Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1238

 

 “ХХ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х,

Хариуцагч ХХХ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт ХХХаас 362 315 170 төгрөг, Хаас 126 781 830 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч ХХХын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс ХХХт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

Хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХ,

Хариуцагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 09 дүгээр сард ХХХ 56 айлын орон сууц барьж байгаа, богино хугацаанд 100 000 000 төгрөг зээлчих, барьцаанд нь уг орон сууцны 1, 2 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ хийгээд зээл авъя гэсэн. Би хэлснийх нь дагуу барьцаанд нь захиалан бариулах гэрээ хийж 100 000 000 төгрөгийг ХХХт олгосон.

Мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 55 000 000 төгрөгийг, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45 000 000 төгрөг гээд 2 хувааж өгсөн. Үүний дараа 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яг энэ журмаар нэмж 100 000 000 төгрөг зээлээч гээд ХХХ, Х нар ирсэн тул дахин гэрээ хийсэн. Уг мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 34 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус олгосон. Гэтэл зээлийн хугацаа дуусаж зээл төлөгдөөгүй. Эхэн үедээ утсаар ярьдаг байж байгаад сүүлдээ ХХХ утсаа авахаа байсан. Эхний 100 000 000 төгрөгийн зээлийг ХХХт 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, дараагийн 100 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй ХХХ, Х нарт зээлж нотариатаар батлуулсан.

ХХХаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт 235 533 440 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны зээлийн гэрээний үүрэгт 126 781 830 төгрөг, нийт 362 315 170 төгрөг, Хаас 2013 оны 9 дүгээр сарын 12-ны зээлийн гэрээний үүрэгт 126 781 830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

ХХХын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу зээлүүлсэн үндсэн мөнгө хүүг нэхэмжилж байгаа. Эхний гэрээний хувьд гэрээний нэг тал болох ХХХтай уг гэрээг байгуулсан. ХХХын хувьд үгүйсгэж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ХХХ Х гээд ХХХХХХХ гэдэг нотариатаар гэрчлүүлж батлагдсан. Мөн нотариатчийн тайлбар байгаа. ХХХ бол өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай учир мэдээгүй дуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан болох нь бэлэн мөнгөний баримтаар нотлогдож байгаа. Энэ баримтыг Х хүлээн зөвшөөрч байгаа, ХХХ үгүйсгэж байгаа ч гарын үсэг зурсан байж мэдэхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээний асуудалд орон сууц захиалан бариулах гэрээ давхар яригдаад байгаа учир нь барьцаа хөрөнгө хэрэгтэй байсан. Гэтэл барьцаа байгаагүй учир хожим нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 2-т “...2 сарын дараа 120 000 000 төгрөг болгож өгнө”, 3 дахь заалтад “...1,2 тоотыг буцааж олгоно” гэсэн байгаа. Тэгээд өр төлбөрөө дууссаны дараа гэрээний дагуу ХХХт байрыг буцааж өгнө гэсэн асуудал гарч ирж байгаа. Нэхэмжлэгч худалдан авах хүсэл байгаагүй ба өмчлөлд шилжүүлэн авсан бүртгэл байдаггүй. Өнөөдрийг хүртэл ХХХ болон ХХХХХХХХгийн нэр дээр явж байгаа. Хөрөнгө шилжүүлэхээр байраа аваач гэсэн зүйл байхгүй. Иймд зээлийн гэрээний дагуу энэ баримтыг барьцаанд авч байна гэж ойлгож, тийм ч учир 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл хүүгээ нэхэмжилсэн. Энэ гэрээний хамгийн сүүлд 120 000 000 төгрөгийг төлж дууссан өдрөөс 5 хувийн хүү өгнө гэсэн. Ингээд талуудын хооронд хийсэн гэрээгээр мөнгө хүлээлцсэн баримт байгаа. Эсрэгээрээ худалдах, худалдан авах гэрээ байсан бол ХХХХХХХХ болон ХХХ нараас ХХХХд баримт өгөх ёстой. Хэрэг дотор өнөөдрийг хүртэл ийм баримт байхгүй. ХХХт бэлэн мөнгөний хэрэг гарсан. Иймд захиалан бариулах гэрээ байгуулсан. Үүний дагуу төлбөр авсан гэдгээ нотлоогүй. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х надад байр авах хүн олж ирсэн гээд ХХХХийг дагуулан ирсэн. Би байр авах гэж байгаа юм байх гэж ойлгосон. Уг байр нь ХХХХХХХХ ХХХ нарын барилга гэж явдаг. Тэгээд би уг байрны 1, 2 тоотыг 100 000 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээ гэсэн цаас оруулж ирсэн. Юун гэрээ вэ гэхэд барилга ашиглалтад оруулахын тулд ийм гэрээ хийж байгаа гэж ойлгуулсан. Энэ үед 10 хувь, 5 хувийн хүү гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед хоёр байрыг 100 000 000 төгрөгөөр зарж байна гэж ойлгосон. Бид нар бэлэн мөнгийг гардаж авахдаа 55 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би очиж авч байсан. Үлдсэн 45 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкны гадаанаас ХХХХ гэдэг хүнээс авсан.. Сүүлийн 100 000 000 төгрөгийг Х “...би зээл авах гэсэн юм гээд намайг батлан даагчаар гарын үсэг зураад өг” гэж хэлсэн, тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг барилга руу ч хийгээгүй. Өөр зүйлд ч зарцуулаагүй. Иймд надаас яагаад зээлийн гэрээний үүрэг шаардаад байгааг ойлгохгүй байна. 2 орон сууцыг одоо ч хүлээлгэж өгөхөд бэлэн байна.

Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээг талууд байгуулаад, зээлийн гэрээний өмнө байгуулагдсан байдаг. Энэ нь орон сууц захиалах гэрээ байгуулах хүсэл зоригтой байна гэдэг нь харагдаж байгаа. Хоёр иргэний хооронд хийгдсэн, ХХХын хэлсний дагуу барилга барьж байгаа нь цаг хугацааны хувьд удааширдаг учир зээлийн гэрээг хийсэн. Зээлийн гэрээг харахад “ХХХХХХ” ХХК байгуулсан гэсэн боловч нотариатаар гэрчлүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ, өөрөөр хэлбэл орон сууц захиалах гэрээний дагуу зээлийн гэрээг хийсэн.

Энэ гэрээ иргэд хооронд хийгдсэн гэрээ. Тэгэхээр орон сууц захиалах гэрээний дараа хийгдсэн. Нөгөө талаас Банк бус санхүүгийн байгууллага хийж байгаа тохиолдолд тамга дарах ёстой. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнд Х өөрөө дангаараа мөнгө авсан гэдэгт маргахгүй байна. Гэтэл энэ гэрээний хугацааны урт нь зургаан сарын хугацаатай байгаа, сунгасан зүйл байхгүй. Гэтэл энэ гэрээний хугацааг тооцоод эвлэрэх боломж байсан. Гэтэл энэ их сарууд дээр хүү тооцоод хүүг хэтэрхий өндөр тавьсан. Тэгэхээр энэ гэрээний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад нэр шилжих боломжгүй. Анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн, зээлийн гэрээ нь тамга, тэмдэг дарагдаагүй, хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "ХХХХХХ" ХХК-иас би 2013 оны 09 дүгээр сард мөнгө зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг "ХХХХХХ" ХХК-иас ХХХтай нийлж авсан боловч тэр 100 000 000 төгрөгийг би дангаараа захиран зарцуулсан нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Гэрээний 5 дахь заалтад 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт тохиролцсон хугацаанд өгөөгүй бол байруудыг ХХХХ өөрийн мэдэлд авч худалдан борлуулна гэж заасан. Барьцаанд байгаа 2 байрыг гэрээний энэ заалтын дагуу төлбөрт тооцон өгөх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХХХХтэй Хаар дамжуулан танилцсан бөгөөд ХХХХ нь анх Налайх дүүрэгт баригдаж байсан барилга дээр ирж, байр үзэж байсан. Тэгээд ХХХХ нь байр авахаар болж, уг баригдаж байгаа барилгын хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулахаар болсон. Гэтэл ХХХХ нь “...танай барилга хэзээ ашиглалтад орох вэ, найдвартай юу...” гэх мэтээр асуугаад явснаа сүүлдээ би давхар зээлийн гэрээ хийнэ гэсэн. Миний хувьд байр ашиглалтад орох нь үнэн, ХХХХийг байр авах хүн гэж ойлгосон тул зээлийн гэрээ хийхэд яахав, энэ хүний байрыг нь даруй ашиглалтад оруулчихад болно гэж бодсон. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ байгуулсан.

Ийнхүү орон сууц захиалагчтай гэрээ байгуулахад тэрээр "Зээлийн гэрээ гэгчийг авчирсан бөгөөд уг бичиг дээр өндөр үнийн дүн бүхий буюу эхний 2 сард нь 10 хувь, дараа нь 5 хувийн хүүтэй байхаар нь “...яагаад ийм өндөр хүү энэ тэр гээд бичэв” гэхэд “...энэ чинь зүгээр л нөлөөллийн арга хэмжээ шүү дээ, танай тал байраа өгөхгүй бол би яахав” гэхээр нь “би юу гэж тийм зүйл байхав дээ” гэчихээд гүйцэтгэгч талыг байраа өгөхгүй болчих вий гэж болгоомжилсондоо өндөр хүү тавьчихсан байна гэж ойлгосон.

Тэгээд орон сууцны захиалгын гэрээний дараа нь зээлийн гэрээг нь хийсэн. Тэгээд орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээний 2.1-д гэрээ хийхэд нийт үнийн дүнг 100 хувь төлнө гэсний дагуу 2 байрны төлбөрт тооцож 100 000 000 төгрөгийг ажил дээрээс нь очиж авсан. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөр дутуу байгаа тул гэрчилгээг нь гаргаагүй. ХХХХийн хувьд өөрийн авсан байраа зарахаар зар өгч байсан. Тэгснээ гэнэт л нөгөө гэрээгээ бариад надаас мөнгө нэхэмжлээд эхэлснийг зөвшөөрөхгүй. Би зээл авах байсан бол ийм өндөр хүүтэй зээл авахгүй байсан. Тухайн үед намайг судлахад банк бус санхүүгийн байгууллагуудаас 3.5 хувийн хүүтэй, банкнуудаас түүнээс бага хувийн хүүтэй зээл гарах боломжтой байсан. Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан энэ үед өндөр хүү бодож, өөрийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж байгаад гомдолтой байна. ХХХ би нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг үндэслэн уг төлбөрийн 50 хувийг намайг төлөх ёстой хэмээн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Тухайлбал, дээр дурдсанаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ хийсний дараа Х нь надтай уулзаж “чамд байр захиран зарцуулах эрх олгосон учраас чи миний хэлцэл дээр гарын үсэг зураад өгчих, би төлбөр тооцоогоо бүрэн хариуцна” гэсэн. Ингээд би дараагийн буюу одоо хэргийн материалд хавсаргасан 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний агуулгыг нь ч уншаагүй бөгөөд зүгээр л гарын үсэг зураад явсан. Би мөнгийг нь аваагүй, хэрэглээгүй. Энэ талаар сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л төлбөр тооцооных нь талаар ойлголттой болсон. Хын хувьд ч уг мөнгийг авсан, захиран зарцуулснаа зөвшөөрч байгаа бөгөөд төлбөр тооцоогоо ХХХХийн өмнө хариуцахаа хэлдэг. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны зээлийн гэрээний ХХХт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр буст тооцуулах гэж гаргаад байна гэж ойлголоо. Энэ хэлцлийн хувьд 3-н үндэслэлээр ноцтой төөрөгдөл, хууран мэхэлж, хүч хэрэглэн хийсэн тохиолдолд гэсэн байгаа. Гэтэл энэ талаар уг гэрээнд аль нь ч дурдаагүй байна. Харин орон сууц захиалан бариулах гэрээ өөрөө дүр үзүүлэн хийсэн гэрээ. Бид нарын хувьд дөрвөн байр авах шаардлага байхгүй. Банк бус санхүүгийн байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээнд 5 хувийн хүү тавьсан. Хүүтэй холбоод байна. Хүүгээ талууд өөр хоорондоо тохиролцдог. Өмнө нь бол хэд хэдэн удаа зээл авч байсан итгэлцэл дээр зээлийн гэрээ хийсэн. Барьцаа байгаагүй. Гэхдээ орон сууц захиалан бариулах гэрээнд “ХХХХХХ” ХХК байгуулах боломжгүй учир ХХХХ гэдэг хүний нэр дээр хийгдсэн. Өнөөдрийг хүртэл ХХХХийг байраа ав гэж хэлээгүй ба ХХХХ байраа шаардаж байгаагүй. Энэ нь захиалан бариулах гэрээ байгуулаагүй гэдгийг нотолж байгаа. Эвлэрэх талаар байнга ярьж байсан. Эвлэрэх гэж ярилцаж байсан зүйлээсээ тэс ондоо зүйл яриад байна. 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд ХХХ хангалттай гарын үсэг зурсан. Х зөвшөөрөөд, ХХХ мэдэхгүй, байгуулаагүй гээд байгаа атлаа гарын үсэг зураад нотариатаар батлуулсан байдаг. Нэг дэх гэрээг ойлгоогүй байгуулсан гэж үзээд хүндэтгэж үзэхэд 2 дахь гэрээнд яагаад гарын үсэг зурчихваа гэдэг нь сонин. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа.

Энэ гэрээнд зээлдэгч нар хугацааг сунгаагүй байсан ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хүүгээ зээлээ төлтөл нэхэх эрхтэй. Тиймээс өмгөөлөгчийн ярьж байгаа иргэд хоорондын байгуулсан гэрээ гээд байгаа нь үндэслэлгүй. Эцэст нь Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан байдаг. Энэ зүйлийн аль нь ч гэрээнд бүрдээгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх заалтыг баримтлан хариуцагч ХХХаас 100 000 000 төгрөг, хариуцагч Хаас 100 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "ХХХХХХ" ХХК-д олгож, ХХХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 262 315 170 төгрөгийг, Хад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 781 830 төгрөгийгтус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс ХХХт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай ХХХын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 919 370 төгрөгөөс 2 603 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 315 935 төгрөгийг татварын хэлтсийн тоот данснаас, хариуцагч ХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас 578 975 төгрөг, хариуцагч Хаас 578 975 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгч "ХХХХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан болох нь тэдгээрийн харилцааны явцад бий болгосон бодит үр дагавраас тодорхой харагдаж байгаа ч зээлийн гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй нь хүү шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь “ХХХХХХ” ХХК нь зээлийн гэрээнд тэмдэг дараагүй, зээлийн гэрээнд гэрээний стандарт нөхцөлд тусгагдвал зохих нөхцөлүүд болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үүргийн гүйцэтгэлийг хангах арга, зээлийн зориулалтыг тусгаагүй зэрэг нь хүү шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл болжээ.

Иргэний хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын ямар ч хууль, эрх зүйн актад талууд гэрээнд тамга, тэмдэг дараагүй нь гэрээ байгуулагдсан эсэхийг үгүйсгэх, гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар зохицуулалт байхгүй. Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд "ХХХХХХ” ХХК тэмдэгээ дараагүй хэдий ч уг гэрээ нь байгууллагын албан бланк дээр хэвлэгдсэн төдийгүй, зээлийн гэрээг Налайх дүүргийн нотариатч ХХХХХХХХХХ хууль тогтоомжийн дагуу гэрчилсэн болохыг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн ХХХ, Х нарт нийт 212 100 000 төгрөгийг "ХХХХХХ” ХХК-ийн санхүүгийн тамга, тэмдэг бүхий кассын зарлагын баримтын дагуу бэлнээр авсан, зээлдэгч ХХХ зээлийн хяналт, үйлчилгээний шимтгэл болгон 1 000 000 төгрөгийг "ХХХХХХ” ХХК-д төлсөн орлогын баримт, зээл авахдаа бүрдүүлж өгсөн баримт бичгүүд, зээлдэгч Х нь зээлийн хүүгийн төлбөрт мөнгө төлсөн "ХХХХХХ” ХХК-ийн кассын орлогын баримт болон зээлдэгч Х 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбар буюу шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг шүүхээс шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнгүй.

Гэрээ, хэлцэлд тамга, тэмдэг дарагдсан эсэхийг чухал шалгуур хэмээн үзэж харин гэрээний талуудын хүсэл зориг, нэгэнт бий болгосон бодит үр дагавар, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ зэргийг харгалзан үзэхгүй байгаа нь агуулгыг бус хэлбэрийг чухалчилсан шударга бус шийдвэр болсон хэмээн дүгнэж байна.

Банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгоход эрх заавал стандарт нөхцөлийг баримтлах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл талууд ердийн журмаар, эсхүл стандарт нөхцөлөөр гэрээ байгуулах эсэхээ сонгох эрхтэй. Тийм ч учраас "ХХХХХХ” ХХК зээлдэгч нартай тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг ердийн журмаар байгуулж, гэрээ хэлцлийг гэрчлэх чиг үүрэг бүхий нотариатаар гэрчлүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар зээлдүүлэгч "ХХ" ББСБ нь зээлдэгч болох ХХХт 100 000 000 төгрөгийг, ХХХ, Х нарт 112 100 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 5 хувь байхаар тодорхой заалт гэрээнд тусгаснаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т тодорхой хуульчилсан хэдий ч дээрх мэдээллийг гэрээнд тусгаагүй явдал нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болох талаар иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заагаагүй. Зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин суугаа газрыг гэрээнд тусгаагүй ч зээлдэгчийн анкетад бүрэн тусгасан байгаа. Иймд энэ нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээг үгүйсгэх үндэслэл болно гэдэг нь хэлбэрийн шаардлагыг чухалчилж, хавтаст хэрэгт байгаа материалыг сайн үзээгүйтэй холбоотой.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд олгох зээлийн хэмжээ, түүний хүү болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийг ямар журмаар хангуулах талаар маш тодорхой заасан байгаа. Харин зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд тохиролцон тогтоох нөхцөл болох тул нэмэгдүүлсэн хүүг гэрээнд тусгах шаардлагагүй юм. Иймээс талуудын хооронд байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, гэрээ байгуулах болсон хүсэл зориг, гэрээний дагуу нэгэнт бий болсон хууль зүйн үр дагаврыг харгалзан үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн хэдий ч 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот зээлийн гэрээний дагуу нэгэнт тохиролцсон хүүгийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан ноцтой алдаа гаргасан болохыг дурьдах хэрэгтэй. Шүүх зээлийн гэрээний талуудыг нэг талаас "ХХХХХХ” ХХК, нөгөө талаас иргэн Х, ХХХ нарын хооронд байгуулагдсан хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн иргэд хоорондын зээлийн гэрээний заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа хэмээн үзлээ.

Шүүхээс эрх зүйн харилцаанд дүгнэлт өгөхдөө гэрээний талуудын хүсэл зориг бий болсон хууль зүйн үр дагавар зэрэг агуулгын шаардлагаас илүүтэйгээр хэвшин тогтсон стандарт нөхцөлийн дагуу байгуулагдсан эсэхэд ер бусын ач холбогдол өгч байгаа нь бусдын хөрөнгийг 3 жил ямар ч хариу төлбөргүйгээр ашиглах гэсэн хариуцагч нарын шударга бус ашиг сонирхлыг илүүд үзэж, манай байгууллагын эрх ашгийг ноцтой хохирооход хүргэж байна.

Манай байгууллагын эргэлтийн хөрөнгийн нилээдгүй хэсгийг банкнаас авсан зээл эзэлдэг бөгөөд бид ч гэсэн арилжааны банкинд зээл түүний хүүг төлж явдаг. ХХХХХХХХХХ, ХХХ нарын авсан зээл манай ББСБ-ын хувид хамгийн том дүнтэй зээл бөгөөд тэд өерийн авсан зээл хүүг төлөхгүй удааж, бидний ажилд маш их хүндрэл үзүүлж байна. Иймд бодит байдал, түүнийг нотолж буй барймтад үндэслэн хэргийг шударгаар шийдвэрлэн манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ, Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ХХХаас 362 315 170 төгрөг, Хаас 126 781 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ХХХ нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 100 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөлгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 235 533 340 төгрөг болсон гэж, хариуцагч  ХХХ, Х нар нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 112 000 000 төгрөгийн зээлээ төлөлгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөрт 253 563 660 төгрөг  хуримтлагдсан тул хоёр хариуцагчаас тэнцүү хэмжээгээр буюу 126 781 830 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч Х нь ХХХ бид хоёр нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хоёул  гарын үсэг зурсан ч, 100 000 000 төгрөгийн зээлийг би авч зарцуулсан, гэрээнд заасны дагуу орон сууцыг шилжүүлж, зээлийн төлбөрийг төлнө гэжээ.

            Хариуцагч ХХХ нь  “ХХХХХХ”-аас зээл аваагүй, харин орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээний дагуу иргэн ХХХХд 2 орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн баталгаа болгож, зээлийн гэрээ байгуулсан тул зээл төлөх үүрэггүй гэж марган, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай зээлийн гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, Хын гуйснаар гарын үсэг зурсан, мөнгийг авч ашиглаагүй гэж өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

             Хариуцагч ХХХ нь “ХХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХтэй байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9 дугаартай зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг 2 сарын дараа 120 000 000 төгрөг болгож өгөх, гэрээний хугацаа дууссанаас хойш мөнгийг буцааж өгөөгүй бол ашигласан хоногоор тооцож сарын 5 хувийн хүү төлөх, 120 000 000 төгрөгөө буцааж авсны дараа ХХХХ нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар орон сууцны 1, 2 тоот байруудыг ХХХт буцааж өгөхөөр харилцан тохиролцжээ.

             Мөн хариуцагч ХХХ, Х нар нь “ХХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХтэй байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж, уг мөнгийг хүүтэй нь буцааж авсны дараа ХХХХ нь байруудыг буцааж өгөхөөр тохиролцсон байна.

            Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч ХХХ, Х нар нь 100 000 000 төгрөг болон 112 000 000 төгрөгийг “ХХХХХХ” ХХК-ийн санхүүгээс бэлнээр хүлээн авсан баримт хэрэгт авагдсан, зээлдүүлэгчээс зээлийн мөнгийг шилжүүлсэн тухайд талууд маргаагүй.

            Харин хариуцагч нар нь иргэн ХХХХтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлээр шаардсан мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй гэх боловч гэрээнд дурдсан орон сууцыг “ХХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХд хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна, зээлсэн мөнгөө буцаан өгсөн тохиолдолд байрыг хариуцагч нарт эргүүлж өгөх талуудын тохиролцооноос үзвэл орон сууц худалдсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

            Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК нь нэг гишүүнтэй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ХХХХ байх бөгөөд зохигчид маргаж буй 2 зээлийн  гэрээнд ББСБ-ын захирал ХХХХ гарын үсэг зурж, зээлийн хөрөнгийг байгууллагын данснаас гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

Иймд гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, зээлийн хөрөнгийг шилжүүлснээр “ХХХХХХ” ХХК болон иргэн ХХХ, Х нарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар  гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй.

            Хэргийн дээрх нөхцөл байдал, зээлийн гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК нь зээлийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаагаар тооцож, гэрээний үүрэг шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3-т заасанд нийцэх юм.

            Хариуцагч ХХХ нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд Хын гуйснаар гарын үсэг зурсан, мөнгийг авч ашиглаагүй гэх түүний тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлоогүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар  хариуцагч нар тэнцүү үүрэгтэй бөгөөд  хуулийн мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Түүнчлэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

             Анхан шатны шүүх гэрээний гол нөхцлийн талаарх талуудын тохиролцоо, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХаас 362 315 170 төгрөг, хариуцагч Хаас 126 781 830 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-д олгох агуулгаар өөрчлөн найруулсан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг зөвтгөх боломжтой гэж үзэв.

            Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан дүнгээр  тооцон хариуцагчаар төлүүлэн, нэхэмжлэгчид буцаан олгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХаас 362 315 170 төгрөг, хариуцагч Хаас 126 781 830 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХХХ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч ХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас 578 975 төгрөг, хариуцагч Хаас 578 975 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, “ХХХХХХ” ХХК-д  олгосугай” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХаас 1 969 525 төгрөг, хариуцагч Хаас 791 859 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  “ХХХХХХ” ХХК-д  олгон, хариуцагч ХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 315  900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 603 435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ