Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/0376/И |
Дугаар | 367 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 367
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багт оршин суух, ВЛ81032502 регистрийн дугаартай, Нямжав овогт Цэдэнсодномын Туулын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 2 дугаар багт оршин суух, ВА75011010 регистрийн дугаартай, Ширээт овогт Бэгзсүрэнгийн Нацагдоржид холбогдох
160 толгой мал буюу үнийн 5470000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2010 онд Б.Ганбаатартай хамтран амьдрах болж 2011 оны 11 сарын 09-ны өдөр охин Г.Содтуяа, 2014 оны 07 сарын 09-ны өдөр хүү Г.Содбилэг нарыг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор хурим найраа хийгээд гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан ч хэлж ирдэггүй өвчин зовлонгоос болж 2015 оны 07 сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан. Нас барахаасаа өмнө 2015 оны 03 сараас 07 сарыг хүртэл бөөрний дутагдал болсон гэсэн оноштойгоор тасралтгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад би болон миний аав, ээж, дүү нар л байнга хоол унд зөөж, асарч тойлж байдаг байсан. Хадам талаас хүмүүс ирж харж хандаж, асраад байсан юм байхгүй. Тэдний дүү Цэрэндолгор нь хааяа л харж хонодог байсан байх. Манайх 160 тооны бог малтай байсан ба малаа Баянбулаг сумын 2-р багийн иргэн Ганболд гэдэг айлд маллуулдаг байсан. Гэтэл манай талийгаачийг өнгрөөд 49 хоногийг нь өнгөрөнгүүт нөхрийн дүү Б.Нацагдорж нь манай нэр дээр байсан малыг мал маллаж байсан айл болох Ганболдынхоос ялгаж авсан байсан. Нялх балчир хүүхдүүдтэй үлдсэн надад ямар ч мал үлдээгээгүй хамж авсанд нь үнэхээр гомдолтой байна. Бид хоёр 5 жил хамтран амьдарсан, үр хүүхдүүдээ эцгээр нь овоглон өсгөж боожуулж байсан байхад үр хүүхдүүдэд нь юу ч өгөхгүй, хүн чанаргүй хандаж байгаад гомдолтой байна. Б.Нацагдорж өөрөө 1000 малчин байсан, их олон малтай, миний хоёр хүүхдийн 160 малруу илүү харах ёсгүй л баймаар юм. Би эмэгтэй хүний хувьд хань ижлээ алдаж, нялх нойтон хүүхэдтэй, талыгаачийн цалингийн зээлийг би төлөх гэж аавынхаа цалингаас сар бүр төлүүлж, өөрийнхөө бизнесийн зээлийг ээжийнхээ сарын орлогоор төлөх гэж маш хүнд амьдарч байна. Иймд манай 160 толгой бог малыг 2016 оны төлтэй нь хамт Б.Нацагдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Туул шүүхэд гаргасан тайлбартаа:
Нийт 160 мал гаргуулахаас 120 малыг авч, 40 малаас татгалзаж байна. 120 мал нь ямаа-30, эм хонь-30, хурга-30, төлөг-20, эр шүдлэн-10, нийт 120 мал авна гэжээ.
Хариуцагч Б.Нацагдорж тайлбартаа:
Ц.Туулд ямаа-30, эм хонь-30, хурга-30, төлөг-20, эр шүдлэн-10, нийт 120 малыг өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туул нь 160 толгой мал буюу үнийн 5470000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 40 малыг татгалзсан, хариуцагч Б.Нацагдорж нь ямаа-30, эм хонь-30, хурга-30, төлөг-20, эр шүдлэн-10, нийт 120 толгой мал өгөхийг зөвшөөрсөн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Туул нь 160 толгой мал буюу үнийн 5470000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 40 малыг татгалзаж, хариуцагч Б.Нацагдорж нь ямаа-30, эм хонь-30, хурга-30, төлөг-20, эр шүдлэн-10, нийт 120 толгой мал өгөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төвлөрсөн төсвийн данснаас 51235 төгрөг, хариуцагч Б.Нацагдоржоос 51235 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Туулд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ