| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/01821/И |
| Дугаар | 210/Ма2024/00040 |
| Огноо | 2023-12-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/Ма2024/00040
| 2023 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/00040 |
АХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03275 дугаар шийдвэртэй
АХХК-ийн нэхэмжлэлтэй
З.А-д холбогдох
сургалтын зардал 7,418,030.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: З.А нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар А ХХК-ийн бүхээгийн хэсгийн агаарын хөлгийн үйлчлэгчээр туршилтын 3 сарын хугацаагаар томилогдсон. Улмаар А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 155 дугаар тушаалаар З.Аыг жинхэлж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2022/178 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, хөдөлмөрийн гэрээний 1.3.7, 1.4-д заасныг үндэслэн сургалтын нэмэлт нөхцөлийг тусган хөдөлмөрийн гэрээний дагалдах сургалтын гэрээг З.Атай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Сургалтын гэрээний 2.1-д Компани нь өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын Туркиш трэйнинг центр сургалтын төвд А320 агаарын хөлгийн Сэйфти эмэржэнси просэдур конвэрсон /2өдөр/-ийн сургалтанд хамруулан түүний сургалтын нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулна гэж заасан. Манай компани энэ гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 222 тоот тушаал, түүний хавсралтаар З.А-ын сургалтын төлбөрт 445.77 ам.доллар, тийзний төлбөрт 805 ам.доллар, хоол, байр, унааны төлбөрт 3,028,830,77 төгрөг, нийт 7,418,030,15 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар ажилтан тухайн компанид үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд гэрээгээр харилцан тохиролцсон. Энэхүү хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг үндэслэн талууд сургалтын гэрээний 2.2-д сургалтад хамрагдсанаас хойш ажилтан тус компанид ажиллах хугацааг 5 жил байхаар тохиролцсон.
1.2. Гэтэл З.А сургалтад хамрагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сургалтын гэрээний 4.4-д Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө ажилтан ажлаас халагдах хүсэлт гаргасан эсвэл компанийн санаачилгаар ажлаас халагдсан тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй, 5.2-д Суралцагч нь энэхүү гэрээний 4.4 болон 5.1 дэх заалтыг биелүүлээгүй тохиолдолд сургалттай холбогдолтой бүх зардлуудыг компанид 100 хувь эргүүлэн төлнө гэж тус тус заасан. З.А хөдөлмөрийн болон сургалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлын байраа орхин компанид 7,418,030.15 төгрөгийн хохирол учруулсан. З.А сургалтад хамрагдсанаас хойш 5 сарын дараа ажлаас гарах байсан бол манай компани түүнд хөрөнгө оруулалт хийхгүй, өөр ажилтныг сургаж бэлтгэх байсан.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, сургалтын гэрээний 3.3, 4.4, 5.2-т заасныг үндэслэн З.Ааас 7,41,030.15 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би 2020 оны 11 дүгээр сард А ХХК-ийн бүхээгийн ажилтаны орон тоонд ажлын ярилцлагад тэнцэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс дагалдах ажилтнаар ажиллаж эхэлсэн.
2.1. Надад 2022 оны 06 дугаар сард заавал мэргэжлийн сургалтад хамрагдах болсон тухай мэдээлсэн. Сургалтад хамрагдахаар явахаас 1 хоногийн өмнө гэрээний загвар гэж танилцуулаад зөвхөн гарын үсэг зурахад хангалттай, захирлын тушаалаар баталгаажуулна гээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургалтын гэрээний нөхцөл, заалтуудыг танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулан авсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осолд орж 2 хөлөө гэмтээсэн, тодорхой хугацаанд ажил эрхлэх боломжгүй болж 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар, хөдөлмөрийн хуулийн дагуу өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед ажил олгогчийн зүгээс надад хөдөлмөрийн гэрээний нөхцөл, түүнтэй танилцах, ажилд орсон тушаал гарсан эсэх мөн сургалтын гэрээний нөхцөл, заалт тус гэрээнүүдийн батлагдсан хувь зэргийг танилцуулах, мэдээлэл өгөөгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний зүйл заалтуудтай танилцах боломж, тус баримтууд нь шүүхэд нотлох баримтаар ирснээр бий болж байна. Мөн А ХХК-ийн зүгээс ажиллаж байх хугацааны нийт 4,458,516 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлбөр одоог хүртэл төлөгдөөгүйн улмаас, миний бие эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад төрөөс олгох нөхөн олговор, тусламж үйлчилгээг авах боломжгүй болсонд гомдолтой байгаа.
2.2. Гэтэл уншиж танилцуулаагүй 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн сургалтын гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Сургалтын гэрээний үндсэн нөхцөл нь гэрээний 2.1-д Компани нь өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын төвд 2.2 Суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаны дараа /5 жил/ тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж заасан байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлд тус харилцааг хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл байхаар зохицуулсан ба 73 дугаар зүйл 73.3 дахь хэсэгт Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж заасныг илтэд зөрчиж нэмэлт гэрээ байгуулсан байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сургалтын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл болохын хувьд ажилтан буюу миний эрхийг зөрчиж, 5 жил хүртэлх хугацаагаар ажлын байраа чөлөөтэй сонгох боломжгүй болгож, хязгаарласан заалтыг оруулсан байна.
Иймд тус гэрээний үндсэн нөхцөл болон сургалтын гэрээний 2.2-т ажилтан дээрх сургалтад хамрагдсаны дараа 5 жил ажиллаж суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж заасныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч З.А-аас 313,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7,104,960.15 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,638.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас 10,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.1. А ХХК болон З.А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Сургалтын гэрээ-ний хавсралт 1-т сургалттай холбоотой нийт зардлыг хавсралтад буй төсөвт заасан болно гэж тусгасан байдаг. Тус сургалттай холбоотой нийт зардлыг АХХК-ийн сургалт хариуцсан ажилтан бэлтгэн, сургалтад хамрагдах ажилтнуудад танилцуулж, эрх бүхий албан тушаалтнуудаар баталгаажуулдаг. Хавсралтад заасан гэх төсвийн баримт болон нийт сургалтын төсөвтэй холбоотой хүн тус бүрт ногдох нарийвчилсан төлбөрийн задаргаа бүхий баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Хариуцагчаас сургалтын зардалтай холбоотой төсвийн талаар мэдэж байсан тул хэрэгт авагдсан сургалтын төсөвтэй холбоотой баримт болон шүүх хуралдааны явцад тухайн зардалтай холбоотой маргаагүй.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан. Гэтэл хариуцагч сургалтын гэрээг сургалтад явахаас 1 хоногийн өмнө танилцуулсан, уншиж танилцуулаагүй гэж бодит үнэнд нийцээгүй тайлбар гаргадаг. Уг гэрээг өөрөө уншиж, танилцан гарын үсэг зурж баталгаажуулах эсэх нь хариуцагчийн эрх байтал А ХХК-иас гэрээг үг бүрээр уншиж, танилцуулах үүрэгтэй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв ажилтан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний зүйл заалтыг өөрчлөх санал гаргасан тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой, ажилтан санал хүсэлт гаргаагүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр сургалтын гэрээг ажилтан тус бүрт танилцуулдаг болох нь нотлогдож байна. Түүнчлэн хариуцагч нь сургалтын гэрээг уншиж танилцуулаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Хариуцагч нь Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдсан 2 өдрийн сургалтад хамрагдсан талаар маргаагүй гэж дүгнэсэн. Хариуцагч сургалтад хамрагдсан болон сургалтын нийт зардалтай маргаагүй. Гэтэл зөвхөн сургалтад хамрагдсан зардал 319.26 ам.доллароос хувь тэнцүүлэн тооцсон нь үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болон 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос Турк улсын Истанбул хотод сургалтад суусан төлбөр 319,26 ам.доллар /нэхэмжлэл гарах үеийн ханш 3495.07*319,26/ буюу 1,115,836 төгрөг, Истанбул хотоос Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдсэн тийзний төлбөрт 2,142,550 /2 талын тийз/, төгрөгийн баримт, Safety Emergency Procedure conversion сургалтад 12 хүн хамрагдсан бөгөөд компаниас нийт 34,342,800 төгрөгийг байр хоол, унааны зардалд шилжүүлсэн тул 12 ажилтанд хуваан тооцвол нэг хүнд ногдох 2,861,900 төгрөгийн баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй байна. Сургалттай холбоотой баримтаар тогтоогдох зардал 6,120,286 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4 дэх хэсэгт нийцүүлэн, хувь тэнцүүлэн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчийн ажилласан 406 хоногийг баримтаар тогтоогдох 6,120,286 төгрөгөөс хувь тэнцүүлэн хасаж үлдэх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2 өдрийн сургалтад хамрагдсан талаар маргаагүй. Сургалттай холбоотой нийт зардлыг бүтнээр нь хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргаагүй.
5.1. Нэхэмжлэгч тал анх 7,418,030.15 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,100,000 төгрөг болсон. Миний бие тухайн сургалтад хамрагдах үедээ сургалтын зардалд хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудын үндсэн дээр ямар, ямар зардал гарсныг мэдэж авсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөж байна.
5.2. Мөн Истанбул-Улаанбаатарын хооронд ямар нислэгийг хийсэн нь тодорхойгүй. Сургалтад хамрагдахаар явахдаа Истанбул руу шууд нислэгээр яваагүй. АХХК-ийн хувийн онгоцоор ажилчид нь Истанбул-Анталъяа хот руу, Анталъяа-Истанбул руу явахдаа автомашин түрээсэлж явсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч З.А-д холбогдуулан сургалтын зардал 7,418,030.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Хариуцагч З.А нь нэхэмжлэгч А ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 сарын хугацаатай түр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан бүхээгийн ажилтнаар томилогдон ажилласан.
3.2. А ХХК-ийн бүхээгийн ажилтнуудыг Турк Улсын Истанбул хотын Туркиш трэйнинг центр сургалтын төвд А320 агаарын хөлгийн Сэйфти эмэржэнси просэдур конвэрсон сургалтанд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 09-ний өдрийн хооронд хамруулахаар гүйцэтгэх захирал 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 222 тоот тушаал гаргасан.
3.3. Уг тушаалын дагуу хариуцагч З.Ариунзул нь ажил олгогчтой 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургалтын гэрээг байгуулан сургалтанд хамрагдсан.
3.4. Хариуцагч З.А өөрийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
4. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургалтын гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сургалтанд хамрагджээ.
4.1. Сургалтын гэрээний хавсралтын 1.4-т сургалттай холбогдолтой нийт зардлыг хавсралтад буй төсөвт заасан болно гэсэн хэдий ч уг төсвийн талаар сургалтын гэрээ болон хавсралтын аль алинд заагаагүй байна. Хариуцагч нь сургалтын гэрээтэй танилцсан үйл баримтад маргаагүй боловч сургалтын зардлын хэмжээг гэрээнд тусгаагүй, хариуцагчид энэ талаар танилцуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр байр, хоол, унааны зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
4.2. Сургалтын гэрээний 2.2-т суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаны дараа 5 жил тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулахаар заажээ.
Гэрээний дээрх заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацаа гурван жилээс илүүгүй байхаар заасныг зөрчсөн тул шүүх ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг тооцохдоо хуульд заасан гурван жилийн хугацаагаар тооцсон нь үндэслэлтэй. Харин шүүх хариуцагчийн сургалтын дараа ажилласан хугацааг буруу тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
Хариуцагч нь сургалтын дараа нэхэмжлэгч А ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 6 сар ажилласан байна. Энэ нь хуульд заасан гурван жилийн хугацааны 17 хувьтай тэнцэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үлдэх хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн сургалтын төлбөрт 319.26 ам доллар төлсөн нь хэргийн 39 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасан тул шүүх нэхэмжлэл гаргах үеийн ам долларын ханшаар тооцож нэхэмжлэгч сургалтын төлбөрт 1,115,836 төгрөг төлсөн гэж зөв дүгнэжээ. Үүнээс хариуцагчийн ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардал 926,143 төгрөг болж байх тул хариуцагч З.А-аас 926,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, сургалтын гэрээний нөхцөл, заалтуудтай танилцуулаагүй гэж маргасан тул хариуцагчийн зүгээс тухайн сургалтын нийт зардалтай холбоотой маргаагүй байхад шүүх зөвхөн сургалтад хамрагдсан зардал болох 319.26 ам.доллараас хувь тэнцүүлэн тооцсон нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгахаар заажээ.
Сургалтын гэрээнд ажил олгогчийн гаргах зардлын хэмжээг тусгаагүй нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас байр, хоол, унааны зардлыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. Иймд шүүх байр, хоол, унааны зардал төлсөн баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын /Шинэчилсэн найруулга/ гэснийг хасаж, ...313,070... гэснийг 926,143 гэж, ...7,104,960.15... гэснийг 6,491,888 гэж,
2 дахь заалтын ...хариуцагчаас... гэснийг нэхэмжлэгчээс гэж, ...10,042... гэснийг 26,778 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.БЯМБАСҮРЭН