Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр,                                             

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монос боржигон овогт Б-н Бт холбогдох эрүүгийн 1809050111226 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй “Монос дент” эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, амины орон сууцны 44 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 03 сарын 06-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ЧД84012971 / Монос боржигон овогт Б-н Б нь:

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Sky Iounge-д үйлчлүүлж байхдаа Э.Энхжаргалтай маргалдан асаалттай тамхины ишээр духыг нь түлж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Энхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Шангри-лад үеэл Мөнхтүвшингийн хурим болсон юм. Тэгээд дараагийн үйл ажиллагаа болох Sky Iounge-руу явсан. Тэнд очоод бүжиглээд байж байтал хамтран амьдрагч Б.Б намайг “ Яасан их ярьдаг юм. Ямар их бүжиглэдэг юм. Битгий уугаад бай” гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд Б.Бийг тамхи татахаар гарахаар нь дагаад гарсан. Гараад тамхины өрөөнд би Б.Бт “ Хуриманд ирсэн хүн чинь ууж идэлгүй яахав дээ ” гэсэн чинь уурлаад татаж байсан тамхиа миний духан дээр унтраасан. Тэгээд “ Чамайг ална" гээд дайраад байсан гэжээ. / хх 5 /

 

Гэрч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Э.Энхжаргал алга болчихоор нь хайгаад тамхины өрөөнд орсон чинь үеэл Мөнхтүвшинтэй хамт тамхи татаад сууж байсан. Тамхи татаж байхаар нь  уур хүрээд тамхийг нь аваад нясалсан чинь духан дээр нь оноод дух нь түлэгдсэн гэжээ. / хх 7 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13107 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Энхжаргалын биед духанд шархтай гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь хэт халуун хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. / хх 10 /

 

Шүүгдэгч Б.Бийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 24-25 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар / хх 18, 29-32 / зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч тэр өдөр миний үгэнд орохгүй, архи их уугаад, тамхи татаж байхаар нь уур хүрээд тамхиараа духыг нь түлсэн нь үнэн. Уйчлалт гуйж, бид эвлэрсэн. Мөнгө төгрөгний туслалцаа үзүүлсэн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Sky Iounge-д үйлчлүүлж байхдаа Э.Энхжаргалтай маргалдаж асаалттай тамхины ишээр духыг нь түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хамтран амьдрагч Б.Б намайг “ Яасан их ярьдаг юм. Ямар их бүжиглэдэг юм. Битгий уугаад бай” гэх зэргээр дарамтлаад байсан. Тамхины өрөөнд би Б.Бт “ Хуриманд ирсэн хүн чинь ууж идэлгүй яахав дээ ” гэсэн чинь уурлаад татаж байсан тамхиа миний духан дээр унтраасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энхжаргалын мэдүүлэг / хх 5 /, ... .Э.Энхжаргалын биед духанд шархтай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13107 дугаар дүгнэлт / хх 10 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан прокурорын санал болгосон 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Энхжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 39 / гэсэн тул төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монос боржигон овогт Б-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч  Б-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ