Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

                        

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шт холбогдох эрүүгийн 1938001670077 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух өөрийн гэртээ унтаж байгаад 1 сартай нярай охин Б.Анарыг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироож хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух өөрийн гэртээ унтаж байгаад 1 сартай нярай охин Б.Анарыг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироож хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Нойрон дунд охин маань уйлагнахаар нь хэвтээнээрэй хөхүүлж байгаад унтчихсан байсан. Би өмнө хэвтэж байгаад хөхөө хөхүүлчихдэг байсан болохоор нь зүгээр байх гэж бодсон. Манай нөхөр Баянмөнх орж ирээд намайг татаж сэрээгээд хүүе чи хүүхдээ дарчихсан байна ш дээ гэхээр нь хүүхэд рүүгээ хартал нүүр нь хөхөрчихсөн нэг хамраас нь сүү, нөгөө хамраас нь цус гарчихсан байсан. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гүн нойронд автаж хүүхдээ дарж амь насыг нь хохироочихно гэж бодсонгүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,

Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02-р сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд манай нэг настай том хүүхэд маань өвөөгийндөө орж зурагт үзье гээд байхаар нь би өвөөгийнд нь авч ороод хэсэг байж байгаад 30-аад минут хэрээтэй болоод буцаад гэртээ орсон чинь манай эхнэр, хүүхдийнхээ урд талд хүүхдээ хөх болон цээж хэсгээрээ дарчихсан унтаж байсан. Тэгээд би “хүүе чи хүүхдээ дарчихсан юм биш үү” гээд очиход охин маань амьсгал хураасан байсан. Тэгээд би ээж болон дүүдээ мэдэгдээд яахаа мэдэхээ байчихаад хөдөөнөөс манай хамаатан садны хүмүүс ирээд Мэндээ эмчид мэдэгдэхгүй бол болохгүй гээд манай эхнэр өөрөө Мэндээ эмч рүү залгаж хүүхдээ хөхөөрөө дарсан гэдгээ хэлсэн. Төрсний гэрчилгээ авч чадаагүй байгаа. Гэхдээ Анар гэж нэрийг өвөө нь охинд маань өгсөн байсан юм. Шөнө уйлагнахаар нь хэвтэж байгаад хөхүүлчихдэг байсан. Харин гал түлсэн үед босож сууж байгаад хөхүүлдэг байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний утас руу нас бардаг хүүгийн ээж Б.Ш залгаад би охиноо хөхөөрөө дарчихлаа Мэндээ эмчээ гэхээр нь сая уу гэсэн чинь үгүй 22 цаг 30 минутын үед гэсэн...Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02-р сарын 15-ны шөнийн 02 цаг 15 минутын орчимд нас барсан хүүхдийн ээж нь манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Мэнджаргал руу залгаад би Шинээ байна би охиноо хөхөөрөө дарчихлаа хүүхэд нас барчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар ярилцаад эрүүл мэндийн төв рүү мэдэгдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Баянмөнх маань орж ирээд охин маань болохоо байчихсан байна гэхээр нь гэрт нь яваад ортол нялх охин маань амьсгал хураасан байсан. Намайг өмнө Баянмөнхийн гэрт нь орход манай бэр охин ээж би ядраад байх шиг байна эртхэн унтаж амрахаас гэхээр нь тэг, тэг миний охин гэж хэлчихээд гараад явсан. Миний ойлгосноор манай бэр охиноо хэвтэж хөхүүлж байгаад унтаад хөх цээжээрээ охиноо дарчихсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай:

1.3 Талийгаач Б.Ань нүүр болон цээжний дарагдлын улмаас тухайн цаг хугацаандаа амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.

2. Задлан шинжилгээгээр талийгаач Б.Анарын цогцост цээжний дарагдал бүхий гэмтэл тогтоогдсон ба энэ нь мохоо зүйлийн нүүр болон цээжин тус газар дарах үйлчлэлээр үүсгэгдсэн үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн гэмтэл болно.

4.  Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илэрээгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаартай:

Б.Ш сэтгэцийн өвчингүй.
Б.Шийн хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.

   3. Б.Ш сэтгэл мэдрэлийн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ШЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1938001670077 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Ш нь урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48-р хуудас/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.Бнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 49-р хуудас/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938001670077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч Б.Шхүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шоршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Б.Шт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Эрүүгийн 1938001670077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР