Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2015/0886/З |
Дугаар | 221/МА2019/0344 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0344
2019 оны 06 сарын 19 өдөр Дугаар 221/МА2019/0344 Улаанбаатар хот
“Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ш.М, гуравдагч этгээд “Х...” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “Х...” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлын дагуу “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.Уд холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийн “Ө...” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “Х...” ТББ-ын гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Х...” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 20110 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 90 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/ хэсгийг хүчингүй болгуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18 оны өдрийн “Х...” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/ хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус тодорхойлсон байдаг ба 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох /39114 м.кв газар олгосон/-ийг давхцаж буй хэмжээгээр гэж тодруулсан ба гуравдагч этгээд “Х...” ТББ-ын зүгээс давхцаж буй хэсгийн хэмжээ, ямар байршилд давхцаж буйг асуухад мэдэхгүй гэж хариулсан ба шүүх шийдвэртээ маргаан бүхий газар нь гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын хэмжээтэй ямар хэмжээгээр давхацсаныг шүүх тодорхойлох боломжгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан хуулийн шаардлагын хүрээнд биелэгдэх бололцоогүй, Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаар тогтоолоор дээрх захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын байршил, давхцлын хэмжээг хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүйгээр тогтоолгох талаар дүгнэсэн ба анхан шатны шүүх маргаан бүхий газрын давхцлын хэмжээг тодорхойлох боломжгүй гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “Х...” ТББ-ын нийт 39114 м.кв газраас ямар хэмжээгээр, аль хэсгээр нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй газар гэдгийг мэдэх боломжгүй, хэрэгжих бололцоогүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан нь хууль бус юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн газрын зөрчил маргаан, кадастрын зураг хариуцсан мэргэжилтэн гэрч Б.У нь “Ө...” ХХК-ийн эргэлтийн цэгийг тогтоох боломжгүй, хувийн компанийн үйлдсэн кадастрын зургийг үнэн зөв гэж үзэх боломжгүй. 2005 оноос хойш кадастрын мэдээллийн сан үүссэн ба тэдгээрийг үндэслэн кадастрын мэдээллийн санд шивж оруулдаг, газрын албанд хадгалагдан байдаг гэж хариулт өгсөн нь нэхэмжлэгч нь анхнаасаа эргэлтийн цэг байхгүйгээр хууль бусаар газар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргаж өгсөн гэх тойм зураг ямар масштабтай зураглагдсан нь тодорхой бус тул талбайн хэмжээ болон газрын байршлыг бодитоор тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргасан атал шүүх шийдвэртээ энэхүү баримтаар маргаан бүхий газар бусдын эзэмшил газартай давхцалтай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 01/715 дугаар албан бичгийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй талаар дурдсан нь эргэлзээтэй төдийгүй хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон атлаа 2011 онд гэрчилгээгээ сунгуулах үед эрх зөрчигдсөн талаар мэдэх боломжтой талаарх үйл байдлын хувьд шүүх дүгнээгүй орхигдуулсан ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу гэрээ байгуулсны дараа гэрчилгээ авдаг хуулийн зохицуулалтыг шүүх нэхэмжлэгчид ашигтай байдлаар гэрчилгээ авсны дараа гэрээ байгуулсан байхаар урвуу хамаарлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч 2006 онд газар эзэмшсэн атлаа маргаан бүхий газар дээр аливаа байдлаар үйл ажиллагаа явуулаагүй 9 жил өнгөрсөн байдлаа нэхэмжлэгч нь 2015 онд эрх зөрчигдсөн байдлаа мэдсэн гэх нэхэмжлэл болон тайлбараараа нотолсон ба энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь цуцлах үндэслэл болж байгаа, шүүх дүгнэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээ эзэмших хугацаа 5 жил байхад зөвхөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу захиргааны актаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “... газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах ...” гэж заасны дагуу газар эзэмшигч үүрэгтэй байхаар заасан атал зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Ө...” ХХК-ийн хооронд байгуулсан гэх хамтран ажиллах гэрээний хувьд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3.5 га газарт барилга барих тухай заасан байдаг ба маргаан бүхий газар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг учир байршлын хувьд зөрүүтэй, гэрээг талууд хэзээ хийсэн нь тодорхойгүй, гэрээний гол зүйл болох барилга нь хэдэн давхар байшин, ямар стандартын дагуу барих талаар тусгагдаагүй, талууд гэрээгээ хэрэгжүүлээгүй атал шүүхээс нэг газар гэж үзсэн нь ойлгомжгүй.
Гуравдагч этгээд “Х...” ТББ-аас гаргасан хоёр бие даасан шаардлагын тухайд шүүх үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэлийн хүрээнд дээд шатны шүүхээр дахин хянуулахыг хүсэж байна.
Иймд давж заалдах гомдолд тусгагдсан үндэслэлүүдийг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэж, 128/ШШ20119/0226 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Манай нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг нь “Ө...” ХХК-д 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 тоот захирамжаар олгогдсон 3.5 га газартай давхцуулж олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 тоот захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага байсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргасан нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй”-г тусгажээ. Иймд дурдсан эрхийн дагуу нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 тоот захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж байгааг үүгээр уламжилж байна. Хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ө...” ХХК-аас “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, гуравдагч этгээд “Х...” ТББ-аас “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х... ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргажээ.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийн “Ө...” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр тус тус хүчингүй болгож” шийдвэрлэснийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Х...” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон гуравдагч этгээд Д.Угийн өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаан товлон зарласан.
Үүний дараа 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 тоот захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийг “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 тоот захирамжийн иргэн Д.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.У-г /түүний өмгөөлөгч Ш.А-ын/ давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагад холбогдох хэргийг хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгчийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Ө...” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих” зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч “Ө...” ХХК-д 2006 онд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6.-д заасан “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”-г тусгасан газар эзэмших гэрээ байгуулаагүй учир бодитоор газар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс мөн энэ үндэслэлийг зааж газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргасан байдаг.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар “Ө...” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон байна.
Нэхэмжлэгчид анх Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасны дагуу эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн”-өөс бусад газарт хамаарч байгаа гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид эзэмшүүлж байжээ.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн орчны төлөвлөлт зэрэгт ямар зориулалтаар, хэрхэн эзэмшүүлэхээр тусгагдсан, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байгаа эсэх, түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Иймд нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгуулахаар шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Гуравдагч этгээд “Х...” ТББ-ын “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагуудын тухайд:
“Ө...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамжаар “Х...” ТББ-д цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар 39114 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр “Ө...” ХХК-д газар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл сэргэсэн байжээ.
Нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн захирамжийн дагуу /шүүхийн шийдвэрээр дээрх захирамжийн үйлчлэл сэргэснээр/ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасны дагуу “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” нь дүүргийн газрын албаны эрх хэмжээ байх бөгөөд төрийн захиргааны байгууллага дээрх эрх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхцуулан газар эзэмшүүлсэн байна.
Гуравдагч этгээд “Х...” ТББ-д 2016 онд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж төрийн байгууллагад эзэмшүүлсэн газрыг хуульд заасан журмыг зөрчиж шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
5. Маргаж буй орчны газар нь Туул голын ойролцоо ногоон байгууламж бүхий газар болох нь хэрэгт авагдсан үзлэгийн баримтаар тогтоогдож байна. Тиймээс уг орчны төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, уг газарт ямар зориулалтаар газар эзэмшүүлж болох зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зэрэг ямар журмаар газар эзэмшүүлэхийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхийн тулд тухайн газрыг ямар зориулалт, журмын дагуу эзэмшүүлэх боломжтой талаарх дээрх үндэслэлүүдийг захиргааны байгууллага шалгасны үндсэн дээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсэг, гуравдагч этгээд “Х...” ТББ-ын бие даасан шаардлагын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дээрх шийдвэрийг мэдсэн үеэс шүүхэд хандан маргаж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийн “Ө...” ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
“2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”,
“3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээд “Х...” ТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”,
“4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн “Ө...” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “Х...” ТББ-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус нэмж өөрчлөн,
2 дахь заалтыг “5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын орлогод урьдчилан нэхэмжлэгч “Ө...” ХХК-аас төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд “Х...” ТББ-аас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас 140400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт олгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд “Х...” ТББ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-т заасныг баримтлан Д.У-г давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд “Х...” ТББ-аас төлсөн 70200 төгрөг, Д.У-ийн өмгөөлөгч Ш.А-аас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ