Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 304

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

     Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Одкон Холдинг ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэнд холбогдох

“7000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Одкон холдинг ХХК-ний ерөнхий захирал Л.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одкон холдинг ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 28-наас Өвөрхангай аймгийн Богд сумын төвийн инженерийн шугам сүлжээ шинэчлэлийн ажлыг эхлэн 2015 оны 09 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх ажлыг хийж байх явцад сумын төвийн халуун усны газрыг төслийн шугаманд холбуулах талаар сумын засаг дарга С.Мягмарсүрэн нь 2015 оны 07 дугаар сард хүсэлт гарган халуун усны газрын бохирын шугам, гадна цахилгааны монтажны ажил, хогийн цэгийн цэвэрлэгээний ажлыг хийж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу манай компани дээрх ажлуудыг хийсэн. Тус ажлын төсөвт өртөг 16000000 төгрөгийн өртөгтэй ажлыг 7.000.000 төгрөгийн өртөг бүхий бохир усны шугам, цахилгааны 0.4квт-ын агаарын кабель шугамын ажлуудыг 7 хоногийн хугацаатай хийхээр тохиролцож гүйцэтгүүлсэн. Бичгээр гэрээ хийгээгүй аман гэрээ хийсэн. Дээрх ажлын санхүүжилтын асуудлыг Богд сумын иргэдийн хурлаар төсвийн тодотгол хий шийдэж өгнө гэсэн боловч одоог хүртэл шийдээгүй болно. Иймд Богд суманд хийсэн дээрх ажлын санхүүжилтыг одоо болтол төлөхгүй байгаа тул Засаг дарга С.Мягмарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

                       

Хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэн миний бие Одкон Холдинг ХХК-ний нэхэмжилсэн 7000000 төгрөгийг төсвийн хуулийн дагуу сумын төсөвт тодотгол хийсний дараа саадгүй төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж зааалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Одкон Холдинг ХХК нь “Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэнд холбогдуулан 7000000 төгрөг гаргуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мягмарсүрэн “7000000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Одкон Холдинг ХХК-ний нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэнд холбогдох “7000000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга С.Мягмарсүрэнгээс 63475төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 63475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Одкон Холдинг ХХК-долгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА