Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00089

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00089

 

2024 01 08 210/МА2024/00089

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03900 дугаар шийдвэртэй,

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн -захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн - тогтоолоор Х Э- ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 12 сарын 02-ны өдрийн - мэдэгдлээр дүгнэлтийг танилцуулсан. Тус дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Учир нь Улаанбаатар хотын 1-р бүс буюу үйлдвэрийн бүсийн төв хэсэгт байх 8800.42 м.кв талбайтай үйлдвэрийн болон 22,406 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг хэт бага м.кв талбайтай үл хөдлөх болон газартай харьцуулж, зах зээлийн үнээс доогуур үнэлж, эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасанд нийцэхгүй байна.

Иймд С- ХХК-ийн өмчлөлийн -үйлдвэрийн зориулалттай, хэвлэх цехийн барилга, - зуурмагийн цех, хайрга дамжуулах галерей, - арматурын цехийн барилга, задгай талбай, -үйлдвэрийн зориулалттай талбай, конторын барилгын 1, 2-р давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга, үйлдвэрлэлийн 22,406 м.кв талбайтай газрыг 15,902,455,250 төгрөгөөр, мөн -7.5 га газарт байрлах чулуун карьерийн үйлдвэрийн барилга, 52,090 м.кв талбайтай газрыг 2,200,252,860 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч С- ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч С- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар С- ХХК-ийн өмчлөлийн -үйлдвэрийн зориулалттай, хэвлэх цехийн барилга, - зуурмагийн цех, хайрга дамжуулах галерей, - арматурын цехийн барилга, задгай талбай, -үйлдвэрийн талбай, конторын барилгын 1, 2-р давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга, үйлдвэрлэлийн 22,406 м.кв талбайтай газрыг 15,902,455,250 төгрөгөөр, мөн -7.5 га газарт байрлах чулуун карьерийн үйлдвэрийн барилга, 52,090 м.кв талбайтай газрыг 2,200,252,860 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шинжилгээний тухай /2009 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ... Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай ... төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна..." гэж заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.2-т ... Энэ хуулийн 9.1- д заасан ажиллагааг явуулсаны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна..." гэж заасан шаардлагыг хангаснаар шинжээч, үнэлгээчин нь мөн хуулийн *.... 14 дүгээр зүлйини 14.1 дэх хэсгийн ...шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана..." гэсэн үүрэгтэй юм. Мөн хуулийн /2010 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ...хараат бус байх", 4.1.3-т "... шударга байх..", 4.1.4-т ...хууль тогтоомжид нийцсэн байх...", улмаар 4.4-т .. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно..." гэж заасныг шүүх баримтлалгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "... хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэсэн байх...", мен 9 дүгээр зүйлийн 9.2-т үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна гэж заагаад 9.2.3-т ... хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх...", 9.3 дэх хэсгийн 9.3.8- д "... хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг ..." заавал тусгасан байх хуулийн заалтууд ноцтой зөрчигдсөн.

4.3. Хөрөнгийн үнэлгээчний гаргасан шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд бүрэн нийцсэн, хуулиар тогтоосон шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой атал шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт нь хуульд нийцсэн эсэхэд хэт нэг талыг баримтлан, нотлох баримтанд тулгуурлаагүй үнэлэлт дүгнэлт хийсэн. Үнэлж буй эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлохоор үнэлэгдэж буй хөрөнгөд үзлэг хийсэн өдөр нь 2021 оны 11 сарын 25 болохыг тайлангийн 4-р талд тусгасан. Гэвч шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 25-ны тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн гэх боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон үзлэгийн өдөр нь цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. энэ нь дараах байдлаар нотлогдож байна.

1. Мөн үнэлгээ хийхдээ ОУҮС 2011-2021 /Ерөнхий стандартууд/ ОУҮС-230 /Үл хөдлөх өмч/, ОУҮС-310 /Үл хөдлөх өмчийн зээлийн барьцааны зориулалттай үнэлгээ/ зэрэг материалуудыг ашиглан үнэлгээ хийсэн талаар хөрөнгийн үнэлгээний тайлангийн 12-р хуудсанд дурдаж өгсөн. ОУҮС 2011-2021/Ерөнхий стандартууд/ оны стандартууд нь хүчингүй болсон ба дүгнэлт гаргах өдрийн байдлаар 2020 онд батлагдсан "ОУҮС 2020" үнэлгээний стандартыг мөрдөж байсан нь баримтаар тогтоогдож байгаа ба хүчингүй болсон стандартуудыг ашиглан үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны / хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т нийцэхгүй байна.

2. Үнэлгээний тайланд хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн талаар тайлангийн 12-р талд тодорхойлсон ч зах зээлийн хандлагын үнэлгээ хийгээгүй байна. Энэхүү арга нь "ОУУС 2020"-д зааснаар тухайн хөрөнгийг үнийн мэдээлэл хангалттай олдох ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогтоодог арга юм. Гэтэл үнэлж буй хөрөнгүүдтэй ижил төстэй хөрөнгөтэй харьцуулсан үнэлгээ байдаггүй. Мөн орлуулах хөрөнгөтэй мөн адил харьцуулсан талаарх үнэлсэн үнэлгээ тайланд тусгагдаагүй байна. Энэ нь зах зээлийн үнэлгээ хийгээгүй үйлдэл нь үнэлгээ хийхдээ өртгийн, жишгийн үнийн, орлогыг аргуудыг хослуулан хийнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Өндрийн итгэлцүүрийг тогтоох, биет элэгдлийн үнэлгээг тогтоох эрх зүйн үндэслэл нь Сангийн сайдын 182 тогтоолын дагуу тооцож үнэлгээ хийсэн талаар тайлангийн 15, 16 талд дурдсан. Гэтэл Монгол Улсын хууль эрх зүйн албан ёсны цахим хаяг болох legalinfo.mn-д дээрх нийтээр дагаж мөрдөх журам, сайдын тушаал шийдвэр байхгүй байна.

4. Газрын үнэлгээ буюу харьцуулах хөрөнгүүдийн ач холбогдлын хувийг 33 хувиар тооцсон талаар хөрөнгийн үнэлгээний тайлангийн 19-р хуудсанд дурдсан. Гэвч хэрхэн, ямар үндэслэлээр тооцож гаргасан талаар тусгах ёстой шаардлагыг хангаагүй нь хуулийн зохих зүйл заалттай нийцээгүй.

5. Орлогын хандлагын аргаар хийсэн үнэлгээнд үйлдвэрлэлийн зориулалттай объектын нэг сарын түрээсийн үнийг 9000 төгрөг тооцсонбыг тайлангийн 21-р хуудсанд тусгасан. Гэвч уг үнийг хэрхэн тооцсон, үнийг баримтлах баримтууд огт авагдаагүй нь хууль зөрчиж байна. Шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч дүгнэлт гаргасан байх бөгөөд бусад аргыг баримтлаагүй талаар тайлбарлаагүй нь тайлангийн 21-р хуудсанд тусгагдсан. Энэ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд 3 хандлагыг хослуулан хэрэглэхээр хуульчилсныг зөрчсөн.

4.4. Х Э- ХХК-ийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлантай танилцахад дараах зүйлүүд ойлгомжгүй, хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд:

1. Үнэлгээний зүйлийн тодорхойлолтод барилга байгууламжийг 2017 онд ашиглалтад орсон гэж тусгасан нь бодит байдалтай нийцээгүй. Уг барилгууд анх 1985 онд ашиглалтанд орсон ба тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасныг ноцтой зөрчсөн. Мөн барилгын талбайг 8800.42 м2 гэж тооцохдоо хуульд заасны дагуу талбайн барилгуудын талбайн хэмжээг, хэрхэн яаж, ямар үндэслэлээр тооцож гаргасан талаар тусгаж өгөөгүй нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн байна.

2. Хөрөнгийн үнэлгээг ОУУС 2011-2021/Ерөнхий стандартууд/ ОУУС-230/ болон техник мэдээллийн баримт бичгийг ашиглан хийсэн талаар тайлангийн 14-р хуудсанд тусгагдсан. Гэвч ОУУС2011-2021 /Ерөнхий стандартууд/ стандартууд хүчингүй болсон.

Дээрх дүгнэлт, тооцоог хийхдээ шинжээч эх сурвалжаа заагаагүйгээс гадна, гэрээ хэлэлцээр судалгаа тооцоо, мөн ямар эрх зүйн бичиг баримт, жишиг үнийг үндэслэл болгосон нь тодорхой бус, дүгнэлтэд тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03900 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал нэхэмжлэчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С- ХХК, хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00-шийдвэрээр хариуцагч С- ХХК-аас 2,431,901,507.94 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б-ХХК-д олгож, С- ХХК-ийн өмчлөлийн -3024 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс - 864 м.кв талбайтай зуурмагийн цехийн барилга, 300,8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс - дугаартай үйлдвэрийн зориулалттай 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв задгай талбай, -үйлдвэрийн зориулалттай 872 м.кв талбайтай конторын барилгын 1, 2 давхар, харуулын 3 ш байр, компрессорын барилга 144 м.кв, - үйлдвэрийн зориулалттай 508,62 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,- үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмшил газар, иргэн Х.Ч, Б.Ш, Ч.А нарын өмчлөлийн - хувийн сууцны зориулалттай, 347,2 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, Дархан карьер ХХК-ийн өмчлөлийн -7,5 га газарт байх чулууны карьер, үйлдвэрийн барилга, - 52,090 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газар, С- ХХК-ийн эзэмшлийн -46 гектар талбай, 5806А дугаартай лиценз,- үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх.134-137/

 

5. С- ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 сарын 19-ний өдөр үүсгэж, улмаар дээрх барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй байна.

 

6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиолцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 11/345 дугаартай тогтоолоор шинжээчээр Х Э- ХХК-ийг томилж, шинжээч нь 2021 оны 11 сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагчид ирүүлсэн байна.

Х Э- ХХК нь С- ХХК-ийн өмчлөлийн -үйлдвэрийн зориулалттай, хэвлэх цехийн барилга, 418/2-т байрлах зуурмагийн цех, хайрга дамжуулах галерей, - арматурын цехийн барилга, задгай талбай, -үйлдвэрийн талбай, конторын барилгын 1, 2 давхар, харуулын 3 ширхэг байр, компрессорын барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 22406 м.кв талбайтай газрыг хамтад нь 15,902,455,250 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч тус хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан аргуудыг хослуулан үнэлж, хамгийн өндрөөр үнэлэгдсэн буюу зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 15,902,455,250 төгрөг гэж үнэлжээ.

Мөн, шинжээч нь -7.5 га чулуун карьерийн газар, үйлдвэрийн барилга, 52,090 м.кв талбайтай газрыг хамтад нь 2,200,252,860 төгрөгөөр үнэлжээ. Уг үнэлгээг гаргахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан аргуудаас орлогын аргаар үнэлэхэд 876,553,110 төгрөг, өртгийн болон жишиг үнийн аргаар үнэлэхэд 2,200,252,860 төгрөг болсноос өндрөөр үнэлэгдсэн аргыг баримтлан 2,200,252,860 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. /1хх 67-91, 92-130/

 

7. Шинжээч нь дүгнэлтээ Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн гаргасан.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг ойролцоо байршил бүхий хөрөнгүүдтэй харьцуулан үнэлж, үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч талын ...шинжээч нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргыг хэрэглээгүй, хэт доогуур үнээр үнэ тогтоосон... гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хариуцагч тал 2021 оны 11 сарын 25-ны өдөр шинжээч томилсон байтал үнэлж буй эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор үнэлэгдэж буй хөрөнгөд мөн өдөр үзлэг хийсэн нь тайланд тусгагдаж, давхцсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, 2021 оны Үнэлгээний олон улсын стандартыг баримтлаагүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинжээч нь Дархан-Уул аймагт байрлах барьцаа хөрөнгөд шинжээч томилсон өдөр үзлэг хийсэнтэй холбоотой асуудлаар маргасан ба үзлэгийг огт хийгээгүй талаар маргаагүй. Хэргийн баримтаас үзэхэд үнэлэгдэж буй хөрөнгийн үнэлгээний шинж байдал, онцлогийг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан буюу шинжилгээний обьектод шинжээч биечлэн очиж үзлэг хийсэн нь Хөрөнгө үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасан шаардлагад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээний обьектод шинжээч биечлэн очиж үзлэг хийсэн үйл баримт нь хууль зүйн факт юм. Харин, хэзээ үзлэг хийсэн нь маргааны зүйлд төдийлөн ач холбогдол багатай үйл баримт гэж үзнэ.

Түүнчлэн, шинжээч Б.Б нь ...шинжээчийн дүгнэлт нь 2021 онд батлагдсан олон улсын стандартад нийцсэн... гэх мэдүүлгийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь олон улсын стандартыг баримтлаагүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ