| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/03030/И |
| Дугаар | 210/МА2024/00138 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/00138
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2024/00138 |
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/04355 дугаар шийдвэртэй
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
З.Б-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 11,068,534 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн З.Б нь өөрийн төрсөн аав Ё.З-гийн хамтран зээлдэгчээр үүрэг хүлээн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т-наас 10090019****-20161101 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 14,236,400 төгрөгийн тэтгэврийн зээлийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.
1.1. Т нь зээлийн гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч Ё.З-гийн Т дахь 10090019**** тоот харилцах дансанд 14,236,400 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитой олгосон. З.Б нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 10090019****-20161101 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдрүүдэд бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 900 хоног хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна.
1.2. Банкнаас удаа дараа зээлийн төлбөр төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, утсаар холбогдсон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж Т ХК-д хохирол учруулаад байна.
Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,226,282 төгрөг, үндсэн хүүний төлбөр 6,842,252 төгрөг, нийт 11,068,534 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тны зүгээс хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардсан болон мэдэгдсэн шаардлагын мэдэгдэл тайлбар байхгүй байна.
2.1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, Т өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж үзэх заалт юм. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан. Нэхэмжлэгч Т болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй боловч эрхийг хэрэгжүүлээгүй. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуссан, 7 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Тэтгэврийн зээлийн гэрээний 2.1.6-д зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш нэг сарын хугацаатай олгох тэтгэмжийг шууд суутгадаг гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх тодорхойгүй. Тус гэрээний 2.3-т заасны дагуу хамтран зээлдэгч зээлдэгчийг эрхийг эдэлнэ, үүргийг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийн гэрээнд хэн, хэзээ, ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой байна. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлан хариуцагч З.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 4,226,282.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,842,252.53 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,046.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 82,570.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дүнгээс зээлийн хүүгийн хуримтлагдсан төлбөр 6,842,252.53 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Т ХК-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Шүүхийн шийдвэрт заагдсан хариуцагч талаас 4,226,282.15 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан 6,000,000 төгрөгийг төлсөн банкны дансны хуулгийг бодитой үнэлээгүй.
5.2. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэн бодитой үнэлээгүй, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс тооцох бус 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс тооцон хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байна.
Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч З.Б-ээс 4,226,282.15 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу магадлал гаргаж хэрэгсэгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч З.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,068,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан тэтгэврийн зээлийн гэрээнээс үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Ё.З, З.Б нарт 14,236,400 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн, талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.
Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхээ банк хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
5. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу банк гэрээний үүргийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн боловч үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч үндсэн зээл, гэрээнд заасан бол түүнийг хүүг, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
6. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны харилцагчийн хуулга, депозит дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх 12-16/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч тал зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар тутамд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар нь нийт төлбөл зохих төлбөрөөс 12,187,099 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 12,187,099 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөл зохих зээл, хүүгийн дүнгээс хасч тооцоолон зээлийн үүрэгт үндсэн зээл 4,226,282.15 төгрөг, хүү 6,842,252.53 төгрөг, нийт 11,068,534.68 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зээлдэгч Ё.З 2017 оны 09 дүгээр сарын 10-нд нас барсан, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.
7. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.
Гэрээний хугацаа дуусах үед хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 10,526,282.15 төгрөг байсан нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. Гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлсөн 6,600,000 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүрэг 10,526,282.15 төгрөгөөс хасахад 3,926,283 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр жилийн 18 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 2,565,368 төгрөг, нийт 6,491,650 төгрөг төлөхөөр байна.
Иймд хариуцагч З.Б-ээс 6,491,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,576,885 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Мөн шүүх хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг нэмж баримтлах нь зүйтэй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
8.1. Талуудын хооронд байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс дахин шинээр эхлэн тоолох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ. Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.2. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар нотлогдсон байна. Иймд шүүх нэхэмжлэгч талаас гаргасан 6,000,000 төгрөгийг төлсөн гэх Т ХК-ийн дансны хуулгыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/04355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...452.2... гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж, ...4,226,282.15... гэснийг 6,491,650 гэж, ...6,842,252.53... гэснийг 4,576,885 гэж,
2 дахь заалтын ...82,570.51... гэснийг 118,817 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,046.55 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.БЯМБАСҮРЭН