Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 198

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч Д.Р-,

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД-0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б-ы Ж-д холбогдох эрүүгийн 1803010250054 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 56 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-н үйлчилгээний төвийн урд 10 дугаар байрны зүүн замд М.Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 43 настай Д.Р-, 3 настай П.Н- нарыг мөргөж, Д.Р-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Хохирогч Д.Р- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 25 минут өнгөрч байхад охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарч 19 дүгээр үйлчилгээний төвийн Юнителийн харалдаа хэсгээр зам хөндлөн гарсан. Тухайн үед эргэн тойрноо харахад 2 талаас машин байхгүй байсан. Би замын 80 хувийг туулж байтал нүдний буланд нэг юм гялбасан. Би “юу вэ” гэж бодоод охиноо тэвэрсэн. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Сэрээд охиныхоо биеийн бүх хэсгийг тэмтэрч үзэхэд манай охин зүгээр байсан. Харин би босч чадахгүй байсан. Ж- ирээд “яанаа эгчээ миний машины цонх цантчихсан болохоор та хоёрыг харсангүй” гэж хэлээд доороо дэвхцээд байхаар нь “чи цагдаа, түргэн дууд л даа” гэхэд “яанаа эгчээ миний машины цонх цантчихсан болохоор би та хоёрыг харсангүй гээд орилоод байсан. ...Би машинд мөргүүлчихсэн байсан болохоор машиных нь зургийг авч чадаагүй, хэрэг гарсан газар хяналтын камертай байх гэж бодсон. ТҮК-ийн цэвэрлэгч ах кардон цаас авчирч өгөөд “доороо дэвсэх үү” гэхээр нь “хэрэггүй, хүүхэд даарлаа” гээд намайг Ж-гийн машины арын суудалд суулгасан. Ж- машиныхаа паараа үлээлгээд цонхныхоо цанг арилгасан. Үүнийг манай охин гэрчилнэ. ... Осол гарсны дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч нь зургаа авахуулаад ир гэсэн. Эмч үзээд “тавхайн шивнүүрийн яс цуурсан байна” гээд өвчин намдаах тариа хийгээд гипстээд явуулсан. Миний хөл хөхрөөд, хавдаад байхаар нь эмнэлэг рүү очиход сувилагч “хөвөн тавилгүйгээр боосон байна, өвлийн гипс хөл хөхрүүлээд байдаг” юм гэж хэлсэн. Дүүргийнхээ эмчийн хяналтанд орохоор Ж-гийн нөхөртэй хамт очиход эмч “таны тавхай, шивнүүр яс хугарсан байна, хагалгаа хийлгэх заалттай” гэсэн. Мөнгөнгүүр  эмнэлэгт үзүүлэхэд “хагалгаа хийнэ” гэсэн. Би заавал Мөнгөнгүүр эмнэлэгт хагалгаанд орно гэж хэлээгүй. Ж- нөхөртэйгээ хамт ирээд “ялтас тавих хагалгаа нь сайн гэж байна, та энэ хагалгаанд орох уу” гэхээр нь “за” гэсэн. Би тухайн их бухимдалтай байсан. Зүгээр явж байсан хүн гэнэт хагалгаанд орж ясаа татуулаад, олон удаа өвчин мэдэрсэн. Би юм оёж 3 хүүхдээ тэжээдэг хөл минь ажил хийх гол хүчин зүйл юм. Би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Би хагалгааны дараа эмнэлэгт 7 хоноод гарахад Ж- хагалгааны төлбөр, ор хоногийн төлбөрийг төлсөн. Намайг эмнэлгээс гарахад эмч “та хатуу ултай гутал өмсөх хэрэгтэй” гэж зөвлөгөө өгсөн. Би эмчийн зааврын дагуу хагалгаанаас хойш 2 долоо хоногийн дараа алхаж эхэлсэн. Миний хөл хавдаад, халуу дүүгээд байхаар нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мөнгөнгүүр эмнэлэгт очиж үзүүлэхэд “та маргааш өглөө яаралтай хөлнийхөө зургийг авахуулаад, шинжилгээ өг, таны хөл үрэвссэн байна” гэсэн. Би маргааш нь хөлнийхөө зургийг авахуулаад шинжилгээ өгөхөд эмч “таны ялтас хугарсан байна, дахиад хагалгаанд орохгүй бол болохгүй” гэхээр нь “яагаад хугарсан юм бол” гэхэд “1 ялтас нь хугарсан байна” гэхээр нь “дахиад хагалгаанд орохгүй” гэхэд “та хагалгаанд орохгүй бол хугарсан ялтас нь таны шөрмөс, судас, махыг гэмтээж хөлөө тайруулах шаардлагатай болно” гэсэн. Иймээс би хөлгүй болохгүйн тул “хагалгаанд оръё” гэж хэлсэн. Би Ж-гийн утас руу байнга залгадаг байсан боловч утсаа аваагүй тэгэхээр нь нөхөрт нь хагалгаанд орох шаардлагатай болсон талаараа хэлсэн... Хагалгааны төлбөр 1.500.000 төгрөг, 8 хоногийн эмнэлгийн төлбөр 727.990 төгрөг, хагалгаанд орохоос өмнө хэрэглэсэн 4 төрлийн эмний зардал 257.000 төгрөг, зориулалтын гутал 185.000 төгрөг, бусад нь шарлагын багц, боолтын багц, физик эмчилгээ, эмчийн үзлэгийн төлбөр зэрэг нийт 3.056.490 төгрөг болсон. Би өчигдөр эмнэлэгт үзүүлэхэд “дахин үрэвсэж байна, өдөр болгон боолт хийлгэ” гэсэн. Иймээс цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Би Ж-гаас миний хөлийг эрүүл болгох зардлыг нэхэмжилнэ гэв.

          Шүүгдэгч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг 56 минутын үед охиноо цэцэрлэг рүү нь оруулчихаад ажил руугаа хөдөлсөн. Би 10 км/цагийн хурдтай туслах замаас гол зам руу орохдоо хоёр талаа харж байгаад хөдөлгөөнд орсон. Р- эгч охиноо хөтөлчихсөн миний машины урдуур гэнэт орж ирсэн. Би хохирогчийг хараад шууд тоормосоо гишгэсэн боловч мөргөсөн. Би түргэн тусламж дуудаж хохирогчийг эмнэлэг рүү хүргээд, шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлсэн. Эмнэлгээс гарсны дараа шивнүүр ясыг нь гипсдсэн боловч орой нь өвдөөд байна гэхээр нь хөвөн тавьж байгаад боосон. Гэтэл дахин хэд хоногийн дараа хохирогч “өвдөөд байна” гэхээр нь Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлэхэд эмч “хагалгаа хийх шаардлагатай” гээд 2 төрлийн хагалгааны санал тавьсан. Эхний хагалгаа нь “1.700.000 төгрөгийн үнэтэй, 2 ясыг нь хооронд нь шүрүүпээр холбоод эдгэснийх нь дараа шүрүүпийг нь тайлах”, 2 дахь хагалгаа нь “ялтас тавих хагалгаа бөгөөд хамгийн найдвартай хагалгаа” гэж хэлсэн. Хохирогч “би хамгийн сайныг нь, үнэтэй хагалгааг нь хийлгэнэ” гэхээр нь хамгийн сайн хагалгааг нь хийлгэж, хамгийн сайн гэсэн эмчилгээнүүдийг хийлгэсэн. Хагалгааны төлбөр нь 3.000.000 төгрөг болсон. Хохирогч хагалгаа хийлгэснээс хойш 7-8 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Гэтэл 1 сарын дараа хохирогч над руу залгаад “ялтсаа хугалчихлаа, би дахиж хагалгаанд орно, хөлгүй болох юм байна” гэж хэлсэн. Би өөрийн зүгээс хамгийн сайн хагалгаа, эмчилгээнүүдийг хохирогчид хийлгэж байсан. Хохирогч ялтсаа яагаад хугалсан гэдгийг мэдэхгүй байна. Хэрэв шаардлага гарвал эмчийг оролцуулж асуух боломжтой. Хохирогч дахин хийлгэсэн хагалгааны зардал нэхэмжилж байна. Би хохирогчид 3.600.000 гаруй төгрөг төлсөн. Үүнээс гадна хохирогч надаас оёдолчин, хүүхэд хардаг хүн, гэр цэцэрлэг хоёрын хооронд хүүхэд зөөх хүн, худалдагч зэргийн цалинг нэхэмжилсэн. Би хохирогчид нийт 4.200.000 гаруй төгрөг өгсөн байгаа. Хохирогчийн 2 дахь хагалгааны зардлыг төлөхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Д.Р- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 30 минутын үед охин Н-г цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй охиноо зүүн гартаа хөтлөөд зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй баруун гар тийш эргэж байсан автомашин нүдний буланд гэнэт гялбаад ороод ирсэн. Тэр үед би охиноо өөр рүүгээ татаж тэвэрсэн. Автомашин миний баруун хөл мөргөхөд автомашины жолооч зогссон байсан. Би хөл дээрээ босох гэтэл босож чадахгүй байсан. Би охиныхоо хөл гар болон гадна хэсгийг сайтар хартал ямар нэгэн ил харагдах гэмтэл харагдаагүй. Харин ослын улмаас миний баруун хөлийн тавхайн шивнүүр хоёр яс хугарсан, өсгийний ар тал цууралттай байсан. Би эмчилгээндээ 3.600.000 төгрөг зарцуулсан. Энэ бүх төлбөрийг жолооч өгч барагдуулсан. Би гомдолтой байна, хохирлоо нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Иргэний хариуцагч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Б.Ж- нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил руугаа явах замдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн урд замд хүүхдээ хөтлөөд зам гарч явсан хүнийг мөргөсөн байсан. Миний хувьд хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №303 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Р-гийн биед баруун тавхайн 2-3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг
хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Тоёота Приус” ... улсын дугаартай автомашины жолооч Б.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Дамдиндорж овогтой Р- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно; а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 63-64-р хуудас/,

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн №77125 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Т.Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг бага зэргийн зөрчилтэй хангаж байна.

2. Номерын гэрэл асахгүй эвдрэлтэй байна.

3. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

4. Шингэн дамжуулгатай, АВS системтэй.

5. Тоормос нь хэвийн ажиллагаатай. /хх-ийн 51-54-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 28-46-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “89-97” УНР улсын дугаарын автомашины өмчлөгч нь Мандалын Б- гэх /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ж- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 20 минутын орчим нөхөр М.Б-ын эзэмшлийн “Т.Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил руугаа хөдөлсөн. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлчилгээний төвийн урд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй ойролцоогоор 10 орчим км/цагийн хурдтайгаар туслах замаас төв зам руу дохиогоо өгч ертөнцийн зүгээр хойш, дараа нь урагш хараад хөдөлгөөнд саад учруулах зүйл байхгүй байсан. Би хөдөлгөөнөө үргэлжүүлээд дөнгөж эргэтэл хүүхдээ хөтөлсөн эмэгтэй /Р-/ гэнэт гарч ирэхээр нь тоормосоо гишгэсэн. Би автомашиныхаа урд хэсгээр Р-г мөргөсөн. Намайг автомашинаасаа буухад хүүхдээ зүүн гар талдаа тэвэрсэн эмэгтэй /Р-/ сууж байсан. Би түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирж хохирогчийн биеийн байдлыг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Ж- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 56 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-н үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч хохирогч Д.Р-г мөргөсний улмаас хохирогчийн биед “баруун тавхайн 2-3-р шивнүүрийн далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Р-гийн …Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 30 минутын үед охин Н-г цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн урд замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй охиноо зүүн гартаа хөтлөөд зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй баруун гар тийш эргэж байсан автомашин нүдний буланд гэнэт гялбаад ороод ирсэн. Тэр үед би охиноо өөр рүүгээ татаж тэвэрсэн. Автомашин миний баруун хөл мөргөхөд автомашины жолооч зогссон байсан. Би хөл дээрээ босох гэтэл босож чадахгүй байсан. Би охиныхоо хөл гар болон гадна хэсгийг сайтар хартал ямар нэгэн ил харагдах гэмтэл харагдаагүй. Харин ослын улмаас миний баруун хөлийн тавхайн шивнүүр хоёр яс хугарсан, өсгийний ар тал цууралттай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Иргэний хариуцагч М.Б-ын ...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Б.Ж- хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил руугаа явах замдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн урд замд хүүхдээ хөтлөөд зам гарч явсан хүнийг мөргөсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №303 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Р-гийн биед баруун тавхайн 2-3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг
хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Тоёота Приус” ... улсын дугаартай автомашины жолооч Б.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Дамдиндорж овогтой Р- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно; а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 63-64-р хуудас/,

 

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №77125 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Т.Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг бага зэргийн зөрчилтэй хангаж байна.

2. Номерын гэрэл асахгүй эвдрэлтэй байна.

3. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

4. Шингэн дамжуулгатай, АВS системтэй.

5. Тоормос нь хэвийн ажиллагаатай. /хх-ийн 51-54-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “89-97” УНР улсын дугаарын автомашины өмчлөгч нь Мандалын Б- гэх /хх-ийн 50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-г   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж хохирогч Д.Р-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Ж- болон түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, явган зорчигч хохирогч Д.Р-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

            Шүүгдэгч Б.Ж-гийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Мандал овогтой Б-ын эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 50-р хуудас/ тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Энэ хэргийн хохирогч Д.Р-д “баруун тавхайн 2-3-р шивнүүрийн далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-р хуудас/ тогтоогдсон байна.

 

            Мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Р-гийн эмчилгээ болон хагалгааны зардалд 4.292.140 төгрөгийг /хх-ийн 92-93-р хуудас/ шүүгдэгч Б.Ж- төлсөн байна.  

      

            Шүүгдэгч Б.Ж- “хохирогч Д.Р-гийн Мөнгөнгүүр эмнэлэгт 2 дахь удаа хагалгаанд орсон зардлыг төлөхгүй” гэж маргаж байгаа боловч хохирогч “Мөнгөнгүүр” эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин хагалгаанд орсон нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой тул хохирогч Д.Р-гийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулсан 3.056.490 төгрөгийг шүүгдэгч Б.Ж- хариуцан төлөх үүрэгтэй. Иймд шүүгдэгч Б.Ж-гаас 3.056.490 төгрөг гаргуулж хохирогч Д.Р-д олгохоор шийдвэрлэв.

         Хохирогч Д.Р- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болно.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ж-г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч Б.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж-гийн орлого олох боломж болон хохирогчид учирсан хохирол төлөх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг дурдах нь зүйтэй.