Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00027

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00027

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дугаар шийдвэртэй

С.М-ын нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4/19679 дугаар албан бичиг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд Ж ХХК-ийн зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэсэн шийдвэр цуцлахыг хариуцагчид даалгах, 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Т.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэгч Ч.У нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19280783/185 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргаж, миний эзэмшлийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны дэлгэрэнгүй мэдээлэл гаргуулан авах, мөн миний эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, битүүмжлэгдсэн данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоот дансанд тодорхой дүнгийн мөнгийг шилжүүлэх тухай заажээ.

1.1. Тус газраас миний өмчлөлийн Ү-220409**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 13374/98/2 дугаар байрны 02 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4/19679 тоот Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсаны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх байдлаар надад холбогдох ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй байхад хууль бус үндэслэлгүй тогтоол, тоот үйлдэн, миний хуулиар олгогдсон өмч хөрөнгө олж авах, түүнийгээ өөрийн үзэмжээр эзэмшиж, хадгалж, захиран зарцуулах эрхэд ямар ч шүүхийн шийдвэр, хуулийн үндэслэлгүй дур мэдэн халдаж, хууль бус хязгаарлалт тогтоон, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэн миний өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нт гомдол гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 34 хоногийн дараа гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн. Ийнхүү миний эрхэд үндэслэлгүй халдан, хууль бусаар хязгаарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэн, хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөсөн хариу ирүүлж, намайг үл тоомсорлон, санаатай хууль журмыг гажуудуулж байгаад гомдолтой байна.

1.2. Иймд миний өмчлөлийн Ү-220409**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, 13374/98/2 дугаар байрны 02 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4/19679 тоот, банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай мөн газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалж өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолоор Х-д байрших хадгаламжийн 500242****дугаарын данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ3/51 дугаар, 2019/ШЗ352 дугаар захирамжаар Ж ХХК-ийг 40,000,000 төгрөгөөр торгосон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгох шийтгэлийн хуудсыг баталгаажуулсан.

2.1. Дээрх захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19280782 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ж ХХК шүүгчийн захирамжид заагдсан Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, МНБС байрны ***2 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардахад биелүүлээгүй байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19280783/185 дугаар тогтоолоор тус компанийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангагдаагүй тул Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас бүртгэлтэй эсэх, Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын болон хайгуулан тусгай зөвшөөрөлтэй эсэх, 9 дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил, ашиглалтад газар бүртгэлтэй эсэхийг тодруулахад эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.

2.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын лавлагаагаар Ж ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч С.М тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг тус тус заасныг үндэслэн С.М-ын арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд хасалт хийсэн, мөн түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **/* дугаар байрны ** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ж ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0008645 дугаар шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0008645 дугаар шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгууль, нийт 40,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ52 тоот албадан гүйцэтгэх захирамж, 42, 43 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаад иргэн С.М-ын шүүхэд гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй тул Ж ХХК-д холбогдох 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51 дугаар, 2019/ШЗЗ/52 дугаар албадан гүйцэтгэх захирамж, 42, 43 дугаар гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохыг Нт даалгаж өгнө үү.

...мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Улаанбаатар хотын банкны 2611160914 тоот дансанд торгуулийн төлбөр гэж шилжүүлсэн баримт ирсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цуцлагдахтай холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг гаргуулж, буцаан олгож өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ3/51, 2019/ШЗ352 дугаар захирамжаар Ж ХХК-ийг 40,000,000 төгрөгөөр торгосон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгох шийтгэлийн хуудсыг баталгаажуулж захирамжилсан.

Төлбөр төлөгч Ж ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.М-ын данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4,250,000 төгрөг, Ж ХХК-ийн данснаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, нийт 7,490,000 төгрөг дансны хасалтаар, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөгийг Ж ХХК-ийн захирал С.М Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд өөрийн хүсэлтээр тушаасан нийт төлөх торгуулын 40,000,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт гурван өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөрийн мөнгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн данс руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл бий болсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах шатандаа явж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн хүчин төгөлдөр явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 35,750,000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжсэн тул дээрх мөнгөн төлбөрийг буцаан авах талаараа төлбөр авагч талд хандах нь зүйтэй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн хариуцагч Н-т холбогдох орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн 500242****дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Н-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ/52 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжуудын дагуу явуулсан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32,510,000 төгрөгийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, 32,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээд Ж ХХК-д олгож, 3,240,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид С.М аас төлсөн 153,150 төгрөг /70,200 + 82,950/, гуравдагч этгээдээс төлсөн 336,700 төгрөг /70,200 + 266,500/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ/52 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжуудын дагуу явуулсан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 32,510,000 төгрөгийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, 32,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Ж ХХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

6.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж ХХК-ийн өмчлөл, эзэмшилд төлбөрийн үнийн дүнд хүрэлцэхүйц эд хөрөнгө тогтоодоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай холбогдох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Ж ХХК-ийн нэр дээр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөгүй, газрын мэдээллийн санд өмчлөл, эзэмшил, ашиглалтын газар бүртгэлгүй, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгөгүй зэрэг нь төлбөр төлөгчийн тайлбар, газар зохион байгуулалтын албад, арилжааны банкуудаас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эззмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. гэж заасан мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, мөн хуулийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэжээ.

6.2 Төлбөр төлөгч Ж ХХК нь 2015 онд байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжпэгч С.М бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллээр тогтоогдож, нэхэмжлэгч С.М компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан болохыг баримтаар нотлоогүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой баримтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.М-ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал давж заалдах гомдолдоо С.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж бичсэн байсан. Сая арай өөрөөр тайлбарлачих шиг боллоо. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Ж ХХК-ийг 2018 онд 2 удаагийн шийтгэх хуудсаар 40,000,000 төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн тул С.М шүүхэд гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, данс битүүмжилсэн учраас дансыг сэргээх боломжгүй байсан гэж ярьж байна. Шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа битгий явуулаарай гэж захирамж очсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, дансыг сэргээх ёстой байсан.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэгт заасан гүтгэх зөрчил нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан энэ үүргээ биелүүлээгүй. Данс битүүмжлэгдсэн байхад манайх ажилчдын цалинг дансаараа оруулсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг, нийт 35,750,000 төгрөг манай данс руу орсныг татаад авчихсан. Тухайн зөрчил 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсон тул хуулийг буцаан хэрэглэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш орсон буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орсон 32,510,000 төгрөгийг хууль бусаар татаж, буцааж авсан. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байхад 32,510,000 төгрөгийг татаж авсан байсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хууль бусаар үндэслэлгүйгээр татаж авсан 32,510,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Н-т холбогдуулан орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4/19679 дугаар албан бичиг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгө, харилцах дансны захиран зарцуулах эрхийг нээсэн, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөгийг буцаан олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна.

Харин гуравдагч этгээд Ж ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэсэн шийдвэр цуцлахыг хариуцагчид даалгах, 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/Ш33/51 дугаартай шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0008645 дугаар шийтгэлийн хуудсаар Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг, мөн өдрийн 2019/Ш33/52 дугаартай шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0008647 дугаар шийтгэлийн хуудсаар Ж ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг тус тус баталгаажуулжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 93 дугаар зүйлд заасантай тус тус нийцжээ.

5. Хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг, нийт 35,750,000 төгрөгийг гуравдагч этгээд Ж ХХК-аар төлүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээд Ж ХХК нь зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг хариуцагчид даалгаж, 35,750,000 төгрөг буцаан гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна. Хэргийн баримтаас үзэхэд дээрх 35,750,000 төгрөгийг Ж ХХК-ийн данснаас суутган төлбөр авагч болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсонтой холбоотойгоор хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар дуусгавар болгох ёстой байсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй юм.

Иймд гуравдагч этгээд Ж ХХК-ийн зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг хариуцагчид даалгаж, 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н-т холбогдох зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг хариуцагчид даалгах, 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд Жамух интернйшнл ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтад ...үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Ж ХХК-д олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.БЯМБАСҮРЭН