Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

хохирогч Д.Г-,

шүүгдэгч Т.Ш-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Э.Г-г, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-ы Ш-,

мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинус боржигон овогт Э-рын Г-г нарт холбогдох эрүүгийн 201726030064 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,

 

2. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд шүүгдэгч Г-гтой нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус буудалд амарч байсан иргэн Д.Г-т хүч хэрэглэн түүний нүүрэн тус газарт пиво уух зориулалт бүхий шилэн аяга шидэж биед нь хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Э.Г-г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд шүүгдэгч Т.Ш-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус буудалд амарч байсан иргэн Д.Г-т хүч хэрэглэн түүнийг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт иргэн Ш.А-ийн эзэмшлийн HUIWAI P9 Lite маркийн гар утсыг хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Г-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Ш-, Г-г нар нь намайг бүлэглэн зодож хөнгөн гэмтэл учруулсан. Миний эмчилгээний зардалд Ш-аас 749.000 төгрөг, Г-гоос 100.000 төгрөг нийтдээ 849.000 төгрөг төлсөн. Би “Төгс ялгуу” эмнэлгийн эмчилгээ хийлгэх зардлыг Ш-аас нэхэмжилнэ гэв. 

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Д.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төгсжаргал гэдэг найзтайгаа “...” зочид буудалд хамт архи уусан. Тухайн үед Төгсжаргал нэг эмэгтэй найзтайгаа хамт ирсэн. Бид 3 нийлж 0,5 литрийн савлагаатай “Хараа” архи 1 шил  2,5 литрийн савалгаатай пиво авч хувааж уусан. Манай найз Төгсжаргал найзынхаа хамтаар 00.00 цагийн үед гэртээ харьлаа гээд явсан. Харин би буудалдаа унтаад үлдсэн. Би унтахдаа буудлын өрөөний хаалгыг дотор талаас нь түгжээд унтсан ба 05 цагийн үед буудлын өрөөний хаалгыг 178 см орчим өндөртэй 30-35 насны дээгүүрээ тэмээний ноосон майк өмссөн согтуу хүн хүчтэй түлхээд ороод ирсэн. Би тэр залуугаас “Чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэрээр “Утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн. Тэр залуу өрөөнөөс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа бие засах гээд нойлын өрөө ортол тэр залуу ганцаараа нойлын өрөөнд зогсож байсан. Би "Чи одоо хаашаа юм бэ, өрөөний хаалга эвдчих юм аа, над дээр төлбөр тооцоо гарна шдээ” гэхэд тэр залуу миний араас ирээд өшиглөж, гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохиход нь би тэр залууг цааш нь түлхсэн. Буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд тэр залууг аваад явсан. Би бие засчихаад коридорт гараад ирэхэд над руу дайрсан залуу нэг эрэгтэй, эмэгтэйгийн хамт намайг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байсан. Би өөрийнхөө өрөө рүү орох гэхэд 2 залуу өрөө рүү оруулахгүй миний нүүр болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэр үед үйлчлэгч эмэгтэй салгах гэсэн боловч өндөр нуруутай залуу миний өрөөний үүдэнд зогсчихоод хэрүүл хийгээд явахгүй байсан. Харин намхан нуруутай залуу тэнд байсан хүмүүст “холдож бай” гэж хэлээд миний нүүрэн хэсэгт шилэн аяга мэт зүйлээр шидэж оносон ба хамар, амнаас нь цус гарсан. Тэр үед би “гараараа цохихгүй яасан юм бэ” гэж хэлээд нүүрээ дараад сууж байсан. Миний нүүр амнаас гарсан цус тогтохгүй байсан. Хэнийг нь мэдэхгүй нэг залуу ирчихээд “би танд архи авч өгье” гэж хэлж байсан. Буудлын үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудсан талаар хэлтэл нөгөө хүмүүс буудлын хаалгыг цөм өшиглөөд гараад явчихсан. Цагдаа ирсний дараа түргэн тусламж дуудаад цус тогтоох тариа хийж Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би тэдгээр залуучуудыг танихгүй. Өндөр нуруутай өрөөний хаалга эвдэлж орж ирсэн залуу өөрийгөө “Намайг боксын Зоригоо гэдэг” гэж хэлж байсан. Харин намхан нуруутай залууг надад ямар нэгэн нэр хэлээгүй. Би тэдгээр залуучуудыг урьд өмнө нь харж байгаагүй. Өндөр нуруутай залуу миний араас өшиглөж, баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Харин намхан нуруутай залуу миний нүүрэн хэсэгт шилэн аяга шидсэнээс болж миний биед гэмтэл учирсан. Эмчилгээний төлбөрийг бүрэн төлүүлж авна, гомдолтой байна. ...Надад энэ хэргийн улмаас 349.000 төгрөгний зардал одоогийн байдлаар гарсан. Мөн миний нүүрэнд маш муухай сорви үлдэж байна. Сорвио арилгуулмаар байна. Би шүүхийн шатанд сорви арилгах эмчилгээний зардлын талаарх баримтаа гаргаж өгнө. Г-г гэх залуу буудлын бие засах өрөөнд миний араас 1 удаа өшиглөж, миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Баруун нүдний хөхрөлтийг Г-г надад учруулсан. Бусад гэмтлийг Ш- шилэн аяга шидэж учруулсан. …Буудлын нойлын өрөөнд Г-г намайг зодсон ба нойлын өрөөнд камер байхгүй. Харин буудлын коридорт бол хоёулаа намайг нийлж бүлэглэн зодсон. Ш- миний нүүр рүү шилэн аяга шидсэнээс болж уруул, хамар болон бусад нүүрний хэсгүүд зүсэгдсэн. Цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Г-г, Ш- хоёртой маргалдаж байхад буудлын коридорт хоёулаа над руу гараа далайлгаж, хөлөөрөө өшиглөж байхад үүссэн байх. Яг хэн нь учруулсныг мэдэхгүй байна. Миний нүүрний хэсэгт олон тооны сорви үлдсэн энэ сорвиудаа арилгуулмаар байна. Ойролцоогоор 3.000.000 төгрөгөөр нүүрэнд учирсан бүх сорвийг арилгана гэсэн. …Би учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-35-р хуудас, 2-р хавтас 17-18, 97-р хуудас/,

Хохирогч Ш.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт ажил дээрээ байж байхдаа өөрийн гар утсаар охин Мөнхжинтэй ярьсны дараа нь гар утсаа принтерийн хажуу талын ширээн дээр тавьсан. Намайг гар утсаараа ярьж байхад 3 хүн байсан ба тэр хүмүүсийн юмыг хийж өгч байсан чинь гаднаас хар пальто өмссөн, дотуураа эрээн цамцтай, жинсэн өмдтэй, зүүн хацар дээрээ хар мэнгэтэй, халимаг үстэй туранхайвтар 40 орчим насны залуу орж ирээд “гар утаснаасаа зураг угаалгана” гэж хэлээд гар утсаа өгтөл гар утас нь цэнэггүй байхаар нь “жаахан цэнэглэж байгаад хуулаад өгье” гэсэн чинь нөгөө залуу гараад явсан. Удалгүй орж ирэхээр нь гар утсыг нь үзтэл утас нь цэнэг ороогүй байсан. Би гар утас руугаа бүлүүтүүдээр зургийг нь хуулаад авъя гээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Манай нөхөр хүүхэд хоёр “утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гээд орж ирэхээр нь утас алга болсноо мэдээд “камер шүүж үзье, ямар хүмүүс байсан” гэхээр нь “энд байгаа хүмүүс байсан” гэхэд нөгөө хар пальто өмссөн залуу “миний утас яагаад болохгүй байна, би батерей авдаг юм уу” гээд гараад явсан. Тэр хооронд би дотор байсан хүмүүсийн юмыг хийж байсан. Нилээн удсаны дараа хар пальтотой залуу орж ирээд “болж байна уу” гэхээр нь “болохгүй байна” гэж хэлтэл утсаа аваад гарсан. Би цагдаад өргөдөл бичиж өгсөн. …Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний утсыг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйлгүй. …Би учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 203-р хуудас, 2-р хавтас 79, 96-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.М-г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Би Тэди төвд гар утас зардаг. 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Шаамарын Балай хочтой залуу Тэди төвийн гадна ирээд гар утас авч зараад байдаг юм. Намайг лангуу дээр зогсож байхад тэр залуу “Huawei P9 Lite” маркийн шар утсыг гаргаж ирээд үүнийг худалдаад авчих, хөдөө явах гэсэн юм, ямар нэгэн асуудалгүй гээд байхаар нь би 250.000 төгрөгөөр авч баталгааны хуудас бичээд 350,000 төгрөгөөр зарсан. Би хулгайн утас байсан гэдгийг огт мэдээгүй. Мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тэр гар утас зарсан өдрөөс хойш энэ хавиар харагдаагүй. Би гадаа зогсдог хүмүүсээс асуухаар “огт харагдахгүй байгаа” гэсэн. Нэрийг нь мэддэг хүн ч байхгүй. Тэди төвөөр олон хүн явж байдаг, олон  хүн ч гадаа утас худалдаж авч зарж байдаг болохоор нэрийг нь мэдэх хүн байхгүй байгаа. Би хулгайн гар утас гэдгийг огт мэдээгүй. “Ямар нэгэн асуудалгүй юу” гэхэд “асуудалгүй” гэж хэлсэн. Надаас гар утас 350.000 төгрөгөөр худалдаж авсан Э- гэдэг хүний хохирлыг би төлж барагдуулсан байгаа. Одоо би л 250.000 төгрөгөө Г-гоос нэхэмжилж байна. …Надад 250.000 төгрөгний хохирол учирсан хэдий ч би одоо дээрх мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 207-209, 2-р хавтас 95-р хуудас/,

 

Гэрч Б.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Таксины жолоочийг “ойрхон буудалд хүргээд өгөөч” гэж хэлтэл гэр хороолол дунд байрлах  буудалд авчирч өгсөн. Тэр буудалд ороод Г-г “удахгүй хүрээд ирье” гээд гараад явсан. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй манай хаалгыг нүдээд “Энэ хүн чинь өрөө болгоны хаалга нүдээд байна” гэж хэлсэн. Тэр үед Г-г утасны цэнэглэгч асуусан юм гэж хэлж байсан. Г-г буудлын коридорт нэг хүнтэй маргалдаад байхаар нь Ш- ах гарсан. Тэгснээ Ш- ах өрөөнөөс шилэн аяга авчираад Г-гтой маргалдаж байсан хүн рүү шидчихсэн. Би шилэн аяга тэр хүний хаана нь оносон талаар мэдэхгүй байна. Ш-, Г-г бид 3 буудлаас гарч явах гэхэд буудлын үйлчлэгч эмэгтэй хаалгаа түгжсэн, цагдаа дуудсан гэж хэлээд гаргаагүй. Г-гтой маргалдсан хүн хамарнаас гарсан цусаа дарсан байдалтай сандал дээр сууж байсан. …Эхлээд Г-г ах хохирогч гээд байгаа ахтай буудлын коридорт маргалдахад Ш- ах тэр хоёрыг болиулах гээд өрөөнөөс гартал хохирогч гэх махлаг биетэй ах Ш- ахыг “чи зүгээр бай пизда минь чамд хамаагүй” гэж хэлсэн. Ш- ах уурлаад “юу гээд байгаа юм бэ, чи яах гэж хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Би болохоор Г-г ахыг хориод урдуур нь ороод байсан. Ш- ах хохирогч гээд байгаа ахтай маргалдаад бие биенийгээ цохиж авах гээд гараа далайлгасан боловч бие биенийгээ онож цохихгүй байсан. Яагаад гэвэл буудлын эгч бид 2 хориглож байсан. Ш- ахыг нөгөө ах тийрээд газар унагаачихсан чинь Ш- ах босож ирэхэд нь би салгаж хориглоод бид 3 буцаад өрөөндөө ороход Г-г ах нөгөө ахтай дахиад маргалдсан. Тэр үед Ш- ах цагаан өнгийн шилэн стакан аваад өрөөнөөс гарсан. Би гарнаас нь шилэн стаканыг авах гэтэл надад өгөхгүй гарандаа атгачихаад байсан. Хохирогч гээд байгаа хүний өрөөний үүдэнд очоод тэр ах руу Ш- шилэн стаканаа шидчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-42-р хуудас/,

 

Гэрч Д.Б-х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...өглөө 07 цаг 30 минутын үед миний утас дуугараад авахад “Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, Г-ийн эхнэр мөн үү” гэхэд нь “яасан” гэж асуутал “Хүнд зодуулсан байдалтай манайд хүргэгдэж ирсэн, та хүрээд ир” гэхээр нь 08 цаг өнгөрч байхад хүүгийн хамтаар Гэмтлийн эмнэлэг дээр очтол манай нөхөр үүдний хүлээн авах дээр сууж байсан. Сувилагч нь “нүүрний цусыг нь арчиж байгаарай, одоо оёдол тавина” гэж хэлээд уруул хамар, баруун нүдний дээд талын зовхинд оёдол тавьсан. Гэмтлийн эмч “эрүү, нүүрний мэс заслын эмчтэй уулз” гэхээр нь уулзахад “Дүүргийнхээ нүдний эмчид үзүүл” гэж хэлсэн. Маргааш нь “Болор мэлмий” эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь “нүдний дотор талын салст гэмтсэн байна, хагалгаанд орох шаардлагатай гэж байснаа хэсэг харъя” гээд эм бичиж өгөөд “7 хоногийн дараа ирээрэй” гэж хэлсэн. 2017.01.17-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт дахин очиж үзүүлэхэд “нүдний гэмтлийн гаралтай мах гарч ирсэн байна, махаа авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай” гээд 2017.01.24-ний өдөр хагалгаанд орохоор тохирсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулахад 200.000 гаран төгрөгний зардал гарсан. Харин одоогийн байдлаар нийтдээ 300.000 төгрөгний зардал гарсан. Нүдний мах авахуулах хагалгаанд ороход 150.000 орчим төгрөгний зардал гарна гэсэн. Цаашдаа бас зардал гарах байх гэж бодож байна. Манай нөхөр машинаараа халтуур хийж мөнгө олдог байсан. Өнөөдрийн байдлаар 15 хоног ажилгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

 

Гэрч Н.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлыг хамтран амьдардаг Э-ын хамтаар түрээслэн ажиллуулж байгаад одоо больсон. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажиллаж байхад 22 цагийн үед гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирэхэд нь би бүртгэж аваад 7 номерын өрөөнд оруулсан. 00.00 цагийн үед 7 номерын өрөөнд орсон 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд “өрөөнд 1 хүн байгаа эндээ хононо” гэж хэлээд гарсан. Шөнө 04 цагийн үед буудалд 1 эрэгтэй хүн орж ирээд “өрөө хэд вэ” гэж асуухад нь би хоногийн 20.000 төгрөг гэж хэлээд өрөөгөө харуулсан чинь тэр залуу 20.000 төгрөг надад өгчихөөд гаднаас “хоёр хүнээ дагуулаад ороод ирье” гэснээ 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүний хамт орж ирсэн. Бичиг баримтаар нь бүртгэл хийх гэтэл бичиг баримтаа орхичихсон гээд эхэлж орж ирсэн залуу өөрийнхөө нэрийг баттай гээд нэг нэр хэлсэн ба хэн гэснийг нь сайн санахгүй байна, регистрийн дугаараа хэлсэн боловч сүүлд нь цагдаа нар буруу регистр байна гэсэн. Тэр хүмүүс 3 номерын өрөөнд орсон. Удалгүй 3 номерын өрөөнөөс эхэлж орж ирээд өрөөгөө хараад тооцоо хийсэн өндөр залуу гарч ирээд надаас “гар утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн чинь эргээд өрөөндөө орсон боловч удалгүй нөгөө залуу дахиж гарч ирээд буудлын өрөөнүүдийн хаалгыг тогшиж эхэлсэн. Би “хүмүүс унтаж амарч байна, өрөөндөө ор” гэж тэр хүнд хэлэхэд “за за” гэж хэлээд өрөөндөө орсон боловч дахиж өрөөнөөсөө гарч ирээд 7 номерын өрөө рүү ороод цэнэглэгч асуугаад байсан. Удалгүй гарч ирээд ариун цэврийн өрөө рүү ортол 7 номерын өрөөнд байсан махлаг биетэй ах өрөөнөөсөө гарч ирээд “хэн бэ” гээд бахираад ариун цэврийн өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд тэр ах нөгөө цэнэглэгч асуугаад яваад байсан залуутай заамдалцаж авахаар нь “би больцгоо” гээд салгаад 3 номерын өрөөний залууг өрөө рүү нь явуулсан. Харин 7 номерын өрөөний ах бие засаж гарч ирээд 3 номерын өрөө рүү очиж өөрөө нөгөө залуутай маргалдаад байсан, хоорондоо зодолдоогүй. Тэгтэл 3 номерын өрөөнөөс намхан биетэй залуу гарч ирээд махлаг ахтай маргалдаад зодолдох гэж байхад нь би хамт явж байсан эмэгтэйтэй нь салгасан. Би цагдаад дуудлага өгч байсан чинь 7 номерын өрөөний ах нүүрээ дарчихсан над руу “тэр залуу аяга шидчихлээ” гээд намхан биетэй залуу руу гараараа заасан. Би цагдаа дуудсан байгаа гэж хэлтэл 3 номерын өрөөнд байсан 2 залуу, эмэгтэй хувцсаа өмсөөд гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-51-р хуудас/,

 

Гэрч С.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би галчийн ажлаа хийж байхад үүрээр галаа түлчихээд 05 цаг өнгөрч байхад буудал руу ороход ахимаг насны махлаг биетэй залуутай намхан биетэй хар өнгийн футболк өмссөн залуу маргалдаад байсан. Махлаг биетэй хүн нь хамраа дараад, тэр хэсгээс нь цус гарч байгаа харагдсан. Би “цагдаа дуудсан юм уу” гэж эхнэрээсээ асуутал “дуудсан” гэсэн. Гэтэл намхан биетэй хар фудволктой залуу хамт явж байсан эрэгтэй, эмэгтэйтэйгээ 3-уулаа хувцсаа өмсөөд цоожтой байсан хаалгыг түлхээд гараад явсан. Хохирогч нилээн согтуу байсан ба “банди минь үзье” гээд нөгөө залуу руу дайраад байсан. Зочид буудлын хаалгыг эвдээгүй, хаалгыг нь түлхчихээр цоожных нь гол хаалганы хажуу талын тээглэгчийг хугалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-53-р хуудас/,

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр утас худалдаж авах, ойр зуурын ажил амжуулахаар ирсэн. Тухайн үед Теди худалдааны төвийн 2 давхарт байрлах 14 дүгээр павильоны 10 дугаар лангуунаас Huawei p9 маркийн алтлаг шаргал өнгийн гар утас 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдагч нь 2 сарын баталгааны хуудас бичиж өгсөн. Удалгүй манай охин руу цагдаа нар залгаад хулгайн утас байна яаралтай авчирч өгөөд уулзах талаар хэлсэн тул би авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 204-205-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Ч- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хохирогч Д.Г-т учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд нүүр рүү шилэн аягаар шидэх  болон цохих үед хагарч бутарсан бол дээрх гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 19-20-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №614 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Г-г нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Э.Г-г нь болсон хэргийн талаар үнэн зөв өгөх чадвартай байна.

3. Э.Г-г нь үнэн зөв мэдүүлэг өгөх асуултанд хариулах чадвартай байна.

4. Э.Г-г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Э.Г-г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-ийн 2-р хавтас 24-25-р хуудас/,

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 3, 6-9-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-28-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 29-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээнд: “Huawei p9 lite” маркийн гар утас 670.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 224-225-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 140, 226-р хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 232-р хуудас/,

Шүүгдэгч Т.Ш- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Бид гурав зочид буудлаасаа гараад Яармагт байх “...” нэртэй зочид буудалд ирсэн. Би Г-г ах болон түүнтэй хамт явж байсан эмэгтэйгийн хамт зочид буудалд орж 1 ортой өрөө аваад үлдсэн архиа хувааж уусан. Миний утасны цэнэг дуусч байсан болохоор буудлын үйлчлэгч эмэгтэйгээс утасны цэнэглэгч асуухад “цэнэглэгч байхгүй” гэхээр нь би буцаад буудлынхаа өрөө рүү орсон. Тэр үед Г-г ах нойл орох гээд явсан. Хэсэг хугацааны дараа буудлын коридорт хэн нэгэн маргалдах чимээ сонсогдохоор нь гараад хартал Г-г ах нэг танихгүй махлаг биетэй ахтай маргалдаж байсан. Намайг очтол тэр махлаг биетэй ах над руу дайраад байсан. Би тухайн үед согтуудаа юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Тэр үед буудлын үйлчлэгч эмэгтэй маргааныг салгасан. Тэр махлаг биетэй ах өөрийнхөө өрөө рүү орсон. Г-г ах тэр махлаг биетэй ахын өрөөний үүдэнд зогсож байхаар нь би өрөөнөөсөө шилэн аяга аваад махлаг биетэй ах руу шидэхэд хамар хэсэгт нь онож цус гарсан. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудсан гэж байсан. Махлаг биетэй ах буудлынхаа өрөөнөөс гарч ирээд над руу дайраад “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлэхэд Г-г ах буудлын хаалгыг өшиглөөд гараад явсан. Би араас нь гарсан. ...Г-г буудлын коридорт тэр хүнтэй маргалдаад байхаар нь би өрөөнөөс гараад харахад хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Хохирогч гэх Д.Г- ах өөрөө намайг хэл амаар доромжлоод байсан. …“...” нэртэй зочид буудалд ороод Г-г ахтай хамт нэг өрөө авч архи уусан. Тэр үед Г-г ах “бие засаад ирье” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Удалгүй коридорт хүнтэй маргалдаад байхаар нь очоод салгах гэтэл салахгүй нэгнийгээ цохих гээд гараараа чичлээд байсан. Би нилээд архи уусан байсан болохоор өрөө рүүгээ ороод жижиг шилэн стакан аваад шидтэл Г- ахын хамрыг оноод хамарнаас нь цус гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-67, 76-77, 172-173-р хуудас, 2-р хавтас 86-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Г-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Яармагийн эцсийн буудлын хажууханд “...” нэртэй зочид буудал руу би түрүүлж ороод “өрөө байна уу” гэж асуугаад “байна” гэхээр нь нөгөө хоёрыг дуудаад мөнгийг нь би өөрөөсөө гаргаж өгсөн. Бид 3 буудлын өрөөнд пиво задлаад ууж суусан ба Ш-ын утасны цэнэг дуусчихсан тул би буудлын эмэгтэйгээс цэнэглэгч асуухад байхгүй гэсэн учраас буудлын өрөөнүүдээр явж цэнэглэгч асуух гэтэл нэг л өрөө хүнтэй байсан. Би өрөөг тогшиж хаалгыг нь онгойлготол орон дээр хохирогч Д.Г- гэх махлагдуу биетэй 45 орчим насны эрэгтэй хүн ганцаараа сууж байхаар нь “утасны цэнэглэгч байна уу” гэхэд “байхгүй, надад яахаараа цэнэглэгч байдгийн” гээд уурласан. Би юу ч хэлэлгүй хаалгыг нь хаагаад буудлын эмэгтэй дээр очоод “ядаж баттерей цэнэглэгч байхгүй юу” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгээд нойлын өрөө рүү ороход хохирогч Д.Г- бие засаад зогсож байсан. Би бие засчихаад нойлын өрөөнөөс гарахад нөгөө хүн түрүүлээд өрөө рүүгээ явж байсан. Би араас нь өрөө рүүгээ орох гээд явж байтал тэр хүн “чи яахаараа намайг дагаад яваад байгаа юм” гээд уурласан. Бид хоёр маргалдаад барьцалдаж аваад би гараараа нүүр рүү нь цохисон боловч оновчтой цохиж чадаагүй. Мөн хөлөөрөө гуя руу нь өшиглөх гэсэн боловч миний хөлийг барьж авчихаад цохиж чадаагүй. Энэ үед Ш-, Э- хоёр өрөөнөөс гарч ирээд Ш- хохирогч руу дайрч эхэлсэн. Хэсэг маргалдаж байгаад өрөө рүүгээ Ш-, Э- хоёр ороод хохирогч эрэгтэй бас өрөө рүүгээ орсон боловч Ш- гартаа пиво ууж байсан шилэн аягыг барьж гарч ирээд хохирогч руу шидчихсэн чинь нүүрнээс нь цус гараад доошоо тонгойгоод суусан. Буудлын эмэгтэй цагдаа дуудчихлаа гэхээр нь бид 3 буудлаас гараад явчихсан. Тэр над руу цэнэглэгч асуулаа гээд уурлаад дайраад байсан учраас хоорондоо маргалдаад би нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохих гэсэн боловч хүчтэй цохиж чадаагүй. Тийм учраас гэмтэл учруулаагүй гэж үзэж байна. Ш- тэр хүн рүү аяга шидэж гэмтэл учруулсан. Хохирогч нилээн согтуу байсан. ...Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Яармагт байдаг гэрэл зургийн газрын ширээ буюу лангуун дээр нь ил байсан 1 ширхэг гар утсыг хулгайлж аваад Тэди төв дээр 80.000 төгрөгөөр зарчихсан. …Би ганцаараа гар утас хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 165-167, 218-219, 239-243-р хуудас/,

 

Шүүгдэгч Т.Ш-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ө.А-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-46-р хуудас/, гэрч Л.Т-ы мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 80-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,

Шүүгдэгч Э.Г-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 83-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 89-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 111-112-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 781 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 95-96-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 93-94-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 97-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 99-100-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 101-103-р хуудас/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311ө дугаартай “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 1-р хавтас 105-106-р хуудас/, гэрч Ц.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-139-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 5-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 2-р хавтас 100-101-р хуудас/ зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ш-, Э.Г-г нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

 Шүүгдэгч Э.Г-г, Т.Ш- нар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны үүрээр 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд амарч байсан хохирогч Д.Г-тэй маргаан үүсгэн зодолдож, улмаар шүүгдэгч Т.Ш- нь хохирогч руу шилэн аяга шидэж, хохирогчийн биед “хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

          

Хохирогч Д.Г-ийн: ...05 цагийн үед буудлын өрөөний хаалгыг 178 см орчим өндөртэй 30-35 насны дээгүүрээ тэмээний ноосон майк өмссөн согтуу хүн хүчтэй түлхээд ороод ирсэн. Би тэр залуугаас /Г-г/ “Чи юу хийж байгаа юм бэ” гэхэд “утасны цэнэглэгч байна уу” гэхээр нь “байхгүй” гэж хэлэхэд тэр залуу /Г-г/ өрөөнөөс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа бие засах гээд нойлын өрөө ортол тэр залуу /Г-г/ ганцаараа нойлын өрөөнд зогсож байсан. Би түүнд “Чи одоо хаашаа юм бэ, өрөөний хаалга эвдчих юм аа, над дээр төлбөр тооцоо гарна ш дээ” гэхэд Г-г миний араас ирээд өшиглөж, гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохиход нь би түүнийг цааш нь түлхсэн. Буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд тэр залууг аваад явсан. Би бие засчихаад гараад ирэхэд над руу дайрсан залуу нэг эрэгтэй, эмэгтэйгийн хамт намайг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байсан. Би өөрийнхөө өрөө рүү орох гэхэд 2 залуу намайг өрөө рүү оруулахгүй миний нүүр болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэр үед үйлчлэгч эмэгтэй салгах гэсэн боловч өндөр нуруутай залуу /Г-г/ миний өрөөний үүдэнд зогсчихоод хэрүүл хийгээд явахгүй байсан. Харин намхан нуруутай залуу /Ш-/ тэнд байсан хүмүүст “холдож бай” гэж хэлээд миний нүүр рүү шилэн аяга мэт зүйл шидэж оноод хамар, амнаас нь цус гарсан. ...Надад одоогийн байдлаар 349.000 төгрөгний зардал гарсан. Миний нүүрэнд маш муухай сорви үлдэж байна, энэ сорвийг арилгуулмаар байна. Г-г буудлын бие засах өрөөнд миний араас 1 удаа өшиглөж, баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Баруун нүдний хөхрөлтийг Г-г надад учруулсан. Бусад гэмтлийг Ш- шилэн аяга шидэж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-35-р хуудас/,

 

Гэрч Б.Э-ийн ...Тэр үед Г-г утасны цэнэглэгч асуусан юм гэж хэлж байсан. Г-г буудлын коридорт нэг хүнтэй маргалдаад байхаар нь Ш- ах гарсан. Тэгснээ Ш- ах өрөөнөөс шилэн аяга авчраад Г-гтой маргалдаж байсан хүн рүү шидчихсэн. Би шилэн аягаар тэр хүний хаана нь оносон талаар мэдэхгүй байна. Ш-, Г-г бид 3 буудлаас гарч явах гэхэд буудлын үйлчлэгч эмэгтэй хаалгаа түгжсэн, цагдаа дуудсан гэж хэлээд гаргаагүй. Г-гтой маргалдсан хүний хамарнаас цус гарчихсан сандал дээр сууж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-40-р хуудас/,

 

          Гэрч Н.А-ын ...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлыг хамтран амьдардаг Э-ын хамтаар түрээслэн ажиллуулж байсан.  ... 3 номерын өрөөнөөс эхэлж орж ирээд өрөөгөө хараад тооцоо хийсэн өндөр залуу гарч ирээд надаас “гар утасны цэнэглэгч байна уу” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн чинь эргээд өрөөндөө орсон боловч удалгүй нөгөө залуу /Г-г/ дахиж гарч ирээд буудлын өрөөнүүдийн хаалгыг тогшиж эхэлсэн. Би “хүмүүс унтаж амарч байна, өрөөндөө ор” гэж хэлэхэд “за за” гээд өрөөндөө орсон боловч дахиж өрөөнөөсөө гарч ирээд 7 номерын өрөө рүү ороод цэнэглэгч асуугаад байсан. Удалгүй гарч ирээд ариун цэврийн өрөө рүү ортол 7 номерын өрөөнд байсан махлаг биетэй ах /Г-/ өрөөнөөсөө гарч ирээд “хэн бэ” гээд бахираад ариун цэврийн өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд Г- ах нөгөө цэнэглэгч асуугаад яваад байсан залуутай /Г-г/ заамдалцаж авахаар нь “больцгоо” гээд салгаад 3 номерын өрөөний залууг өрөө рүү нь явуулсан. Харин 7 номерын өрөөний ах бие засаж гарч ирээд 3 номерын өрөө рүү очиж өөрөө нөгөө залуутай маргалдаад байсан. Тэгтэл 3 номерын өрөөнөөс намхан биетэй залуу /Ш-/ гарч ирээд махлаг ахтай /Г-/ маргалдаад зодолдох гэж байхад нь салгасан. Би цагдаад дуудлага өгч байхад 7 номерын өрөөний ах нүүрээ дарчихсан над руу “тэр залуу аяга шидчихлээ” гээд намхан биетэй залуу /Ш-/ руу гараараа заасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-51-р хуудас/,

 

Гэрч С.Э-ын ...ахимаг насны махлаг биетэй залуутай /Г-/ намхан биетэй хар өнгийн футболк өмссөн залуу /Ш-/ маргалдаад байсан. Г- нь хамраа дараад, тэр хэсгээс нь цус гарч байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

Гэрч Д.Б-хийн ...өглөө 07 цаг 30 минутын үед миний утас дуугараад авахад “Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, Г-ийн эхнэр мөн үү” гэхээр нь “яасан” гэхэд “хүнд зодуулсан байдалтай манайд хүргэгдэж ирсэн, та хүрээд ир” гэхээр нь 08 цаг өнгөрч байхад хүүгийн хамтаар Гэмтлийн эмнэлэг дээр очтол манай нөхөр үүдний хүлээн авах дээр сууж байсан. Сувилагч нь “нүүрний цусыг нь арчиж байгаарай, одоо оёдол тавина” гэж хэлээд уруул хамар, баруун нүдний дээд талын зовхинд оёдол тавьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

            

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх-ийн 55-р хуудас/,

 

          Шинжээч эмч Т.Ч-ын …Хохирогч Д.Г-т учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд нүүр рүү шилэн аягаар шидэх  болон цохих үед хагарч бутарсан бол дээрх гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 19-20-р хуудас/,

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 3, 6-9-р хуудас/,

 

“...” зочид буудлын камерын бичлэгийг хуулбарласан СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 29-р хуудас/,

 

“...” зочид буудлын камерын бичлэгээс “зочид буудлын коридорт бор шаргал өнгийн тэмээний ноосон майктай эрэгтэй хүн /Э.Г-г/ наад талын өрөөнөөс гарч ирэхэд хохирогч Д.Г- цаанаас гарч ирэх ба тэд өөд өөдөөсөө чиглэн явж Э.Г-г хохирогч Д.Г-ийг өшиглөх гэтэл хөлийг барьж аваад харилцан бие биеэ цохихоор дайрч байхад хар өнгийн фудволк өмссөн намхан нуруутай эрэгтэй /Ш-/, буудлын үйлчлэгч эмэгтэй хоёр тэдний дундуур орж салгах ба удалгүй шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдож цааш явсаар шатаар буув. Т.Ш-, Э.Г-г, гэрч Б.Э- нар буцаж өрөөндөө орсны дараа хохирогч Д.Г- шатны доор зогссон хэвээр байх ба наад талд буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож ярилцаад хохирогч шатаар дээш гарч ирээд коридороор өрөө рүүгээ чиглэн ирэх үед Э.Г-г дахин гарч ирж тэд хоорондоо маргалдах үед Т.Ш- өрөөнөөсөө гарч ирэхдээ баруун гараа ардаа нугалж, шилэн аяга мэт зүйл атгасан байдалтайгаар хохирогч Д.Г-ийн өрөөний үүдэнд очоод онгорхой хаалга руу чиглүүлэн гартаа барьсан зүйлийг шидэх ба үүний дараа хохирогч Д.Г- нүүрээ алчуураар дарсан байдалтай өрөөнөөс гарч ирж буй” дүрс бичлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

 Шүүгдэгч Э.Г-г нь “...” зочид буудалд амарч байсан хохирогч Д.Г-ийн өрөөнд орж “гар утасны цэнэглэгч” асууж маргаан үүсгэж улмаар зодолдож, шүүгдэгч Т.Ш- нь хохирогч руу шилэн аяга шидэн хохирогч Д.Г-ийн биед хөнгөн гэмтэл учруулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэрэгт шүүгдэгч нар санаа зорилгоороо нэгдэж оролцсон тул бий болгосон үр дагаврыг хамтран хариуцах учиртай.

 

          Шүүгдэгч Э.Г-г нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт хохирогч Ш.А-ийн эзэмшлийн “HUIWAI P9 Lite” маркийн гар утсыг хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.А-ийн “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт ажил дээрээ байж байхдаа өөрийн гар утсаар охин Мөнхжинтэй ярьсны дараа нь гар утсаа принтерийн хажуу талын ширээн дээр тавьсан. Намайг гар утсаараа ярьж байхад 3 хүн байсан ба тэр хүмүүсийн юмыг хийж өгч байсан чинь гаднаас хар пальто өмссөн, дотуураа эрээн цамцтай, жинсэн өмдтэй, зүүн хацар дээрээ хар мэнгэтэй, халимаг үстэй туранхайвтар 40 орчим насны залуу орж ирээд “гар утаснаасаа зураг угаалгана” гэж хэлээд гар утсаа өгтөл гар утас нь цэнэггүй байхаар нь “жаахан цэнэглэж байгаад хуулаад өгье” гэсэн чинь нөгөө залуу гараад явсан. Удалгүй орж ирэхээр нь гар утсыг нь үзтэл утас нь цэнэг ороогүй байсан. Би гар утас руугаа бүлүүтүүдээр зургийг нь хуулаад авъя гээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. …Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний утсыг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйлгүй. …Би учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 203-р хуудас, 2-р хавтас 79, 96-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.М-г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Би Тэди төвд гар утас зардаг. 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Шаамарын Балай хочтой залуу Тэди төвийн гадна ирээд гар утас авч зараад байдаг юм. Намайг лангуу дээр зогсож байхад тэр залуу “Huawei P9 Lite” маркийн шар утсыг гаргаж ирээд үүнийг худалдаад авчих, хөдөө явах гэсэн юм, ямар нэгэн асуудалгүй гээд байхаар нь би 250.000 төгрөгөөр авч баталгааны хуудас бичээд 350,000 төгрөгөөр зарсан. Би хулгайн утас байсан гэдгийг огт мэдээгүй. Мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тэр гар утас зарсан өдрөөс хойш энэ хавиар харагдаагүй. Би гадаа зогсдог хүмүүсээс асуухаар “огт харагдахгүй байгаа” гэсэн. Нэрийг нь мэддэг хүн ч байхгүй. Тэди төвөөр олон хүн явж байдаг, олон  хүн ч гадаа утас худалдаж авч зарж байдаг болохоор нэрийг нь мэдэх хүн байхгүй байгаа. Би хулгайн гар утас гэдгийг огт мэдээгүй. “Ямар нэгэн асуудалгүй юу” гэхэд “асуудалгүй” гэж хэлсэн. Надаас гар утас 350.000 төгрөгөөр худалдаж авсан Э- гэдэг хүний хохирлыг би төлж барагдуулсан байгаа. …Надад 250.000 төгрөгний хохирол учирсан хэдий ч би одоо дээрх мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 207-209, 2-р хавтас 95-р хуудас/,

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр утас худалдаж авах, ойр зуурын ажил амжуулахаар ирсэн. Тухайн үед Теди худалдааны төвийн 2 давхарт байрлах 14 дүгээр павильоны 10 дугаар лангуунаас Huawei p9 маркийн алтлаг шаргал өнгийн гар утас 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдагч нь 2 сарын баталгааны хуудас бичиж өгсөн. Удалгүй манай охин руу цагдаа нар залгаад хулгайн утас байна яаралтай авчирч өгөөд уулзах талаар хэлсэн тул би авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 204-205-р хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ: “Huawei P9 Lite” маркийн гар утас 670.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 199-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Г-гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Ш-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Г-г, Т.Ш- нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Шүүгдэгч Э.Г-г нь “...” зочид буудалд амарч байсан хохирогч Д.Г-ийн өрөөнд орж “гар утасны цэнэглэгч” асууж маргаан үүсгэж улмаар зодолдож, шүүгдэгч Т.Ш- хохирогч руу шилэн аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг дүгнэхэд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Э.Г-г нь хохирогч Ш.А-ийн гар утсыг нууцаар хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй тул гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн биед “хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан байна. 

          Хохирогч Д.Г- нь эмчилгээ хийлгэсэн зардалд 349.200 төгрөгийн  баримт /хх-ийн 1-р хавтас 123-125-р хуудас/ гаргаж өгсөн ба шүүгдэгч Т.Ш-аас /хх-ийн 1-р хавтас 174-р хуудас 349.000 төгрөг/, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, нийт 749.000 төгрөг, шүүгдэгч Э.Г-гоос 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг  хохирогч Д.Г-т төлсөн байна.

 

          Хохирогч Д.Г- нь хамрын хагалгаанд орох зардал 1.342.500 төгрөг нэхэмжилсэн боловч “Төгс ялгуун” эмнэлгийн тодорхойлолтоос /хх-ийн 2-р хавтас 140-р хуудас/ өөр баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

          Хохирогч Ш.А- нь гар утсаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгч Б.М-г нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Э.Г-гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон,

шүүгдэгч Т.Ш-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.Г-г, Т.Ш- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Энэ гэмт хэрэг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гарсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д бусдын биед хөнгөн гэмтэл учруулж бүлэглэн танхайрсан үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцдог байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр тусдаа гэмт хэрэг болгон зүйлчилж, гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр хуульчилсан байна. Танхайрах гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн үндэслэлээр шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэж байгаа тохиолдолд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг эрс дордуулна.

Иймд шүүгдэгч Э.Г-г, Т.Ш- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Э.Г-г нь 2006 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсаны дараа 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.А-ийн “Huawei P9 Lite” маркийн гар утас 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

            2015 онд Улсын Их Хурлаас батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт хасагдсан учир шүүгдэгч Э.Г-гийн гар утас хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Г-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 80 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 02 жил 8 сар 20 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгч Э.Г-гийн өмгөөлөгч Д.Ганхуягаас “миний үйлчлүүлэгч Э.Г-г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирлыг биет байдлаар буцаан өгч учруулсан хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохиролд сайн дураараа 100.000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул  хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Э.Г-г нь өмнө ял шийтгүүлж байсан хэдий ч энэ хэрэгт шалгагдснаас хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, “Green house” хотхоны СӨХ-д харуулаар ажиллаж, гэр бүлтэй болж 10 сартай хүүхэдтэй, эхнэр нь удахгүй дахин төрөх гэж байгаа хувийн байдлыг нь харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

шүүгдэгч Т.Ш-ын өмгөөлөгчөөс “Т.Ш- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

           Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Э.Г-гийн хувьд нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан боловч энэ хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч Д.Г-т эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн, тэрээр “Green house” хотхоны СӨХ-д харуулаар ажиллаж байгаа, эхнэр нь жирэмсэн, 10 сартай хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 6 сарын хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 Шүүгдэгч Т.Ш- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ш-ын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хохирогч Д.Г- рүү шилэн аяга шидэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх өмгөөлөгчийн саналыг хүлээн  авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Г-гийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хойшлуулашгүйгээр баривчилж /хх-ийн 1-р хавтас 155-р хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл /хх-ийн 1-р хавтас 160, 181-р хуудас, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл /хх-ийн 1-р хавтас 238-р хуудас, хх-ийн 2-р хавтас 66-р хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл /хх-ийн 2-р хавтас 106-р хуудас, 2-р хавтас 153-155-р хуудас/, нийт 116 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Ш- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.