Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.Шт холбогдох эрүүгийн 1838008330080 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-29-24 тоот өөрийн гэрээсээ иргэн Ц.М эзэмшлийн 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-29-24 тоот өөрийн гэрээсээ иргэн Ц.Мэзэмшлийн 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…гэртээ орж зурагтаа аваад Брэнд дэлгүүрийн ломбарданд 150.000 төгрөгний барьцаанд тавьсан. Тэр үед хот явах гэж байсан. Гэртээ очиход гэр цоожтой, хүн байхгүй байсан. Манай байшингийн ард талын цонх сууриараа суларсан байсан тул тэрүүгээр нь онгойлгож орж 42 инчийн, тошиба маркийн зурагтыг удирдлагатай нь хамт авч явж барьцаанд тавьсан…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/,

Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…гэртээ орж ирэхэд манай зурагт байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай гал тогооны хойд цонхоор ороод аваад явсан байсан. Эмнэлэг явахдаа гэрээ цоожлоод гарсан ирэхэд цоожтой байсан ...манай хүүхэд болох Н.Ш гэх хүнийг тэр зурагтыг аваад явсан гэж бодож байна. Гэрийн ард талын цонхыг сууриар нь аваад буцаагаад хийсэн...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-18 дугаар хуудас/,

  Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би Мөрөн сумын 8 дугаар багийн Брэнд дэлгүүрт байрлах “Арвай” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг 20 минутын үед үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн 40 инчийн хавтгай дэлгэцтэй Тоshiba маркийн зурагт авч орж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Эрэгтэй нь Нэргүй овогтой Н.Ш гэх иргэний зурагтай лавлагаа үзүүлж байсан ...эхлээд тэр залууг ганцаараа орж ирэхээр нь би авахгүй гэхэд эхнэртэйгээ хамт яваа, хүн зодож гэмтээсэн, хохирол барагдуулах гээд яалт ч үгүй мөнгөний хэрэг гараад байна гэж гуйгаад 300,000 төгрөгний хэрэг гарсан гэж тайлбарлаад ярилцаж байгаад 150.000 төгрөгөөр хүлээн авсан юм. Гэрийн хаягаа Мөрөн сумын 1-29-24 тоотод оршин суудаг гэж бүртгүүлээд 89628929 дугаарын утсыг тэмдэглүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,

       Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед хамт явсан юм. Тэгсэн Н.Ш чи гадаа байж бай гэж хэлээд гэртээ ороод зурагтаа аваад гараад ирсэн. Чи яаж байгаа юм бэ? гэхэд би өөрийнхөө зурагтыг түр ламборданд тавина. Гэрийн түлхүүрээ хаана хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Би түлхүүр байхгүй үед гэрийнхээ цонхоор ороод гарчихдаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 58 дугаар хуудас/,

       Хохирогч Ц.М нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838008330080 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ш нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 59 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008330080 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Ш хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.ШХөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн 1838008330080 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР