Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0131

 

“Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Ү.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 746 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Г х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Н, Ү.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн захирал Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г х ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Автомашины болон бүх төрлийн туухай, механик болон электрон жин худалдах, суурилуулах, засварлах, автомашинаар ачаа тээвэрлэх, цахилгаан болон механик, электрон тоолуур, халуун хүйтэн усны тоолуур худалдах” чигэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Манай компанид 2013 онд Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 дугаар актаар нийт 48,620,800 төгрөгийн төлбөр тогтоосон.

Дээрх төлбөрөөс зардлаа буруу тайлагнасан зөрчлийг хүлээн зөвшөөрч 14 сая төгрөгийг төлсөн. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой төлбөрийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзэж байгаа бөгөөд актын энэ хэсгийг эс зөвшөөрч Нийслэл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч татварын улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээний гол онцлог хэрэглээний зарчим дээр үндэслэгдсэн, хөнгөлөлт, падааны аргыг хэрэглэсэн албан татварын харилцаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь бараа худалдан авсан тухайгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлох ёстой. “Г х” ХХК нь маргаантай холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тус компанид бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн “Х э” ХХК-ийн зарлагын падаан, кассын орлогын ордер нь хүчин төгөлдөр тамга тэмдэгтэй, нягтлан бодох бүртгэлийн баримтын шаардлага хангасан. Мөн Татварын хэлтсээс “Х э” ХХК-д олгосон давтагдахгүй дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бид тайландаа тусгахад Татварын хэлтэс зөвшөөрч баталгаажуулсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан зөрчлийг гаргаагүй.

Татварын улсын байцаагч нар нь кассын орлогын баримтууд, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай танилцаагүй, эдгээр баримтуудыг судлан үзэж, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсоныг хууль зөрчсөн гэж буруутгасан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн “Г х” ХХК нь холбогдох хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн, татвар төлөгчийн ямар буруутай үйл ажиллагаанаас зөрчил үүсч, хариуцлага тооцох үндэслэл болоод байгаа талаар тайлбар хийж, дүгнээгүй. Тус компани нь уул уурхайн компаниудтай харилцаж, механик болон электрон жин суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхэд барилга угсралтын ажил ихэнх хувийг эзэлдэг. 2011 онд бид томоохон олон ажлыг хийж гүйцэтгэхдээ “Х э” ХХК-аас автомашин, тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг бараа, ажил үйлчилгээг худалдан авсан бөгөөд ажил үйлчилгээ, бараа материалын дүнг хэд хэдэн сараар нь нэгтгэн зарлагын падаан, касс орлогын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичүүлж авсан.

Татварын хэлтэс нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг аж ахуйн нэгжүүдэд тодорхой дугаартай, тоо ширхэгтэйгээр, чанга шүүлтүүрээр олгодог, аж ахуйн нэгжүүд ч нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөрөө дуусгасан нөхцөлд л падаан авах эрх үүсдэг гэж бид ойлгодог. Тэр ч утгаараа бид “Х э” ХХК-д олгосон падааныг авч, тайландаа тусгасан.

Хий бичилт бүхий падаан ашигласан тохиолдолд борлуулсан компанид борлуулалтын орлогоос татвар төлөх үүрэг үүсэх ёстой. Гэтэл 2011 оноос хойш хоёр ч санхүүгийн тайлангийн жил өнгөрсөн байхад “Х э” ХХК нь энэ татварын өрөө төлөлгүй явж байсан нь ойлгомжгүй, татвар төлөх үүргээс зайлсхийх зорилгоор борлуулалтаа үгүйсгэж манай компанид бурууг нялзааж, хохирол учруулах гэж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл худалдагч тал татварын тооцоогоо хийх үүргээ биелүүлээгүй бол түүний өмнөөс худалдан авагчид хариуцлагыг шилжүүлэн, татварыг нөхөн төлүүлэх эрх зүйн боломжгүй бөгөөд өөр этгээдийн учруулсан хохирлыг бид хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй. Энэ нь буруутай этгээд өөрөө хариуцлагаа хүлээх зарчмыг алдагдуулсан хэрэг гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн зохих заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна иргэний эрх зүйн харилцааны суурь зарчмыг зохицуулсан хуулийн үзэл баримтлалд нийцээгүй дүгнэлт хийснээрээ тухай акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 дугаар актын тогтоох хэсгийн нэгийн А-д заагдсан “... Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 20,388,100 төгрөгийн нөхөн татвар, 6,116,400 төгрөгийн торгууль, 7,376,600 төгрөгийн алданги, нийт 33,881,100 төгрөгийг ногдуулсан” хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг “Г х” ХХК-ийн талаар Улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/5-8261 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу тус компанийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, гэрээ, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага, холбогдох материал зэргийг үндэслэн иж бүрэн шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар “Х э” ХХК-аас 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 47,560.0 мянган төгрөгийн үнийн дүнтэй 008585525 тоот падаан, 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 56,320.5 мянган төгрөгийн үнийн дүнтэй 008585536 тоот падаан, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100,000.0 мянган төгрөгийн үнийн дүнтэй 009909150 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг зөрчсөн тул нийт 348,677.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 28,080.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 10,815.9 мянган төгрөгийн торгууль, 9,723.7 мянган төгрөгийн алданги, 0.6 мянган төгрөгийн хүү, нийт 48,620.8 мянган төгрөгийн татварын төлбөрийг ногдуулснаас 203,880.5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 20,388.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,116.4 мянган төгрөгийн торгууль, 7,376.6 мянган төгрөгийн алдангийг тухайн үед захирал Н.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчил нь баримтаар нотлогдсон тул хариуцлага тооцсон. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 746 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Н, Ү.У нарын тогтоосон 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 дугаар актын тогтоох хэсгийн Нэгийн А-д заагдсан 20.388,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 6.116,4 мянган төгрөгийн торгууль, 7.376,6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 746 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “74.3 гэсний дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2” гэж, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 тоот актын Тогтоох хэсгийн Нэгийн А-д заасан 6,116,400 төгрөгийн торгууль, 7,376,600 төгрөгийн алданги төлөхөөс “Г х” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус нэмж, 2, 3 дахь заалтыг 3, 4 дэх заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1-д “... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 гэж нэмж...” өөрчлөлт оруулж, магадлалын хянах хэсэгт “... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэж заасныг зөрчсөн байх тул ... боломжгүй бөгөөд ... шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулийн үндэслэл болсон хууль нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр мөрдөгдөж эхэлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т “аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэсэн хуулийн заалтууд байхгүй.

Иймд давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгтээ хүчин төгөлдөр бус хууль хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Мөн “... Иймд татварын улсын байцаагчийн актын Тогтоох хэсгийн Нэгийн А заалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдагч авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцжээ...” гэж дүгнэсэн.

Гэвч нэхэмжлэгч “Г х” ХХК нь бэлтгэн нийлүүлэгчид нийт 3 худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнийн дүнтэй худалдан авалт хийж, тайландаа тусгасан байдаг. “Г х” ХХК худалдан авалт хийсэн болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын дахин давтахгүй серийн дугаартай 3 удаагийн худалдан авалтын падаанууд, “Х э” ХХК-ийн тамгатай кассын орлогын баримтууд, 2011 оны 6 дугаар сарын 09, мөн оны 6 дугаар сарын 14, 12 дугаар сарын 27-ны өдрийн “Г х” ХХК-ийн зарлагын баримтуудаар тус тус нотлогддог. Харин дээрх хуулийн шаардлага хангасан санхүүгийн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад үнэлэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 тоот татварын хяналт шалгалтын актын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.1.8, 74.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн нийт 33,881,100 төгрөгийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “... хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол ... өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтад Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж байгаа. Татварын хяналт шалгалтын актын хууль зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн нэр нь Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэх бөгөөд энэ заалт нь хуулийн дагуу өршөөгдөх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг “Г х” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352998 дугаар актаар нийт 348,677.4 мянган төгрөгийн зөрчилд 48,620.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагчийн актын зөвхөн “Тогтоох” хэсгийн Нэгийн А-д заасан 2012 онд 203,880.5 мянган төгрөгийн хий бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 20,388.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,116.4 мянган төгрөгийн торгууль, 7,376.6 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Г х” ХХК нь “Х э” ХХК-иас 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 008585525 тоот, мөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр 008585536 тоот, 12 дугаар сарын 27-ны өдөр 009909150 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар нийт 203,880.5 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2011 оны 6, 12 дугаар сарын тайланд тусгаж, албан татвар ногдох орлогоос хасч тооцсон хэдий ч худалдан авалт хийсэн, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 008585525, 008585536, 009909150 тоот падаануудад худалдан авсан бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ бичигдээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““... нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...-г тусгасан” гэснийг зөрчжээ.

“Х э” ХХК-иас худалдан авалт хийснийг нотлох болон төлбөр төлсөн тухай баримт байхгүй, “Г х” ХХК-ийн кассын зарлагын болон орлогын ордер, зарлагын баримт, худалдан авалтын дэвтэр зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байсан учир татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийг маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 Иймээс Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг нэмж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлал хуулийн үндэслэлтэй байна.

Түүнчлэн “Г х” ХХК-ийн захирал Н.Э нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 352998 дугаар актыг хүлээн зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулснаас гадна Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/5-826 дугаар албан бичиг, Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид Н.Э, “Х э” ХХК-ийн захирал Д.П нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд дээрх 3 ширхэг падаан хий бичилттэй болохыг дурдсан, “Г х” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх ёстой 203,880.5 мянган төгрөгийн 10 хувь болох 20,388.0 төгрөгөөс 4,000.0 мянган төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж, үлдэх төлбөрийг татварын байцаагчийн акт тавигдсаны дараа төлөхөөр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА