Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 171

 

Гэрлэгчдийн эвлэрлийг батлах тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би Д.Ариунтунгалагийн нэхэмжлэлтэй Г.Бөхбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                                                                         Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

                Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5-р багт оршин суух Балигай овогт Дэрийлаагийн Ариунтунгалаг /РД: СЦ90032303/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ариунтунгалаг миний бие Ганболдын Бөхбаяртай 2015 оны 04 сарын 09-ний өдөр Галшар суманд гэрлэлтээ бүртгүүлсэн. Г.Бөхбаяр нь 2013 оноос эхлэн байнга архи ууж дарамталж зоддог. Бид хоёр хүүхэдтэй. Том хүү Бөхбаярын Батсамбуу 2013 оны 07 сарын 23-нд төрсөн. Бага хүү Бөхбаярын Нямсамбуу 2015 оны 04 сарын 10-нд төрсөн. Тэдний хүмүүжилд эцгийн байдал нь муугаар нөлөөлөхөөр байна. Хүүхдүүдээ би өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Г.Бөхбаяртай цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Ариунтунгалаг нь эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: “... Г.Бөхбаяр нь архи уухгүй гэж амлаж байгаа учир цаашид амьдралаа яаж авч явахыг харъя. Нэг удаа боломж олгоод үзье.” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Галшар сум Оч 2-р багт оршин суух, Дайчин овогт Ганболдын Бөхбаяр /РД: СИ93110911/ эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбартаа: “Бидний хоорондын маргаан Ариунтунгалагийн хий хоосон хардалтаас л үүсдэг. Би цаашид архи уухгүй. Архи уухаар ямар хортой, үр дагавар нь ямар муу байдгийг мэдсэн. Чи надаас салаад миний хоёр хүүхдийг надаас илүү хайрлах эцэг олдохгүй. Бид хоёр хоёулаа залуу байна цаашид сайхан амьдарч чадна гэж бодож байна. Эцсийн эцэст миний хоёр хүүгийн хувь заяаны асуудал. Би ажил хийгээд өөрийн малаас нэмэрлэж байгаад энэ намар гэр бариад тусдаа гаръя гэж бодож байгаа. Ээж, аавтайгаа ч зөвлөлдөнө, тэд туслах байх. Тийм болохоор хоёулаа эргээд амьдраад үзье” гэжээ.

                                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь :   

Д.Ариунтунгалаг, Г.Бөхбаяр нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргалын дэмжлэгтэйгээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26-р зүйл, Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Ариунтунгалаг, хариуцагч Г.Бөхбаяр  нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Гэрлэгчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ариунтунгалаг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Г.Бөхбаяраас гаргуулахгүй байхаар тохиролцжээ.  

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.1, 130-р зүйлийн 130.2.1, 132-р зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

            1. Нэхэмжлэгч Д.Ариунтунгалаг, хариуцагч Г.Бөхбаяр нарын хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

            2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгчийн захирамжинд зохигчид гомдол гаргах эрхгүй бөгөөд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                   ШҮҮГЧ                                       С.БАЙГАЛЬМАА