| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2016/0896/З |
| Дугаар | 299 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 299
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б би, Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээс Ц.О-т холбогдох хэсгийг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2016/15-30 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/281 дүгээр захирамжийн иргэн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ч.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ч.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлд холбогдох “Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээс Ц.О-д холбогдох хэсгийг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2016/15-30 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/281 дүгээр захирамжийн иргэн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Д-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Ч.Д нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Ч.Д нь “Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээс Ц.О-д холбогдох хэсгийг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2016/15-30 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/281 дүгээр захирамжийн иргэн Ц.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.Б