Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/62

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох эрүүгийн 1824000000052 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай баг “Хар байц” гэх уулын бэлд тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан буюу 1 ширхэг халиун буга агнасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай баг “Хар байц” гэх уулын бэлд тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан буюу 1 ширхэг халиун буга агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр буганы нэг талын хаа, гуяны махыг нь гэртээ авчираад хоол хийж идээд дуусгасан. Бугын эвэр, эвэрний тав, бугын арьсыг өөрийнхөө гэртээ хадгалж байгаад цагдаад хураалгасан. Би 6 салаа эвэртэй эр буга агнасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 2-4 дүгээр хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 23, 25-27-р хуудас/,

      Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай сумын Х.Д халиун буга агнасан гэсэн. Тэр буга 6 салаа эвэртэй байсан гэсэн. Тиймээс эр буга байсан. Дүгнэлтэнд гарсан хохиролыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-49-р хуудас/,

Гэрч Н.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Х.Д 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр нэг өдөр адуунд явна гээд буугаа аваад явсан. Тэгээд ирэхдээ бугын мах авчирсан. Тэгээд тэр махыг нь хоол хийж хэрэглээд дуусгасан. Манайх бугын махаар ойролцоогоор 10 орчим хоног хоол хийж идсэн. Би бууных нь нэрийг мэдэхгүй 1 дурантай буу байдаг юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/,

       2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг байхаар тогтоосон. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Амьтны аймагт учирсан хохиролын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу эр халиун буга 13.200.000  төгрөгийн нөхөн төлбөр төлнө.

      2. Эр халиун буга байна.

      3. Эр халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан’’-ны жагсаалтанд багтсан.

      4. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр “Хар байц” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг биш.

      5. Тус хэрэгт хураагдсан арьс эвэр нь халиун бугын арьс эвэр байна гэх дүгнэлт /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1824000000052 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 61-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын аргах хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд нийт 13.200.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Х.Д нь 4.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул үлдэх хохирол 9.200.000 төгрөгийг шүүгдэгч Х.Дгээс гаргуулж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

       Эрүүгийн 1824000000052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... гол төмрийн дугаартай буу 1 ширхгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 6 салаа 2 ширхэг бугын эврийг улсын орлогод оруулж, ногоон өнгийн бариултай 14.8 см урт хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай гар хөрөө 1 ширхэг, тав 2 ширхэг, бугын арьс 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Х.Дхууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дхорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Дгээс 9.200.000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

     6. Эрүүгийн 1824000000052 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 7352433249 гол төмрийн дугаартай буу 1 ширхгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 6 салаа 2 ширхэг бугын эврийг улсын орлогод оруулахын Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ногоон өнгийн бариултай 14.8 см урт хутга 1 ширхэг, ногоон өнгийн бариултай гар хөрөө 1 ширхэг, тав 2 ширхэг, бугын арьс 1 ширхгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримь шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

     7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

     8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР