Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нарт  холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3.237.639 төгрөг 81 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                          Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

        Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Г.Баясгалан, Г.Алтанзул нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2012 оны 10 сарын 11-ний өдөр №210 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2013 оны 02 сарын 01-ний өдөр №53 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг  сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02  сарын 01-ний өдөр дууссан.

Зээлдэгч Г.Баясгалан, Г.Алтанзул нар нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 11 сарын 19-нийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 3.490.135,83 /гурван сая дөрвөн зуун ерэн мянга нэг зуун гучин тав төгрөг, наян гурван мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 1.532.584, 25 /нэг сая таван зуун гучин хоёр мянга таван зуун наян дөрвөн төгрөг, хорин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33.770,79 /гучин гурван мянга долоон зуун далан төгрөг, далан есөн мөнгө/ төгрөг, нийт 5.056.490,87 /таван сая тавин зургаан мянга дөрвөн зуун ерөн төгрөг, наян долоон  мөнгө/ төгрөг төлсөн.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Г.Баясгалан, Г.Алтанзул нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 5 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Г.Баясгалан, Г.Алтанзул нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 2.009.864,17 /хоёр сая есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг,

Зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 1.025.396,79 /нэг сая хорин таван мянга гурван зуун ерөн зургаан төгрөг далан есэн мөнгө/ төгрөг,

Зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 202.378,85 /хоёр зуун хоёр мянга гурван зуун далан найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг,

Нийт 3.237.639,81 /гурван сая хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун гучин есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нараас зээлийн гэрээний үүрэгт

нийт 3.237.639,81 /гурван сая хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун гучин есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг

2.Хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1-р баг 42-р байрны 47 тоотод оршин суух /РД: СЩ85090304/ Хардэл бэйс овогт Ганзоригийн Алтанзул шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Баясгалангийн төрсөн эгч бөгөөд 2012 оны 10 сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг авахад нь батлан даагчаар гарын үсэг зурсан. 2013 оны 02 сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийн зээл нэмж авахад батлан дааж аваагүй. Анх батлан даагчаар гарын үсэг зурж зээл авсан нь төлөгдсөн, нэмж авсан зээлд батлан даагчаар гарын үсэг зураагүй тул Г.Баясгалангийн 2013 оны 02 сарын 01-ний өдрийн 53 тоот гэрээгээр нэмж авсан зээлд хамтран зээлдэгчээр татах үндэслэлгүй байна. Харин Г.Баясгалангийн төрсөн эгчийн хувьд өөрийнх нь төлөх боломжтой хугацаанд нь төлүүлж дуусгахыг хувийн зүгээс шаардаж төлүүлэх болно” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4-р баг улаан-Эрэг рашаант 1-2 тоотод оршин суух /РД: СЩ87031219/ Хардал бэйс овогт Ганзоригийн Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 06 сард эрхэлж байсан ажлаас гарсан тул зээлээ сар сард нь боломжоороо 2014 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаандаа хийж байгаад 2015 оны 03 сараас хойш өөрийн боломжоороо хийж байсан. 2015 оны 11 сараас хойш ямар ч боломжгүй байсан учир зээлээсээ хасаж чадаагүй удаасан нь үнэн. Одоо үлдсэн 3.237.639,81 төгрөгийг 2017 оны 03 сар гэхэд төлж барагдуулна.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгалмж  банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нараас зээл, хүүний үлдэгдэл нийт 3.237.639,81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нарын хариу тайлбартай танилцлаа. Иймд хариуцагч Г.Алтанзулаар 3.237.639,81 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Г.Баясгалангаар Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээл 2.009.864,17 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1.025.396,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202.378,85 төгрөг, нийт 3.237.639,81 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг  зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 2.009.864 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1.025.396,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202.378,85 төгрөг, нийт 3.237.639,81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй  2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр №210 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 3.000.000 төгрөг, хариуцагч Г.Баясгалан нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №53 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 2.500.000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус нэмж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Г.Баясгалан, Г.Алтанзул нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Г.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.237.639,81 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.   

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Г.Алтанзулаар 3.237.639,81 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Г.Баясгалангаар  “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2.009.864,17 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1.025.396,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202.378,85 төгрөг, нийт 3.237.639,81  төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Г.Баясгалан нь 3.237.639,81  төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 3.237.639,81   /гурван сая хоёр зуун гучин долоон мянга зургаан зуун гучин есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Баясгалан нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3.237.639,81 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66752 төгрөгний тал хувь болох 33376 төгрөгийг хариуцагч Г.Баясгалангаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Баясгалан нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА