| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0176/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ц-н Ад холбогдох эрүүгийн 1909001020051 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21 дүгээр гудамж 920 тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 1987 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн а-д зааснаар 10 жилийн хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 80.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан хөдөлмөрийн чадвар алдалтийн 70 хувийг алдсан, ухаан бүрэн, / РД: УЖ 68072616 / Боржигон овогт Ц-н А нь:
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний цонхны тавцан дээр Айфоне 6 эс плас маркийн гар утсыг гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж М.Мөнхцацралд 640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Мөнхцацрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр эмнэлгийн 2 давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний цонхон дээр өөрийн Айфоне 6 эс плас маркийн гар утсаа мартаж гарсан. Утсаа 2016 онд Мобикомоос 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ягаан өнгийн гар утас байсан. Миний гар утасны шилэн наалт нь хагарсан байсан. Гар утасныхаа имэй дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн ариун цэврийн өрөөнд миний араас нэг эрэгтэй хүн, эмэгтэй ариун цэврийн өрөө рүү орчихоод гарсан байсан. Камерын бичлэг дээр тухайн хүн нь Полипено ХХК гэсэн хувцас өмссөн хүн байсан. Би тухайн хүнийг миний гар утсыг авсан байх гэж бодож байна. Би гар утсаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. / хх 4 /
Гэрч Ц.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлэг дотор явж байгаад 2 давхрын эрэгтэй ариун цэврийн өрөө ортол хүнтэй байхаар нь гараад эмэгтэй ариун цэврийн өрөө рүү ороод бие засаж байтал гэнэт гар утас дуугарсан. Тэгэхээр нь гараад тавцан дээр нэг гар утас байхаар нь хэнийх юм бол гэж бодоод аваад гарсан. Тэгээд гар утас нь дуугараад байсан. Би авч ярьж мэдэхгүй болохоор тэр чигт нь авч яваад Монтел худалдааны төв дээр очоод утас авна, зарна гэсэн эрэгтэй 50 орчим насны хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Би тэр хүнийг таньдаггүй байсан. Одоо харвал танина гэж бодож байна. Би тэр гар утасны хохирлыг ямар ч байсан төлж барагдуулна. Би сард группийн мөнгө гэж 155.000 төгрөг авдаг. Тэр мөнгөнөөсөө цувуулж төлж барагдуулна гэжээ. / хх 7 /
Яллагдагч Ц.А мөдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хохирогчид учруулсан хохирлоо төлж өгч барагдуулаагүй байгаа. Ямар ч байсан богино хугацаанд хохирлыг бүрэн төлж өгч барагдуулна. Би Монтел дээр 50 орчим насны эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр худалдчихсан бөгөөд дараа нь тэр хүнийг Монтел дээр худалдаа эрхэлдэг хүн юм байх гэж бодоод олон хоног эрж хайж явсан боловч тэнд ажилладаггүй явуулын хүн байсан юм байна билээ. Бусдын гээгдэл эд зүйлийг авч санаатайгаар зарж борлуулж ашигласан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 33 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 9-10 /
Шүүгдэгч Ц.Аийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 2-3 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн 2 дугаар давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний цонхны тавцан дээр Айфоне 6 эс плас маркийн гар утсыг гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж М.Мөнхцацралд 640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр эмнэлгийн 2 давхрын эмэгтэй ариун цэврийн өрөөний цонхон дээр өөрийн Айфоне 6 эс плас маркийн гар утсаа мартаж гарсан. Би гар утсаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Мөнхцацралын мэдүүлэг / хх 4 /, ...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн 1 дүгээр эмнэлэг дотор явж байгаад 2 давхрын эрэгтэй ариун цэврийн өрөө ортол хүнтэй байхаар нь гараад эмэгтэй ариун цэврийн өрөө рүү ороод бие засаж байтал гэнэт гар утас дуугарсан. Тэгэхээр нь гараад тавцан дээр нэг гар утас байхаар нь хэнийх юм бол гэж бодоод аваад гарсан. Би тэр гар утасны хохирлыг ямар ч байсан төлж барагдуулна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Аийнм мэдүүлэг / хх 7 /, ...Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна. Би бусдын гээгдэл эд зүйлийг авч санаатайгаар зарж борлуулж ашигласан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн ялллагдагч Ц.Аийн мэдүүлэг / хх 33 /, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний тайлан / хх 9-10 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Аийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй тул шүүгдэгч Ц.Аийг цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-н Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц-н Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / нэгж буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ц.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Аээр 640.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мөнхцацралд олгосугай.
6. Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ