Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0357

 

2019 оны 06 сарын 25 өдөр           Дугаар 221/МА2019/0357                          Улаанбаатар хот

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах” гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг баримтлан төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2018 оны 31-03/54 дугаар актын төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тухайн үед ажиллаж байсан С.Б, А.Ч, Х.Э, Д.А, У.Б, Б.М нарын 6 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ... талууд энэ талаар маргаагүй байна гэжээ”. Харин ч миний бие акт нь “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг зөрчсөн хэмжээн энэ асуудлаар маргадаг.

Акт “ойлгомжгүй, тодорхой” гэдэг нь актын 2 дахь өгүүлбэрт “... нэр бүхий 7 албан хаагч ...” гэсэн бол тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... нэр бүхий 6 иргэний ...” гэж заасан нь хоорондоо зөрүүтэй, нэр нь тодорхойгүй байхад шүүх шийдвэртээ 6 албан хаагчийг нэрлэсэн боловч яагаад эдгээр албан хаагчдыг нэрлэснээ тайлбарлаагүй, нотлох баримтын үндэслэлээ заагаагүй.

Актад “... шүүхийн байгууллагаас тогтоосон ...” гэх боловч аль шүүхийн, хэдэн оны хэд дүгээр сарын хэдний өдрийн хэдэн тоот шийдвэрээр, хэн хэнд, хэдэн төгрөгийн тэтгэмж, хэдэн төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тоо баримтууд нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгөн дүнгээс зөрүүтэй байдаг.

6 хүний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэмж 50,899,050 төгрөг байхад актад 52,496,512 төгрөг гэж зөрүүтэй тусгасан, 2018 онд ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 28,051,922 төгрөг гэж тооцохдоо улсын тэмдэгтийн хураамжийн 782,289 төгрөгийг оруулан тооцсон байхад шүүх актын тоо баримт нь Дотоод аудитын дүрмийн 6.3.1-т заасан “санхүүгийн хяналт шалгалтын акт нь баримт нотолгоонд үндэслэн гаргах”, 6.3.4-т заасан “санхүүгийн хяналт шалгалтын ... акт, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцах” гэсэн шаардлагыг хангасан эсэхийг нягтлалгүйгээр “... 2017 онд 13,687,701 төгрөг, 2018 онд 28,051,922 төгрөг, нийт 71,730,623 төгрөгийг ...” хэмээн актад дурдсан тоог хуулбарлан /шүүхийн шийдвэрийн 12 дахь тал/ тавиад хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл нөхөн олговор, улсын тэмдэгтийн хураамж нь тус тусдаа бие даасан хуулиар зохицуулагддаг хоёр өөр ойлголт бөгөөд шүүхийн шийдвэрээр ч нөхөн олговор, улсын тэмдэгтийн хураамжийг тус тусад нь шийдвэрлэсэн. Гэтэл актад ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор хэмээн нэгтгэн тооцсон байхад шүүх “... нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснээр энэ дүнд улсын тэмдэгтийн хураамж орсон болохыг дурдах нь зүйтэй” гэж буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрт “... маргаан бүхий 2018 оны 31-03/54 дугаар актыг тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасантай нийцсэн байна” гэжээ. Гэтэл Төсвийн тухай хуульд дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд акт тогтоох, санхүүгийн хариуцлага тооцохоор зохицуулаагүй байх бөгөөд 70 дугаар зүйлийн 70.1-т “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаас үзэхэд Төрийн албаны тухай хууль үйлчлэхээр байна. Харин төрийн албан хаагчийг халсан чөлөөлсөн асуудлаар төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас төлүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан болохоос биш Санхүүгийн хяналт, аудитын албанд эрх олгоогүй байна.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-т заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498.5 дахь заалтын “захиргааны байгууллага”, “гэм хорыг арилгасан байгууллага”, 103.2-т заасан “... тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж ...” нь Санхүүгийн хяналт, аудитын алба биш гэж үзэж байна. Дээрх хуулиудаар “төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч эрхийг” хуульд нэг мөр зохицуулаагүй, хоорондоо зөрчилтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Санхүүгийн хяналт шалгалтын акт нь шалгалтын материалд үндэслэн гарах ёстой. Гэтэл шалгалтын материал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт ч ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар огт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Миний бие Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 31-03/54 дугаар актыг “хууль, шударга ёсонд нийцээгүй, эргэлзээгүй, гарцаагүй байдлаар нотлогдож тогтоогдоогүй, нотлох баримтад үндэслээгүй, миний эрх, эрх ашгийг хохироосон” гэж үзэж, актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүх шийдвэртээ “аймгийн Засаг даргын Тамгын газраас 24,051,922 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр татан авч 5 төлбөр авагчид хуваан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна”, “... Ч.Э-т холбогдуулан шүүхийн шийдвэрээр Б.Э-д олгосон 2.1 сая төгрөгийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээр Дотоод аудитын дүрмийн “гарцаагүй байдлаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтад үндэслэсэн, тоо баримт зөрүүгүй байх” шаардлагыг хангаагүй, хууль бус болох нь тогтоогдсон тул шүүхээс актыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

Гэтэл шүүх актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 2,177,316 төгрөгөөр багасган, бусад хэсгийг нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Би “төлбөрийн хэмжээг багасгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр нь миний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр болж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн.

Ийнхүү Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ч.Э-ээс “... аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн ... Б.Э-д олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан, хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан, хууль бусаар мөнгө авсан этгээдээр төлүүлээгүй” гэсэн үндэслэлээр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-03/54 тоот актыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан 44 хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 38 албан хаагчийг үүрэгт ажилд томилж, ажлаас чөлөөлөгдсөн (6) ажилтнуудад 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгожээ.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот актаар “уг тушаал нь хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн байгууллагаас тогтоосон ... нэр бүхий иргэдийн ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 41,730,623 төгрөгийг олгохдоо байгууллагын төсвийг нэмж тодотгон төсвийн үр ашиггүй, илүү зарцуулсан” гэсэн үндэслэлээр дээрх хөрөнгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Эээр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан хууль бус шийдвэрийн улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байхад тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрүүлсэн 24,051,922 төгрөгөөс Б.Э-д 2,177,316 төгрөгийг шилжүүлснийг төлбөр тогтоосон актад тусгасан нь үндэслэлгүй байх тул актын төлбөрийг багасгасан нь зөв байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргасан үндэслэлүүдийн хүрээнд актыг хянаж хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс “... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэмж ... акт зөрүүтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаагүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гомдлын “Санхүүгийн хяналт шалгалтын акт нь шалгалтын материалд үндэслэн гарах ёстой. Гэтэл шалгалтын материал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй” гэх үндэслэлийн хүлээн авах боломжгүй. Учир нь хяналт, шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн баримтуудад үндэслэн хийсэн, актын үндэслэл болсон баримтуудыг Засаг даргын Тамгын газраас нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авсан байна.

Мөн нэхэмжлэгчийн гомдлын “дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж нь Санхүүгийн хяналт, аудитын алба биш” гэх үндэслэлийн тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зааснаар улсын байцаагч нь “... бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” бүрэн эрхтэй байхаар заасны дагуу төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг буруутгах боломжгүй байна.

Төрийн албаны тухай /2019 оны/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалт нь төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах харилцааг зохицуулжээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т  “... үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалыг шууд харьяалах дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргын дотоод аудитын нэгж болох Санхүүгийн хяналт, аудитын алба акт тогтоосон нь үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж хэргийг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2018 оны 31-03/54 дугаар актын төлбөрийн хэмжээг 2,177,316 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ