Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00033

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00033

 

 

 Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03569 дугаар шийдвэртэй

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Б.Г-д холбогдох

132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх уралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь барилгын хөөсөнцөр материалын бизнес эрхэлдэг.

1.1. Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Б.Г-д 200,000,000 орчим төгрөгийн бараа худалдсан ба уг бараа материалын үнийн дүнд Тоёота Прадо 150 маркийн автомашиныг 110,000,000 төгрөг, Тоёота Кроун маркийн автомашиныг 55,000,000 төгрөг, Тоёота Приус 30 маркийн автомашиныг 14,000,000 төгрөг, Ниссан Фуга автомашиныг 20,000,000 төгрөгөөр тус тус тооцож авсан. Уг авсан Тоёота Прадо 150 маркийн автомашиныг 110,000,000 төгрөгөөр тооцож авсан ба уг машиныг зарахад ханш нь 88,000,000 төгрөг болсон, машин бүтэн будганд орсон байсан тул Б.Г-д буцааж өгснийг Б.Г хүлээн зөвшөөрч бид 2022 оны 09 дүгээр сарын 14-нд нотариатаар орж тооцоо нийлж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болно.

1.2. Уг хэлцлээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд 88,000,000 төгрөг төлж барагдуулах, хэрэв хугацаандаа өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Б.Г хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тул үндсэн төлбөр 88,000,000 төгрөг, алданги 2023 оны 04 дүгээр сарын 04-ний байдлаар 62,040,000 төгрөг болж байгаа ч төлбөрийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцвол 44,000,000 төгрөг болно. Иймд нийт 132,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 06 дугаар сарын сүүлээр 200,000,000 орчим төгрөгийн бараа материалыг Б.Г-д худалдсан нь үндэслэлгүй.

2.1. Тухайн бараа материалыг Х ХХК худалдаж авсан ба Б.Г нь Б.Б болон Х ХХК-ийг хооронд нь холбож, зуучилж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол тухайн бараа материалыг Б.Гантулгын өмчлөлд шилжүүлэн хүлээлгэж өгснөө нотлох үүрэгтэй. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй учраас тухайн бараа материалын төлбөрийг хариуцагч Б.Гас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2.2. Хэрэв нэхэмжлэгч талаас энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй бол холбогдох байгууллага, албан тушаалтнаас шүүхийн журмаар гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэлд бараа материалын үнийн дүнд Тоёота Прадо 150 маркийн автомашиныг 110,000,000 төгрөг, Тоёота Кроун маркийн автомашиныг 55,000,000 төгрөг, Тоёота Приус 30 маркийн автомашиныг 14,000,000 төгрөг, Ниссан Фуга автомашиныг 20,000,000 төгрөгөөр тус тус тооцож авсан, төлбөрт тооцож авсан Тоёота Прадо 150 маркийн автомашин бүтэн будганд орсон тул Б.Гд буцааж өгсөн нь үндэслэлгүй. Учир нь Б.Г-д ямар нэгэн автомашин тээврийн хэрэгсэл байгаагүй.

2.3. Нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүд нь тухайн бараа материалыг худалдаж авсан Х ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг Б.Б мэдэж байгаа. Тоёота Прадо 150 маркийн автомашиныг Х ХХК-иас бараа материалын төлбөрт тооцож аваад, тээврийн хэрэгсэл бүтэн будганд орсон шалтгаанаар Х ХХК-д буцаан өгсөн. Б.Б болон Х ХХК-ийн хооронд үүссэн бараа материал худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн хариуцагч нь Х ХХК учраас нэхэмжлэгч компанид холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Б.Г-аас нэхэмжилсэн бараа материалыг Х ХХК худалдаж авсан юм.

3.1. Уг асуудал манай компанийн борлуулалтын менежер Б.Гд хамааралгүй, түүхий эдийг Б.Г худалдаж аваагүй. Манай компани бусдаас түүхий эд худалдаж авах ажиллагаанд борлуулалтын менежер Б.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн дагуу компанийн өмнөөс ажлаа хийсний төлөө түүнийг өр төлбөрт оруулж болохгүй гэж үзэж байна.

3.2. Х ХХК нь тухайн бараа материал, түүхий эдийн төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: Тоёота Прадо 150 маркийн автомашиныг 110,000,000 төгрөг, Тоёота Кроун маркийн автомашиныг 55,000,000 төгрөг, Тоёота Приус 30 маркийн автомашиныг 14,000,000 төгрөг, Ниссан Фуга маркийн автомашиныг 20,000,000 төгрөг, нийт 199,000,000 төгрөгөөр тооцон түүхий эдийн төлбөр тооцоог төлж дуусгавар болгосон. Гэтэл Б.Б нь түүхий эдийн төлбөрт тооцон авсан Тоёота Прадо 150 маркийн суудлын автомашин зарагдахгүй байгаа тул жижиг суудлын тээврийн хэрэгслээр сольж өгнө үү.

Тухайн тээврийн хэрэгслүүдийг бид өөрсдийн банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан худалдан борлуулах боломжтой гэсэн хүсэлт гаргаж Тоёота Прадо 150 маркийн автомашиныг манай компанид буцааж өгсөн. Уг автомашиныг 88,000,000 төгрөгөөр тооцон Х ХХК-д буцаан өгснийг компанийн орлогод бүртгэгдэж, санхүүгийн тайлан бүртгэлд тусгагдсан. Манай компани нь нэхэмжлэгч Б.Б-гээс худалдаж авсан түүхий эдийн үлдэгдэл төлбөр 88,000,000 төгрөгийн төлбөрийг түүний хүсэлтийн дагуу үнэ дүйцэх суудлын тээврийн хэрэгслээр төлж барагдуулах саналтай байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Б.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 466 дугаар зүйлийн 466.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Гас тооцоо нийлэх гэрээний үүрэгт 132,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 975,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Миний бие Б.Гтай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нотариатоор тооцоо нийлж төлбөр барагдуулах хэлцэл хийн Б.Г 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надад 88,000,000 төгрөг төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Энэ тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу Б.Гас 132,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд үнэхээр гомдолтой байна.

5.2. Б.Г надтай төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа энэ Х ХХК-ийн талаар дурдаагүй, өөрөө бараа материал худалдан авч байгаа гэж хэлсэн, бараа материалыг үйлдвэр дээр буулгахад энэ манай үйлдвэр гэж надад танилцуулж байсан. Гэтэл шүүхэд гэнэт өөр компанийн талаар ярьж байгаад гайхаж байна. Миний бие Х ХХК-ийг мэдэхгүй, компанитай наймаа хийгээгүй, Б.Г надаас авсан бараагаа хаашаа, хэнд нийлүүлэх нь надад хамаагүй учраас Б.Г-ыг хариуцагчаар татсан.

Иймд гомдлыг хүлээн авч Б.Г-аас 132,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Г нь Х ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай болох нь хэрэгт авагдсан /хх35, 119-125 дугаар тал/ Х ХХК-аас гаргаж өгсөн орлогын баримт, шаардах хуудас, ажилд томилсон захирлын тушаал зэрэг нотлох баримтаар нотлогддог.

6.1. Б.Г нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгчтэй тохиролцож 200,000,000 төгрөгийн бараа авсан, 200,000,000 төгрөгт тохируулаад компаниас бартерт ирсэн 4 ширхэг автомашиныг өгсөн. Компаниас автомашин авсан талаар маргаагүй хэрнээ компанид буцааж хүлээлгэж өгсөн машины үнийн дүнгийн талаар Б.Гтай маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

6.2. Х ХХК, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч тал болох Х ХХК эд хөрөнгийг хүлээн авсныгаа гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн буюу тухайн мөнгөн дүндээ тохирсон машиныг өгсөн, машиныг худалдагч тал хүлээн авсан нь орлогын баримт, бартерт машин авсан баримтуудаар нотлогдож байна. Иймд жинхэнэ хариуцагч нь Х ХХК болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тооцоо нийлэх гэрээ Б.Б , Б.Г нарын хооронд хийгдсэн ч Х ХХК-ийн бартерт өгсөн автомашинуудтай холбоотой үйл баримт тогтоогдсон учраас тооцоо нийлэх гэрээг Б.Г хуулийн дагуу Х ХХК-ийн өмнөөс хийж төлбөр барагдуулахаар тохиролцсон нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Г-д холбогдуулан 132,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2022 оны 06 дугаар сард хариуцагч Б.Гд 200,000,000 төгрөгийн бараа материал худалдаж, үнийн дүнд Тоёота Прадо, Тоёота Кровн, Тоёото Приус 30, Ниссэн Фуга маркийн 4 тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан, харин Тоёото Прадо 150 маркийн автомашиныг буцаан шилжүүлсэнтэй холбоотойгоор талууд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах хэлцэл-ийг бичгээр хийсэн гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба үндэслэлээ ...тухайн бараа материалыг Б.Г худалдаж аваагүй, Х ХХК худалдаж авсан... гэж тайлбарласан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч Б.Б , гуравдагч этгээд Х ХХК-ийн хооронд үүссэн зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

4. Нэхэмжлэгч бараа материалыг хариуцагчид худалдсан гэж, хариуцагч болон гуравдагч этгээд бараа материалыг гуравдагч этгээд худалдан авсан гэж тус тус зөрүүтэй тайлбарладаг.

4.1. Зохигчийн хооронд гэрээний үлдэгдэл төлбөр болох 88,000,000 төгрөгийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн байна. Уг хэлцлээр төлбөр төлөгч Б.Г нь үл маргах журмаар үлдэгдэл төлбөр 88,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ХХБ-ны 45804**** тоот Б.Б-ийн дансанд төлөх, төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-4/

4.2. Хариуцагч нь гуравдагч этгээд Х ХХК-д хангамжийн менежерээр ажилд томилсон тушаал, 199,424,000 төгрөгийн үнэ бүхий EPS түүхий эд худалдан авсан гэх орлогын баримт, шаардах хуудас хэрэгт авагджээ. /хх 119-122/ Орлогын баримт, шаардах хуудас нь Х ХХК-ийн үйлдсэн нэг талын баримт ба уг баримтад бараа материалыг хүлээлгэн өгсөн этгээд гарын үсэг зураагүй байх тул тухайн баримтаар нэхэмжлэгчийн худалдсан бараа материалыг гуравдагч этгээд худалдан авсныг нотлохгүй.

Нэхэмжлэгчийн худалдсан бараа материалыг гуравдагч этгээд худалдан авсан, хариуцагч нь тухайн компанид хангамжийн менежерээр ажилладаг тул бараа материалыг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн гэрээний харилцаа нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний үлдэгдэл төлбөр болох 88,000,000 төгрөгийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах хэлцэл зохигчийн хооронд хийгдсэн байгааг шүүх анхаараагүй байна.

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа бараа материалыг худалдаж авсан гэх агуулгаар тайлбар гаргаж байгаа ч зохигчийн хооронд тооцоо нийлж төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

5. Зохигч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг харьцуулан үзвэл зохигч талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бараа материал шилжүүлэн өгч, хариуцагч нь бараа материалын үнэд тооцож тээврийн хэрэгсэл шилжүүлэх үүрэг хүлээсэн буюу арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Арилжааны гэрээний үлдэгдэл төлбөр 88,000,000 төгрөг болох талаар талууд тооцоо нийлж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн ба уг хэлцлээр хариуцагч Б.Г нь 88,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Б.Гас үндсэн төлбөр 88,000,000 төгрөг, алданги 44,000,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-аас 132,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгосугай. гэж,

2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 817,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.БЯМБАСҮРЭН