Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөө овогт П-гийн Б-д холбогдох эрүүгийн 1810028950046 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ............. тоот хашаанд байх Г.Г-ийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч “Асeр” маркийн зөөврийн компьютер, ёлкон дээр нь байсан 10.000 төгрөгийн 2 ширхэг дэвсгэртийг хулгайлж 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын эхээр би Яармагийн эцэс рүү ажил руугаа явах замд манай гудамжинд өглөө болгон хэдэн архичид сууж байдаг байсан. Намайг ажилдаа явж байхад гудамжинд зогсож байсан архичид тамхи, асаагуур асуугаад байгүй гэхээр хараагаад араас чулуу шидсэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө миний араас чулуу шидсэн архичныг шоглох санаатай хаалгыг нь цохисон. Гэрээс нь хүн гарч ирвэл зугтана гэж бодсон. Гэтэл гэрт нь хүн байхгүй юм шиг байхаар нь гэр рүү орсон. Би гэрт нь ороод ямар нэгэн эд зүйлийг нь авчихвал надаас илүү хохирно гэж бодсон. Тэгээд над руу чулуу шидсэн болохоор нь хашраах гэж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Би хохирогчийн гэрт ороод модон дээр байсан 2 ширхэг 10.000-н төгрөгийн дэвсгэртийг авчихаад нөүтбүүкийг нь хараад нөүтбүүкийг нь авчихвал энэ хүмүүс хохирно гэж бодсон. Гэхдээ надад хүний эд зүйл хулгайлах өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй гэв.

 

Хавтас хэргээс:

Хохирогч Г.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын-19-ний өдөр нөхөр хүү бид гурав гэрээсээ 09 цагт гарч гадуур ажилтай явж байгаад 14 цагт гэртээ ирэхэд гэрийн цоож зүүлттэй мөртлөө түгжээгүй байсан. Нөхөр бид хоёр гэртээ ирээд нөүтбүүк хэрэг болоод хайхад олдохгүй, мөн гацуур дээр байсан хоёр ширхэг арван мянгатын дэвсгэрт алга болсон байсан учраас хулгайч орсныг мэдэж цагдаад хандсан. Би алдсан эд зүйлсээ олж авсан. Мөн ёлкон дээр байсан 20.000 төгрөг, нэг өдрийн ажил алдагдуулсны хөлс 60.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/,

Гэрч Г.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагаас  гэрээсээ гараад 01 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хаалга цоожтой  байхаар  нь  кодоо  хийгээд  гэртээ  ороход  гэрийн  зүүн  талын компьютерын ширээн дээр байсан “Асер” маркийн зөөврийн компьютер алдагдсан, хүүхдийн ёлкон дээр байсан 10.000 төгрөгний 2 ширхэг дэвсгэрт алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

 

Гэрч Ш.П- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай хүү Б- надад хэлэхдээ ажилдаа явахаар гэрээсээ гараад автобусны буудал руу явах замд дулаан граж байдаг. Гражийн үүдэнд өглөө болгон хэсэг хүмүүс цуглаад архи уудаг. Тэр хүмүүсийн нэг нь хүүг маань дээрэлхэж хэл амаар доромжилдог гэсэн. Б- тэр хүний гэрийг мэддэг тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүнийг чадах гээд байшинд нь ороход байхгүй байсан. Гэрт нь байгаа эсэхийг шалгахад цоожийг нь түгжээгүй зүүсэн байсан гэсэн. Тэгээд ороход “Асер” маркийн нөүтбүүк байхаар нь аваад Теди худалдааны төвийн ломбарданд   зарсан гэсэн. Теди худалдааны төвийн ломбарднаас нөүтбүүкийг нь авч хохирогчид өгсөн. Ломбардны 65.000 төгрөгийг  төлсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 26-27-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/020 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд   ирүүлсэн   гарын   хээний   дардас   нь   санд   бүртгэгдсэн
хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй
хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 36-39-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: зөөврийн компьютер 270.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 31-32-р хуудас/,

Шүүгдэгч П.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 09 цагт ажил руугаа явах замдаа Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 15 дугаар гудамжны баруун талын хашаатай айлын төмөр хаалгыг онгойлгож ороход хашаан дотор хоёр байшин, нэг монгол гэр байсан. Монгол гэрийн цоожийг үзэхэд түгжээгүй зүүлттэй байхаар нь онгойлгоод ороход ёлко зассан дээр нь 10.000 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрт байхаар нь авсан. Мөн тумбочкин дээр байсан хар өнгийн “Асер” маркийн зөөврийн котпьютерыг авч гарсан. Тэгээд “Теди” худалдааны төвийн 3 давхрын 15 тоот лангууны хүнд 60.000 төгрөгөөр, цэнэглэгчийг нь 5.000 төгрөгөөр зарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, “Ханхүү Трейд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо .......... тоот хашаанд хохирогч Г.Г-ийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч “Аser” маркийн зөөврийн компьютер, гацуур модон дээр нь байсан 20.000 төгрөгийг хулгайлж, хохирогчид 290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Г-ийн …14 цагт гэртээ ирэхэд гэрийн цоож зүүлттэй мөртлөө түгжээгүй байсан. Гэрээсээ нөүтбүүк, гацуур мод дээр байсан 2 ширхэг 10.000-тын дэвсгэрт алга болсон байсан. Би алдсан эд зүйлсээ олж авсан. Мөн ёлкон дээр байсан 20.000 төгрөг, нэг өдрийн ажил алдагдуулсны хөлс 60.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/,

Гэрч Г.Э-ын …Гэртээ ирэхэд хаалганы гадна ил харагдах цоож  цоожтой  байхаар  нь  кодоо  хийгээд  гэртээ  ороход  гэрийн  зүүн  талын компьютерын ширээн дээр байсан “Асер” маркийн зөөврийн компьютер, ёлкон дээр байсан 10.000 төгрөгний 2 ширхэг дэвсгэрт алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: зөөврийн компьютер 270.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 31-32-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатараас “бага бус хэмжээний хохирол учруулсан байх тул цагаатгаж, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч П.Б- нь хохирогч Г.Г-ийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 15 дугаар гудамжны 265б тоот хашаанд байх монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан талаар хохирогч Г.Г- /хх-ийн 13-18-р хуудас/, гэрч Г.Э- /хх-ийн 19-р хуудас/, Ш.П- /хх-ийн 21-23-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-т 290.000 төгрөгийн буюу бага хэмжээний  хохирол учирсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.

          “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.

 

Шүүгдэгч П.Б- нь хохирогч Г.Г-ийн гэрт хууль бусаар нэвтэрч нөүтбүүк /хх-ийн 31-32-р хуудас/, гацуур мод дээр байсан 20.000 төгрөгийг хулгайлан авч, нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас :

                Хохирогч Г.Г-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 270.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан ба хохирогч Г.Г- нь шүүгдэгч П.Б-гээс “Би алдсан эд зүйлсээ олж авсан. Мөн гацуур модон дээр байсан 20.000 төгрөг, нэг өдрийн ажил алдагдуулсны хөлс 60.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 13-18-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б-г “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хуульд зааснаас доогуур хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Ханхүү Трейд” ХХК-ийн энэтхэг хоолны ресторанд бэлтгэгчээр ажилладаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч П.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.