Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 178

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард Аюушийн 25-р гудамжны 1-2б тоотод оршин суух СФ62010205 регистрийн дугаартай Зуутраг хуяг овогт Өлзийгийн Даваажавын нэхэмжлэлтэй

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг,  35-р байрны 20 тоотод оршин суух СЩ79051716 регистрийн дугаартай Дэд овогт Рэгдэлийн Дугардоржид холбогдох 4.615.000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Даваажав, хариуцагч Р.Дугардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Нэхэмжлэгч Ө.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ө.Даваажав нь иргэн Р.Дугардоржтой 2013 оны 4-р сарын 23-ны өдөр “SAMRIN групп” ХХК-ийн ROSKSTON брэндийн автомашины дугуй худалдах худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний дагуу мөн сарын 24-нд өөрийн борлуулж байсан дугуйны үлдэгдэл болох NS8010 маркийн /баавгай хээтэй/, нэг бүр нь 555.000 төгрөгийн үнэтэй автомашины дугуй 4 ширхэгийг худалдсан ба үнийг 6-р сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон болно. Мөн хамтран ажиллах гэрээний дагуу надаас хүлээж авсан 55 дугуйнаас нэг бүр нь 540.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуй өөртөө авсан. Ингээд нийт 6 дугуйны үнэ 3.300.000 төгрөгийг төлөх ёстойгоос 2013 оны 7-р сарын 05-ны өдөр 830.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 2.470.000 төгрөгийг өдий хүртэл төлөөгүй байгаа бөгөөд эхний 4 дугуй худалдах худалдан авах гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 1.110.000 төгрөг, нийт 3.580.000 төгрөгийг Р.Дугардоржоос авах ёстой юм.

Мөн хамтран ажиллах гэрээний дагуу надаас 55 дугуй хүлээж авснаас өөрөө 2 дугуйг нь авч үлдэх 53 дугуйг /нэг бүр нь 550.000 төгрөгийн үнэтэй усан хээтэй дугуй 16, нэг бүр нь 555.000 төгрөгийн баавгай хээтэй дугуй 37/ нь худалдан борлуулж, түүний үнэ болох 29.335.000 төгрөгийг надад шилжүүлэх ёстойгоос, 840.000 төгрөгийг дугуй худалдан борлуулсны урамшуулалд авч, одоо 1.035.000 төгрөг дутуу байгаа болно. Иймд дээрх хоёр гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алдангид нийт 4.615.000 төгрөгийг Р.Дугардоржоос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Р.Дугардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Дугардорж миний бие нь Ө.Даваажавд Бор-Өндөрт анх том машины  дугуй зарах санааг хэлж хамтран ажилласан. Бизнесийн хуулийн дагуу 10 хувийн ашиг надад өгөх ёстой байтал ашиг өгөөгүй. Иймд Ө.Даваажавын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Ө.Даваажав нь хариуцагч Р.Дугардоржоос 4.615.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Хариуцагч Р.Дугардорж нь нэхэмжлэгч Ө.Даваажавтай 2013 оны 04 дүгээр сарын 23 ний өдөр нэхэмжлэгч Ө.Даваажав  авто машины дугуйг нийлүүлэх, 2013 оны 06 сарын 10 өдөр дугуй зарж борлуулсан мөнгийг Р.Дугардорж төлж дуусгах,гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 555.000 төгрөгийн үнэтэй автомашины дугуй 4 ширхэг,нэг бүр нь 540.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуй эхний ээлжинд нийлүүлсэн бөгөөд түүний үнэ болох 3.300.000 төгрөгийг төлөх ёстойгоос 2013 оны 07 сарын 05 нд 830.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 2.470.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Дээрхи мөнгөний хугацаа хэтэрүүлсэний алданги болох 1.110.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Даваажав нь нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Р.Дугардорж нь төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ө.Даваажав, хариуцагч Р.Дугардорж нарын хооронд байгуулагдсан  зээлээр худалдах худалдан авах гэрээндээ тодорхой тусгасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Дугардоржоос 3.580.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Даваажавт олгох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд иргэний хуулийн 232.3,232.4-т зааснаар алданги 1.110.000 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2.470.000 төгрөгний 50 иас хэтэрээгүй байна гэж шүүх үзлээ. Мөн нэхэмжлэгч хариуцагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 25 ний өдөр харилцан тохиролцож байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Ө.Даваажав нь хариуцагч Р.Дугардоржид нэг бүр нь 550.000 төгрөгийн үнэтэй дугуй 16 ширхэг,нэг бүр нь 555.000 төгрөгийн үнэтэй дугуй 37 ширхэгийг нийлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүний үнэ болох 29.335.000 төгрөгийг Р.Дугардорж нь шилжүүлэх ёстойгоос 1.035.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Р.Дугардоржоос 6 ширхэг дугуйны үнэ 2.470.000 төгрөг, алданги 1.110.000 төгрөг, 55 дугуйны үлдэгдэл мөнгө 1.035.000 төгрөг нийт 4.615.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Даваажавт олгох нь зүйтэй байна.Мөн нэхэмжлэгч Ө.Даваажав нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд ирэх буцах зардал, буудалд байрласан хөлс болох 311000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эдгээр зардал нь иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт зааснаар Ө.Даваажав нь учирсан хохиролоо шаардах эрхтэй байх тул хариуцагч Р.Дугардоржоос 311000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн115.2.1, 116,118-120 дугаар зүйлд тус тус

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,222.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Дугардоржоос 4.926.000 төгрөгийг / дөрвөн сая есөн зуун хорин зургаан  мянга / гаргуулан нэхэмжлэгч Ө.Даваажавт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, ИХШХШТ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98.782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Дугардоржоос 98.782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Даваажавт олгосугай.

3.  Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  С.БАЙГАЛЬМАА