Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө-,

шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Э-ын Н-д холбогдох эрүүгийн 1803009400004 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 Шүүгдэгч Э.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны талбайн урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигч /67 настай эмэгтэй/ Г.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед гэр рүүгээ явж байхдаа осол гаргасан. Миний буруутай үйл ажиллагааны улмаас хөгшин настай хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирогчийг гэнэт гараад ирэхээр нь тоормосоо гишгэсэн боловч зогсоож чадаагүй мөргөсөн. Машинаас буухад эмээ газар уначихсан байсан. Тухайн үед цагдаагийн машин хажуугаар явж байхаар нь “103 руу залгаад түргэний эмч дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би “эмээгээс утас байна уу, танай хүүхдүүд рүү чинь холбогдоё” гэхэд “миний утас цүнхэд байгаа” гэсэн. Тэгээд манай эгч утсыг нь аваад Өлзийцэцэг эгч рүү залгаж осол гарсан тухай хэлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж Н- манай гэр рүү явж байсан ба над руу 18 цагийн үед залгаад “гэрээсээ гарч байна” гэж хэлсэн. Ээжийг ирэхгүй байхаар нь гадаа хүлээгээд сууж байтал осол болсон гэж утсаар хэлсэн. Би хэрэг гарсан газарт очоод ээжийгээ эмнэлэг рүү авч явсан. Манай ээж Н- 2 хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийснээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байгаа боловч өнөөдрийг хүртэл хөл дээрээ зогсож чадахгүй, үргэлж хүнээр өргүүлж босч байна. Зүүн хөлийн өвдөг нь бороолж байгаа боловч баруун өвдөг нь хэвээрээ байгаа. Хагалгаанаас хойш 2 удаа зураг авахуулсан. Хагалгаанаас үлдсэн ясны үүрмэг цаашид үе түгждэг гэсэн. Иймд ээжийгээ гадаадад эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Би Н-д ял оногдуулахыг хүсэхгүй байна. Харин эмчилгээний зардлыг гаргуулах саналтай байна. Манай ээж 67 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн. Ээж минь эмнэлэгт хэвтсэн тул манай гэр бүлийнхэн ээлжилж сахиж байна. Мөн 2 дүүгээ хөдөөнөөс авчирч ээжийгээ сахиулж байгаа. Тиймээс ямар их хүндрэл бэрхшээл гарч байгааг ойлгож байгаа байх.  Иймд эмчилгээний зардлыг түргэн гаргаж өгөөрэй гэж хүсэж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс:

            Хохирогч Г.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг   Монголын хөл бөмбөгийн холбооны урд /талбайн/ замын урд талаас хойд тал руу чигтэй зам хөндлөн гарч байтал гэнэт миний хажуу талаас тас гэсэн хүчтэй дуу чимээ гарч машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь түргэний машин дотор хэвтэж байсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор маш их гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай ээж Н- ослын улмаас хоёр өвдгөндөө гэмтэл авсан тул хэвтрийн дэглэм сахиж байгаа. Манай ээж эрүүл мэндээрээ хохирсон тул бидний зүгээс гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 144-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13575 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Н-ын биед хоёр хөлийн шилбэний шаант тахилзуур ясны дээд булууны далд хугарал, зүүн талын 2,3,4-р хавирганы далд хугарал, зүүн талын далны сэртэн, эгэмний үений мултрал, зүүн мөр, дал, хүзүү, зүүн чамархайн дагзны хуйханд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 98-р хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №837 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 102-р хуудас/

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59809 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал, зогсоолын тоормос, явах эд анги, дуут дохио, гэрэл, салхины шил, шил арчигч зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрэл нь асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг автомашины баруун талын ойрын гэрэл нь асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна.

4. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. /хх-ийн 108-113-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 77-89-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 126-127-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай автомашин нь Э-ын Н-гийн өмчлөлд гэх /хх-ийн 131-р хуудас/,

Шүүгдэгч Э.Н- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 30 минутын үед “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай автомашинаа жолоодоод 2 дугаар төрөхөөс Хужирбулан руу гэр рүүгээ явж байсан. Монголын хөл бөмбөгийн холбооны урд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас хойшоо чигтэй нэг хүн /Н-/ миний машины урдуур зам хөндлөн орж ирэнгүүт нь тоормосоо гишгээд машиныхаа урд хэсгээр түүнийг мөргөж зогссон. Би машинаасаа буугаад хартал Н- зам дээр хэвтэж байхаар нь түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 128-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 134-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Н-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны талбайн урд замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан хохирогч Г.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

            Хохирогч Г.Н-ын …Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг   Монголын хөл бөмбөгийн холбооны урд замын урд талаас хойд тал руу чигтэй зам хөндлөн гарч байтал гэнэт хажуу талаас тас гэсэн хүчтэй дуу чимээ гарч машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь түргэний машин дотор хэвтэж байсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор маш их гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж Н- манай гэр рүү явж байсан ба над руу 18 цагийн үед залгаад “гэрээсээ гарч байна” гэж хэлсэн. Ээжийг ирэхгүй байхаар нь гадаа хүлээгээд сууж байтал осол болсон гэж утсаар хэлсэн. Би хэрэг гарсан газарт очоод ээжийгээ эмнэлэг рүү авч явсан. Манай ээж Н- 2 хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийснээс хойш 3 сарын хугацаа өнгөрч байгаа боловч өнөөдрийг хүртэл хөл дээрээ зогсож чадахгүй, үргэлж хүнээр өргүүлж босч байна. Зүүн хөлийн өвдөг нь бороолж байгаа боловч баруун өвдөг нь хэвээрээ байгаа. Хагалгаанаас хойш 2 удаа зураг авахуулсан. Хагалгаанаас үлдсэн ясны үүрмэг цаашид үе түгждэг гэсэн. Иймд ээжийгээ гадаадад эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Би Н-д ял оногдуулахыг хүсэхгүй байна. Харин эмчилгээний зардлыг гаргуулах саналтай байна. Манай ээж 67 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн. Ээж минь эмнэлэгт хэвтсэн тул манай гэр бүлийнхэн ээлжилж сахиж байна. Мөн 2 дүүгээ хөдөөнөөс авчирч ээжийгээ сахиулж байгаа. Тиймээс ямар их хүндрэл бэрхшээл гарч байгааг ойлгож байгаа байх.  Иймд эмчилгээний зардлыг түргэн гаргаж өгөөрэй гэж хүсэж байна гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13575 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Н-ын биед хоёр хөлийн шилбэний шаант тахилзуур ясны дээд булууны далд хугарал, зүүн талын 2,3,4-р хавирганы далд хугарал, зүүн талын далны сэртэн, эгэмний үений мултрал, зүүн мөр, дал, хүзүү, зүүн чамархайн дагзны хуйханд цус хуралт, баруун хацар, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 98-р хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №837 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 102-р хуудас/

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 59809 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал, зогсоолын тоормос, явах эд анги, дуут дохио, гэрэл, салхины шил, шил арчигч зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин баруун талын ойрын гэрэл нь асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг автомашины баруун талын ойрын гэрэл нь асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна.

4. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. /хх-ийн 108-113-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Б.Баттөр нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган хүний гарцаар явсан явган зорчигч хохирогч Г.Н-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

            Шүүгдэгч Э.Н-гийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийнх эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 131-р хуудас/ тогтоогдсон.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Э.Н-гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Г.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Н-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, мөн өөрийн болон охин Болорцэцэг, Саранцэцэг нарын олох байсан орлого зэрэг нийт 11.393.642 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн 24-71 дугаар талд баримтуудыг ирүүлснээс  тооцож үзэхэд 11.501.593 төгрөгийн баримт авагдсан байна.  Үүнээс:

            - Хохирогч Г.Н-ын эмнэлгийн ор хоногийн төлбөр, асаргааны хэрэгсэл, эм тарианы зардалд нийт 4.643.717 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, уг зардлыг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

          Харин “Herbalife” бүтээгдэхүүн худалдаж авсан 256.620 төгрөг, “Мир” номын дэлгүүрийн худалдан авалт 76.836 төгрөг, “E mart” худалдааны төвөөс хоол хүнс авсан 155.520 төгрөг, “Хадалабо” гоо сайханы бүтээгдэхүүн 65.000 төгрөг, гар утасны нэгж 30.000 төгрөг, шатахууны зардалд нийт 626.900 төгрөг, “Хаан” банкны автомат машинаас авсан 700.000 төгрөг, “Гэгээнтэн” цогцолбороор үйлчлүүлсэн 14.000 төгрөг, бүрэн уншигдахгүй байгаа 13.000 төгрөгийн баримт зэрэг нь гэм хорын хохиролтой холбоотой зайлшгүй гарсан зардалд хамаарахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

         Мөн хохирогч Г.Н- оёдол хийж сард 500.000 төгрөгийн орлого олдог байсан тул гурван сарын хугацаанд олох 1.500.000 төгрөг, охин Саранцэцэг сард 500.000 төгрөгийн орлого олдог байсан тул гурван сарын хугацаанд олох байсан 1.500.000 төгрөг, охин Болорцэцэг өдөрт 80.000 төгрөгийн орлого олдог байсан тул 24 хоногоор тооцоход 1.920.000 төгрөг, нийт 4.920.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн байх боловч тогтмол орлого олдог байсныг тодорхойлох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул уг зардлыг гаргах боломжгүй байна.

          Хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон 4.643.717 төгрөгийн зардлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч Э.Н-гаас 8.600.000 төгрөг хохирогчид төлсөн байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө- “ээжийгээ гадаадад эмчлүүлж, биеийн эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулмаар байна” гэж мэдүүлсэн ба цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Н-г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч Э.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.Н- нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өндөр настай хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн Э.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.