| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 101/2022/03817/И |
| Дугаар | 210/МА2024/00076 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/00076
| 2024 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2024/00076 |
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04531 дугаар шийдвэртэй
Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ц.Б-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 123,651,836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай компани нь Ц.Б-той 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хувийн бизнес өргөжүүлэх зориулалтаар олгосон.
1.1. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Ц.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу, *** дугаар байр, ** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний 2.3-т зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 болон 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн, үндсэн зээл болон зээлийн хүү төлөхөөр зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн юм.
Хариуцагч Ц.Б нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2013 оны 10 дугаар сарын сарын 07-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13,131,000 төгрөг төлсөнөөс үндсэн зээлд 1,160,000 төгрөг, зээлийн хүүнд 11,606,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 364,856 төгрөгийг суутгасан бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэлх төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч Ц.Б 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 1,660,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Өнгөрсөн хугацаанд манай компани зээлдэгчид зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, зээлийг төлөх хугацаа олгож байсан.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32017/04636 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01258 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан бөгөөд тус байгууллагын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14ё-5/7872 тоот албан бичгээр хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоосон. Ингээд манай компани 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32018/06957 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01650 дугаар шийдвэрээр хариуцагчийн оршин суугаа хаягийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс олж тогтоосон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/Ш32022/03183 дугаар захирамжаар мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01245 дугаар шийдвэрээр хариуцагчийн оршин суух хаягийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан ба 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26ё1-3/3543 албан тоотоор олж тогтоосон тухай мэдэгдсэн. Манай компани хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчийг эрэн сурвалжуулж оршин суух хаягийг тодруулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 28,840,000 төгрөг, зээлийн хүүнд 79,580,416 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,961,320 төгрөг, нотариатын төлбөрт 59,500 төгрөг, эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, нийт 123,651,836 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
1.2. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд зааснаар Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах 49.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Бид, зээлийн хүүг хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 1.2.2-т заасан 3 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-т заасан 0.9 хувиар тооцсон ба хариуцагч Ц.Б нь 30,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан боловч 930,000 төгрөгийг төлсөн тул зээлийн хүү гэж үзсэн болно гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оноос 10 жилийн өмнө авсан зээлийг буцаан төлөх, мөн эрэн сурвалжлуулсан байна. Гэтэл хариуцагч анх нэхэмжлэл гаргасан хаягт өнөөдрийг хүртэлх хугацаанд оршин сууж байхад яагаад эрэн сурвалжлуулж байсныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид зээл төлөх талаар удаа дараа бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй, явц дунд талууд утсаар ярьж байсан, эрэн сурвалжлуулсан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдолтой хариуцагчид ямар шаардлага, мэдэгдэл өгч байсан талаарх баримт байхгүй, маш их хэмжээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж шударга бус хандаж байна. Гэтэл хариуцагч нь тус компаниас 12,000,000 төгрөг авсан байхад үндсэн зээл нь төлөгдөөгүй, дараа дахиад 30,000,000 төгрөг авсан ба одоо 79,000,000 төгрөгийн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Хэдийгээр ББСБ нь ашгийн төлөө байгууллага боловч энэ үйл ажиллагаа нь мөнгө хүүлэх агуулгатай байж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урт хугацааны хүү нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, зээлээс хүү тооцох ёстой боловч хүүгийн хэмжээг урт хугацаанд нэмэгдүүлж байгаа нь шударга биш. Мөн зээлийн хүүг ямар хугацаагаар тооцсоныг ойлгохгүй байна. Бид анх нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар болон түүнээс өмнөх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзахгүй. Харин нэхэмжлэлд дурдсан урт хугацааны хүү төлөх үндэслэлгүй. Хариуцагч хаягтаа одоо хүртэл амьдарч байна. Иймд шүүхийн мэдэгдэх хуудас явуулах үед үр хүүхдүүд нь гэртээ байж таараад өөрөө байхгүй болохоор хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгоход нэхэмжлэгч эрэн сурвалжлуулаад байсан гэж ойлгож байна гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ц.Б-оос 104,098,392.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,553,444.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Б ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах Ү-220402**** тоот улсын бүртгэлийн дугаартай 49,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,410.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 748,642.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 76,188,392 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан эрх бүхий хуулийн этгээд /ББСБ/ хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөхөөр хуульчилсан. Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Ц.Г-той байгуулсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд дээрх зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөн эсэх үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба үүнээс хойш 10 жилийн дараа /3,650/ нэхэмжлэл гаргасан ба энэ хугацаанд шүүхийн байгууллагад хандсан, эрэн сурвалжлуулсан гэх боловч хариуцагч мэдээгүй байдаг. Учир нь тус байгууллагыг шүүхэд хандсан эсхүл эрэн сурвалжлуулсан болохыг хариуцагч мэдэх боломжгүй нөгөө талаасаа нэхэмжлэгч байгууллагаас 10 жилийн хугацаа өнгөрөхөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан удаагүй зээл олгосноос 2,3 дахь жилд хүүгийн зогсоосон үндсэн төлбөрөө төлөөд хаалгаарай гэх байдлаар харилцаж байсан байгууллага 10 жилийн буюу 3,650 орчим хоногийн хүүнэхэмжилж байхаданхан шатны нгүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
Хэргийн материалд зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан мэдэгдэх, мэдэгдэх хуудас, шаардлага гэх мэт ямар ч бичиг байхгүй, хариуцсан эдийн засагч болоод удирдах албан тушаалтны зүгээс утас, и-мэйл, мессеж гэх мэт цахим хэрэгслээр хариуцагчтай энэ талаар харилцаж байсан баримт байхгүй, хариуцагч 2013 онд зээл авахдаа өгсөн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** дугаар байрны ** тоот хаягт өнөөдрийг хүртэл оршин суугаа байтал эрэн сурвалжлуулсан гэх тайлбар үндэслэлгүй ба хаягаар ирж байгаагүй, шаардлага хүргүүлж байгаагүй болохыг анхаарахыг хүсэж байна.
4.2. Анхан шатны шүүх зээл олгосон өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг буюу 10 жил орчим хугацааны хүүг шаардах эрхтэй байна гэж нэхэмжлэлийн хүү шаардсан хэсгийг зөвтгөж шийдвэрлэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар үндсэн зээлийг төлөх хүртэлх хугацааны хүүг шаардах эрхтэй гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь хэдий үндсэн зээлийг төлөх хүртэлх хугацааны хүүг шаардах эрхтэй боловч уг зохицуулалт нь хэдэн жилээр ч хамаагүй хүүг нь явуулж байгаад хүүгийн хэмжээ өндөр болохоор шаардах эрхээ хэрэгжүүлэх тухай ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, бага үнийн дүнтэй зээл олгосон нэхэмжлэгч байгууллагууд нь иргэдийн барьцаа хөрөнгийг авах зорилгоор санаатайгаар зээл хүүгийн хэмжээг барьцаа хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнд хүртэл явуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой буюу зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тохиолдолд эрх бүхий байгууллага /ББСБ/ шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой зээлдэгчийг төлбөрийн чадваргүй болсон үүргийн гүйцэтгэл урт хугацаанд хангагдахгүй байгааг мэдсээр байж хүүгийн хэмжээг санаатайгаар явуулж урт хугацааны хүү шаардаж буй байгууллагын үйлдлийг шүүх зөвтгөсөн байдлаар шийдвэрлэсэн нь олон талт сөрөг үр дагавартайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 76,188,392 төгрөгийг хэрэгсэхгүй болгох байдлаар өөрчлөлт оруулж байна.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс Ц.Г-той байгуулсан гэрээ гэж давж заалдах гомдолд дурдсан бөгөөд хариуцагчийн нэрийг буруу бичсэн байна.
5.1. 2013 онд зээлийн гэрээг байгуулахдаа сарын 3 хувийн хүүтэй байгуулсан. Тухайн үед Г ББСБ ХХК нь бусад байгууллагуудаас хамгийн бага хүүтэй гэж үзэж байна. Анх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагчийн оршин суух хаягаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагчийг нийт 3 удаа эрэн сурвалжлуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа хариуцагчийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг нь тодорхойлж, процессын ажиллагаа явагдсан. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 10 дугаар сард анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Тухайн хугацаанд Г ББСБ ХХК-иас шүүх хуралдааныг хойшлуулахаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч талаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Мөн нэхэмжлэгчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан талаарх тайлбар, нотлох баримтыг хариуцагч нь анхан шатны шүүхээс гаргуулсан.
5.2. Хариуцагчид 2,3 жилийн өмнө ар гэрийн асуудал үүссэн гэх асуудлыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өнөөдрийн шүүх хуралдаан дээр анх удаа сонсож байна. Уг зээлийн маргаан дээр 2016 оноос өнөөдрийг хүртэл би өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд очиж байсныг анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Миний бие тухайн барьцаа хөрөнгө байгаа газарт удаа дараа очиж, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэгдсэн. Мөн хариуцагч нарт шүүхээс тодорхой дүнгээр шийдвэрлэгдэнэ гэдгийг удаа дараа хэлж байсан. Тухайн хаягт очиж үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд хөдөөнөөс ирсэн бөгөөд түрээсэлж байна гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас Ц.Б-ыг эрэн сурвалжилж олсны дараа хариуцагч надтай холбоо барьсан. Тухайн үед би автомашинтай явж байхад цагдаа намайг зогсоож, эрэн сурвалжлуулсан байгууллагатай холбогдож, уулз гэж хэлсэн байдаг. Манай байгууллагаас хуулийн дагуу нэхэмжлэл гаргах болсон гэдгийг утсаар мэдэгдсэн. Мөн банк бус санхүүгийн байгууллагыг нийгэмд хүний хөрөнгийг үнэгүйдүүлж, мөнгө хүүлсэн мэтээр тайлбарлаж байна. Манай байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. 2017 оноос хойш хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Учир нь санхүүгийн байгууллага учраас Санхүүгийн зохицуулах хороонд тайлан мэдээгээ илгээдэг учраас зээлийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байдаг. Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэвч хариуцагчийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй атлаа манай байгууллагаас ажиллагаа хийсний дараа банк бус санхүүгийн байгууллагыг мөнгө хүүлэгч мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнэсэн. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
2. Г ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 123,651,836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Талууд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-010113**** тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г ББСБ ХХК нь 30,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй /хөнгөлттэй хүү 3 хувь/ 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Ц.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ.
3.2. Мөн өдөр нэг талаас Г ББСБ ХХК, нөгөө талаас Ц.Б нар ЗБ0101130087 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу *** дугаар байрны ** тоот, 49.7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.
3.3. Зээлдүүлэгч Г ББСБ ХХК-аас зээлдэгч Ц.Б-ын өмчлөлд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн төлбөрт 13,131,000 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдсон талаар зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч Ц.Б оос шаардах эрхтэй.
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч Ц.Б-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,910,000 төгрөг, зээлийн хүү 75,997,792 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, нийт 103,887,792 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх зарчмыг баримталсан эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй гэжээ.
Талуудын хооронд зээлийн гэрээ 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан тул 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан дээрх хуулийн зохицуулалтын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх тул шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 75,977,792 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар зөв дүгнэж энэ хугацаанд хамаарах зээлийн хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү гаргуулсан нь хууль зөрчөөгүй тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ц.Б хаягтаа оршин суудаггүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01258 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01650 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01245 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор шийдвэрлэж байжээ.
Түүнчлэн хариуцагч Ц.Б ыг Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу, *** дугаар байрны 24 тоот болон Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байрны *** тоот хаягт оршин суудаггүй, түүний оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6.4. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар банк бус санхүүгийн байгууллагад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах, чөлөөлөхийг үүрэг болгоогүй учраас энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.
7. Шүүх зээлийн гэрээнд тусгагдсан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.БЯМБАСҮРЭН