Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00051

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00051

 

 

2024 01 03 210/МА2024/00051

 

О.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Хан-Уул дүүргийн 4 хороо, Б-аманд орших 0.12 га талбайтай газар ашиглах эрхийн гэрчилгээг Г.О-ы нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Н а-д байх 1200 м.кв газартаа өөрийн хөрөнгөөр нэг айлын хаусны бетонон барилга барьж, 80 метрийн гүний худаг ухсан, бохирын хоолой татуулсан газраа Г.О-д өгч, Г.О- нь уг газар дээр 6 таун хаус барьж 1 айлын таун хаус дээр нэмж 50 сая төгрөгийг надад өгөхөөр тохиролцсн. Тохиролцооны дагуу надад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н а-д 00 байрны- А- 242.87 м.кв 6 өрөө орон сууцыг 2 автомашины зогсоолын хамт өгсний дагуу дотоод заслыг өөрийн зардлаар хийгээд нүүж орсон. Г.О- нь байрны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө, хүлээж байгаарай гэж худлаа ярьсаар 2020 оны сүүлчээр цагдаагийн байгууллагад хандсанаар Г.О-аас байрны гэрчилгээг авч өгсөн.

Гэтэл бидний амьдарч байгаа дээрх орон сууц буюу улсын бүртгэлийн Ү-22080483138, гэрчилгээний 000531756 дугаартай, 242.87 м.кв орон сууцны гэрчилгээг Г.О- нь өөрийн нэр дээр гарган авч банкнаас их хэмжээний зээл авч, түүндээ барьцаалсан байна. Иймд ХУД-ийн 4 дүгээр хороо, Н а-д 00 байрны- А-од орших 242.87 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Уг газар нь О.С-гийн бус Б.Б- гэх хүний зуслангийн зориулалттай газар байсан. Уг нэг айлын зуслангийн зориулалттай газрын зориулалтыг өөрчилж байшин бариад 100 сая төгрөгийн үнэтэй талбай өгөхөөр тохиролцсон. Дурдсан 242.87 м.кв орон сууцыг өгнө гэж тохироогүй бөгөөд зуслангийн байшин барих зориулалттай газарт таун хаус бариад тэр хаусаа Б.Б-д өгнө гэж тохиролцсон гэж бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргажээ. Аялал жуулчлалын зориулалттай газрыг өргөжүүлэн ашиглах газар олдож байсан, Дархан цаазат газар учраас өмчлөх гэрчилгээ олдохгүй, байшин бариад гэрчилгээ гаргаад өмчлөөд явж байгаа ба зориулалтыг аялал жуулчлал болгосон зардлыг Г.О- хариуцан гаргаж, уг газарт барилга барьсан зүйл байхгүй. Энэ байшинг барихад маш их зардал гарч байсан. О.С-гийн ярьж буй суурь нь огт ашиглагдаагүй, энэ барилгыг барьж дуусгахын тулд хариуцагч зээл авсан нь үнэн. Тус тусад нь гэрчилгээ гаргуулаад түүнийгээ барьцаанд буцааж тавиад зээлийн төлбөрөө төлөөд явж байсан гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн 4 хороо, Б-аман дахь 0.12 га талбайтай газар ашиглах эрхтэй газрыг нэхэмжлэгч, түүний нөхөр Б.Б- нар 2014 онд хариуцагчтай тохиролцож, уг газарт Г.О- барилга барих, нэхэмжлэгч газраа шилжүүлэхээр болсон. Тохиролцсоны дагуу хариуцагч барилга барьсан ба нэхэмжлэгч газраа шилжүүлээгүй тул уг газрын гэрчилгээг Г.О-ы нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээг одоогоос 8 жилийн өмнө Г.О- авч явсан учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн Ё-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд тайлбар гаргаагүй байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Н-17090 Н а-дзам гудамж 00/0 байр А-тоот, 242.87 м.кв 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.С-г тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Г.О-д даалгаж, хариуцагчаас Г.О-аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.С-д олгож, Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар О.С-д холбогдох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр орших Н а-даманд байрлалтай 0000/00- тоот гэрчилгээ бүхий аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон 0.1200 га газрыг Г.О-ы нэр дээр шилжүүлэх тухай хариуцагч Г.О-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,065,900 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Г.О-аас 1,065,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.С-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Талууд өөр өөр агуулгатай 3 гэрээ байгуулсны алийг нь шүүх үндэслэн шийдвэр гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон, нэхэмжлэгчийн шаардах эрхийг шилжүүлсэн үндэслэлийг анхаарсангүй. Нэг талаас газар ашиглагч нь газраа ашиглуулах, нөгөө талаас уг газар дээр барилга барихаар хоёр тал үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулсан ч шүүх нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэснээр нэхэмжлэгчийн үүргийг бүрхэгдүүлж, хариуцагчийн өмчлөх эрхийг хохироосныг анхаарсангүй.

7.2. Г.О- нь барилгын үйл ажиллагаанд шаардагдах зөвшөөрлийг авахаар Р.Б-д хандахад гэрээнээс өөр нөхцөл тулгаж, газар үнэтэй болсныг ашиглан том талбайтай байрыг авна гэсээр 2016 онд 242.87 м.кв орон сууцыг авсан бөгөөд уг байр нь гэрээнд заасан талбайгаас том хэмжээтэй, үнэ өндөр тул 50 сая төгрөг нэмж өгөх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг цагдаагийн байгууллагад гомдол гарах замаар айлган сүрдүүлж орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, улмаар худалдах худалдан авах гэрээг хийлгэсэн.

7.3. Гурван өөр гэрээний аль гэрээг шүүх хүчинтэй гэж үзсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэсэн нь ойлгомжгүй ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацааг 2014-12-07-ны өдрөөс тоолбол уг хугацаа дууссан. Мөн 2020 оны гэрээгээр шаардах эрхийг Р.Б-гаас О.С-д олгоогүй. Газрын гэрчилгээг эзэмшигч нь Р.Б байтал О.С- нь Г.О-тай ямар ч гэрээ хийх эрхгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх мөн анхаараагүй. Түүнчлэн дээрх 3 гэрээний аль гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь ч ойлгомжгүй байна.

7.4. Р.Б- нь гэрээгээр тохиролцсоны дагуу Г.О-д газар эзэмших эрхээ шилжүүлээгүй. Шүүхийн шийдвэрт зааснаар Г.О- нь газар эзэмших эрхээ шилжүүлэн авах эрхээ алдвал уг барилгад байр худалдаж авсан бусад этгээдийн эрх зөрчигдөхийг анхан шатны шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлд зааснаар газрыг дундын эзэмшилд шилжүүлэх эрх нь барилгын өмчлөгчид шилжих учиртайг шүүгч шийдвэрлэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолдоо хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд гүтгэлэгт автаж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж хариуцагч талаас тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс 10 гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүхээс мэтгэлцэх боломжийг хангалттай олгосон. Хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй атлаа автозогсоол, урсгал зардлын асуудлыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 3 гэрээний асуудлын талаар тодорхой дурдсан. 2012 онд талууд гэрээ байгуулж, 2014 онд шинэчилж гэрээ байгуулсан. 2014 оны гэрээний дагуу нэхэмжлэлээ тайлбарлаж, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх 2014 оны гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн, 3 гэрээний аль нь тодорхойгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. 2014 онд талууд гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд барилгыг барьж дуусмагц гэж тодорхой тусгасан. 2016 онд улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж авсан. Үүнээс хойш үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлтэй. Мөн тус үндэслэлээ тодотгож, 2020 оны гэрээг үндэслэх хэсэгтээ дурдсан. 2020 оны гэрээний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлж байгааг тодотгож, хэрэгт хавсаргаж өгсөн. Үүнийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.С-, хариуцагч Г.О-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 00 байрны- А тоот- хаягтай 242.87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 4 хороо, Б-аманд орших 1,200 м.кв талбайтай газар ашиглах эрхийн гэрчилгээг Г.О-ы нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтай талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч О.С- нь Хан-Уул дүүргийн 4 хороо, Н а-даманд байх 1,200 м.кв талбайтай, ашиглах эрхтэй газар дээрээ барилга барих зөвшөөрлийг хариуцагч Г.О-д олгосон нь хэрэгт авагдсан 2012 оны 05 сарын 09, 2014 оны 12 сарын 07-ны өдрийн гэрээгээр тогтоогджээ. Хариуцагч уул газар дээр 17 автомашины дулаан зогсоолтой, аялал жуулчлал, амралтын төвийн зориулалттай 17 сууцны барилга барьж 2016 онд ашиглалтад оруулсан талаар хэргийн оролцогч маргаагүй байна.

 

5. Дээрх барилгаас буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н-/17090/ Н а-дзам гудамж 00 байрны- А-тоот, 242.87 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг талуудын хооронд 2014 онд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагчаас шилжүүлэн авсан талаар тайлбарлаж, талуудын хооронд 2020 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Тус тайлбарыг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан 242.87 м.кв талбайтай орон сууц нь 2014 онд тохиролцсон 234 м.кв талбайгаас илүү, нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, дарамтлан уг орон сууцыг өөртөө шилжүүлж авсан гэх тайлбарыг гаргажээ.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар дээр хариуцагч барилга барьж, уг барилгаас 234 м.кв талбай, 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр талууд анх тохиролцсон. Хэлцлийн үр дүнд хариуцагч нь дээр дурдсан 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулснаас нэхэмжлэгч 242.87 м.кв талбайтай 1 ширхэг орон сууцыг 2020 онд эзэмшилдээ авсан, бусад үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч өмчилсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүсчээ.

Анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулна.

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй байх тул талуудын хооронд 2020 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ, мөн өдөр үйлдсэн Тайлбар бичиг гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч О.С- нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О-аас шаардах эрхтэй байна.

 

8. Талууд 2014 онд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон 234 м.кв талбайг 2020 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н-/17090/ Н а-дзам гудамж 00 байрны- А тоот-, 242.87 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 6 өрөө орон сууц гэж тодорхойлсон гэж үзнэ. Иймд хариуцагч нь гэрээний зүйл болох уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ үндэслэлээр хариуцагчаас гэрээнд зааснаар нэхэмжлэгч 234 м.кв талбай авахаар байхад 242.87 м.кв талбайтай, тохиролцсоноос үнэтэй орон сууцыг авсан, 2020 оны гэрээ нь хууль бус гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

9. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар хуульчилсан. Талууд 2014 онд байгуулсан гэрээний үүргийг 2020 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр өөрчилсөн байх тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шинээр тоологдоно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээр эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүх хэрхэн үнэлж байгааг заах хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд 2014 онд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 234 м.кв талбай, 50,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхийн оронд 2020 оны 12 сарын 16-ны өдрийн гэрээгээр 242.87 м.кв орон сууцыг хүлээн авснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар өмнөх үүргийн оронд өөр үүргийг хүлээн авсанд тооцогдоно. Иймд нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

11. Нэхэмжлэгч нь 242.87 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 12 сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Маргааны зүйл болсон 242.87 м.кв талбайтай орон сууцны захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 4/859 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн албан бичгээр тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагын явуулсан тодорхой ажиллагааг өөрчлөх, дуусгавар болгох бүрэн эрх хариуцагчид хуулиар үүсэхгүй. Шүүх тухайн ажиллагааг явуулсан этгээдэд холбогдуулан гаргаагүй асуудлаар үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийхгүй. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч нэхэмжлэлийн агуулгыг ашиглах зориулалтаар олгогдсон газрыг бусдын өмчлөлд шилжүүлэх зохицуулалтгүй гэж буруу тайлбарлан Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасан үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрчилнө.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүргийн 4 хороо, Н а-даманд байх 1,200 м.кв газрыг зуслангийн зориулалтаар иргэн Р.Б-д 5 жилийн хугацаагаар гэрээгээр ашиглуулахаар 2011 онд 2011/35 тоот гэрчилгээ олгожээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлах тул нэхэмжлэгч нь газрыг бодитоор ашиглуулах үүргээ биелүүлсэн, харин уг газрын ашиглах эрхийг Г.О-ы нэр дээр шилжүүлэхээр тохиролцоогүй байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н-/17090/ Н а-дзам гудамж 28/8 байр А тоот-, 242.87 м.кв 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай О.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Н-/17090/ Н а-дзам гудамж 00 байрны- А тоот-, 242.87 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.С-г тогтоож, нэхэмжлэлээс эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэхийг хариуцагч Г.О-д даалгах, 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Г.О-ы Хан-Уул дүүргийн Б-аман дахь 1,200 м.кв талбайтай газар ашиглах эрхийн гэрчилгээг Г.О-ы нэр дээр шилжүүлэхийг О.С-д даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж, мөн заалтын ...1,065,900 төгрөг... гэснийг 657,950 төгрөг гэж өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,136,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ