Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 122

 

Г.М, Ж.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай


Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1388 дугаар магадлалтай Г.М, Ж.М нарт холбогдох 2006025431956 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Мын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2012 оны 09 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял шийтгүүлж, уг ялаас 3 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хассан,

2019 оны 06 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөг торгох ял шийтгүүлсэн, Боржигон овогт Гийн М,

2.Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2007 оны 01 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ял шийтгүүлсэн, Сээт овогт Жийн М нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М, Ж.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Ж.М нарыг тус бүр 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Ж.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч Ж.М гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.М, Г.М нарт холбогдох 2006025431956 дугаартай эрүүгийн хэргийг шүүн таслахдаа Г.Мгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд Ж.М намайг яллаж буруу шийдвэр гаргасан бөгөөд миний давж заалдах шатанд гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1388 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг надад 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар илгээж 12 дугаар сарын 03-ны өдөр шуудан надад гардуулсан тул миний бие дээр заасан хугацаанд гомдлоо гаргаж байна.

Болсон явдал бол намайг сууж байхад М миний нүд рүү цохисон. Д Мтай заамдалцан ноцолдож зодолдон газар унасан. Нүдээ тэс цохиулаад харанхуйлсан, манарсан байдалтай байсан би Д, М нарыг салгах гэж дээр нь байсан Мг араас нь татаж, салахгүй болохоор нь “больчихоочээ” гээд араас нь нуруу толгой руу нь гарын хажуугаар 2-3 удаа зөөлөн цохисон. Д, М нар салж босч ирснээс хойш М хутга сэрээ барьж, Д рүү дайрахад гэрч Н хориглож болиулсан. Улмаар М нимгэн цамцаа урж тайлаад гүйгээд гарсан. Зодоон гэх үйл явдал ийм л юм болсон.

Уг хэрэг 3 гэрчтэй бөгөөд гэрч Д, Х нарын мэдүүлэгт М Мг цохисон гэх нэг ч үг байхгүй, харин хохирогчийн эхнэр болох гэрч Н эхний мэдүүлэгтээ “би хараагүй” гэж худал, 2 дахь мэдүүлэгтээ “манай нөхрийг Д, М нар зодсон, М араас нь балбаад байсан” гэж үнэн, 3 дахь мэдүүлэгтээ “Д огт оролцоогүй, зөвхөн М л зодсон, нүүр рүү нь цохисон” гэж худал мэдүүлсэн байдаг. Хэрэг прокурорт шилжсэнээс хойш гэрч Н над руу хэд хэдэн удаа утасдаж уулзах хүсэлт тавиад найз Цгийнхоо хамт над дээр ирж уулзаж “Мын эсрэг мэдүүлэг өгсөнгүй гэж М намайг ална гэж дарамтлан машинтай минь ачааны машинаар мөргөсөн. Дарамтлуулж аргагүй байдалд ороод сүүлийн мэдүүлэгтээ таны эсрэг худал мэдүүлэг өгсөн” гэж надад хэлж машиныхаа эвдэрсэн байдлын зураг болон түүний утас руу “гэрчгүй ална” гэж Мгийн явуулсан мессежийг үзүүлээд, та зургийг нь ав гэсний дагуу би утсан дээрхи мессежийн зургийг авсан. Үүнийг түүний найз Ц гэрчилнэ. Энэ талаар миний бие прокурор Ариунжаргалд мэдэгдэж уг нотлох баримтыг өгөх гэсэн боловч “Яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Тэнд шийднэ” гээд аваагүй. Шүүх хуралдааны эхэнд уг нотлох баримтад үзлэг хийлгэхийг хүссэн боловч утсан дээрхи нотлох баримтыг авахгүй гээд мөн хүлээж аваагүй бөгөөд яллах дүгнэлтдээ Мг М цохисон гэх нэг ч гэрчийн мэдүүлэг дурьдагдаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хариултыг дурьдсан байдаг.

Хохирогч М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Д эхлээд цохисон. Нүүрэн тус газар 2 удаа цохиж, дух руу мөргөсөн” гэсэн. Гэтэл Д нь Мгаас мухар сөөм намхан хүн учраас түүний дух хохирогчийн духанд хүрэхгүй бөгөөд харин яг хамарт таарч хүчтэй мөргөнө. Шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс “Мд хэн гэмтэл учруулсан бэ” гэсэн асуултад “Д намхан хүн. Түүний мөргөсөн үйлдэл энэ хүний хамрыг оносон юм болов уу” гэж би хариулсан. Улсын яллагчийн зүгээс “Таны хамрыг хэн гэмтээсэн бэ” гэж 4 удаа асуусан. Хохирогч эхний удаа “Дгийн... гээд чимээгүй байснаа “Мын хэлдэг үнэн ш дээ... Цагдаа, прокурор өгөөш үмхсэн” гэж миний мэдүүлсэн “Дгийн мөргөлт түүний хамрыг гэмтээсэн гэх миний мэдүүлгийг дэмжин хүлээн зөвшөөрч, мөн мөрдөн байцаалтад намайг өгөөш болгож мэдүүлэг өгснөө тодорхой хариулсан бол 2 дахь удаа асуухад нь “хүнд зодуулж байгаа хүн тэр тэд цохьсон гэж гэж цээжлээд зогсож байх боломжгүй” гэж мөрдөн байцаалтад “М цохисон” гэсэн мэдүүлгээ үгүйсгэсэн. 3 дахь удаа асуухад нь “хоёулаа цохисон” гэж бүрхэгдүүлэн хариулсан бол “нэг удаагийн цохилтоор гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна” гэсэн 4 дэх асуултад хохирогч огт хариулаагүй буюу мөрдөн байцаалтад “М цохисон” гэж өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн юм. Түүнчлэн шүүгч “Хамрын гэмтлийг хэн учруулсан талаар мөн 3 удаа асуусан. Эхний удаа асуухад “Энэ хүний хэлээд байгаа үнэн ш дээ. Хамгийн их зодсон нь Д ш дээ” гэж миний өгсөн Д мөргөж гэмтээсэн гэх миний мэдүүлгийг мөн л шууд дэмжсэн бол 2 дахь удаагийн асуултад “энэ хоёр хүн хоёулаа зодсон. Д уруул язалсан. Д хамар руу мөргөсөн...” гэж хамрын гэмтлийг Д учруулсныг дахин баталж, “Хамгийн бага оролцоотой хүнийг нь яллагдагчаар татсан. Тэрийгээ шийдмээр байна” гэж өөрт нь М гэмтэл учруулаагүй тухай мэдүүлсэн. Шүүгчийн сүүлийн удаагийн асуултад “хоёулаа дайрсан. Тэгэхдээ Д хамар руу мөргөсөн ш дээ” гэж түүний хамрыг Д гэмтээсэн болохыг дахин бүр тодруулан шууд мэдүүлээд “Мөрдөн байцаагч намайг хөтлөөд байцаагаад байсан. Та энэн дээр зур, энэн дээр зур гээд л. Та ингээд бичсэн байна ш дээ гэхээр ..” гэж хариулж мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч түүнийг хөтөлж байцааснаас гадна хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгож тэмдэглэсэн болохыг мэдүүлсэн юм.

Дээрхи шүүгч, прокурорын асуулт болон Мгийн хариултыг хурлын тэмдэглэлд огт тэмдэглэлгүй орхигдуулсан байсныг миний бие хүсэлт гаргаж бичлэгтэй тулган шүүгчийн захирамжаар нөхөн тэмдэглүүлсэн боловч эдгээрийг шүүх үнэлсэнгүй. “Мөрдөн байцаагчийн зүгээс мөн “450.000 төгрөгийн л торгуультой шд. М хэргээ хүлээгээд хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг зөвшөөрсөн. Та зөвшөөрчөөч" гэж байсан ба мөн улсын яллагчийн зүгээс “Танаас мэдүүлэг авахад хамрыг М цохисон гэсэн” гэж, шүүгчийн зүгээс “Тэгэхээр М хамарт чинь гэмтэл учруулсан. Өөр гэмтэл учруулаагүй гэсэн үг үү” гэх зэргээр хохирогчид тулган сануулах, хөтлөх аргаар хохирогчоос асууж байсан нь хэргийн үнэнийг олох биш, хэт нэг талыг барьж намайг яллах сонирхол байсан гэж үзэхэд хүргэж байна.

Улсын яллагчийн зүгээс “Танаас мэдүүлэг авахад хамрыг М цохисон гэсэн. Сүүлийн удаа асууя. Хамрын гэмтлийг хэн учруулсан бэ” гэж тулгаж асуухад хүртэл хохирогч хамрын гэмтлийг М учруулсан гэж огт хэлээгүй, харин “Д хамар руу мөргөсөн” гэж түүний үйлдлийг дахин давтан хэлж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээ шүүх хурал дээр бүрэн үгүйсгэж, хамрын гэмтлийг Д учруулсныг маш тодорхой мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар шүүхийн шийдвэр буруу гэдэг нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “гэрч хохирогч нар М цохиогүй гэж хэлээгүй байна” гэх үндэслэл хэлж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хэн үйлдсэн” болохыг мөрдөн байцаагч тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан намайг гэм буруутайд тооцох үндэслэл болсон хохирогч Мгийн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, гэрч Нгийн өгсөн бүх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадахгүй байгаа зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүхээс миний гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасны дагуу тал бүрээс нь үнэлээгүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, 1.1. “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба хэргийг зргэлзээгүй тогтоох, эргэлзээтэй бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх гэж хэвээр үлдээсэнд нэн гомдолтой байна. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргахаар удаа дараа нүүрэлдүүлэн байцаах, гэрч нараас дахин мэдүүлэг авах хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, гэрч нарын мэдүүлгийн зөрүү арилсан ба шүүгдэгч Ж.М, Г.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Мын гаргасан гомдлыг үндэслэн Г.М, Ж.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М, Ж.М нарыг 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоот Г.Мгийн гэрт зодолдож, харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ж.Мын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хэргийн бодит байдалд нийцсэн, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх нөхцөл байдал хангагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараахь мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Мыг иргэн Г.Мгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Г.Мгийн хохирогчоор /хх-17, 19/, Ц.Нгийн гэрчээр /хх-27/ өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 6811 дугаартай дүгнэлт /хх-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгээс зарим ач холбогдолтой гэж үзсэн хэсгийг тогтоолд иш татах байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо тэдгээр нотлох баримтыг бүхэлд нь үнэлж агуулгыг тодорхойлох, улмаар харилцан эсрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Тухайлбал, шүүгдэгч Г.М нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, түүнийг Ж.М, Г.Д нар бүлэглэн зодсон талаар гомдол гаргаж /хх-5/, улмаар 2020 оны 05 дугаар сарын 28-нд хохирогчоор мэдүүлэхдээ түүнийг Г.Д эхэлж зодсон, ингэхдээ доод уруул руу нь гараараа 2-3 удаа, мөн баруун шанаа руу бөгжтэй гараараа цохиж, дух руу нь мөргөсөн, түүний дараа М нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон /хх-16/, мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ  “Д над руу дайрч миний доод уруул, баруун шанаа руу гараараа 2 удаа цохисон. М нь намайг өөрийг нь цохисон гэж ойлгоод миний хүзүүг боогоод миний хамар руу 2-3 удаа цохисон /хх-19/, мөн 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ж.Мтай нүүрэлдүүлсэн байцаалтад  “Д миний хажуу талаас нүүрэн тус газар цохисон… Надад учирсан хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал … гэмтлийг М, Д нар учруулсан… Д уруул руу 2 удаа цохисон, М хамар руу цохисон. Д араас хүзүүг боох үед хүзүүнд зулгаралт үүссэн… Д, М нарыг салгах үед тэр хоёр намайг нийлж цохисон…” /хх-22/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Ц.Н /Г.Мгийн эхнэр/ 2020 оны 05 дугаар сарын 26-нд өгсөн мэдүүлэгт “… Эхлээд М агсам тавьж эхэлсэн, дараа нь Д нь Мыгаа өмөөрөөд босож ирээд манай нөхрийг нийлээд зодсон… Манай нөхрийн уруул сэтэрчихсэн байсан. Д анх цохиод сэтэлсэн.” /хх-27/, мөн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Хамгийн түрүүнд Д босч ирээд шууд Мын баруун талын нүд рүү гараараа 1 удаа цохиход М сандлаасаа цохилтод үсрээд унахад М ах “ёоо нүд” гээд нүдээ дараад босоод ирсэн. Д дараа нь М руу дайрч заамдаж авчихаад доод уруул руу цохиод сэтэлсэн. М босч ирээд шууд манай нөхөр Мгийн араас толгой руу нь балбасан.” /хх-29/ гэж тус тус мэдүүлсэн байна. Үүнээс гадна шүүгдэгч Ж.М нь Г.Мг цохиж хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг гэмтлийг Г.Д мөргөж учруулсан гэж маргажээ.

Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад зарим гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгийн агуулга өөрчлөгдсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, дүгнэлт хийхгүйгээр “…Ж.Мын өгсөн “би Г.Мгийн биед гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна” гэсэн хэт ерөнхий, хялбарчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгаж, Г.Мгийн биед Шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6311 тоот шинжээчийн дүгнэлтэд /хх-44/ дурдсан “хамар яс баруун зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтлийг Г.Д, Ж.М нар бүлэглэж учруулсан эсэхийг нарийвчлан шалгаж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй зөв тогтоох шаардлагатай.

2.Г.М 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “…Д Мыг эхнэртэйгээ хардаад байсан бөгөөд М явах гээд манай гэрийн үүдэн хэсэгт Хандаагаар түшүүлээд зогсож байхад Д шууд очоод Мын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Эхний удаа цохиход М бүр унасан. Унаад босоод ирэхэд нь дахиад цохисон...” /хх-16/, мөн 2020 оны 06 дугаар сарын 10-нд дахин хохирогчоор мэдүүлэхдээ “… Д нь Мыг эхнэртэйгээ хардаад М яг гарах гээд үүдэнд гутлаа өмсөх гээд Хандаа түүний суганаас түшчихсэн зогсож байтал Д очоод Мын нүүр лүү гараараа 2 удаа цохисон. М 2 удаа цохиход нь унасан… /хх-19/,

харин Ц.Н 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр “Д, М 2 шоронгийн талаар яриад маргалдаад байсан. Хамгийн түрүүнд Д босч ирээд шууд Мын баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиход М сандлаасаа цохилтод үсрээд унахад М ах “ёоо нүд” гээд нүдээ дараад босч ирсэн. Д дараа нь М руу дайрч заамдаж авчихаад доод уруул руу цохиод сэтэлсэн. М босч ирээд шууд манай нөхөр Мгийн араас толгой руу нь балбасан” /хх-29/ гэж тус тус мэдүүлснийг анхаарч, Шүүх эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6282 тоот шинжээчийн дүгнэлтээр Ж.Мын биед учирсан баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий /хх-36/ гэмтлийг Г.Д учруулсан эсэхийг шалгаж, шүүгдэгч болон гэрч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг гаргах нь зүйтэй.

Түүнчлэн Ж.М нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Хэрэг прокурорт шилжсэнээс хойш гэрч Н над руу хэд хэдэн удаа утасдаж уулзах хүсэлт тавиад найз Цгийнхоо хамт над дээр ирж уулзаж “Мын эсрэг мэдүүлэг өгсөнгүй гэж М намайг ална гэж дарамтлан машинтай минь ачааны машинаар мөргөсөн. Дарамтлуулж аргагүй байдалд ороод сүүлийн мэдүүлэгтээ таны эсрэг худал мэдүүлэг өгсөн” гэж надад хэлж машиныхаа эвдэрсэн байдлын зураг болон түүний утас руу “гэрчгүй ална” гэж Мгийн явуулсан мессежийг үзүүлээд, та зургийг нь ав гэсний дагуу би утсан дээрхи мессежийн зургийг авсан. Үүнийг түүний найз Ц гэрчилнэ. Энэ талаар миний бие прокурор Ариунжаргалд мэдэгдэж уг нотлох баримтыг өгөх гэсэн боловч “Яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Тэнд шийднэ” гээд аваагүй” гэснийг шалгах нь зүйтэй гэж үзэв.

3.Г.М, Ж.М нарын хооронд урьд нь гэрээний харилцаанаас үүдэлтэй өр авлага үүссэн, уг асуудлыг иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлсэн, мөн нэгнийгээ гүтгэсэн асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан” талаар Г.М удаа дараа мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоох хүрээнд тэдний хооронд үүссэн зөрчил, маргааныг Цагдаагийн байгууллага, шүүх хэрхэн шийдвэрлэснийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг нотлох баримтаар бэхжүүлж авбал зохино.

Тухайлбал, Г.Мгийн өгсөн “2019 онд М, өөрийн хүү Өы хамт намайг “2 хаус залилсан” гээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж шалгуулаад намайг гүтгэсэн нь тогтоогдоод хэрэг хэрэгсэхгүй болж байсан”, мөн “М нь Дгээр намайг дарамтлуулах гэж зориуд дагуулж ирсэн гэж би ойлгож байгаа… Намайг өөрийг нь зодсон гэж гүтгэсэнд гомдолтой байна.” /хх-16/, мөн “М надад өгөх ёстой 200 сая төгрөгөө өгөхгүйн тулд зориуд манайд ирж хэрүүл маргаан үүсгэж, намайг янз бүрийн асуудалд холбогдуулж, дарамт үүсгэж, өрөө цайруулах оролдлого хийж байгаа гэж үзэж байна... М, Д нар намайг дарамталж миний шүүхэд өгсөн нэхэмжлэлийг буцаах л зорилготой байсан гэж бодож байна…” /хх-19/ гэх мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн болно.

4.Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын бичсэн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1400 дугаартай яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт “Г.М 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлж байсан” гэж шүүгдэгчийн ял шийтгэлтэй холбоотой мэдээллийг ойлгомжгүй байдлаар, бүрэн бус тусгажээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд Г.Мг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн талаар дурдаагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан холбогдох шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь байхгүй тул түүнийг тухайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн эсэхийг хөдөлбөргүй тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж, ямар төрөл хэмжээний ял шийтгүүлсэн, оногдуулсан ялыг биечлэн эдэлсэн эсэх, эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн эсэхийг тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэх нэг нөхцөл тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаанаас гадна холбогдох шүүхийн шийдвэрийн хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Дээр дурдсан шаардлага нь шүүгдэгч Ж.Мт нэгэн адил хамаарна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд энэхүү тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.М, Ж.М нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1664 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1388 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.М, Ж.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэрэг прокурорт очтол Г.М, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           С.БАТДЭЛГЭР

     Б.БАТЦЭРЭН

      С.СОЁМБО-ЭРДЭНЭ