Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овогт Д-гийн Б-, Алаг адуун овогт Д-гийн Ш- нарт холбогдох эрүүгийн 1810020880757 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,

 

2. Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Б.Б-ий эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд сууж, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр “Вива сити” хорооллын автобусны буудал дээр хүргүүлэхдээ Д.Ш- нь уг таксинд бөөлжсөний улмаас маргалдан хохирогч Б.Б-ийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Ш- бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн автобусны буудлаас Яармаг руу таксинд суугаад явж байтал Ш- таксинд бөөлжсөн. Би таксиныхаа мөнгийг өгчихөөд хариулт мөнгөө авах гэтэл таксины жолооч /Б-/ “бөөлжсөө цэвэрлэчихээд хариулт мөнгөө ав” гэхээр нь “юу гэсэн үг вэ, би бөөлжөөгүй” гэж хэлсэн. Намайг таксины жолоочтой /Б-/ маргалдахад Ш- мөн маргалдсан. Надад хариулт мөнгө өгөхгүй байхаар нь уур хүрээд Б-ий нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд таксинаас буугаад Вива сити руу алхсан. Гэтэл Ш- буцаж явна гээд буудал руу явчихсан. Харин би гэр рүүгээ явсан. Хэрэг гарсны маргааш нь Цагдаагийн байгууллагаас над руу залгаад “хүн зодсон байна” гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч Д.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

            Мөн хавтаст хэргээс:

            Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим 19-ийн автобусны буудлаас Яармаг руу явах хүн авсан. Машины урд суудалд Ц- эгч, хойд талын суудалд танихгүй хоёр залуу /Ш-, Б-/ суусан. Хөдлөөд явж байтал арай илүү согтолттой залуу /Ш-/ нь машин дотор пиво уугаад, цонхоор толгойгоо гаргаад бөөлжөөд байхаар нь “та болиоч ээ, машин завааруулчихлаа шүү дээ” гэж хэлэхэд агсам тавиад миний хэлснийг хүлээж аваагүй. Вива сити хорооллын автобусны буудал дээр ирж зогстол арай эрүүл байсан ах /Б-/ машинаас бууж, жолооч талын хаалга дээр ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Харин Ш- нь машин дотор миний араас татаад мөн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ машинаас бууж ирээд миний талын хаалганы цонхоор гараа оруулаад нүүр рүү дахин хэд хэдэн удаа цохисон. ...Би эмчилгээний зардал болох 1.300.000 төгрөгийг Ш-, Б- нараас авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,

            Гэрч Д.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой 19-ийн автобусны буудлаас таксинд суусан. Машины зүүн хаалганы хажууд сууж байсан хүн /Ш-/ цонхоор бөөлжөөд байхаар нь таксины жолооч /Б-/ “та наад хаалгаа онгойлгоод бөөлж” гэж хэлсэн. Тэгээд Вива ситигийн автобусны буудал дээр ирж зогссон. ...Нэг залуу /Б-/ нь буугаад жолоочийн хажууд очоод “наад мөнгөндөө хахаж үхээрэй” гээд нүүр хэсэг рүү нь нилээн хэдэн удаа цохисон.  Хойд суудал дээр сууж байсан залуу /Ш-/ нь жолоочийн /Б-/ араас цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10902 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ий биед хамрын ясны зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд өнгөц няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/

Шүүгдэгч Д.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа тараад Ш- бид хоёр ажлынхаа хоёр хүнтэй 2 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уусан. Ш- бид хоёр гэртээ харихаар 19-ийн автобусны буудлаас таксинд суугаад явж байхад Ш- цонхоор бөөлжтөл жолооч /Б-/ уурласан. Ш- бид хоёр Вива ситигийн автобусны буудал дээр ирэхэд 2000 төгрөг болсон байсан. Би 10.000 төгрөг өгөхөд жолооч /Б-/ миний хариултыг өгөхгүй “бөөлжсөн биз дээ” гээд маргалдаад байсан. Гэтэл машины арын суудалд сууж байсан Ш- баруун гараа атгаж байгаад Б-ий нүүр рүү нэг удаа цохисон. Би “мөнгөө авъя” гэхэд өгөхгүй байхаар нь Б-ий нүүр рүү хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34, 92-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ш- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа тараад Төмөрхуяг, Тулгаа /Б-/, Гомбо, бид дөрөв 2 литрийн савлагаатай 2 ширхэг пиво уучихаад Б- бид хоёр гэртээ харихаар 19-ийн автобусны буудлаас таксинд суусан.  Замд явж байхад миний дотор муухай болоод байхаар нь цонхоор бөөлжтөл жолооч /Б-/ нь уурласан. Вива ситигийн автобусны буудал дээр Б- бид хоёрыг буулгахад Б- жолоочид 10.000 төгрөг өгөхөд тэрээр хариултыг нь өгөхгүй маргалдаад байсан. Би машины цонхоор баруун гараа атгаж байгаад жолоочийн /Б-/ нүүр рүү нь нэг удаа цохисон. Гэтэл Б- хажуугаар ороод жолоочийн /Б-/ нүүр рүү нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 96-рхуудас/,

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, Монгол Улсын Боловсролын их сургуулийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 46-47-р хуудас/, “Яармаг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ш-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед хохирогч Б.Б-ий эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд сууж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Вива сити” хорооллын автобусны буудал дээр хүргүүлэхдээ Д.Ш- нь уг таксинд бөөлжсөний улмаас маргалдан хохирогч Б.Б-ий нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ий ...Ш- нь машин дотор пиво уугаад, цонхоор толгойгоо гаргаад бөөлжөөд байхаар нь “та болиоч ээ, машин завааруулчихлаа шүү дээ” гэж хэлэхэд агсам тавиад миний хэлснийг хүлээж аваагүй. Вива сити хорооллын автобусны буудал дээр ирж зогстол Б- машинаас бууж, жолоочийн талын хаалга дээр ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон. Харин Ш- нь машин дотор миний араас татаад мөн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ машинаас бууж ирээд миний талын хаалганы цонхоор гараа оруулаад нүүр орчим руу дахин хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,

           

Гэрч Д.Ц-ийн ...Машины зүүн хаалганы хажууд сууж байсан Ш- цонхоор бөөлжөөд байхаар нь Б- “та наад хаалгаа онгойлгоод бөөлж” гэж хэлсэн. Тэгээд Вива ситигийн автобусны буудал дээр ирж зогссон. ...Б- нь буугаад жолоочийн хажууд очоод “наад мөнгөндөө хахаж үхээрэй” гээд нүүр хэсэг рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Мөн Ш- Б-ий араас цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10902 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ий биед хамрын ясны зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд өнгөц няцарсан шарх, хамарт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь хохирогч Б.Б-ийг “машинд бөөлжлөө гэж хэллээ” гэж шалтаглан зодож биед нь “хамрын ясны зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд өнгөц няцарсан шарх, хамарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг нэг бус удаагийн үйлчлэлээр учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирогч Б.Б- нь “Д.Б-, Д.Ш- нараас хохиролд 1.300.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 51-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.