Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

Шүүгчид                                Б.Манлайбаатар

                                                                            Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                 Н.Бадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай “Хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч П.Буманзаяагийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас ирүүлсэн  Содномдоржийн Амарсайханд холбогдох ялыг биечлэн эдлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай материалыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Прокурорын тогтоолд:

С.Амарсайхан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах хугацаандаа  захиргааны  зөрчил гаргаж,

-2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Х.Ганчимэгийн эрх чөлөөнд халдсан зөрчил гаргасанд Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/168 тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн,

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ гудамж талбайд орилж, хашгиран танхайрч, түүнд шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-т зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн байх тул түүний  хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэжээ.

Анхан шатны шүүх 136 дугаартай шүүгчийн захирамжаар

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, Хариөд овогт Содномдоржийн Амарсайханд оногдуулсан 02 жилийн хорих ялыг энэ өдрөөс эхлэн биечлэн эдлүүлэхээр,

-С.Амарсайханыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

-Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхтэнй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

        Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        …С.Амарсайханы захиргааны арга хэмжээний нийгмийн  аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д заасан заалтын дагуу С.Амарсайханы 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтэндээ:

       …С.Амарсайхан нь удаа дараа захиргааны зөрчил гаргасан нь нотлогдож байх тул түүнд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэв.         

Тодорхойлох нь:

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Хариад овогт Содномдоржийн Амарсайханыг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Ширээ” гэх газарт С.Даваасамбуугийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж, 33 дугаартай шийтгэх тогтоолоор С.Амарсайханыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.

       Тэнсэгдсэн ялтан С.Амарсайхан нь хянан харгалзах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ гудамж талбайд орилж, хашгиран танхайрч, түүнд шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас хуульд заасны дагуу С.Амарсайханы тэнсэн хянан харгалзсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа ба түүний захиргааны зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан нь ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болох бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул С.Амарсайханы өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

        Харин анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр болсон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

        Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

       Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 гэж, мөн Эрүүгийн хуулийн “тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.5” гэж хуулийн зүйл, заалтыг буруу ташаа бичиж, хайнга хариуцлагагүй алдаа гаргаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 1 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын      09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Хариад овогт Содномдоржийн Амарсайханд оногдуулсан 02 жилийн хорих ялыг энэ өдрөөс эхлэн биечлэн эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Энэхүү магадлалд ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                                          ШҮҮГЧИД                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ