Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Алтантүлхүүр,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201625031329 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овогт Гэндэндаржаагийн Загдаа, 1959 оны 6 дугаар сарын 19-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 5 дугаар шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 21-ний өдөрийн 5/2 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил хорих ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, /РД:МИ59061915/;

Боржигон овогт Гомбосүрэнгийн Амарсайхан, 1965 оны 4 дүгээр сарын 12-нд Архангай аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын менежер ажилтай, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МИ65041206/;

            Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төв байрны гадна болон дотор талд “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Загдаа, Г.Амарсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй...” гэжээ. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

1. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Г.Загдаа нь “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн мөнгийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлээс нэхсэний улмаас маргаан үүссэн байна.

Иймд Г.Загдаагийн үйлдэлд догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийн шалгах,

2. Гэрч Ш.Батбаяр, Б.Алимаа, Р.Сүрэнхорлоо, Т.Оюунтуяа, Л.Давааням, А.Батбилэг, Ц.Дархандаваа, Я.Батдэлгэр, Л.Тунгалаг нарын мэдүүлэгт цагдаа нар болон төрийн тусгай хамгаалтын хүмүүс биднийг бороохойдсон, захирал Г.Загдааг зодсон гэж мэдүүлсэн. Цагдаа болон төрийн тусгай хамгаалтын ажилчид албан үүргээ хэтрүүлсэн эсэх,

3. Г.Амарсайхан нөхөр Г.Загдаагаа өмөөрч цагдаа болон хамгаалалтын хүмүүстэй маргалдсан. Г.Амарсайханы үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, эсвэл жижгээр танхайрсан захиргааны зөрчил үү гэдгийг шалгах шаардлагатай байна. Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Загдаа, Г.Амарсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Алтантүлхүүр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны болон үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь:

Нэг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан нь хохирогч Н.Оюунцэрэн, Г.Чимэдцэрэн, А.Эрдэнэцогт, Р.Төмөрбаатар, Д.Тогтбаатар, С.Төмөрбаатар, В.Даваадорж, гэрч С.Жавхлантөгс, Ц.Мөнхбаатар, Д.Мөнхсайхан, Ц.Даваасүрэн, Т.Баттөмөр, А.Баттөр, Б.Тэмүүжин, Т.Оюунтуяа нарын мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9475, 9441 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул гэмт хэргийн сэдэлтийг дахин тодруулан шалгах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Отгонбаяр “...Г.Загдаагийн төрийн байгууллагад дарамт шахалт өгч байгаа байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж албан бичиг явуулсан ...хариу ирсний дараа танд албан ёсны хариу хэлнэ гэж хэлсэн ...санхүүжилт олгох талаар хэлээгүй ...дуудаагүй...” гэж / 1-р хх-ийн 90-91/ мэдүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Загдаа болон түүний өмгөөлөгч П.Ням нар дээрх асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан гэж хэлдэг болохоор “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн мөнгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс нэхсэний улмаас маргаан үүссэн гэх асуудал нь төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоёрын хооронд үүссэн иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаантай асуудал тул 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан танхайрах гэмт хэргийн сэдэлтэй огт хамааралгүй гэж үзэж байна. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолоор “Нийгмийн хэв журам” гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно. “Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн” гэж хүний халдашгүй, чөлөөтэй байх, амьд явах, амрах, хөдөлмөрлөх, сурах, амгалан тайван амьдрах талаар нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах, хамтын аж байдлын ёс горимд харшилсан санаатай үйлдэл хийхийг хэлнэ. “Олон нийтийг илтэд үл хүндэтгэх” гэдэгт хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр
дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс
суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг
ойлгоно. “Хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдпийг хэлнэ. “Догшин авирлаж” гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ. “Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлэх” гэж хүмүүс олноор цугларсан газар болон гудамж, талбайд хэв журам сахиулах, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ. “Нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж буй цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж” гэдэгт танхайрах үйлдлийг албаны болон иргэний үүргийн хувьд хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн шаардлагыг үл ойшоох, биелүүлэхгүй байх, тэдгээрийн эсрэг бие махбодийн, эсхүл сэтгэл санааны аливаа хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. Эсэргүүцэх нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх хэлбэрийн алинаар нь ч илэрхийлэгдэх бөгөөд энэ үед эсэргүүцлийн ямар ч үйлдэл хийгдсэн байж болно. Танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдана. “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжпох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино гэж тайлбарласан байхад шүүх хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн шийдвэрээ гаргаагүй гэж үзэж байна.

Хоёр. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын өмгөөлөгч П.Нямаас гаргасан хүсэлтийн дагуу иргэн Ш.Батбаяр, Б.Алимаа, Р.Сүрэнхорлоо, Т.Оюунтуяа, Л.Давааням, А.Батбилэг, Ц.Дархандаваа, Я.Батдэлгэр, Л.Тунгалаг нарыг гэрчээр тогтоон байцаахад”. цагдаа нар болон төрийн тусгай хамгаалтын хүмүүс биднийг бороохойдсон, захирал Г.Загдааг зодсон...” гэж мэдүүлдэг ч эдгээр гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Мөн хэрэгт гэрчээр асуугдсан дээрх хүмүүс нь “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад ажилладаг, амьдардаг, шүүгдэгч нартай хувийн харьцаа холбоотой хүмүүс байгаагаас гадна бусдын хэлж, зааж зөвлөснөөр мэдүүлэг өгсөн нь нотлох баримт болохгүй болохоор цагдаа болон төрийн тусгай хамгаалтын ажилчид албан үүргээ хэтрүүлсэн эсэхийг дахин тодруулан шалгах шаардлагагүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төв хаалганы үүдэнд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэлээр “...SDV_1604 гэсэн дугаартай бичлэгээр ...улаан өнгийн фудболк өмссөн байгаа Загдаа нь хаалганы орчимд тэгнэж зогсоод чадахгүй холдохгүй гэж орилох ба улаан өнгийн фудболкоо дээгүүрээ хагас дээш татсан байдалтай зогсох ба Загдаа нь ...намайг одоо хорьчих би хоригдохгүй л бол хэзээ ч зогсохгүй та нар хэзээ хууль биелүүлээд байгаа юм бэ гэж орилж солиор ...гэж орилж хашигчиж байснаар бичлэг дуусав. ...SDV_1609 гэсэн бичлэгийг нээн үзэхэд Загдаагийн толгойг харуулах ба гараа бариад яадаг юм гээд зогсох ба шил хагарч сонсогдох ...бичлэг дуусав. ...SDV_1610 гэсэн бичиглэлтэй бичлэгийг нээн үзэхэд ...3агдаа “нь намайг хорь гэж орилж зогсож байснаар бичлэг дуусав. ...SDV_1611 гэсэн бичлэг харагдах ба чи ямар муу мал минь чи юу юм бэ гэж эрээн өнгийн өмдтэй ягаан өнгийн цамцтай эмэгтэй хэлэх Загдаа нь цагаан даавуугаар гараа боосон дээш, доош босож өндийсөн байдалтай харагдаж байснаар бичлэг дуусав. ... HCVR_ch11_main_20160704141800_20160704145004 гэсэн нэртэй бичлэгийг нээн үзэхэд 14 цаг 17 минутанд бичлэг эхлэх ба Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүд хэсгийг харуулсан дүрс бичигдсэн ба Загдаа болон түүний эхнэр Амарсайхан нар цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нартай зууралдаж харагдах ба 14 цаг 20 минут 42 секундэд Амарсайхан гэгч нь цонх хагалах ба түүний араас Загдаа нь ирж 14 цаг 21 минут 27 секундэд баруун гараараа цонхийг дахин нэмж цохиж байгаа харагдах ба удалгүй Загдаа нь гараа барьж гуйвж зогсох ба түүний охин Солонго нь Загдааг тэвэрч харагдах ба иргэд Загдааг тойрч зогсож 14 цаг 26 минут 59 секундэд Загдааг иргэд дагуулан зам руу явж байгаа дүрс харагдах ба газар сууж дээш босож байгаад эргээд байрны үүд хэсэгт ирж ундаа ууж байснаа доош хаяж доош суухад иргэд бөөнөөр түүнийг тойрч зогсоход Амарсайхан нь цагдаа нар луу дайрч давшилж ...байснаар бичлэгийг дуусгав. ...гэсэн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 37, 39-41/ зэргээр Г.Загдаа, Г.Амарсайхан нарын бие махбодид нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарын зүгээс халдсан тохиолдол гараагүй болно. Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цонхны шилийг гараараа хагалсан, хувцасаа тайлж шидсэн, цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгсэлд суулган авч явах үед тэднийг эсэргүүцэн газар өвдгөөрөө унасан зэрэг өөрсдийнх нь буруутай үйлдлийн улмаас тэдний биед дээрх гэмтлүүд учирсан нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг бичлэгтэй сиди болон хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, сэжигтэн нарыг хойшлуулшгүйгээр баривчилсан тогтоол хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр шүүхийн шийдвэрээ гаргаагүй гэж байна. Мөн Г.Загдаа, Г.Амарсайхан нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс ч бусдад зодуулсан талаар мөрдөн байцаагч, прокурорт гаргасан хүсэлтэндээ дурдаж байгаагүй, энэ талаар шалгуулах гомдол гаргаж байгаагүй.

            Гурав. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Оюунцэрэнгийн “...энэ үед Г.Загдаагийн эхнэр гээд жижиг биетэй махлаг эмэгтэй тухайн хүмүүс дээр нэмж орилж, хашгиран гар утсаар бичлэг хийж бусдыг уриалж эхэлсэн. Тэгтэл гэнэт тухайн эмэгтэй Нийслэлийн засаг захиргааны байр луу орох гэж дайрч байхдаа төв хаалганы баруун талын давхар цонхны гадна талд байсан цонхыг гараараа цохиж хагалсан...” гэх /1-р хх-ийн  44-47, 2-р хх-ийн 28/, хохирогч А.Эрдэнэцогтын “...хамгаалалтанд авч зогсож байхад Загдаа гэгч, эхнэр болон бусад хүмүүсийн хамт шаардлага биелүүлэхгүй түлхэж, дүрэмт хувцаснаас татаж, миний цээж рүү 2 удаа цохиж, өшиглөн миний зүүн гарын шууны хэсэгт хэд хэд маажсан. Мөн миний хантаазыг урсан ...эхнэр нь гараараа миний цээж рүү 2-3 удаа цохиж зүүн гарын шууны хэсэгт 2-3 газар маажсан өөр хүн намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулаагүй. Та нар дайрч орж болохгүй гэж шаардлага тавихад хувцас хантаазнаас татаад биед халдаж хүчээр орсон...” гэх /1-р хх-ийн 54-58, 2-р хх-ийн 31-32/, хохирогч Р.Төмөрбаатарын “...тэр үед тамгын газрын цонхийг Загдаагийн эхнэр гэх эмэгтэй хаалганы баруун талын цонхыг гадна талаас нь гараараа цохиж нь хагалсан ...3агдаа болон түүний эхнэрийг албадан саатуулах үед Загдаагийн эхнэр нь миний зүүн гарын бугуй хэсгийг хумсаараа маажсан...” гэх /1-р хх-ийн 59-61/, хохирогч Д.Тогтбаатарын “...тэр үед Загдаагийн эхнэр тамгын газрын байрны төв хаалганы зүүн талын цонхны гадна талыг нь гараараа цохиж хагалсан...” гэх /1-р хх-ийн 62-64/, хохирогч С.Төмөрбаатарын “...тэгснээ гэнэт Г.Загдаагийн эхнэр нь хаалганы хажуу талын давхар цонхны гадна талын дан хэсгийг гараараа цохиод хагалсан ...Г.Загдаа болон түүний эхнэр бусдыгаа уриалаад байсан. Тэр хүмүүс Загдаагийн үгээр хөдөл гэвэл хөдлөөд тэд нарыг хараад л зогсоод байсан. Г.Загдаа нь дайраарай гээд орилохоор бүгдээрээ дайрч тулж ирээд л цаашлаад явчихаж байсан...” гэх /1-р хх-ийн 66-67/ мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9441 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэргээр Г.Амарсайхан нөхөр Г.Загдаагаа өмөөрч цагдаа болон хамгаалалтын хүмүүстэй маргалдсан, мөн Нийслэлийн засаг даргатай уулзах, тамгын газар луу орох зэрэг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Танхайрах гэмт хэргийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчлөөс ялгаж зүйлчлэх талаар Монгол улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолоор 5.1 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчил нь үйлдэгдсэн арга, орон зай болон бусад шинжээрээ танхайрах гэмт хэрэгтэй төстэй боловч бусдыг хүч хэрэглэн зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, олон нийтийн чанартай арга хэмжээг тасалдуулсан, эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн зэрэг үр дагавар бий болгодоггүй, нийгмийн хор аюулаараа бага байдгаараа танхайрах гэмт хэргээс ялгагдана гэж заасан байна. Иймд захирамжийн 3 дугаар заалтыг хангах үндэслэлгүй болно. Танхайрах гэмт хэргийг тайлбарласан байхад шүүх хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн шийдвэр гаргаагүй, Г.Амарсайханы дээрх үйлдэл нь жижгээр танхайрсан захиргааны зөрчилд тооцогдохгүй байхад шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянан үзэж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Г.Загдаа, Г.Амарсайхан нар нь “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагыг ажиллуулж, орон гэргүй, тэнэмэл иргэдийг эрсдэлээс хамгаалах төсөл хөтөлбөрийг Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран боловсруулж ажиллаж байжээ.

            Эдгээр иргэдийн хоол хүнс, түлээ нүүрсний зардалд шаардагдах санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргахаар гэрээнд тусгагдсаны дагуу холбогдох албан тушаалтануудтай уулзаж, өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлагаа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй, мөн уулзахгүй байснаас болж “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн, болон менежерээр ажиллаж байсан Г.Загдаа, Г.Амарсайхан нар, мөн уг төрийн бус байгууллагад хамааралтай иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар луу орох гэж үүргээ гүйцэтгэж байсан төрийн тусгай хамгаалалтын албаны ажилтнууд, мөн дуудлагаар ирсэн цагдаа нартай маргалдаж зохисгүй харилцаа үүсгэсэн байна.

            Прокуророос Г.Загдаа, Г.Амарсайхан нар бүлэглэн “Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журам ноцтой зөрчсөн” гэж яллах дүгнэлт үйлджээ.

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан яллах, болон цагаатгах талын  нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

            Иймд прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн улсын яллагчийн 3 тоот эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд шилжүүлтэл Г.Загдаа, Г.Амарсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                         ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ       

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ