Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/69

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гт холбогдох эрүүгийн 1838006640073 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 08 дугаар сарын сарын 24-27-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-11-11 тоотод байрлах иргэн Б.Ц байшингаас 12 инчийн өнгөт зурагт, ДДШ-ийн хүлээн авагч станц, Чингис хааны зурагтай хивс зэргийг хулгайлж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 08 дугаар сарын сарын 24-27-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-11-11 тоотод байрлах иргэн Б.Ц -байшингаас 12 инчийн өнгөт зурагт, ДДШ-ийн хүлээн авагч станц, Чингис хааны зурагтай хивс зэргийг хулгайлж 290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд би хоол унд идээгүй их өлсөж явсан. Тэгээд би хамаатны ах Мөнхбаатарынд очиж хоол унд идэн хонох бодолтой очсон юм. Тэгтэл байхгүй байхаар нь жоохон эд зүйлс аваад зараад хоол олж идэх бодолтой байсан юм. Чингис хааны зурагтай жижиг хивс нь манай найз хундан хочтой Ганаагийн гэрт байгаа. Хүлээн авагч станцыг Улаан-Уул сумын харъяат Буяа гэх хүнд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 25.000 төгрөгөөр зарсан. 21 инчийн өнгөт зурагтыг нь манай найз хундан хочтой Ганаа хүнд 30.000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. Би ганцаараа уг хулгайн хэргийг үйлдсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 49 дүгээр хуудас/,

       Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...12 инчийн өнгөт зурагт, ДДШ-ийн хүлээн авагч станц манай байшинд модон орон дээр байсан Чингис хааны зурагтай хивс алга болсон байсан. Мөн авдар болон байшингийн хаалганы цоож эвдэлсэн байсан...Надад одоо ямар нэгэн гомдол, санал алга... “ гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,

        Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “… 2018 оны 08 дугаар сарын 27-ны оройн 17 цагийн үед Мөрөн сумын 5-11-11 тоот болох хүргэн Мөнхбаатарын гэрт ирсэн. Намайг очиход байшингийн цоожийг эвдээд байшинд орсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 12 инчийн өнгөт телевизор, хүлээн авагч станцтайгаа алга болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

        Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Зах дээр явж байсан чинь манай сумын С.Г жаахан юм уучихсан зурагтны станц аваач гэхээр нь 25.000 төгрөгөөр авсан...Хулгайн юм байж таараад маргааш нь буцааж өгөөд С.Гоос 25.000 төгрөгөө авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

        Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “… С.Г нь манайд нэг удаа ирэхдээ хар өнгийн зурагт станц, хивс авчирсан. Тэгэхэд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байсан. Би Рагчаа гэж хүнд 30.000 төгрөгөөр өгсөн. Хулгайн зурагт гэж мэдээгүй байсан. Намайг зараарай гэхээр нь би зарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

        Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838006640073 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Б.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Г нь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 66, 67-69 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Г нь ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч С.Г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Эрүүгийн 1838006640073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕӨРНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР