| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0179/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашнямын М-т холбогдох эрүүгийн 1810025720069 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Энканто” хотхоны “Оргил” худалдааны төвд үйлчлүүлж байсан Д.Ц-ийн халааснаас “Mi max plass” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр найзынхаа төрсөн өдөрт уригдаад нэг шил архи уусан. Тэгээд Яармагт байдаг нэг найз нь ирээд машинтай гэрт нь очоод дахин нэг шил архи уусан. Би дэлгүүрээс архи авах гэж ороход хохирогчийн халаасанд гар утас нь харагдаж байсан тул авсан. Би тухайн үед согтуу байсан. Хохирогчид гар утсыг нь буцаан өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Мөн хавтаст хэргээс:
Хохирогч Д.Ц-ь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” барилгын “Оргил” худалдааны төвд үйлчлүүлж байхдаа өөрийн халааснаасаа “Mi max plass” маркийн гар утсаа алдсан. Би тэр даруй гар утсаа алдсанаа мэдээд “Оргил” худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 25-30 орчим насны харааны нүдний шилтэй эрэгтэй хүн /М-/ миний зүүн талын халааснаас авч байгаа бичлэг байсан. ...Би гар утсаа бүрэн бүтнээр нь буцаан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-р хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Mi Max” маркийн гар утас 340.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 28-29-р хуудас/,
Шүүгдэгч Д.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 18 цагийн үед ундаа, ус авахаар “Оргил” худалдааны төв рүү орсон. Кассны хажууд нэг эмэгтэй /Ц-ь/ зогсож байсан ба зүүн талын халааснаас нь утас цухуйж байхаар нь утсыг аваад гараад явсан. Гар утасны дэлгэц нь кодгүй, “Ми” загварын хар өнгийн ухаалаг гар утас байсан. Би гар утсыг өөрөө ашиглая, зарж борлуулж мөнгө ольё гэсэн зорилгоор хулгайлсан. Уг гар утсанд өөрийн 96650798 дугаарын сим картаа хийж ашиглаж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Чимэдцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, “Авралын хаан” ТББ-ын тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 478 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 59-60-р хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 349 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 62-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Энканто” хотхоны “Оргил” худалдааны төвд хохирогч Д.Ц-ийн халааснаас “Mi max plass” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Ц-ийн ...Би “Энканто” барилгын “Оргил” худалдааны төвд үйлчлүүлж байхдаа халааснаасаа “Мi max plass 5” маркийн гар утсаа алдсан. “Оргил” худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 25-30 орчим насны харааны нүдний шилтэй эрэгтэй хүн /М-/ миний зүүн талын халааснаас авч байгаа бичлэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Mi Max” маркийн гар утас 340.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 28-29-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.М- болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нараас гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ц-ь нь “...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийг 22-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ба эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр: хар өнгийн “Мi max” маркийн гар утас 1 ширхэгийг Д.Ц-ь өгсөн /ххийн 18-р хуудас/ болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Авралын хаан” ТББ-д жолоочоор ажилладаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо биет байдлаар төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.