Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00044

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00044

 

2023 12 27 210/МА2024/00044

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03940 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г-д холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот- орон сууцыг хариуцагч Н.Г-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг сууцанд 2019 оны 09 сараас 2023 оны 11 сар хүртэл амьдарсан хугацааны төлбөр 44,392,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, тус орон сууцны өмчлөгчөөр Н.Г-г тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Г-гийн нэр дээр шилжүүлэхийг Т.Г-т даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Т.Г- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 09 сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөгч болсон. Улмаар орон сууцаа бусдад худалдан борлуулж, эрхлэх үйл ажиллагаандаа зарцуулахаар зар байршуулсны дагуу Н.Г- нь орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 7-10 хоногийн дотор төлөхөөр тохиролцож 2019 оны 09 сард нэхэмжлэгч нь Н.Г-д орон сууцыг шилжүүлж, Н.Г- нүүж орсон. Үүнээс хойш Н.Г- нь өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байна.

1.2. Гэвч Н.Г- нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 00-00- УНВ улсын дугаартай Х- маркийн автомашиныг төлбөртөө өгөөд үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн ч мөн адил төлөхгүй өдийг хүрлээ. Иймд уг орон сууцнаас Н.Г-г албадан гаргуулж, түрээсийн төлбөрт 44,392,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Т.Г-ээс уг байрыг худалдаж авсан учир өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2019 оны 10 сард Т.Г- нь Н.Г-д байраа худалдахаар тохиролцсон. 2 жилийн дараа энэ тохиролцоогоо баталгаажуулж 11-11- УБӨ дугаартай автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг байрны гэрчилгээ шилжүүлж өгөх үед өгье гээд 2021 оны 11 сарын 23-ны өдөр бичгээр итгэлцэл байгуулсан.

2.2. Бүх дансны хуулгаа шүүж үзэхэд байртай холбоотой төлбөрт 25,271,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Автомашиныг 50,000,000 төгрөгт, мөн 25,271,000 төгрөг, нийт 75,271,000 төгрөгийг төлж, одоо 8,000,000 гаруй төгрөг дутуу байгаа. Учир нь одоог хүртэл ордер шилжүүлж өгөөгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, Б байр, 00 тоот-, 70.8 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Н.Г-г тогтоож, Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Г-гийн нэр шилжүүлэхийг Т.Г-т даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрчилгээгээ шилжүүлж өгсний дараа 10,000,000 төгрөг төлнө гэсэн хэлцэл огт байгуулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот-, 70.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Г-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг орон сууцанд 2019 оны 09 сараас 2023 оны 11 сар хүртэл амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт 44,392,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Г-гийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот- 70.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Г-гийн нэр дээр шилжүүлэхийг Т.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,247,950 төгрөг, хариуцагч Н.Г-гийн төлсөн 577,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид 868,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, баримтад бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

6.1. Шийдвэрт "худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 2021 оны 11 сарын 23-ны өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэж шүүх дүгнэв. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Н.Г- "Итгэлцэл гэх баримтад зааснаар 2021 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн барагдуулаагүй" гэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал: "Худалдах, худалдан авах гэрээ"-ний төлбөрийг 2021 оны 11 сарын 23-ны өдөр бүрэн төлөхөөр талууд тохиролцсон гэж шүүгч хэрэгт авагдаагүй баримтыг байгаа мэтээр дүгнэсэн, мөн 2021 оны 11 сарны 23-ны өдрийн байдлаар Т.Г-ийн орон сууц барьцаалж авсан зээлийн үлдэгдэл 33,543,666 төгрөг байсан, үүнээс 24,000,000 төгрөгийг төл гэсэн ба үүнийг "Итгэлцэл"-д 2 тал тусгасан атал шүүх 2021 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн төлбөр 33,543,666 төгрөгийг төлөх мэтээр дүгнэсэн нь хэргийн байдалтай нийцэхгүй байна.

6.2. Шийдвэрт "Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа амаар шаардаж байсан талаар тайлбарладаг нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй тул шинэ өмчлөгчийг улсын бүртгэлд бүрдүүлж шилжүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчаас шаардаж байсан баримтгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасантай нийцэхгүй, харин хариуцагч нь зээлийн үлдэгдлийг тодруулж, түүний төлөх хэмжээнд үлдсэн бол төлөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авахаар санал гаргахад нэхэмжлэгч хаанаас зээл авснаа нууж байсныг хариуцагч банкнаас сураглаж тодруулахад банкнаас хувь хүний мэдээллийг өгөхөөс татгалзсан. Нэхэмжлэгч худалдсан орон сууцаа дур мэдэн барьцаалж, зээлээ төлөөгүй байгаа тул гэрчилгээ шилжих боломжгүй байсан. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, шүүх хэргийн бодит байдлыг зөв дүгнээгүй байна.

6.3. Шийдвэрт "Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн нь хуульд нийцэхгүй.

Тодруулбал: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрх Т.Г-т үүсэхгүй. Учир нь нэхэмжлэгч бусдад худалдсан орон сууцаа худалдан авагчид мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавьснаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэх асуудал удааширж, нэхэмжлэгч хэлцлээ зөрчсөн тул өнөөгийн нөхцөл байдал үүсгэсэн нь хууль, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөх эрх шилжээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 50,000,000 төгрөгт автомашин, 24,271,000 төгрөгийг дансаар, мөн 6,000,000 тегрег бэлнээр өгсөн буюу нийт 84,000,000 төгрөг төлөхөөс 80,271,000 төгрөг төлсен атал нэхэмжлэгч худалдсан орон сууцыг банкны барьцаанд тавьж, зээлээ төлөөгүй, сүүлдээ байрны үнэ өссөнтэй холбоотой орон сууцыг худалдахгүй гэж маргасан нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон ч хэлцэл хэрэгжээгүй шалтгааныг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна.

6.4. Хариуцагч нь эхнэр М.А, охин Г.Э нарыг гэрчээр асуулгах, нийт 10 гаруй удаагийн гүйлгээгээр Т.Г-, түүний нөхөр Б.А-ийн дансанд мөнгө шилжүүлсэн, мөн "Итгэлцэл"-д охин Г.Э-н нэр бичигдсэн тул ямар зорилгоор мөнгийг Т.Г-, Б.А нарт шилжүүлж байсан, хэлцэлд яагаад нэр дурьдагдсаныг тодруулахаар хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй.

 

Дутуу баримттай мэтгэлцэх, бусад тогтоовол зохих буюу хэлцэл хэрэгжээгүй шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй нь эрх зүйн харилцаанаас үүдэн гарах шийдвэр буруу байх нөхцлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй. Давж заалдах гомдол гаргахаас өмнө 6,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар огт яригдаагүй, төлсөн зүйл байхгүй. Гэрч асуулгах хүсэлт гаргахдаа бэлэн мөнгө өгсөн, түүнийг нотлуулах талаараа дурдаагүй, харин дансаар мөнгө шилжүүлсэнтэй холбоотой гэрч асуулгах хүсэлт гаргасныг данстай холбоотой баримтыг гаргаж өгсөн гэж шүүх дүгнэсэн. Зээлийн хувьд хариуцагчийн хүсэлтээр Т.Г- нь бизнесийн зээл авч, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 109,000,000 төгрөгөөр худалдаж авсан, шаардлага гарсан учраас яаралтай худалдахаар болж 106,000,000 төгрөгөөр худалдахаар зар байршуулсан. Хариуцагч нь хамаатны хүнээрээ дамжуулан байр худалдах гэж байгаа талаар мэдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Н.Г-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот- орон сууцнаас Н.Г-г албадан чөлөөлүүлж, уг сууцанд 2019 оны 09 сараас 2023 оны 11 сар хүртэл амьдарсан хугацааны төлбөрт 44,392,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./1хх.1-2, 136, 2хх 187-188/

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар:

 

3.а. Талууд маргаж буй сууцыг 84,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар 2019 оны 09 сард амаар хэлэлцэн тохиролцож, Н.Г- гэрээний урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Г-т шилжүүлснээр хариуцагч орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлэн авч 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд амьдарсан талаар маргаагүй.

Хариуцагч нь 2020 оны 11 сарын 07-ны өдөр орон сууцны үнэд 11-11- УБӨ улсын дугаартай Н- маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн нөхөр Б.А-ийн өмчлөлд шилжүүлсэн нь тээврийн хэрэгслийн бүртгэлээр тогтоогдсон. /1хх160-161/

 

Мөн 2019 оны 09 сарын 11-ны өдрөөс 2022 оны 10 сарын 02-ны өдрийн хугацаанд /дээрх 2,000,000 төгрөгийг оролцуулан/ 24,271,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.б. Талуудын хооронд 2021 оны 11 сарын 23-ны өдөр үйлдсэн Итгэлцэл гэх баримтаар, орон сууцыг 84,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, 74,000,000 төгрөг төлөгдсөнийг тус тус баталгаажуулж, үлдэгдэл төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүү, алдангид 6,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг Н.Г- нь Т.Г-т төлснөөр орон сууцны өмчлөх эрх үүсэхээр тохиролцсон байна. /1хх.27/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4. Зохигч гэрээнээс татгалзах үндэслэлтэй эсэх, хариуцагч орон сууцны өмчлөгч болох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

4.а. Зохигч 2019 онд орон сууц худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохиролцохдоо үнэ төлөх хугацааг тохиролцоогүй, харин 2021 оны 11 сарын 23-ны өдрийн хэлцлээр орон сууцны үнийг 90,000,000 төгрөг байхаар шинээр тохиролцож, хариуцагч 16,000,000 төгрөгийг нэмж төлснөөр нэхэмжлэгч өмчлөх эрхийг шилжүүлэхээр заасан./1хх.27/

4.б. Хариуцагч Н.Г- орон сууцны нийт үнэд 74,271,000 төгрөгийг төлж 15,729,000 төгрөгийг төлөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд орон сууцны үнийг 7-10 хоногийн дотор төлөхөөр тохиролцож, хариуцагчид орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

4.в. Худалдсан орон сууцны үнийг хариуцагч бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн бол худалдагч гэрээнээс татгалзах эрхгүй байхаар хуульчилсан. Хариуцагч орон сууцны үнэд 74,271,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь орон сууны үнэ 90,000,000 төгрөгийн 82,5 хувьтэй тэнцэж байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалах эрхгүй байна.

4.г. Нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Т.Г- гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргаанд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн дагуу шаардах эрх буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй.

Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Г-г Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот- орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Харин анхан шатны шүүх хариуцагч Н.Г-гээс маргаан бүхий орон сууцанд 2019 оны 09 сараас 2023 оны 11 сар хүртэл амьдарсан хугацааны төлбөрт 44,392,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Н.Г-гээс нэхэмжлэгч Т.Г-т холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Г-гийн нэр дээр шилжүүлэхийг Т.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагч уг сууцанд амьдарсан тул амьдарсан хугацааны төлбөр гэх 44,392,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй. Энэ талаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдол болон сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.а. Талуудын хооронд 2021 онд үйлдсэн Итгэлцэл гэсэн баримтаар хариуцагч нь 16,000,000 төгрөгийг төлснөөр маргаж буй орон сууцны өмчлөх эрх түүнд шилжихээр тохиролцсон, уг үүргийн дийлэнх хэсгийг хариуцагч биелүүлсэн нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрх үгүйсгэгдсэнийг өмнө дүгнэсэн.

6.б. Хариуцагч Н.Г- нь дээрх үнээс 80,271,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаархи үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлоогүй, орон сууцны үнэд 15,729,000 төгрөг төлөөгүйг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Иймд орон сууцны үнэд 80,271,000 төгрөг төлсөн үндэслэлээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулгаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухай гомдлыг хангахгүй.

 

7.а. Шүүгчийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагч талын шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар хүсэлтэд дурдсан баримтууд хэрэгт авагдсан, гэрч асуулгах хүсэлтийн үндэслэл тодорхой бус гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн журмаар дахин бүрдүүлэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа шаардлага тавигдах тул хариуцагч энэ тухай үндэслэлээ тодорхойлоогүй, ач холбогдолгүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлын хангах үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ийн хариуцагч Н.Г-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, толгойт 18105 гудамж, А байрны- 00 тоот-од орших 70.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 44,392,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.Г-гийн нэхэмжлэгч Т.Г-т холбогдуулан гаргасан дээрх 00 тоот- 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Г-гийн нэр дээр шилжүүлэхийг Т.Г-т даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ