Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00145

 

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00145

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03451 дугаар шийдвэртэй

 Д.Б-ын нэхэмжлэлтэй

Л.Т, Н.Э нарт холбогдох

 зээлийн гэрээний үүрэгт 131,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Л.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Л.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч Л.Т нь нэхэмжпэгч Д.Б-оос 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 55,000,000 төгрөг зээлэн авч, 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгах, заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийг гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт төлөөгүй байна. Иймд хариуцагч Л.Тгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 55,000,000 төгрөг, алданги 27,500,000 төрөг нийт 82,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагч Н.Э зээлж авсан 110,000,000 төгрөгийн 50 хувь болох 55,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, 6,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 49,000,000 төгрөгийг гаргуулахаар байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Т-гээс 82,500,000 төгрөг, хариуцагч Н.Э-аас 49,000,000 төгрөг, нийт 131,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Л.Т-гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгч Д.Б-оос мөнгө зээлээгүй, түүний хамаатны дүү, манай найз Н.Э намайг Япон улсад ажиллаж, амьдарч байх үед би ахаасаа мөнгө авна, чи надтай цуг уулзаад өгөөч гээд ахаасаа зээлсэн, би тэр мөнгөнөөс нэг ч төгрөгийг захиран зарцуулаагүй, хамтарч бизнес хийгээгүй. Сүүлд намайг хариуцагч Н.Э зээлсэн мэтээр гэрээ байгуулчихаач гэж гуйсан учраас нотариат орж гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Н.Э-ын тайлбарын агуулга: Миний бие Д.Б-ын нэхэмжилсэн 55,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж байгаа бөгөөд 49,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг төлж дуусгах болно гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Т-гээс 70,000,000 төгрөг, хариуцагч Н.Э-аас 49,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөг, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ

 5. Хариуцагч Л.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Би нэхэмжлэгч Д.Б-ын төрсөн аав Ц.Д-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/17633 дугаар захирамжаар гэрчээр Ц.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болсон. Гэтэл гэрчийн холбогдох мэдээллийг хүсэлт гаргагчаас тодруулж өгөөгүй байхад гэрчийг асуух боломжгүй гэж үзэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Шүүх хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж, уг захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 181/Ш32023/17633 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагчаас мөн хуулийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан захирамжид хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам явагдах ёстой байсан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч Ц.Д нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй тул Ц.Д-гийн тайлбарыг шүүхэд гаргаж өгч, шүүхээс уг баримтыг шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд хэлэлцэж нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч Ц.Д нь шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэх тайлбар гаргадаг боловч гэрч нь шүүх хуралдаан оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Мөн гэрч Ц.Д нь нэхэмжлэгч Д.Б-ын төрсөн эцэг тул шүүхээс нэхэмжлэгчид гэрч Ц.Д-г авчирах талаар тайлбарлах боломжтой байтал шүүхээс уг ажиллагааг хийгээгүй буюу гэрчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Гэрч Ц.Д-гийн тайлбар гэх нотлох баримтад холбогдох утасны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байхад шүүх гэрчийн хаяг холбогдох мэдээлэл тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрч Ц.Д-гийн тайлбар бичмэлийн ар талд холбогдох мэдээлэл байхад шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж гэрч оролцуулах тухай 181/Ш32023/17633 дугаар захирамжийн биелэлтийг хуульд заасны дагуу хангаж, гэрчээс хэргийн гол үйл баримт болох Д.Б, Л.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцагч Ц.Э-т Ц.Д нь өгсөн эсэх талаар хэрэгт чухал ач холбогдолтой үйл явдлыг тодорхой болголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Гэтэл Л.Т нь Д.Б-оос 55,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй буюу Д.Б нь 55,000,000 төгрөгийг Л.Тд бэлэн хүлээлгэн өгөөгүй зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэг биелэгдээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан үүргийн хүрээнд хариуцагч Л.Т болон түүний итгэмжлэгдсэп төлөөлөгч нар шүүхэд тухайн үед болсон бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Т, Н.Э нар бодит байдалд Д.Б нь Л.Т 55,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй, Д.Б-ын аав Ц.Д-гийн Н.Э-т өгсөн мөнгийг халхавчлах зорилгоор Л.Т-тэй зээлийн гэрээ байгуулсныг хэргийн оролцогчид бүгд мэддэг болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өөр, өөр тайлбар гаргаж байхад шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116,3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрт дурдаж байгаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэх хөрөнгө оруулалтын гэрээ хариуцагч Л.Т, Н.Э нарын хооронд байгуулагдаагүй. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хөрөнгө оруулалтын гэрээг хуурамчаар үйлдсэн байх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. /хх-42/ Мөн уг гэрээний сүүлийн хуудсанд Л.Т-гийн нэрийг бичиж гарын үсэг харагдахгүй байдлаар оруулсан байдаг. Мөн гэрээний сүүлийн хуудсанд ...Д.Б таны хүссэнээр үлдэгдэл мөнгөний тодорхойлолт гаргаж болно... гэх хөрөнгө оруулалтын гэрээний агуулгатай ямар ч хамааралгүй өгүүлбэрийг оруулж бичсэн байгааг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн уг гэрээний сүүлийн хуудас, болон Л.Тгийн нэрийг балаар бичсэн байдал хариуцагч Н.Э-ын U E гэх нэртэй Facebook чатаас нэхэмжлэгч Д.Б-ын Facebook чатанд ирсэн хөрөнгө оруулалтын гэрээний сүүлийн хуудсууд нь

хоорондоо өөр байгаа болон үзлэгээр авагдсан хөрөнгө оруулалтын гэрээний гарын үсгийн тайлал хэсэгт Л.Т, Н.Э нарын нэрийг шивсэн байгааг анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Л.Т, Н.Э нар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хамтран ажилласан бол гэрээний хуудас, гарын үсэг бүр ижил байх ёстой юм.

Хариуцагч Л.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөрөнгө оруулалтын гэрээний эх хувыг шүүхэд өгсөн бөгөөд Т ХХК нь одоогоор хэн нэг хуулийн этгээд хувь хүнтэй байгуулаагүй болно. Хэрэв Л.Т нь Н.Э-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тохиолдолд Т ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дарагдах нь зүй ёсны асуудал юм. Т ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний драфтын 1 дэх хуудсын дээд галд Т ХХК гэж бичигдсэн бөгөөд хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд Т ХХК-ийн тамга тэмдэг огт дарагдаагүйг анхаарч үзнэ үү.

Н.Э нь Л.Т-гийн үүсгэн байгуулсан Т ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний зургийг дарж сүүлийн хуудсанд Л.Т-д энэ гэрээний хойд талд гарын үсгээ зурчих би Д.Б ахруугаа явуулах гэсэн юм гэж гуйсны дагуу Л.Т нь хөрөнгө оруулалтын гэрээний балаар нөхөж бичих хэсэг нь хоосон драфтад гарын үсэг зурсан болно. Гэтэл Н.Э нь уг хөрөнгө оруулалтын гэрээний хоосон хэсгүүдийг өөрөө бөглөж, мөн гэрээний сүүлийн хуудсыг нэмж Д.Б ахруугаа явуулсан байдаг.

Л.Т нь нэхэмжлэгч Д.Б, түүний аав Ц.Д нараас мөнгө бэлнээр болон дансаар аваагүй, уг төлбөрийн асуудал гэрч Ц.Д, Н.Э нарын хоорондын мөнгө өгч авсан зүйл буюу үүргийг биелүүлэх хүн нь Н.Э юм. Өөрөөр хэлбэл, Д.Б-ын аав Ц.Д нь Н.Э-т 100,000,000 төгрөг өгсөн бөгөөд Н.Э тухайн мөнгийг Л.Т-тэй хэрэглэсэн гэж Ц.Д, түүний хүү Д.Б нарт тайлбарласан байдаг. Шүүхийн шийдвэр талуудын хооронд үүссэн харилцааг хуульд нийцсэн байдлаар үнэн зөвөөр, бодитоор үнэлж дүгнээгүй илт үндэслэл муутай байна. Шүүх эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эсхүл эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралгай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх зорилгоор гэрчийн мэдүүлэг авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан. Гэтэл гэрчээр асуулгах Ц.Д нь Д.Б-ын аав, гэрч асуулгах тухай шүүгчийн захирамжийн дагуу тайлбар шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн ч гэрч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ...үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэх өгөхгүй байх эрхтэй гэх эрхээ эдэлсэн тохиолдолд тухайн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдах боломжгүй. Өөрөөр хэлбэл, төрсөн хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх Ц.Д-д байгаа. Хариуцагч тал талуудын хооронд хөрөнгө оруулалтын гэрээнээс өөр нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ. Гэтэл талуудын хооронд үзлэг хийсэн баримтаар хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна Л.Тгийн дансанд 110,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний 5,000,000 иен шилжүүлсний дараа орсон байдаг. Үүнээс 2 сарын дараа Л.Т-гийн эзэмшдэг Т ХХК-ийн дансанд 5,000,000 иен орж, Т ХХК-ийн 100 байсан хувьцаа 196 болж өөрчлөгдсөн. Д.Б Монгол Улсад ирсний дараа хариуцагчаас мөнгөө нэхсэн боловч өгөхгүй байсан тул 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хугацаа тогтоож, зээлийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүйгээс шүүхээр шийдвэрлүүлж байна. Н.Э хариу тайлбартаа Л.Т бид хоёр энэ мөнгийг авсан нь үнэн учраас буцааж хувааж төлнө гээд 55,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 49,000,000 төгрөгийг хувааж төлнө гэдэг. Л.Т мөнгийг бэлнээр өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрдөггүй. Н.Эын данс руу 110,000,000 төгрөг шилжүүлсэн, Н.Э Л.Т-гийн данс руу шилжүүлж, Л.Т-гийн компаний хувьцаа өссөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л.Т-гээс 82,500,000 төгрөг, хариуцагч Н.Эаас 49,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Э зөвшөөрч, хариуцагч Л.Т зээлийн гэрээний дагуу 55,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Хариуцагч нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан тохиолдолд төлөгдсөн бүх төрлийн төлбөрийг хөрөнгө оруулагчид буцаан олгохгүй байхаар, хариуцагч Н.Э компанийн Япон дахь үйл ажиллагааг, хариуцагч Л.Т Монгол дахь хүлээн авагч компанийн үйл ажиллагааг тус тус хариуцахаар харилцан тохиролцжээ. /хх 128-147/

3.2. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Н.Эт 5,477,976 иен шилжүүлсэн нь тэдний 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр харилцсан чатаар тогтоогдсон. /хх 116-127/

3.3. Хариуцагч Л.Т-гийн энгийн хадгаламжийн дансанд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4,380,000 иений орлого, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 иений орлого тус тус орсон. /хх-106/

3.4. Т хувьцаат компани 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан, үүсгэн байгуулагч Л.Т, хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн 5,000,000 иен болох талаарх компанийн бүртгэлийн гэрчилгээ /хх-87/, дүрэм /хх 92-103/ хэрэгт авагдсан.

3.5. Т хувьцаат компанийн дансанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Лхагва Тэлмэн гэсэн гүйлгээний утгатай 4,800,000 иений орлого орсон. /хх-33, 104/

3.6. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Т нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Л.Т 55,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай хүүгүй, барьцаагүй зээлж, 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг тус тус буцаан өгөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-4/

 4. Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч нарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Т компанийг үүсгэн байгуулж хамтран ажилласан ба хариуцагч Н.Э нэхэмжлэгчээс 5,477,976 иен хүлээн авч, үүнээс 4,800,000 иенийг компанид хөрөнгө оруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нэг ч нотлох баримт байхгүй байхад хэргийг таамаг байдлаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.Т нарын хооронд хожим 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хооронд 2018 онд үүссэн төлбөрийн үүргийг дүгнэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан үүргийн харилцаа үүссэн байх тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж зааснаар мөнгөн төлбөрийн үүрэгт хариуцагч Л.Т 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д төлөх үүрэг хүлээсэн байна.

 5. Алдангийн талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн бөгөөд 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх алдангийг өөрийн эрх хэмжээний хүрээнд бууруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 6. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, гэрч Ц.Д-г шүүхэд дуудсан боловч тэрээр шүүхэд очиж мэдүүлэг өгөх боломжгүй талаар тайлбар ирүүлжээ. /хх-159/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно.

Гэрч Ц.Д нь нэхэмжлэгч Д.Б-ын төрсөн эцэг тул тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Шүүхэд гэрчийг дуудахад хүрэлцэн ирээгүй нь уг эрхээ эдлэсэн гэж үзэхээр байх тул гэрч оролцуулах захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 7. Шүүхийн шийдвэрийн хариуцагч Н.Э-т холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт зохигч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 8. Дээрх үндэслэлээр хариуцагч Л.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...281 дүгээр зүйлийн 281.1... гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж,

2 дахь заалтад ... 56.1 ... гэснийг 56.2 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Т-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.БЯМБАСҮРЭН