдан авах гэрээний ард талд талийгаач Н.Э-, тайлбар өгсөн Ж.Б-, Б.А- нарын иргэний үнэмлэх хавсаргагдсан. Тийм учраас Ж.Б-ы тайлбар үндэслэлтэй нь нотлогдож байна. 2021 оны 03 сарын 26-ны өдөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн дагуу худалдан авагч тал үнийг төлөх үүрэгтэй. 3,000 төгрөг төлсөн гэж үздэг ч төлсөн баримт нь 2020 оны 03 сарын 26-ны өдрийн баримт байдаг. Гэтэл үүнийгээ мөнгө төлсөн, гэрээ байгуулсан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв 2021 онд гэрээ байгуулсан бол тухайн өдрөө төлбөрөө төлөх ёстой. Иймд худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ж.У-т холбогдуулан, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Б э- ХХК-ийн нийт хувьцааны 30 хувь болох 30 ширхэг энгийн хувьцааг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б э- ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн энгийн хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Э- 2017 оны 11 сарын 17-ны өдөр, 30 хувийн эзэмшигчээр Б.А- 2018 оны 09 сарын 06-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэгджээ. Уг бүртгэлээс хойш буюу 2021 оны 03 сарын 26-ны өдөр Н.Э- нь Б э- ХХК дахь 70 хувийн энгийн хувьцааныхаа 30 хувь болох 30 ширхэг хувьцааг Б.А-т худалдахаар талуудын хооронд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ тус тус байгуулж, нэгж хувьцааны үнэ 100 төгрөг буюу нийт 3,000 төгрөгөөр худалдах, хувьцааг 2021 оны 03 сарын 26-ны өдрөөс хэтрүүлэлгүй худалдан авагчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 72/

4.1. Дээрх хэлцлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Б.А- нь хувьцааны үнэ 3,000 төгрөгийг Н.Э-т төлсөн нь 2021 оны 03 сарын 26-ны өдрийн огноотой Б э- ХХК-ийн хувьцааны худалдан авалтын баримт гэх баримтаар нотлогдож байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна. /1хх 75/ Харин Н.Э- 2021 оны 10 сарын 01-ны өдөр нас барсан байх бөгөөд гэрээгээр тохиролцсон нөхцөл, хугацааны дотор нэхэмжлэгчийн өмчлөлд хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхдаа нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

4.2. Хариуцагч Ж.У- нь 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 0010 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 70 хувийг өвлөснийг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 22/01 дугаар шийдвэр, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр баталаажуулж, Б э- ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ж.У- нь тус компанийн энгийн хувьцааны 70 хувийн хувьцаа эзэмшигчээр 2022 оны 04 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд хувьцаа нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч этгээддээ ашиг өгөх, шаардах эрхийг бий болгох эрх болно. Хариуцагч Ж.У- нь талийгаач Н.Э-ын Б э- ХХК дахь 70 хувийн энгийн хувьцааг ийнхүү өвлөн авснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасны дагуу талийгаач Н.Э-, нэхэмжлэгч Б.А- нарын хооронд 2021 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 30 хувь болох 30 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.А-т шилжүүлэх үүрэг үүссэн байна.

 

5. Иймд нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ж.У-ээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 30 хувийг шилжүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч Ж.У- нь уг үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 30 хувь буюу 30 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.А-т шилжүүлэхийг хариуцагч Ж.У-т даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Хувьцаа шилжүүлэхийг шаардах нэхэмжлэгчийн эрх нь гэрээгээр буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасан өвлөх үндэслэлд хамаарах зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах замаар залруулна. Мөн шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд үл хамаарах Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Тус хуулийн зохицуулалт нь компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой компанийн үүргийг зохицуулсан тул гэрээний үүргийг нөгөө талаас шаардах худалдан авагчийн шаардах эрхийг үгүйсгэх, гэрээнээс татгалзах нөгөө талын татгалзлын үндэслэл болохгүй юм.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 30 хувь буюу 30 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.А-т шилжүүлэхийг хариуцагч Ж.У-т даалгасугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56 дугаар зүйлийн 56.1... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, ...үлдээсүгэй... гэснийг үлдээж гэж, хариуцагч Ж.У-ээс 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ