Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч ДБ- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-гийн Б-д холбогдох эрүүгийн 1910000840033 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ДБ- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод өөрийн эхнэр буюу хохирогч Б.Б-ийг хардсаны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ДБ- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүнээ зодсон нь үнэн гэв.

 

            Мөн хавтаст хэргээс:

            Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Батцэцэгийн гэрт байхад нөхөр Б- согтуу орж ирсэн. Намайг “хоёулаа явж, усанд орьё” гэхээр нь “халуун усанд согтуу хүн оруулахгүй” гэхэд “чи ямар согтуу хүнтэй усанд орсон юм бэ” гээд хэрүүл эхэлсэн. Тэгснээ намайг элдвээр хэлээд байхаар нь “чи муу гөлөг” гэхэд миний дух руу цохиод унагаасан. Би босоод “чи намайг цохидог хэн бэ” гэхэд миний үснээс зулгаагаад бие рүү цохиод байсан. Би арай гэж босоод газар байсан шалны мод аваад Б-гийн бие рүү цохьсон. Б- миний үснээс зулгааж, газар унагаагаад толгой, чих рүү өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан  гэмтлийг  Б-  намайг зодож учруулсан. Надад  гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг/хх-ийн 8-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №836 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед тархи доргилт, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чих, баруун шанаа, баруун бугалга, бүсэлхийн нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 57-61-р хуудас/,

Шүүгдэгч ДБ- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарах өдөр хадам ах Баярцогт бид хоёр 1 шил 0.5 грамм нэг шил архи авч хувааж уусан. Би Баярцогт ахын гэрээс гараад охины гэр болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод очиход охин, манай эхнэр хоёр байсан. Би эхнэр Б-д “хоёулаа хамт усанд орьё” гэхэд “согтуу хүн усанд оруулдаггүй юм байна лээ” гэхээр нь “чи хэнтэй усанд орсон юм” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргасан. Тэр үед миний уур хүрээд нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон, мөн гуя руу нь бас хэд хэдэн удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Д.Цэдэндамбын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46, 48-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 294 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 54-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ДБ-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ДБ- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоотод өөрийн эхнэр буюу хохирогч Б.Б-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн … Б- надад “хоёулаа явж, усанд орьё” гэхээр нь “халуун усанд согтуу хүн оруулахгүй” гэхэд “чи ямар согтуу хүнтэй усанд орсон юм бэ” гээд хэрүүл эхэлсэн. Тэгснээ намайг элдвээр хэлээд байхаар нь “чи муу гөлөг” гэхэд миний дух руу цохиод унагаасан. Би босоод “чи намайг цохидог хэн бэ” гэхэд миний үснээс зулгаагаад бие рүү цохиод байсан. Би арай гэж босоод газар байсан шалны мод аваад Б-гийн бие рүү цохьсон. Б- миний үснээс зулгааж, газар унагаагаад толгой, чих рүү өшиглөсөн…гэх мэдүүлэг/хх-ийн 8-14-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №836 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед тархи доргилт, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чих, баруун шанаа, баруун бугалга, бүсэлхийн нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 57-61-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч ДБ-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ДБ-, хохирогч Б.Б- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан хууль ёсны гэр бүл болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “эхнэр, нөхөр” энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болохыг тодорхойлсон ба гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө болон бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

           Шүүгдэгч ДБ- нь эхнэр хохирогч Б.Б- хардсаны улмаас зодож биед нь “тархи доргилт, зүүн чих, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чих, баруун шанаа, баруун бугалга, бүсэлхийн нурууны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч ДБ-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Улсын яллагчаас шүүгдэгч ДБ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ДБ- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Б.Б- нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 13-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ДБ-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ДБ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ДБ-гаас улсын яллагчийн санал гаргасан 600.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч ДБ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Арвинтэмүүлэл” ХХК-нд жолоочоор ажилладаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ДБ-гийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоов.

 

Шүүгдэгч ДБ- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.