| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 178/2019/0124/Э/ |
| Дугаар | 121 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 121
Л.Лд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дима, Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, Н.Лд холбогдох 1736000200006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхамсүрэнгийн Л нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Лд 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт болгон өөрчилж,
шүүгдэгч Л.Лг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 16.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-иас 79.703.049 төгрөг гаргуулан хохирогч Р.Бөд, 1.881.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад тус тус олгуулах, хохирогч Р.Бийн гаргасан нэхэмжлэлээс 50.059.209 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Л.Лгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 310.000 төгрөг гаргуулж Ховд аймаг дахь Цагдаагийн газарт олгуулах,
шүүгдэгчийн эзэмшлийн хөргөгч битүүмжилсэн прокурорын 5/07 дугаартай тогтоол, иргэний хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 5/37 дугаартай тогтоолыг хохирол, зардлыг нөхөн төлөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг /Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц/, 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/, 39.8 дугаар зүйлд /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих/ заасныг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоол болон магадлалд шүүгдэгч Л.Лгийн гэм буруугийн талаар “...зам чөлөөлж зогсож байсан 4584 ХОА улсын дугаартай цэнхэр өнгийн /самосвал/ тээврийн хэрэгсэл болон 8260 УБ улсын дугаартай Ковш /өөрөө буулгагч/ тээврийн хэрэгслийн дундаас жолооч Л.Л 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, хөдөлгөөн эхэлж замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон тул...” /шийтгэх тогтоолын 23 дугаар хуудас/ энэ үед Л.Лгийн жолоодож явсан Донгфэнг маркийн машины жолооч талын толийг хааж, зүүн талын хаалганы гишгүүр дээр Ховд АЗЗА ТӨХК-ийн ажилтан С.Г зогсож явсан болох нь тогтоогдсон байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1.Шинжээчийн 88 дугаартай дүгнэлтийн 3-д заасан “...ийм байрлалтай байсан тохиолдолд фургон маркийн автомашинд сууж байгаа зорчигч ачааны автомашины жолоочийн хажууд хүн байгааг харах боломжгүй. Дээрх зураг шиг байрлалтай байх тохиолдолд араас ирж яваа автомашины зорчигч ачааны автомашины жолоочийн хажууд хүн байгааг харах боломжтой юм. Иймээс 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Лг хөдөлгөөнөө эхэлж байсан гэх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтээр Л.Лг буруутгадаг. Гэтэл араас ирж яваа автомашины зорчигч ачааны автомашины жолоочийн хажууд хүн байгааг харах боломжтой эсэхийг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй байхад шинжээч нар ямар нотлох баримтыг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй байгаа.
Харин ч эсрэгээрээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хавтаст хэрэгт цугларсан гэрч С.Гын өгсөн... “45-84 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 174 дүгээр километрийн заалтад ирж зогссон байсан. 45-82 ХАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл уг нь араас ирээд 45-84 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ковш 2-ын дунд ирж зогсох ёстой юм. Гэтэл ковшийг зөрж өнгөрч явахад араас нь фургон машин мөргөх үед 45-84 ХОА улсын дугаартай машины урд гарч зогссон юм.”, “осол болоход машин зогсоогүй чигээрээ хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгтэл араас гэнэт машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 221-222 хуудас, 237-238 хуудас/,
гэрч Ц.Пын өгсөн... “Асуулт: Та 45-82 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явсан юмуу, хөдөлгөөн эхлүүлж байхад зам тээврийн осол гарсан юм уу? Энэ талаар тайлбарлана уу? Хариулт: хөдөлгөөнд оролцож Ковш ачигчийг зөрж зам руу орж байхад араас нь фургон машин мөргөчихсөн юм.”, “Миний жолоодож явсан Ковшийн хажуу талаар өнгөрөөд миний урд талд зогсох гээд замын голын цагаан зурвасыг давах алданд нөгөө ирж байсан фургон ирж мөргөсөн юмаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 223-224 хуудас, 239-240 хуудас/,
гэрч Ч.Бийн өгсөн... “...ковшийн хажуугаар зөрж дохио өгч урд нь гараад зогсох гэж байхад манай машины араас ямар нэг зүйл мөргөх дуу чимээ гараад машин гүйгээд 45-84 ХОА улсын дугаартай машины урд гараад зогссон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 228-229 хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 239 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл,
гэрч Ц.Чын өгсөн... ”...фургоны хажуу талын цонхоор нөгөө зогсож байсан Ковш харагдах агшинд тооромз гишгэх чахарсан дуу гарахаар нь эргээд хартал ачааны цэнхэр машин зам дээр чигээрээ явж байгаа харагдах агшинд мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-н 241-242 хуудас/,
хохирогч Р.Бийн 2018 оны 10 сарын 08-ны өдөр өгсөн “...Харин зам дээр цэнхэр өнгийн ачааны машин харагдсан. Уг машин мөргөх үед хөдөлгөөнд чигээрээ замын гол цагаан зураасан дээгүүр явж байсан. Харин тухайн ачааны цэнхэр өнгийн машин ямар нэгэн гэрэл дохио өгөөгүй явж байсан. Ер нь 400 м зайтай байхад машин харагдаж эхэлсэн. Тэгээд явсаар байгаад урд явж байсан ачааны цэнхэр өнгийн машины араас очиж мөргөсөн. ...намайг харахад мөргөлдөх үед бол ачааны машин чигээрээ хөдөлгөөн хийж байсан... Уг цэнхэр өнгийн автомашин мөргөж осол болох агшинд замын голд буюу замын гол цагаан зураасан дээгүүр чигээрээ явж байсан. Уг нь бол тухайн үед манай жолооч ямар нэгэн арга хэмжээ авах боломж хангалттай байсан. Би тухайн үед осол болохнээ гэж бодоод жолоочийг сандраачихна гэж бодоод юу ч дуугараагүй... Ер нь бол бүгд унтах шинжтэй явж байсан. Тухайн үед их халуун өдөр байсан. Миний бодлоор нэг их хараад байсан хүн байхгүй. Бүгд унтаж байсан. Харин харсан гэвэл машины хамгийн ар талын суудал дээр сууж явсан О гэдэг эмэгтэй сэрүүн унтаагүй явж байсан. Бусад нь бүгд хараагүй байж харсан мэтээр худлаа мэдүүлэг өгсөн байна лээ... Ачааны цэнхэр өнгийн автомашины зүүн талын гишгүүр дээр хүн зогсож байхыг нь би хараагүй. Яагаад гэвэл уг ачааны автомашин чигээр явж байхад эгц ардаас нь мөргөж байгаа болохоор харагдах ч боломж байхгүй... миний сууж явсан машины жолооч Ж.И нь уг осол болгохгүйгээр зогсоох бүрэн боломжтой, зогсоох арга хэмжээ аваагүй, мөн замын хажуу тал руу буух, тойроод гарах боломжтой байсныг жолоочийн авхаалж самбаа гаргаж чадаагүй... Иймээс И осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан учраас буруутай. ” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 33-38 дахь хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэргээр жолооч Л.Л нь хөдөлгөөн эхлүүлээгүй, хөдөлгөөнд оролцож явсан гэж үзэхээр байна.
2.Нэгдүгээр хавтаст хэргийн 08 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, 12 дугаар хуудсанд авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 18 дугаар хуудсанд авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээс харахад 93-47 ГАА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийн тормосны эхлэл нь усны хоолойны дээр байрлах түмбэ буюу замын хашлаганы харалдаа, ковш маркийн механизм зогсож байсан газраас 3,7 метр орчим зайнаас зүүн хойд дугуй нь 17,9 метр, баруун хойд дугуй нь 16,9 метр явсан байдаг. Замын хашлага буюу түмбэ хоорондын зай нь хэмжилт хийгдээгүй, тодорхойгүй бөгөөд шинжээчийн 88 дугаартай дүгнэлтэд зааснаар Л.Лг замын хөдөлгөөн эхлүүлсэн гэж үзвэл Л.Л нь зам чөлөөлөлгүй зам дээр, замын хашлаганы хажууд зогсож байсан гэж үзэхээр байгаа. Ийм нөхцөлд шинжээчийн 88 тоот дүгнэлтийн хариулт 1-д заасан жолооч Л.Л нь саадыг тойрон гарах үйлдэл хийж байсан гэдэг нь үгүйсгэгдэнэ.
Учир нь Л.Лг хөдөлгөөн эхлүүлсэн гэж үзвэл урд нь ямар нэгэн саад болох зүйл байгаагүй ба эсрэг урсгалд орох ямар ч шаардлага байхгүй байсан, 45-84 ХОА улсын дугаартай /самосвал/ тээврийн хэрэгсэл нь 20 гаруй метрийн зайд замаа чөлөөлөөд зогсож байсан болох нь 18 дугаар хуудсанд авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурганд 1 тоогоор тэмдэглэгдсэн 45-84 ХОА автомашин зогсож байсан газраас А цэгээр тэмдэглэгдсэн 93-47 ГАА автомашин 45-82 ХОА Донгфенг маркийн автомашиныг мөргөсөн газар хүртэл 10,30 метр, А цэгээс 8 тоогоор тэмдэглэгдсэн ковш зогсож байсан газар хүртэл 21,60 метр, нийт зай нь 31,90 метр байгаа. Үүнээс Донгфенг маркийн 45-82 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрийнх нь урт 6,4 метр /үүнийг хэмжилт хийж тогтоогоогүй/ болон ковшийн урд зогсож байсан хоорондын зайг хасаж тооцвол 20 гаруй метрийн зайд 45-84 ХОА автомашин зогсож байсан болох нь нотлогдож байгаа ба шинжээчийн 88 тоот дүгнэлтийн хариулт 3-н 2 дахь зурганд заасан хөдөлгөөн хийх шаардлагагүй байсан гэж үзэхээр байна. Мөн анх хэргийн газарт хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч болон бусад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Л.Лгийн жолоодож явсан гэх тээврийн хэрэгслийн зогсож байсан гэх газар болон хаанаас хөдөлгөөнөө эхлүүлсэн болох нь тодорхойгүй, дугуйны ул мөр байдаггүй ба прокурор болон шинжээчийн хувьд юуг үндэслэж Л.Лг хөдөлгөөн эхлүүлсэн гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байгаа. Уг осол болсон гэх газарт фургон автомашины шил хагарч унасан ул мөр нь усны хоолойн хажууд байгаа ба энэ нь жолооч Л.Лг замын хөдөлгөөнд оролцож явсан болохыг нотлох бүрэн боломжтой.
3.Жолооч Ж.Иын жолоодож явсан 93-47 ГАА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зарим гэрч нарын мэдүүлгээр фургон автомашин ковшийн хажуугаар өнгөрөх үед гэнэт хажуугаас нь ачааны автомашин гарч ирээд түүнийг мөргөсөн гэдэг ба шинжээчийн дүгнэлтүүд ч гэсэн Л.Лг замын хөдөлгөөн эхлүүлэхдээ бусдын хөдөлгөөнд саад учруулсан гэж буруутгадаг.
Хавтаст хэрэгт цугларсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг нотлох баримтуудаас харахад жолооч Ж.И нь ойролцоогоор 16-17 метрийн зайд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байдаг ба энэ богино хугацаанд Л.Л нь замын хөдөлгөөн эхлүүлээд, эсрэг урсгалд ороод, тээврийн хэрэгслийн эгц хойноос нь ирж мөргөх бололцоотой байршилтай болох ямар ч үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, тухайн үед 82-60 УБ улсын дугаартай ковш нь ус зайлуулах хоолойн дээр байрлах замын хашлаганд тулаад нэг дугуй нь зам дээр нөгөө дугуй нь замын хөвөөн дээр зам чөлөөлсөн байдалтай зогссон байдаг ба 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Лг ковшийн урд талаас хөдөлгөөнөө эхлүүлсэн гэж үзвэл ус зайлуулах хоолойн дээр байрлах хашлаганы харалдаа зам чөлөөлөлгүй асфальтан зам дээр зогсож байгаад хөдөлгөөнөө эхлүүлсэн гэж үзэхээр байгаа ба зогсож байсан гэх 45-84 ХОА улсын дугаартай /самосвал/ тээврийн хэрэгсэл нь 20 гаруй метрийн зайд замаа чөлөөлөөд зогсож байсан байдаг. Энэ тохиолдолд жолооч Л.Л нь жолооч Ж.Иын хөдөлгөөнд саад учруулах үйлдэл хийх шаардлагагүй, урд нь ямар нэгэн саад болох зүйл байгаагүй учир саадыг тойрон гарах үйлдэл хийгээгүй гэсэн үг ба хэргийн бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.
Харин жолооч Л.Л нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын хажууд зогсож байсан ковшийг зөрж өнгөрөх үед жолооч Ж.И нь араас нь ирж мөргөсөн болох нь хэргийн бодит байдалд нийцэхээр байгаа юм.
4.Тухайн зам тээврийн осол болох үед Ховд АЗЗА ТӨХК-ийн ажилчдын ажил үүргийн хуваариар буюу ажлын дарааллын хувьд эхлээд 4584 ХОА улсын дугаартай самосвал маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бямбадорж шонгийн нүх ухаад дараагийн км-н заалт дээр очихоор түрүүлж явдаг бөгөөд дараа нь 8260 УБ улсын дугаартай ковшийн жолооч Л.Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшнээс км-н заалт тогтоох шонг өргөж буулган нүхэнд нь байрлуулаад дараагийн ажлын байр луугаа явдаг ба шонг бэхэлж суулгах, замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах ажлыг Л.Л, С.Г, Ч.Б нар хийж гүйцэтгээд хамгийн сүүлд дараагийн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулахаар замын хөдөлгөөнд оролцож явдаг болох нь Ховд АЗЗА ТӨХК-ийн ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлгүүд болон иргэний хариуцагчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн №14-т 4582 ХОА улсын дугаартай автомашиныг хойд талаас нь харуулсан байдалд уг автомашины тэвшин дээр 2 ширхэг цемэнтэн шон байгаа нь Л.Лг самосвал, ковш хоёрын дундаас замын хөдөлгөөн эхлүүлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм.
5.Давж заалдах шатны шүүхээс гэрч С.Б, С.М, Ц.П, яллагдагч Ж.И нарын мэдүүлгээр Л.Лг өөрийн компаний 2 тээврийн хэрэгслийн дундаас хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзсэн ба гэрч С.Б нь фургон автомашины дунд талын суудлын урагшаа харсан суудалд Энхбаярын хамт, С.М нь хамгийн арын суудалд Э.Оын хамт сууж явсан байдаг. Хохирогч Р.Бийн 2018 оны 10 сарын 08-ны өдөр өгсөн ”...Ер нь бол бүгд унтах шинжтэй явж байсан. Тухайн үед их халуун өдөр байсан. Миний бодлоор нэг их хараад байсан хүн байхгүй. Бүгд унтаж байсан. Харин харсан гэвэл машины хамгийн ар талын суудал дээр сууж явсан О гэдэг эмэгтэй сэрүүн унтаагүй явж байсан. Бусад нь бүгд хараагүй байж харсан мэтээр худлаа мэдүүлэг өгсөн байна лээ...” гэсэн мэдүүлгээр дээрх 2 гэрчийн мэдүүлэг үгүйсгэгддэг. Мөн гэрч Ц.Пын мэдүүлэг нь зөрүүтэй, ойлгомжгүй байдлаар хэрэгт авагдсан байдаг. Яллагдагч Ж.Иын мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй ба мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадахгүй байгаа юм.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байхад шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 16.800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Р.Б гаргасан гомдолдоо: “2017 оны 06 сарын 29-нд Ховд аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр албаны ажилтай явж байгаад жолооч нарын буруу үйлдлээс болж үхлийн гэмтэл авсан нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон. АЗЗА ТӨХК-ийн ажлын зохион байгуулалт муу, хууль хэрэгжүүлээгүй, хариуцлага алдагдсан буруугаас энэ авто тээврийн осол болж, миний бие үхлийн гэмтлээр гэмтэж, ихээхэн хохирч, 3 жил 7 сар хэвтрийн дэглэмтэй эмчлүүлж байгаа юм. Эмчилгээний зардал, бие махбодийн өвчин шаналгаа, хохирлыг туулахад зарцуулагдсан зардлыг бага боловч нөхүүлэхийг хүсч байна.
1.Монгол Улс, Улаанбаатар хот, Гэмтэл согог судлал, Мөнгөн гүүр эмнэлэгт 2017 оны 06 сараас 2018 оны 11 сар хүртэл эмчлүүлсэн эмчилгээ, эм, тарилга, эмнэлэгт ирж боолт хийлгэх, ирж, очих унааны зардал.
2.БНХАУ-д 2018 оны 8 дугаар сар, Монгол Улсад эмчлүүлсэн эмчилгээ, эм, тарилгын зардал.
3.БНХАУ-ын Хөх хот, Улаанбаатар хот, Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн эм, тарилга, ирж, очих унааны зардал.
4. БНХАУ-ын Хөх хот, 8 сарын 04-ны өдрөөс 31-нд 2 хүн өвчтөн миний биеийг асарч, буудалд амьдарсан зардал: 28 хоног, 2240 юан, 2240x379 төгрөг = 848.960 төгрөг.
БНХАУ-ын Хөх хотод 2018 оны 11 сарын 14-нээс 28-ныг дуустал намайг эхнэр, хүү 2 асарч, буудлын зардал: 14 хоног буудалд: 14 хоног х 80 юан = 1120 юан, 1120 юан х 380 төгрөг = 425.600 төгрөг,
Эмчилгээ, хагалгаа, эм, тарилга, боолт, асаргаа, замын зардал: Монгол улс, ГСС-ын төвд 2 удаа, Мөнгөн гүүр эмнэлэгт 2 удаа, БНХАУ-ын Хөх хотын ясны эмнэлэгт 2 удаа тус тус эмчлүүлж, Монголд 4 удаа, БНХАУ-д 2 удаа хүнд хагалгаанд орж, эмчлүүлсэн.
Монголоос БНХАУ, БНХАУ-аас Монгол улсад 2 удаа ирж, очих зардал, Говь-Алтай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Говь-Алтайд ирж очих, Улаанбаатарт ГСС төв, Мөнгөн гүүр эмнэлэгт 350 өдөр боолт хийлгэсэн эмчилгээ, боолтын материалын унааны зардал. Бүх зардал 124.501.826 төгрөгийн баримтыг анхан шатны шүүхэд өгсөн.
2019 оноос нэмэгдсэн зардал 17,0 сая төгрөг. Осол гаргасан хуулийн эдгээд тодорхой байхад хуулийн хүрээнд шийдэгдэх нь үнэнд нийцнэ. Эдийн засгаар ихээхэн хохирч, бие махбодь насны тахир дутуу боллоо. Энэ их хохирол, зовлон зүдүүр, өвчин шаналал, хөрөнгө мөнгө санхүүгийн алдагдал, өрийг нөхөж арилгуулахыг Монгол Улсын шүүх, хуулийн байгууллага, шүүгч нартаа хандсан боловч, анхан болон давж заалдах шатны шүүхээр хагас дутуу шийдэгдэж байгаа нь хууль, хяналтын байгуулагад итгэх итгэлийг алдагдуулж байна. Монголын Улсын Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй, амьд байхын тулд эмчлүүлсэн, эмчилгээний зардал бүрэн шийдэж өгнө үү. Миний явуулсан гомдлыг аваагүй үндэслэлгүйгээр буцаасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оруулаагүй, магадлал өгөхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд зөвхөн эмчилгээний зардал нийт 141.501.826 төгрөгийг бүрэн шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан гаргасан гомдолдоо: “2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр уг осол болж, үүнээс хохирогч Р.Б нь амь насанд аюултай хүнд гэмтсэн, одоо ч хөл дээрээ босоогүй байгаа юм. Энэ хэргийг Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Л.Лг гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн.
Уг шийтгэх тогтоолд хохирогчид учирсан эмчилгээний зардлаас ямар зардлыг нь хассан нь тодорхойгүй байсан тул хохирогчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан байгаа. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч бид Говь-Алтай аймагт амьдардаг хүмүүс, тухайн үед давж заалдах гомдлоо Ховд аймаг явсан хүнээр шүүхэд явуулсан боловч хүлээн аваагүй байсан. Дараа нь Ховд аймгийн мэйл хаягаар нь явуулсан юм. Бидний гомдлыг шүүх нь ямар үндэслэлээр хүлээж аваагүй байгаа талаар шүүгчийн захирамж бидний хаягаар ирэх байх гэж хүлээж байсан. Шүүхээс албан ёсоор гомдлыг буцааж өгөөгүй юм. Хохирогч талыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг авъя, өгөөч гэхэд одоо болтол өгөөгүй, хохирогч бидний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул гомдол гаргаж байна.
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолд хохирлын баримтаар ямар ямар баримтыг нь үнэлэх боломжгүй гэж үзсэн талаараа тодорхой заалгүйгээр үндэслэлгүйгээр хохирлыг багасгасан тул хохирогчийн хохирлыг бүрэн хангуулж өгнө үү.
Ховд аймгийн давж заалдах шатны шүүх нь хохирогчийн давж заалдсан гомдлыг үндэслэлгүйгээр үүднээсээ буцааж, мэйлээр явуулсан гомдолд нь хариу өгөөгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаандаа оролцуулахгүйгээр шийдвэрлэн, давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалаа өдий хүртэл өгөхгүйгээр хохирогч бидний эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа тул уг гомдлыг гаргаж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх гаргасан гомдолдоо: “Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гомдол гаргаж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй. Ингэснээрээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдал бий болсон.
Хохирогч Р.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...осол болохоос өмнө машинуудыг харсан. Яг шар өнгийн ковш байхыг анзаараагүй. Харин зам дээр цэнхэр өнгийн ачааны машин харагдсан. Уг машин мөргөх үед хөдөлгөөнд чигээрээ замын гол цагаан зураасан дээгүүр явж байсан. Ер нь 400 м зайтай байхад машин харагдаж эхэлсэн. Тэгээд явсаар байгаад урд явж байсан ачааны цэнхэр өнгийн машины араас очиж мөргөсөн. Мөргөх үед 70 км/цаг хурдтай явж байсан. Би машин дотор явж байхдаа анх машин зогсож байхыг харсан. Тэгээд тэр хооронд ийш тийшээ харж байгаад урагш гэнэт хартал 50 орчим метр зайнд уг ачааны машин эгц урагшаа замын зорчих хэсэгт чигээрээ явж байсан. Яах ийхийн зуургүй ачааны автомашины араас тэвшний зүүн хойд хэсгийн ар талаас нь миний сууж явсан авто машины баруун урд хэсгээр очиж мөргөсөн. Намайг харахад мөргөлдөх үед ачааны машин чигээрээ хөдөлгөөн хийж байсан. Харин машин харчихаад ийш тийш харах хооронд ачааны машин ямар хөдөлгөөн хийж байгааг хараагүй. Би осол болох нь гэж бодоод жолооч сандарна гээд юу ч дуугараагүй. Уг нь тухайн үед жолооч ямар нэгэн арга хэмжээ авах боломж хангалттай байсан. Миний сууж явсан машины жолооч И нь тоормос гишгэсэн. Дахиад гишгээгүй шууд очоод мөргөсөн. Ер нь дахиад гишгэсэн бол мөргөхгүй зогсох боломжтой, мөргөсөн ч гэсэн ийм хүчтэй очиж мөргөхгүй байсан. И тухайн үед км, цагаа тохируулаад тойроод гарах боломж байсан. Түүнийг жолооч И авхаалж гаргаж ашиглаж чадаагүй шууд очоод мөргөсөн. Би тэгээд ийм жолоочтой хол замд явж байдаг гэж харамсдаг...” гэжээ.
Мөн гэрч Ч.Б “...ковшийн хажуугаар зөрж өнгөрөх дохио өгөөд зогсох гэж байхад манай машины араас ямар нэг мөргөх дуу чимээ гараад машин гүйгээд 45-84 ХОА улсын дугаартай машины урд гараад зогссон...” гэх мэдүүлэг /2-р хавтас хуудас 228, 229/, гэрч Ц.П “...Хөдөлгөөнд оролцож ковш ачигчийг зөрж зам руу орж байхад араас нь фургон машин мөргөчихсөн юмаа, ...миний жолоодож явсан ковшийн хажуу талаар миний урд талд зогсох гээд замын голын цагаан зурвасыг давах алданд нөгөө ирж байсан фургон ирж мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /2-р хавтас хуудас 223, 224, 239, 240/, гэрч С.Г: ”...4584 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 174 дүгээр километрийн заалтад ирж зогссон байсан. 4582 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл уг нь араас нь ирээд 4584 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ковш хоёрын хажууд ирж зогсох ёстой юм. Гэтэл Ковшийг зөрж өнгөрч явахад араас нь фургон машин мөргөх үед л 4584 ХОА улсын дугаартай машин урд гарч зогссон юм, осол болоход машин зогсоогүй машин чигээрээ хөдөлгөөнд оролцоод явж байсан, гэтэл араас нь гэнэт машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтас, хуудас 221,222,237,238/, гэрч Ц.Чын “...эргээд хартал ачааны цэнхэр машин зам дээр чигээрээ явж байгаа харагдах агшинд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 241, 242/.
Шинжээчийн олон дүгнэлтүүд гарсан. Ингэхдээ хоорондоо зөрүүтэй, мөн эрх үүргээ ойлгож дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэх байдлаар ач холбогдол багатай дүгнэлтүүд гарсан. Миний өөрийн үнэлэлт дүгнэлтээр бол яг хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлэгт илүү ач холбогдол өгч зөрүүг арилгах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг ажиллагааг маш хангалтгүй хийсэн. Гэрчүүд мэдүүлгээсээ буцаж зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Манай компанийн “Ажлын дарааллаар эхлээд 4584 ХОА улсын дугаартай самосвал, Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн машин дараа нь 8260 УБ улсын дугаартай Ковш буюу авто ачигч зогсдог. Ийм байрлалаар зогсож байж Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн машин дээр ачсан бетон шонг самосвалын арын порчиггүй ил хэсгээр нь ковшоор өргөж авдаг.
Тухайн үед Лгийн тээврийн хэрэгсэл нь 4584 ХОА улсын дугаартай Самосвал, 8260 УБ улсын дугаартай Ковш хоёрын дундаас хөдлөөгүй, (шонгоо суулгаагүй байсан тул хөдлөх ч шаардлага байхгүй) 173 дахь км-ээс хөдөлж 1 км яваад 174 дэх км-т зам чөлөөлөөд зогсож байсан 8260 УБ дугаартай Ковшийг тойрон гарч 4584 ХОА улсын дугаартай Самосвал, 8260 УБ улсын дугаартай Ковш хоёрын дунд зогсохоор хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад 9347 ГАА улсын дугаартай УАЗ фургон маркийн машин хойноос нь мөргөсөн, Л хөдөлгөөн эхлээгүй, замын хөдөлгөөнд оролцож явж байсан тул буруугүй гэж маргадаг. Гэрч, хохирогч нарын анхны мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр фургоны жолооч И нь Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн машины араас очиж мөргөсөн гэдгийг хэлсэн байдаг, хохирогч болох Батмөнх /жолоочийн хажуу суудалд сууж явсан/ Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн машин хойно байсан, түүний урьд 2 машин байсан гэдгийг гэрчилсээр байхад прокурор фургон машины жолооч Иын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүх шийдвэр гаргахдаа гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь яаж үнэлж байгаа эсвэл яаж үгүйсгэж байгаагаа тодорхой заагаагүй, дурдах байдлаар үндэслэлдээ зааж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Эргэлзээтэй нөхцөл байдлуудыг /гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд/ нэг мөр шалгаж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хангалттай нотлоогүй.
Дээрхи нөхцөл байдал байхад хэргийг шийдэж, манай байгууллагаас олон сая төгрөгийн хохирол гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд гэмт хэргийг хэн үйлдэв гэдгийг тогтоож байж дараа нь хохирол хэн төлөх, аюулгүй ажиллагааны журам хэрхэн яаж зөрчигдсөн гээд асуудлууд гарч ирнэ гэж ойлгож байна. Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм МNS 4596 : 2014 стандартын 4.2.22-т “1.21 «Засварын ажил» тэмдгийг замын зорчих хэсэг, хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийж буй хэсгийн өмнө байрлуулна. Түүнчлэн явган хүний зам буюу унадаг дугуйн зам дээр хийж буй ажил нь явган зорчигч буюу унадаг дугуйчдыг зорчих хэсэг рүү зайлшгүй орох, түүгээр явахад хүргэж байгаа бол 1.21 тэмдгийг мөн тухайн хэсгийн өмнө байрлуулна.” гэж заасан. Гэтэл тухайн үед замын зорчих хэсэг, хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийгдээгүй суулгах гэж байсан шон нь замын хөвөөнөөс цааш 2 метр зайд тусгай призм /шороон далан өмнө хийгдсэн байсан/ дээр хийгддэг. Шонгоо ч суулгаж эхлээгүй шон болон ажил хийж байна гэсэн тэмдэг ачсан машин ирээд ажлын талбарын ойролцоо зогсох үед энэ осол аваар болсон. Уг ажлын онцлог нь нэг байрандаа удаан хугацаанд хийгдэхгүй, км тутамд 20-30 минут үргэлжилж ажлаа хийж дуусгаад дараагийн шон суулгах газар луу шилжин явах байдлаар үргэлжилдэг. Зам дээр болон замын хажууд ажил хийж байсан нэг ч хүн байхгүй, бүгд машин дотроо сууж байсан гэдгийг бүх гэрч нар нотолдог. Замын хөдөлгөөнд оролцож байсан автомашинуудын хувьд ердийн овор хэмжээтэй жижиг оврын машинууд тул замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тусгай тэмдэг тэмдэглэгээ, дохио хэрэглэх шаардлагагүй. Ийм байсаар байтал “ажил хийж байна” гэсэн тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Авто замын мэргэжлийн инженер, бодлого журам боловсруулдаг газраас нь мэргэжилтэн оролцуулан дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг энэхүү хэрэг шалгагдаж байгаа бүх шатанд гаргаж ирсэн боловч авч хэлэлцэхгүй өдийг хүрсэн.
Шүүгдэгч Л нь хэдийгээр манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй ч хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч аль аль нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах үүргийг хүлээдэг. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ховд АЗЗА” ТӨХК нь хөдөлмөрийн аюулгуй байдал эрүүл ахуйн асуудлаар дүрэм, журам гарсан, сургалт хийсэн, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай, ажилтнуудад зааварчилгааг тогтмол өгдөг зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн...” гэх, мөн хэдийгээр Л нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, өөрөөр хэлбэл эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь шууд холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулдгаараа онцлог учир өөрөө хариуцлага хүлээх үндэслэл болж байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ. Манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролд хохирогчийн үйлдвэрийн осол гэж өөрийн ажиллаж байсан байгууллага болох Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас нөхөн төлбөр гаргуулсан, хохирол мөн адил давхар тооцогдсон байгаа.
Иргэний хариуцагч Б.Батсүх миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлт гаргасан оролцогчид мэдэгдэнэ гэсний дагуу Б.Батсүх надад мэдэгдээгүйн дээр манай өмгөөлөгчийг ч оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дима хэлсэн саналдаа: “Хэргийн байдлаас харахад хохирогч үйлдвэрийн осолд өртсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар үйлдвэрийн осолд орсон эсэхийг тодруулахаар хэргийг прокурорт буцаасан байдаг. Хэргийн газарт байсан 4 машины жолооч, фургонд сууж явсан нийт 9 хүн байсан. Тэд эхлээд хэргийн талаар тодорхой мэдүүлдэг боловч сүүлдээ мэдүүлэг нь зөрсөн. Магадлалд гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй, шийдвэрийн үндэслэл нь тодорхой бус байгаа юм. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал хэлсэн саналдаа: “Дима өмгөөлөгчтэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүх н.Батсүхэд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг хэлэлцсэн. Шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй гарсан” гэв.
Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Тухайн үйл баримт нь үйлдвэрлэлийн осол байсан гэдгийг шинжээч нар дүгнэсэн. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Бид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үйлдвэрлэлийн осол эсэхийг шалгах явцад шүүгдэгч Л.Лг зам тээврийн осол гаргасан хэрэгт давхар шалгаж байсан. Нэг үйл баримтад холбогдуулан хоёр өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Зам тээврийн осолтой холбоотой дүгнэлт хэлэхэд замын хөвөө хэсэгт гурван автомашин дараалаад зогсож байсан, түүний дундаас нэг том оврын автомашин гарч ирсэн. Тухайн автомашин 6.4 метр урттай бөгөөд замын нэгдүгээр эгнээ рүү ороод тэгшрээд зогссон байхад араас нь фургон машин мөргөсөн. Тэгэхээр ийм урттай автомашин, ажил үйлчилгээ явуулж байхад маш хурдтай эгцэрч зогсох боломжгүй. Шинжээч нарын дүгнэлтээр Л.Лг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж буруутгасан боловч шүүх заавал шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах ёсгүй.
Прокуророос хэргийг буруу зүйлчилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Л.Лг цагаатгаж, хэргийг прокурорт буцаах саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Лд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Л.Л нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт “Ховд АЗЗА” ТӨХК-ийн эзэмшлийн 4582 ХОА улсын дугаартай “Донгфенг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 21.8-д “...Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Р.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Оролцогчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд Ховд аймгийн Прокурорын газраас Л.Лд холбогдох хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/60 дугаартай яллах дүгнэлт /2хх-127/, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/60А дугаартай яллах дүгнэлтээр /3хх-53/ тус тус шүүхэд шилжүүлснийг Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр прокурорт буцаасан, харин 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/63 дугаартай яллах дүгнэлтээр /4хх-146/ шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан тул анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, жолооч Л.Л, Ж.И болон “Ховд АЗЗА” ТӨХК нь зам тээврийн осол гарахад гэм буруутай эсэх талаар Ховд аймгийн Замын цагдаагийн тасгийн замын байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Түвшинбаярын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-82/, цагдаагийн ахмад Б.Ганбаатар, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат, цагдаагийн дэслэгч Б.Бямбадорж нарын 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт /1хх-86/, Замын цагдаагийн албаны Техник замын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батбаяр, цагдаагийн хошууч Ж.Энхбат, цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн, цагдаагийн хошууч Б.Балжинням, цагдаагийн ахмад Х.Одбаяр нарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан 459 дугаартай шинжилгээний дүгнэлт, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, цагдаагийн хурандаа Ч.Ганбат, багш, цагдаагийн хошууч Д.Нямдорж, багш, цагдаагийн ахмад Т.Анхбаяр нарын 9 хүний гаргасан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагджээ.
Түүнээс гадна “…174 км-ийн шон солих ажлын үед ажил хийж байгааг анхааруулсан тэмдэг, тэмдэглээ тавиагүй нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 сарын 09-ний өдрийн 216 дугаар тушаалаар батлагдсан техникийн шаардлага норм ба дүрмийн 9.4.10 дугаар кодтой ажлын “Ажлын дараалал” хэсэгт “Ажил хийж байгааг анхааруулсан тэмдэг, эсвэл хаалтыг зохих шаардлагын дагуу байрлуулах, хөдөлгөөнийг хязгаарлах” гэснийг зөрчсөн… “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Сургалт зохион байгуулалт 4969:2000 стандартын 4.9-т зааснаар “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.” гэж зааснаар км-ийн шон суулгах ажлын явцад талбайн даамал Л.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлыг газар дээр нь хариуцах үүргийг хүлээсэн” тухай Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Хишигтийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-142/ хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Л.Лгийн хувьд 45-82 XOA улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 болон 21.8 заалтыг зөрчиж, ажилтан С.Г уг автомашины жолооч талын хаалганы гишгүүр дээр хажуугийн толийг халхалсан байдалтай зогсож байхад, араас ойртон ирж явсан 93-47 ГАА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхгүйгээр замын зорчих хэсэг рүү нэвтэрснээс зам тээврийн осол гаргасан гэм буруутай болохыг тогтоож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.
Зам тээврийн осол болох үед замын зорчих хэсгийн дагуу км-ийн заалт бүхий шон суулгах ажил гүйцэтгэж байсан “Ховд АЗЗА” ТӨХК-ийн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь шүүгдэгч Л.Лгийн гэм бурууг үгүйсгэх, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх прокуророос Л.Лд 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг болгон өөрчилж, Л.Лг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 16.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэм хорын хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шинжлэн судалж, үнэлэх замаар иргэний хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-иас 79.703.049 төгрөг гаргуулан хохирогч Р.Бөд, 1.881.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад тус тус олгуулж, хохирогч Р.Бийн гаргасан нэхэмжлэлээс 50.059.209 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.Б нь цаашид гарах гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тэргүүн ээлжинд арилгах үүрэг бүхий этгээдийг хуульчлан заасан тул шүүгдэгч Л.Лгийн жолоодож явсан 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, мөн түүнд ажил олгогч “Ховд АЗЗА” ТӨХК-ийг тухайн зам тээврийн ослоос учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч, иргэний хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй зөрчил гаргасан байх боловч энэхүү зөрчил нь шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргаж, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд сөргөөр нөлөөлөөгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнээс гадна хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, улмаар хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх нарын шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах тухай болон хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын хохирол бүрэн гаргуулах агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Батсүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ