Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 153

 

 

Б.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Т.Багахүү, Э.Ганбат, Д.Майдри, өсвөр насны шүүгдэгч Э.Б, Б.С, тэдний өмгөөлөгч Ю.Батболд, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболор, өмгөөлөгч Б.Оюунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1650 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1509 дүгээр магадлалтай, Б.Ө, Э.Б, Б.С, Ц.Э нарт холбогдох 1906065832467 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Э.Ганбат, Д.Майдри нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бодонгууд овогт Б.Ө,

2.Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Халхаачууд овогт Э.Б,

3. Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цэгмэдийнхэн овогт  Б.С,

4. Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Агуут овогт Ц.Э.

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.С, Ц.Э нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”, Э.Б “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах”, Ц.Э, Б.С нарыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Өыг 8 жил хорих ял,

өсвөр насны шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

өсвөр насны шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ял,

өсвөр насны шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Ц.Эөд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

шүүгдэгч Б.Ст оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тус тус тогтоож,

шүүгдэгч Б.Өад оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Э, Б.С нарын тус бүр цагдан хоригдсон 27 хоногийг 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн эдлэх ялаас нь хасч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өаас 4.367.940 төгрөг гаргуулан хохирогч Ч.Од олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Э.Ганбат, Д.Майдри нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ө гаргасан гомдолдоо: “2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр намайг хүний амь нас хохироосон хэрэгт сэжигтнээр татан 461 дүгээр ангид 48 цагаар саатуулсан боловч өмгөөлөгч нар эсэргүүцсэний дагуу гэрчийн мэдүүлэг зөрсөн шалтгаанаар 43 цагийн дараа сулласан. Гэтэл мөрдөн байцаагч ахлах дэслэгч Чинзориг нь 2 ширхэг хоосон цагаан цаасан дээр гэрч Ды гарын үсгийг авч мэдүүлгийг нь өөрчилсөн. Энэ тухай гэрч Д шүүх хуралдаанд ирж мэдүүлнэ гэсэн боловч бие нь муудаж, удалгүй нас барсан. Гэрч Ды ярьж байсныг манай хөрш бэлтгэл офицер Баясгалан гэрчилнэ.

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу талийгаачийг нас барахаас хоёр хоногийн өмнө талийгаач Гыг цохиж зодсон Э гэгчийг огт шалгаагүй ба энэ үйлдлийг хараад зогсож байсан Б, Д нараас энэ талаар мэдүүлэг аваагүй, зөвхөн хэрэгт ямар ч холбогдолгүй Эын эхнэрээс мэдүүлэг авах төдийхнөөр өнгөрсөн.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу талийгаач Гын нас барсан өдөр гэрийн эзэн Б гэртээ ирээд хүмүүс цуглуулж архидлаа гэж Б нарыг архины шилээр зодож, дараа нь ухаангүй хэвтэж байсан Гыг үхчихсэн байна, гаргаж хая гэснээр Б, Н, Т хэмээх Б нар хашааны хаалганаас баруун тийш хол аваачиж хаясан байдаг. Эдгээр хүмүүс нь энэ үйлдэлдээ шалгагдаж хариуцлага хүлээсэн зүйл огт байхгүй. Т Б, Н нар нь талийгаачийг гэрийн үүдэнд шээлээ гэж түлхэж унагаах, цохиж зодох зэргээр авирласан байдаг. Дээр дурдсан хүмүүс хэрэг болсноос хойш бүгд алга болцгоосон бөгөөд миний найз нөхөд, сайн таньдаг хүмүүс ч биш. Мэддэг болсоор 3-4 сарын дараа энэ хэрэг гарсан.

Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Чинзоригийн хууль бус ажиллагаа, дутуу хэрэг бүрдүүлэлт, шинжээч эмч нарын хариуцлагагүй ажиллагаа, дүгнэлтийн хор уршгаар би болон миний гэр бүл, эхнэр хүүхдүүд, ээж, дүү нар маань асар их сэтгэл санааны хохирол үзэж байна. Миний ард 5-67 насны 7 эмэгтэй намайг хараад шүүх шударга шийдвэр гаргана гэж итгэн хүлээж суугаа. Тэднийхээ өмөг түшиг болох ганц эр хүн нь би билээ. Иймд миний буруугүйг тогтоох эцсийн найдвар Монгол Улсын Дээд шүүх миний гомдлыг барагдуулж өгнө гэж итгэнэ” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  

“1.Хохирогч Б.Гын цогцост хийсэн шинжилгээний 2019.11.29-ний өдрийн 2428 дугаар дүгнэлтээр “... зүүн нүдний зовхи, хацарт 0.7х0.3 см язарсан шархтай, орчны эд хөхөлбөр ягаан цус хуралттай, духны баруун хэсэгт 2х0.9 см хүрэн өнгийн зулгаралттай” гэсэн нь шинэ гэмтэл байсныг нотолсон байх бөгөөд уг гэмтлүүдийг дүгнэлтийн 5 дахь хэсэгт “тархины цусан хураа, аалзан бүрхүүлийн доторх цус харвалт гэмтэлтэй хамт ойролцоо хугацаанд нас барахаас 24-48 цагийн өмнө үүссэн” гэж дүгнэсэн. Талийгаач нас барсан хугацааг 2019.11.06-ны 20-21 цаг байх боломжтой гэжээ. Энэ хугацаанаас дээрх гэмтлийг авсан байж болох хугацааг тооцож үзвэл 2019.11.05-ны 20-21 цагаас 2019.11.04-ний 20-21 цагийн хооронд үүссэн байх боломжтой хугацаа гарч ирнэ. Гэтэл 2019.11.03-ны 22 цагт Б.Өыг Б.Гын зүүн нүдэнд цохиж үхэлд хүргэх гэмтлийг учруулсан гэж үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан.

Шинжээчийн 2428 дугаартай дүгнэлтийн тархины гэмтлийн байрлал /цусан хураа/-д анхаарлаа хандуулахыг хүсье. “Толгойн хуйхыг нээхэд духны доод хэсгээр хүрэн улаан цус хуралттай /хх.1. 184 дэх талд авагдсан гэрэл зураг/, баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, дэлбэнгийн СУУРИЙН ХЭСГИЙГ ХАМАРСАН 150 мл хар хүрэн, гялгар, хагас бүлэгнэсэн цусан хураатай ...” гэсэн нь хавтаст хэргийн 184 дүгээр хуудсанд фото зургаар бэхжүүлэгдсэн байх ба шинэ цусан хурааг баттай нотолж байна. Тархины суурийн хэсэг гэдэг нь амьдралын чухал үйл ажиллагааны төв байрладаг хэсэг бөгөөд суурийн хэсгийн цус харвалт, цусан хураа үүссэн дариуд үйлдэл хийх боломжгүй болдог нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Гэтэл 72 цаг үйлдэл хийгээд явсан гэж үзэж Өыг гэм буруутайд тооцсон нь таамагласан шийдвэр болно.

2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 44 дугаартай 2 дахь давтан шинжилгээ хийх явцад тархины цусан хурааны үүссэн байж болох хугацааг тогтоох эд эсийн шинжилгээг дахин харуулахад эд эсийн шинжээч Д.Долгормаа: фибрин шар /6-12 Цаг/, улаан ягаан /12-18 цаг/, үзмэн ягаан /18-24 цаг/ өнгөөр будагдсан гэсэн эд эсийн нарийн мэргэжлийн дүгнэлт хариугаа өгсөн байхад уг 44 дугаартай дүгнэлт гаргасан комисс дүгнэлтийнхээ 2 дахь хэсэгт “талийгаачийн их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн цусан хураа нь нас барахаас өмнө 24-72 цагийн хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзэж, 6-24 цаг хүртэлх хугацааны өмнө үүссэн” гэсэн эд эс судлаач Д.Долгормаагийн хариуг өөрчилж, 24-72 цаг болгон дүгнэлтээ гаргажээ. Үүнийг шүүх анхаарч зөв дүгнээгүй болно.

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 881 дугаартай 3 дахь дүгнэлтийг шинжээч Ц.Ганболд, Ө.Сарангэрэл, Б.Наранбямба, С.Отгонгэрэл, Б.Баттөгс нар гаргахдаа цогцосноос анхны шинжилгээгээр авсан тархины цусан хураанд дахин эд эсийн хугацаа тогтоох шинжилгээг огт хийгээгүй атлаа 44 дугаартай дүгнэлтийн 9 дүгээр хариултыг /24-72 цагийн өмнө үүссэн/ үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд өмнөх дүгнэлтийг үндэслэлтэй хянаж, шаардлагатай эд эсийн шинжилгээг цусанд хураанд хийгээгүйг шүүх анхаарч үнэлээгүй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ бусад нотлох баримттай харьцуулж үнэлж чадаагүй. Тухайлбал, талийгаач нас барах үедээ “хүнд” зэргийн согтолттой, цусанд 3.5 хувийн промиль спирт илэрсэн нь унах, ойчих гэх мэт эрсдэл 100 хувь байсан, талийгаачийн 2019.11.03-наас 2019.11.06-ны 20 цаг хүртэл явсан маршрут, хэзээ архи уусан, ийм гэмтэлтэй хүн архи уугаад 3 хоног явах эсэх, архи нь тархины цусан хураанд нөлөөлөх эсэх, ямар ч зовиур шинж тэмдэггүй /саажилт/ 3 хоног архи уугаад явах эсэх зэрэг тархи мэдрэлтэй холбоотой асуудлыг шалгаагүй.

Эд эсийн шинжээч Б.Наранбямба 2428 шинжээчийн дүгнэлтэд эд эсийн шинжилгээ хийж фибрин улбар шар /6-12 цаг/, улаан ягаан /12-18 цаг/, үзмэн ягаан /18-24 цаг/ будагдсан байна гэсэн атлаа 3 дахь шинжээчийн дүгнэлт дээр бүрэлдэхүүнд оролцож өөрийн дүгнэлтийг үгүйсгэж, 24-72 цагийн өмнө үүссэн гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргээ зөрчсөн байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Өад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан байна. Учир нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1856 тоот “Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж, мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2007 тоот “Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжийг гаргасан. Тус захирамжуудад шүүх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлүүлэхээр заасан байх боловч захирамжуудын хуулийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг байгаа нь илтэд хууль бус байна. Учир нь Б.Өад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байтал анхан шатны шүүх хуулийг илтэд ноцтой зөрчиж, тус эрүүгийн хэргийг 8 жилээс дээш хорих ялтай гэмт хэрэг мэтээр хандаж шүүх бүрэлдэхүүнийг тогтоосон нь хууль бус байна.

Мөн тус эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хүргүүлж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэг явагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж гарч, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхээр болсон. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй байхад, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх, эсхүл хэргийг прокурорт буцаах эсэх нь шийдвэрлэгдээгүй байхад тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1856 тоот захирамжаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаан даргалагчийг 1856 тоот захирамжаар тогтоож, уг захирамжид өөрчлөлт ороогүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн н.Өсөхбаяр шүүгч даргалсан нь ойлгомжгүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2007 тоот Ерөнхий шүүгчийн захирамжаар 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1856 тоот захирамжид өөрчлөлт оруулахдаа “Ерөнхий шүүгч Н.Одонтуул нь шүүх хуралдаантай байх тул хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэлтэй байна...” гээд Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх асуудалд холбогдолгүй хуулийн үндэслэлийг зааж өөрчилсөн байна. Шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч өөр хэргийн шүүх хуралдаантай тохиолдолд шууд л уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд үргэлжлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээд, бүрэлдэхүүнийг өөрчлөөд байж болох уу? Хэрэв дангаар хянан шийдвэрлэгдэх шүүх хуралдаанд шүүгч нь өөр шүүх хуралдаантай гээд хэргийг өөр шүүгчид шилжүүлээд байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зөрчигдөх юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 1650 тоот шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг анхан шатны шүүх зөрчсөн. Учир нь 2020       оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн тогтоолд зааснаар худал мэдүүлэг өгсөн, хохирогчийг хэзээ, хаанаа ямар гэмтэлтэй байсан, хохирогч амьд ахуйдаа дээрх гэмтлүүдийн талаар хэрхэн ярьж байсныг сонссон гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс шийдвэрлэсэн атлаа 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдолтой гэрчүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад нь шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Нэгэнт шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрчихээд байхад ямар нөхцөл байдал, ямар ашиг сонирхол үүсээд гэрчүүдийг албадан ирүүлэх арга хэмжээ авалгүй орхигдуулж, удаа дараа худал мэдүүлэг өгч байсан хүнийг хуралд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй бөгөөд хардлага төрүүлж байна. Дээрх хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг давж заалдах заалдах шатны шүүх огт үндэслэл бүхий няцаалт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгах ёстой. Гэтэл шинжээчийн 2428, 44, 881 дугаартай дүгнэлтүүд нь харилцан зөрүүтэй буюу зүүн нүдэнд учирсан гэмтэл хэзээ үүссэн, цусан хураа хэзээ үүссэн болохыг өөр өөрөөр дүгнэсэн нь нотлогдсоор байтал үүнийг няцааж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирогчийн дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд нь 2428 дугаартай анхны шинжээчийн дүгнэлтийг баталсан байна гэх боловч анхны 2428 шинжээчийн дүгнэлтэд зүүн нүдэнд учирсан гэмтэл нь нас барахаас 4-7 хоногийн өмнө учирсан болохыг тогтоосон, үүнийг дараагийн шинжээчийн дүгнэлтээр няцааж чадаагүй. Мөн хохирогчийн духанд учирсан гэмтэл нь 24-48 цагийн өмнө үүссэн гэмтэл болохыг бүх дүгнэлтээр тогтоосон, үүний улмаас цусан хураа үүсч болохыг ч шинжээч н.Ганболд, н.Ариунзаяа нар шүүх хуралдаанд маш ойлгомжтойгоор мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл тархины аль ч хэсэгт цохилт ирэхэд цусан хураа үүсч болно гэсэн. Харин н.Ганболд шинжээч хэргийн материалтай гүйцэд танилцаагүй дүгнэлт гаргасан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс маш тодорхой мэдэгдэнэ. Учир нь хурлын тэмдэглэлийн 26 дугаар талд “.... баруун талдаа гэмтэл байгаагүй...” гэсэн. Гэтэл баруун нүд, баруун хөмсөг, баруун дух, хуйх, баруун мөр, цээж зэрэг гэмтлүүдийг хараагүй мэт. Харин шинжээчид хэрэв баруун талд хүч үйлчилсэн тохиолдолд дээрх цусан хураа үүсэх боломжтой болохыг мэдүүлсэн нь хохирогчийн духанд үүссэн гэмтлийн улмаас амь нас хохирсон байхыг үгүйсгэхгүй юм.

Мөн 44 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан н.Ариунзаяа нь цусны бүлэнгээр хугацаа тогтоох эд эсийн шинжилгээ хийсэн гэсэн боловч тэрхүү дүгнэлт хэрэгт хавсаргагдаагүй, эсхүл тийм дүгнэлт гараагүй байна гэсэн үг. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд н.Наранбямба, Д.Долгормаа гэсэн эд эсийн шинжилгээ хийдэг нарийн мэргэжлийн шинжээчид байдаг. Эдгээр хоёр шинжээч нар нь 2428 болон 44 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд цусан хураанд эд эсийн шинжилгээ хийхэд хоёулаа цусан хурааг үүсээд 24 цаг болж байгааг нотолсон. Анхан болон давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий няцаалтыг өгч чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь хуулийг чанд сахин ажиллах бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд аливаа шийдвэрийг хүчингүй болгодог. Гэтэл тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Б нь монгол бичиг мэддэггүй гэсээр байтал түүнээс мэдүүлэг авахдаа орчуулагч, хэлмэрч авах эрхээр нь хангалгүй мэдүүлэг авсан. Үүний улмаас түүний 2019 оны 12 дугаар сард өгсөн мэдүүлэг нь үнэн зөв эсэхэд бодит эргэлзээ үүсч байх бөгөөд түүний мэдүүлгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд дүрс бичлэг хийн авсан гэдэг. Гэтэл тэрхүү камерын бичлэг хэргийн материалаас алга болсон. Мөн гэрч Б монгол бичиг мэддэггүй гэсээр байтал мөн л дээрх эрхээр хангалгүй ажиллагаа явуулсан нь хууль бус юм.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчдийн дүгнэлтийг гараагүй байхад мөрдөгч нь хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж хэргийг прокурорт шилжүүлж байсан нь түүнийг энэхүү хэрэгт ямар хувийн сонирхлоор ажилласан болохыг илтгэх юм. Ингээд 881 тоот шинжээчийн дүгнэлт гараад өмгөөлөгч нарт 07 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж асуулт тавих, шинжээч нараас татгалзах боломж бололцоог санаатайгаар хаасан. Гэтэл уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуулийн шаардлага хангахгүй дүгнэлт гарсан байсан. Учир нь өмнөх шинжээчдийн дүгнэлтүүдийг үг үсэггүй хуулан бичиж, ямар ч шинжилгээний ажиллагаа явуулалгүй дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчид тавьсан маш чухал асуултад хариулт өгөлгүй орхигдуулж, 2,3 дугаар хариултыг ижил байдлаар гаргасан. Үүнийг анхан шатны шүүх үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шинжээчийн дүгнэлт танилцуулахад шинжилгээ хийсэн этгээд нь гарын үсэг тамга дараагүй байгаа нь уг шинжээч дүгнэлт гаргаагүй болохыг илтгэж байгаа болно.

2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар гудамжны 150 тоотын гаднаас хохирогч Б.Гыг нас барсан байна хэмээх дуудлагын дагуу тус газарт хэргийн газрын үзлэг хийсэн /1-хх-13/. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин хэргийн газрын үзлэг хийхдээ 6 дугаар гудамжны 149 тоотод хийсэн нь ямар баримт, үндэслэлийн дагуу дээрх ажиллагааг явуулсан нь эргэлзээтэй байна /1хх-26/. Учир нь 11 дүгээр сарын 07-ны өдөр 6-149 тоотод хэрэг учрал болсон гэсэн талаар нэг ч гэрч мэдүүлэг өгөөгүй байтал мөрдөгч нь ямар баримтыг үндэслэж уг газарт хэргийн газрын үзлэг явуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд уг өдөр н.Б, н.Н, н.Д нараас мэдүүлэг авч хэргийн талаарх нөхцөл байдлыг тодруулсан учраас дээрх газарт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзлэг хийсэн. Гэтэл дээрх этгээдүүдийн мэдүүлэг хэргийн материалд авагдаагүй байна. Хохирогчийг анх хаанаас олсон болох нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үнэхээр хохирогчийг 6-150 тоотын гаднаас олсон юм бол хэрхэн 6-149 тоотод хэрэг учрал гарсан болохыг хууль зүйн үндэслэл бүхий байдлаар нотолсон байх ёстой.

2. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдсөн. Учир нь хохирогч н.Гын биед олон тооны гэмтэл учирсан байсан болохыг цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 2428, 44, 881 тоот дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон. Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан байсан:

  • Баруун хөмсөгний дээд талд 0,3x0,5 см хэмжээтэй зулгаралт
  • Баруун нүдэнд цус хуралт
  • Духны баруун хэсэгт 1x0,4см зулгаралт
  • Баруун мөрөнд ЗхЗсм цус хуралт
  • 2 шилбэний урд талд зулгаралт
  • Зүүн нүдэнд цус хуралт
  • Зүүн нүдний доод зовхинд захаасаа эдгэж эхэлсэн 1,1х0,5см зулгаралт
  • Цээжний зүүн урд хэсэгт 3x1 см цус хуралт бүхий гэмтлүүдийг /хэмжээг өөр

өөрөөр бичдэг/ хэн хэн учруулсан болохыг тогтоож чадаагүйн улмаас гэмт хэрэг үйлдээгүй хүн бусдын өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээж, жинхэнэ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь ял завшаад байна.

Учир нь хохирогчийн баруун хөмсөг, нүд, дух, хуйханд учруулсан гэмтлийг хэн, хэзээ учруулсан юм. Яагаад хохирогчийн духны арьсны цаад хэсэгт маш их хэмжээний шинэ цус хуралт байна вэ? толгойн үсний доод хуйханд цус хуралт яагаад байгаад байна вэ? үүнийг нэг мөр шалган тогтоох ёстой юм. Дээрх духны зулгаралт, хуйхан дахь цус хуралт бүхий гэмтлүүд нь 24 цагийн дотор үүссэн болохыг шинжээчид тогтоосон ба гэмтэл авснаас хойш 24 цагийн дараа нас барсан байх боломжтой гэсэн. Эд эсийн шинжээч н.Наранбямба, шинжээч Д.Долгормаа нар нь тус тусдаа өөр өөр цаг хугацаанд дээрх цусан хурааг хэзээ үүссэн, гавал тархины гэмтлийн үүссэн хугацааг эд судлалын аргаар нарийвчлалтайгаар хохирогчийн тархинд үүссэн цусан хурааг шинжлэхэд уг цусан хураа бүхий гэмтэл нь үүсээд 18 цагаас 24 цаг болж байгааг тогтоож яг ижил дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн дух, хуйханд үүссэн гэмтэл нь цусан хураа үүссэн цаг хугацаатай яв цав тохирч байна.

Харин Б.Өын цохиж гэмтэл учруулсан гээд байгаа зүүн нүдний зовхин дахь шарх нь хохирогч нас барахаас 3 хоногийн өмнө үүсгэгдсэн бол цусан хураагаар тогтоосон цаг хугацаатай огт тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл үнэхээр Б.Ө хохирогчийг цохиж зүүн нүдэнд гэмтэл үүсгэсэн юм бол тэрхүү үйлдлийн улмаас хохирогчийн тархинд цусан хураа үүсээгүй болох нь ойлгомжтой юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлээгүй байхад буюу хохирогч амь насаа алдаагүй байх үедээ өөрт учирсан гэмтлийг Б.Ө учруулсан гэж огт хэлж байгаагүй болохыг энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн бүх хүмүүс мэдүүлсэн байдаг. Яагаад Б.Ө цохисон гэж хэлж болоогүй юм бэ? Б.Ө цохисон гэж хэлэхгүй байх шалгаан байсан юм уу? Өөрөөр хэлбэл хохирогч амьд ахуйдаа Б.Өыг цохисон гэдгийг хэлээгүй, харин хүүхдүүдэд цохиулсан, танихгүй хүнд цохиулсан гэж байгаа нь Б.Ө хохирогчийг цохиогүй болохыг нотлож байна. Гэрчүүдийн доорхи мэдүүлгүүдэд хохирогчийг хэн хэн цохиж байсан болон гэрч Б ямар байдалтай байсан болохыг дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг.

- Гэрч З.Цийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгт“...Одоогоос 5-6 хоногийн өмнө... Б.Гыг Н /Алагаа/ шанаа руу нь гараараа 1 удаа цохитол Б.Г ор дээр хажуулдаад уначихсан.... Тухайн өдөр Б.Гын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгт “... хөнжил гудас нь цус болсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг, 2019.12.06-ны мэдүүлэгт “... 2019.11.06-ны өдөр ... Лам Аийи нэг нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг,         

- Гэрч Б.Эын 2019.11.08-ны өдрийн мэдүүлэгт “... 2019.11.06-ны өдөр ... Б.Гын зүүн нүд хөхөрсөн байхаар нь яагаад нүд чинь хөхөрсөн юм гэтэл Б.Г юм ярихгүй инээгээд сууж байсан..., 11 сарын 06-ны өглөө зүүн нүд нь хөхөрчихсөн байдалтай байж байсан, өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй... ” гэх мэдүүлэг,

- Гэрч н.Оын 2019.11.08-ны өдрийн мэдүүлэгт “... Лам гэх хүн хэлэхдээ миний хамар эвгүй болчихсон байна, Бгийн нэг шанаа битүү хавдсан байсан...” гэх мэдүүлэг, 2019.12.10-ны өдрийн мэдүүлэгт “Бн зүүн талын шанаа хацар нь хавдсан, жавьж нь сэтэрсэн харагдсан, Лам хэлэхдээ миний хамар жаахан эвгүй болсон байна гэсэн. Царайг нь харахад бол нүүр ам нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ө.Нийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгт “...2019.11.06-ны өдөр Бгийнд очиход ... лам Аийн зүүн талын нүд хөхрөөд хавдчихсан, Бгийн зүүн чихний ар хэсэгт язарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, 2019.12.07-ны өдрийн мэдүүлэгтээ "2019.11.04... лам Аийн зүүн нүд нь улаан хүрэн болоод хөхөрчихсөн, нүдний доод хэсэгтээ язарчихсан, Бгийн нүүр нь бага зэрэг хавдсан, энд тэндээ шалбарсан, зүүн чихний ар хэсэгт нь шалбараад үс нь наалдчихсан байсан.., Лам А хэлэхдээ би Бгийн бригадын даргатай баруун талын орон дээр хэвтэж байхад андуурч намайг зодоод гэж хэлж байсан... А бага зэрэг согтуу байсан...”,

- Гэрч Бгийн 2019.11.08-ны өдрийн мэдүүлэгт “... 2019 оны 11 сард... Ц Аийг гэрээсээ хөөгөөд эхэлсэн. Сүүлдээ ноцолдоод эхлэхээр нь би очоод салгахад..., Өглөө намайг Аийг харахад зүүн талын нүүр хэсэг нь нил цус болоод хавдчихсан байсан..., Миний харснаар зүүн талын нүдний хэсэгтээ хөхрөөд хавдчихсан байсан, өөр гэмтэл харагдаагүй...'' гэх мэдүүлэг, 2019.12.10-ны өдрийн мэдүүлэгтээ “... 2019.11.01-ний өглөө лам Аийн зүүн талын нүд нь хөх туяатай болоод хавдсан байсан..., Гэрт орж ирэхэд Өлзийг цохичихлоо гэж байсан..., 11 сарын 06-ны өдөр Лам А гэрийн гадаа үүдний гишгүүр дээр зогсчихоод шээгээд байсан. Б үүдэн дээр шээгээд гээд лам Аийг түлхээд, айлын үүдэн дээр шээлээ гэхээр нь би боль боль согтуу хүнийг гээд хориглосон. Тэр үед лам А өмдөө тайлж чадахгүй өмдөндөө шээчихээд ороод ирсэн. Гэрт байж байхад Б ах гаднаас орж ирээд гэрийнхээ байдлыг хараад чи ингэж гэр сахиад байхдаа яадаг юм, энэ багана хугарчихсан, орны дэвсгэр бохирдуулсан гээд уурлаад гэрээсээ хөөсөн.”  гэх мэдүүлэг,

- Гэрч н.Б 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэгт “... 2019.11.06-ны өдөр Бгийн гэрт уулзсан... лам Аийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан, та нүдээ яагаав гэхэд Б Цийн хүүхэд найзуудтайгаа орж ирээд бид гурав хэвтэж байгаад тоосоо гөвүүллээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч н.Сийн 2019.12.08-ны өдрийн мэдүүлэгт “... 2019.11.05-ны өдөр ... Би Бгаас баганаа яагаад хугалчихсан юм гэхэд Э өчигдөр орж ирээд хуга өшиглөчихөөд гараад явчихлаа гэж хэлсэн..., Тэр үед харахад лам ахын нүд хөхөрсөн, Б ахын шүд нь уначихсан байсан. Багана хадаж байх үед Б лам хоёр хэрэлдээд байсан...” /гарын үсэг эргэлзээтэй/,

- Гэрч Р.Дын 2019.12.10-ны өдрийн мэдүүлэгт “.... Манай дэлгүүрт нас барахаас нь өмнө 6-7 хоногийн өмнө орж ирэх үед ил харагдах гэмтэл шарх сорив харагдаагүй...”,

- Гэрч н.Бийн 2019.12.10-ны өдрийн мэдүүлэгт “... Бгийн дух халцарчихсан, нүүр нь энд тэндээ халцраад шалбарчихсан, шалбархайнаас нь цус гараад нүүр рүү урсаад хүзүү рүү урссан цус болчихсон, мөн өмсөж байсан фудволк нь цус байсан. Лам А духных нь баруун хэсэг халцарчихсан цус гарсан зүйлгүй байсан..., ламын нүд нь хөхрөөгүй зүгээр гарч явсан..., тэр гурав нүүр гарынхаа цусыг угаасан..., 2019.11.04-ний өдөр /засвартай!!!/ Лам Аийн зүүн нүдний доод талын зовхи язраад цус гараад хатчихсан, нүүр нь цус болчихсон, зүүн нүд нь хөхөрчихсөн байсан... Б, Д хоёр болохоор энэ шөнө гарч яваад хүнд цохиулчихсан юм шиг байна гэж байсан..., Лам Аийн согтолт нь гайгүй байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Ды 2019.12.10-ны өдрийн мэдүүлэгт /он сар засвартай !!! / Бтай ярьж байсан...

- Гэрч з.Бийн 2019.12.24-ний өдрийн мэдүүлэгт “...хэд хоногийн дараа Э утсаар яриад таныг цагдаагаас ир гэж дуудаж байна... цагдаагийн газар ирээд Б, Н, Э гурав байж байсан ба тэр гуравтай уулзахад тархины харвалтаар нас барсан гэж хэлсэн...”,

- Гэрч Б.Эгийн 2019.12.24-ний өдрийн мэдүүлэгт “... 2019.11.04-ний өдөр... Лам эрэгтэйн зүүн нүд том хөхрөөд шалбарчихсан байж байсан. Би та нар зодоон хийсэн юмуу гэхэд бацаануудад зодуулаад гэсэн зүйл ярьсан..., Бгийн үүдэн нэг шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Оы 2020.01.10-ны өдрийн мэдүүлэгт “... 2019 оны 11 сарын 16-ны үед хөдөөнөөс ирсэн...Маргааш нь Бгийн очиход Б, Н, Б гурав байсан. Би хаашаа явах нь уу гэж асуухад Б ах цагдаагаас намайг дуудсан, тэр гурав цагдаа руу явсан...” гэх мэдүүлгүүдэд хохирогч Б.Гын зүүн нүд нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нас барах өдрийг хүртэл гэмтэлтэй байжээ. Харин түүний дух, баруун хөмсөгний дээд хэсэгт дэх зулгаралт, баруун нүдний цусан хураа, баруун мөрний цусан хураа, хуйхан дахь цус хуралт бүхий гэмтлүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш авсан байх бөгөөд энэхүү гэмтлүүдийг Т Б, Б, Н, Э, Б нарын хэн нэгэн нь учруулсан болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Харин дээрх гэмтлүүдийг Б.Ө нь учруулсан гэх нотлох баримт үгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш эдгээр хүмүүстэй уулзаагүй гэдэг нь нотлогддог.

Мөн гэрч Бн биед 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвхөн хацар хавдаж, шүд унасан гэмтэл үүссэн бөгөөд 11 сарын 04-ний өдрөөс эхлэн түүний нүүрэнд олон тооны шарх үүсэж, зүүн чихний ар хэсэг цусанд будагдаж хатсан байсан болохыг гэрчүүд мэдүүлсэн. Гэтэл түүнийг Б.Ө цохиогүй, Ц.Э нар цус гартал нь зодоогүй байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчтой н.Б нь харилцан зодолдсон болохыг нотлох бөгөөд гэрч н.О хохирогчийг байгаа айлдаа хөөгдөөд манайд хувцасаа орхиж байсан гэдэг.

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 881 тоот шинжээчийн дүгнэлт гаргахдаа шинжээч нар нь зөвхөн гэрч н.О, гэрч н.Д, гэрч н.Бгийн мэдүүлгээ өөрчилсөн мэдүүлгийг л үндэслэж хэн цохисон болохыг тогтоосон байдаг /Зхх-154-205 хүртэл/. Гэтэл бусад гэрчийн мэдүүлгүүдэд хохирогч нь Б.Өыг цохисон гэдгийг хэлж байгаагүй мэдүүлгүүдийг шинжээч нарт яагаад танилцуулаагүй вэ? өөр бусад байдлаар олон тооны гэмтлийг бусад этгээд учруулсан болохыг мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүдийг шинжилгээний байгууллагад яагаад хүргүүлээгүй вэ? гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар

- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т Б гэх этгээд хохирогчийг түлхэж унагаж, түүнийг нь Б таслан зогсоосон.

- 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н нь хохирогчийг унатал нь цохисон,

- 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э хохирогчийг гурван удаа нүүр лүү цохисон,

- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.Э нар хохирогчийг хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон.

- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б Б нарыг хөөж, шилээр цохисон.

- 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б хохирогчтой муудалцсан.

- 2019 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө хохирогч гадаа явж байгаад бусдад зодуулсан гэх нөхцөл байдлууд тогтоогддог. Өөрөөр хэлбэл дээрх байдлуудаар хохирогч гэмтсэн байх бүрэн боломжтой юм.

Мөн анхан шатны шүүх Ц.Э, Б.С, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай байна гэж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тус зүйлийн 2 дахь хэсэгт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилдэг. Гэтэл эдгээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн байхаас гадна тус хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байтал хуулийг буруу хэрэглэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг Б.Өын гэр бүлийн хүнээс бүрэн барагдуулж авсан гэсэн боловч магадлалд дээрх хохирол нөхөн төлөгдсөн талаар огт тусгаагүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1650 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1509 тоот магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Д.Майдри гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заасныг зөрчсөн. Амь хохирогчийг түлхэж, нас барсных нь дараа зөөж гаргасан, хэрэг болсноос хойш олдоогүй, 2019.11.03-ны шөнө хүнд цохиулчихлаа гэж амь хохирогч ярьж байсан тэр шөнө Б, амь хохирогч нарын гэрт орж ирээд хоночихсон байсан гэх “Т Б” гэж хүнийг хэрэг болсон өдрөөс хойш олоогүй, мэдүүлэг аваагүй, шалгаагүй.

Гэрч Б “2019.11.04-ний ... тэр өглөө харахад ламын зүүн нүдний доод язарсан хэсгээс гарсан цус нь тогтчихсон, нүд нь нэмээд хөхөрчихсөн харагдаж байсан...”, “шөнө унтаж байхад Т Б ороод ирчихсэн байсан...”/хх-101/, “2019.11.06-ны ...Б үүдэн дээр шээгээд гээд лам Аийг түлхээд..”, ... “Н ламын цээжнээс өргөөд би зүүн, Т Б баруун хөлнөөс нь өргөөд хашааны гадаа гараад явган хүн гарах хаалганы баруун хэсэгт суулгаад орхисон...” /хх-1.103/ гэж мэдүүлсэн.

Т Б гэх хүнийг шалгаагүй нь ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг зөрчсөн явдал мөн.

ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно: 2.гэмт хэргийг хэн үйлдсэн;” болохыг тогтоож чадаагүй, эргэлзээгүй нотлоогүй.

2019.11.03-ны өдөр буюу Б.Ө амь хохирогчийг цохисон нь нотлогдож байна гээд байгаа анхан болон давж заалдах шатны шүүх 2019.11.03-ны өдөр амь хохирогчийг дараах хүмүүс цохисон гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад яагаад үүнд дүгнэлт өгсөнгүй вэ?

1.2019.11.03-ны өдөр Ө.Н амь хохирогчийг шанаа руу нь 1 удаа цохисон гэх мэдүүлэг.

Гэрч З.Ц 2019.11.08-ны өдрийн мэдүүлэгтээ: “...Одоогоос 5-6 хоногийн өмнө өдрийг санахгүй байна, манай гэр болох БЗД-ийн 13-р хороо, дүүргийн 6-266а тоотод Б.Г, Б, Н бид нар Хандгай нэртэй нэг шил архи уусан. Тэгсэн Н, Г нар хоорондоо маргалдаад Б.Гыг Н шанаа руу нь гараараа 1 удаа цохитол Б.Г ор дээр хажуулдаад уначихсан... Тэгэхээр нь би уурлаад гэрээсээ Нийг хөөгөөд явуулсан...”, “Э хэлэхдээ Б.Гыг Бгийн гэрт нас барсны дараагаар Н, Б нар хөл гараас нь дамжлаад гэрээс гаргаж гудамжинд гаргаж хаясан гэж хэлсэн.../1хх. 67-68/”

2.2019.11.03-ны шөнө амь хохирогч хүнд цохиулсан талаараа 2 өөр гэрчид хэлсэн талаарх мэдүүлэг.

Гэрч Т.Б “2019.11.04 ...Д, Б хоёр болохоор энэ шөнө гарч яваад хүнд цохиулчихсан юм шиг байна. Лам санахгүй байна гээд байсан...”/1хх.131-132/, Гэрч Н.М “...2019.11.04... Лам эрэгтэйн нүд нь хөхөрчихсөн, зүүн нүднийх нь доор хөхөрсний доор нь язарчихсан байсан. Би таныг хэн цохичихсон юм гэхэд ах нь сайн мэдэхгүй байна, өнгөрсөн шөнө хүнд цохиулчихлаа, цус нь ерөөсөө тогтохгүй байж байгаад гайгүй тогтчихлоо... гэж ярьж байсан... ” /1хх-171/

Зөвхөн 2019.11.03-ны өдөр л гэхэд Ө.Н, хэн нь тодорхой болоогүй хүнд цохиулсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүх яагаад эдгээр 4 өөр хувилбараас амь хохирогч Б.Өад цохиулсны улмаас хүнд гэмтэл авсан нь “эргэлзээгүй” гэж дүгнээд байна вэ? Амь хохирогчийг хэн хэн цохисон бэ? гэдэг асуудал бол “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал” мөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрийг хэн хэн учруулсан талаар анхаарч үзээгүй. Гэмт хэрэг хэн үйлдсэнийг эргэлзээгүй нотолж чадаагүй атлаа эрүүгийн хариуцлагыг миний үйлчлүүлэгчид халдаан хэрэглэж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн.

ЭХХШТХ-ийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчиж, дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгийг дүгнээгүй атлаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь талд гэрч Ц.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн ба тэрхүү мэдүүлэг дээр огноог гараар засч 2019.11.03-ны өдөр гэдгийг “03”-ны өдөр /1хх-136/ гэх, мөн “04” гэх /1хх-137/ өдрүүдийг штрикээр дарж дээр нь бичсэн байдалтай байгаа баримтыг үнэлсэнд гомдолтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогоогүй буюу мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчсөн.

ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг анхан шатны шүүх хуралдааны явцад зөрчиж, Б.Өын өмгөөлөгч Д.Майдри намайг шинжээчид эхний асуултаа тавин хариултаа авах гэтэл бүрэлдэхүүний шүүгч Баасанбат уурлаж, загнаж асуулт асуулгалгүй, шинжээчид хариулах чөлөө ч өгөөгүй. Амь хохирогч нас барах болсон шалтгаан буюу “цусан хураа”-г үүссэн цаг хугацааг эхний шинжээч 24-48 цаг, удаах нь 24-72, сүүлийнх нь 24-72 цагийн хугацаанд үүссэн гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутэй гэж дүгнэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нотлох баримттай холбоотой учраас би шинжээчид асуулт тавих, улмаар мэтгэлцэх эрхээ эдлэх ёстой байсан ч бусад бүх өмгөөлөгч болон улсын яллагч өөрсдийн тааваараа чөлөөтэй асуултаа асууж, хариулт авч байхад ганцхан намайг асуулт асуух боломж олгоогүй, мэтгэлцэх тэгш боломж өгөөгүй шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг ноцтой зөрчсөн. Намайг нас залуу, эмэгтэй бас ягаан үстэй болохоор тийнхүү таагүй хандаж, үл ойшоож, дорд үзсэний улмаас ёс зүйгүй авирласан. Мэтгэлцээн бол хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Иймд ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг мөн зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Амь хохирогчийг нас барахаас 24 цагийн өмнө Б амь хохирогчтой маргалдсан...

Гэрч Ө.Н: 2019.11.06-ны өдөр /өмнөх өдөр нь зах хаалттай байсан учир санаж байна./ 11 цагийн орчимд би Энхтайван гэх найзынхаа хамтаар Бгийн гэрт очиход Б, А, хар Отгоо гэх эмэгтэй нар байсан... Тухайн үед Аийн зүүн талын нүд хөхрөөд хавдчихсан...”,

“...2019.11 07-ны өглөө сэрэхэд Б, Б хоёр баруун талын орон дээр унтаж байсан бөгөөд А хаачсан юм гэж асуухад Б хэлэхдээ хүнээс мөнгө авна гээд өчигдөр орой гараад явсан гэж хэлсэн...”,

“2019.11.04-ний өдөр...Лам Аийн зүүн нүд нь улаан хүрэн болоод хөхөрчихсөн, нүдний доод хэсэгтээ язарчихсан ....яасан юм гэж асуухад Б 4-5 хоногийн өмнө Цийн хүүхэд найзуудтайгаа орж ирээд зодчихлоо..., Б, лам хоёр 5-ны шөнө маргалдаад байсан...” /1хх 89-93/,

“...Б бид хоёр гэрт ирээд байж байхад араас лам А ганцаараа хүрээд ирсэн... тэр лам хаалганы гадаа газар хэвтчихээд орж ирэхгүй байсан... Тэр үед Б орж ирсэн... 16-17 цагийн үед гаднаас Б Э хоёр ороод ирсэн. Б ах орж ирээд ... уурлаад Бг архины шилээр цохих шиг болсон. Тэгсэн чинь Б Магнай, Алагаа гурвуулаа гарчихаад ирье гэсэн. Лам гадаа хэвтэж үлдээд Э, Б хоёр гэрт үлдсэн...З0 орчим минутын дараа ирэхэд ...авсан архиа Б, Э, Б, Б бид нар хувааж уусан...” /1хх-92/,

2019.11.04 болон 2019.11.06-ны өдрийн байдлаар Б.Өад цохиулсан талаар яриагүй...

Гэрч Б.Б: “...2019.11.06-ны өглөө...лам Аийн зүүн нүд хөхөрчихсөн байсан. Б Цийн хүүхэд найзуудтайгаа орж ирээд бид гурав хэвтэж байгаад сайхан тоосоо гөвүүллээ гэж хэлж байсан...” /1хх-119/. Магадлалын 18 дахь талд дурдсан.

Гэрч Б.Э: “... 2019.11.04...лам эрэгтэйн зүүн нүд том хөхрөөд шалбарчихсан байж байсан... Би та нар зодоон хийсэн юмуу гэхэд бацаануудад зодуулаад гэсэн...” /1хх-153/ магадлалын 20 дахь талд дурдсан.

ЭХХШтХ-ийн 10.11 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол, шинжээчээр оролцож болохгүй талаар заасан. Мөн тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-т “бусад оролцогч гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;” гэж заасан байна. Гэтэл шинжээч Б.Наранбямба нь 2019.11.29-ний өдрийн 2428 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахад оролцоод уг дүгнэлт зргэлзээтэй учраас дараа нь дахин 2019.12.31-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан, үүний дараа 2020.06.25-ны өдөр 54 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” гаргахад оролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн хэрэг мөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 25 дахь талд “талийгаач Б.Гын биед учирсан гэмтлийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч дахин дүгнэлт гаргахад оролцоогүй” хэмээн илтэд бодит байдалд нийцэхгүй худал дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Б.Б, Ц.Д нарын мэдүүлгийг гол нотлох баримтуудын тоонд оруулж үнэлжээ. Б.Б анх 2019.11.08-ны өдөр мэдүүлэг өгсөн гэх уг мэдүүлэгтээ Б.Ө амь хохирогчийг цохисон гэж мэдүүлээгүй, 2019.11.29-ний өдөр хүртэл амь хохирогчийг З.Цийн хүүхэд найзтайгаа орж ирж зодсон гэдгээс өөр мэдүүлэг байгаагүй. тэгтэл 2428 дугаартай шинжээчийн дүгнэлт 2019.11.29-нд гарахдаа үхэлд хүргэсэн гэмтэл болох цусан хураа 24-48 цагийн өмнө үүссэн гэж гарснаас хойш дээрх 2 гэрч миний үйлчлүүлэгчийг амь хохирогчийг цохисон гэх мэдүүлэг өгч эхэлдэг. Гэтэл тэдгээр гэрчүүдийн мэдүүлсэн цагаар тооцвол Б.Ө амь хохирогчийг цохисон гэж үзлээ ч хугацааны хувьд хамааралгүй болох байсан. Үүний дараа 2019.12.31-ний өдөр ер бусынаар анагаахын шинжлэх ухаан гэнэт үндэслэлгүй өөрчлөгдөж 24-48 цаг гэсэн хугацаа 24 цагаар нэмэгдэж, 72 цаг болж уртассан. 24-72 цаг гэсэн хугацааг гаргаж ирсэн шинжээч дараалаад 1 болон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн бүрэлдэхүүнд дахин дахин оржээ. Шүүх хурал дээр энэ хугацаа яагаад уртассан шалтгааныг асуух гэхээр шүүгч загнаад асуулгадаггүй. Эдгээр үйл явдал нь илэрхий Б.Өыг л яллахад чиглэсэн. Өөр хэн нэгэн энэ гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой болов уу? гэж шалгах талаар ямар ч арга хэмжээ авагдаагүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийн талаар 6 өөр сэжүүр байхад Б.Өыг л яллахын төлөө мөрдөн шалгах ажиллагаа явагдсанд гомдолтой байна. Бусад 5 сэжүүрийг шалгаад, няцаагаад дүгнэсэн бол гомдолгүй байх байлаа. Мэтгэлцэх тэгш боломжоор хангадаггүй, хууль бусаар орж ирж суугаад уурлаж, уцаарлан барин хэрэг шүүдэг, үйлчлүүлэгчээ өмгөөлөх нь битгий хэл өөрийгөө ч өмгөөлж чадахгүй шүүгчийн өмнө гэм хийсэн хүн шиг ёгчуулж зогсон сэтгэл санааны хохирол амссандаа гомдолтой байна.

39.8 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих.

1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

1.6.шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

36.2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц.

“5.Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.”

Амь хохирогчийг цохисон гэж нэр холбогдсон хүн нэг бүрийг амь хохирогчийн биед учирсан гэмтэл нэг бүрийн шалтгаант холбоог тогтоож, нотлоогүй цагт Б.Өыг яллах нь гэм буруугүй хүнийг хилсдүүлсэн хэрэг болно. Иймд Б.Өыг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б, Б.С нарын өмгөөлөгч Ю.Батболд хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль зөрчөөгүй, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Эөд холбогдох хэргийг зөв шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийг насанд хүрээгүй гурван шүүгдэгчид тохох гэж үзсэн. Харин хэргийг шалгах явцад шүүгдэгч нарын ар гэрээс сайн хөөцөлдсөний үр дүнд хэрэг илэрсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ө болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, хууль зүйн дүгнэлт хийгдсэн. Хэргийн гол гэрч Ц.Д хэргийн талаар тодорхой мэдүүлсэн ба гэрч Б.Б, З.Б, Т.Б нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 24-72 цагийн дотор тухайн гэмтэл үүсэх боломжтойг тогтоосон ба бусад нотлох баримтуудаар Б.Өын учруулсан гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч  Т.Багахүү, Д.Майдри, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ө, Э.Б, Б.С, Ц.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтой /лам А гэх/ маргалдаж, зүүн нүд хэсэгт нь цохисны улмаас Б.Гын тархинд цусан хураа бүхий хүнд гэмтэл учирч, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн үед нас барсан,

 шүүгдэгч Б.Б, Б.С, Ц.Э нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод байрлах гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, тухайн гэрт унтаж байсан Б.Б, Б.Г, Э.Оын нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан,

шүүгдэгч Ц.Э, Б.С нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх орох гэмт хэргийг үйлдэх явцад бүлэглэн иргэн Б.Гыг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Өыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”, шүүгдэгч Э.Б, Ц.Э, Б.С нарыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах”, мөн шүүгдэгч Ц.Э, Б.С нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж санаатай учруулах” гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ нотлох баримтаар тогтоогдсон 4.367.940 төгрөгийг шүүгдэгч Б.Өаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Од олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянаж үзэхэд тэдний гаргасан гомдол нь давж заалдах журмаар гаргасан гомдолтой утга агуулга ижил байх бөгөөд тухайн гомдолд анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй няцаалт хийсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан харьцуулан шинжлэн судалж, үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Өыг хохирогч Б.Гын амь нас хохирсон явдалд гэм буруутай болохыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон гэж үзэв.

Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас харахад тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоот хашаанд байрлах гэрт Б.Б түр оршин сууж байхдаа амь хохирогч Б.Г болон бусад хүмүүстэй байнга архидан согтуурч байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой болсон үйл явдлыг сэргээн тогтооход чухал ач холбогдол бүхий дараахь нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хэргийн газарт байсан Ц.Д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр “…11 сарын 03-ний өдөр… Бгийн гэрт очиход лам багш /Б.Г/, Б хоёр байж байсан. Бид гурав миний авчирсан архийг уугаад байж байхад гаднаас манай гэрийн ойролцоо байдаг машин засварладаг Өлзий /Ө/ гэдэг эрэгтэй ганцаараа орж ирсэн… Б тэр үед нутаг руугаа буцмаар байна, замын зардал хэрэгтэй байна гэхэд Өлзий өнөө маргаашдаа худлаа, хэд хоногоос олоод өгнө гэж ярьж байсан. Тэр үед лам багш архинд нилээн согтсон байсан ба Өлзийг “чи өгвөл өгчих, чадахгүй бол чадахгүйгээ хэлчих” гэхэд Өлзий уурлаад “чи юу гээд байгаа юм, чам шиг ийм лам нарын нэр гутаасан, энд тэнд очиж шалбаагт унтдаг лам байдаг юм уу” гээд эргэж хараад баруун гараараа лам багшийг нүүр рүү цохисон. Лам багшийн нүүр рүү нэг удаа цохисны дараа лам багш гараараа зүүн хацраа дараад цус гараад байна гэсэн. Өлзий лам багшийн хацраас цус гараад эхлэхэд гараад явчихсан… Лам багш цус тогтохгүй байна гээд гараараа дараад хойшоо хана налаад суухад цус нь дээл рүү нь урсаад байсан…”/1хх-134/,

мөн хэргийн газарт байсан Б.Б 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр “…11 сарын 03-ны орой … Өлзийгийн мөнгөөр авсан хоёр шил архийг дөрвүүлээ хувааж уусны дараа лам А дахин архи аваад ир гээд мөнгө өгөхөөр нь би Алту дэлгүүр рүү яваад 0,75 литрийн Хандгай нэртэй архи 2 шилийг аваад буцаж ирсэн. Гэрт буцаж ирэхэд 22 цаг болж байсан байх… Гэрт орж ирэхэд лам А, Өлзий хоёр баруун талын модон орон дээр сууж байсан ба лам А доошоо тонгойгоод суучихсан, дэрний уут аваад нүүрээ дараад сууж байгаа харагдсан. Би юу болов гэхэд Өлзий хөгшин нь цохичихсон юм аа гэсэн, лам болохоор Өлзийг цохичихлоо гэж хэлсэн. Би хамраас нь цус гараад байгаа юм уу гээд харахад зүүн нүдний доод талаас нь төвгөр ясны хэсгээс нь цус гарч байсан ба зүүн хацрын товгор хэсэг нь задарч гэмтсэн байсан… Намайг орж ирсний дараа Өлзий би явлаа гээд гараад явчихсан…” /1хх-97/,

мөн хэрэг гарсны маргааш өглөө хэргийн газарт ирсэн Т.Б  гэрчээр “…2019 оны 11 сарын 04-ний өдөр өглөө 10 цагийн үед Бн гэрт очиход хохирогч Б.Гын зүүн нүдний доод талын зовхи язарч цус гарсан, мөн түүний хөнжил, гэрийн баруун хэсгийн дрож цус болсон байсан” /1хх-129/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд хохирогч Б.Г нь духны хуйхан доорхи цус хуралт, зүүн дээд доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150 мл/ нэг механизмаар буюу хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн цохилтын улмаас нас барахаас өмнө 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой болохыг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон нэр бүхий 5 шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 881 дугаартай дүгнэлт нь /3хх-206/ хэргийн үйл баримтыг шууд харсан дээрх гэрчийн мэдүүлгүүдтэй харилцан хамааралтайгаар шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцох үндэслэл болжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С, Ц.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө бүлэглэн иргэн Б.Гыг унтаж байхад нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон боловч тухайн гэмтэл нь хохирогч нас барсан явдалтай шалтгаант холбоогүй, түүнчлэн Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой хохирогч Б.Гын нүүрэнд цохиж гэмтэл учруулснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Г тархины гэмтлийн улмаас нас барах хүртэл өөр хэн нэгэн хүн түүнийг зодож үхэлд хүргэсэн үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдэж, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байна.

Гэрч Ц.Ды мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “03” /1хх-136/, мөн “04” гэх /1хх-137/ өдрүүдийг штрикээр дарж дээр нь бичсэн нь мэдүүлгийн бусад агуулга болон хэргийн үйл баримттай зөрчилдөөгүй гэж үзэв.

Энэ талаар прокурор мөрдөн байцаалтын шатанд зохих шалгалтыг хийсэн бөгөөд нотлох баримтыг хууль бусаар засварласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй /3хх-1/ болно.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2428 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Гыг үхэлд хүргэсэн тархины цусан хураа гэмтэл нь түүнийг нас барахаас 24-48 цагийн өмнө үүссэн гэж дүгнэсэн нь тухайн хэрэгт дахин дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 44 болон 881 дугаартай дүгнэлтүүдээр тус тус үгүйсгэгдэж,  уг гэмтэл нь нас барахаас өмнө 72 цагийн дотор үүсгэгдсэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт эд эсийн шинжилгээ хийснээс гадна 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 881 дугаартай сүүлийн дүгнэлтийг гаргахад шинжээчээр томилогдон оролцсон Б.Наранбямба нь өмнөх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргахад оролцоогүй, тэрээр өөрийн гаргасан 881 дугаартай дүгнэлтийг үгүйсгэсэн мэдүүлэг, тусгай санал гаргаагүй байна.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

Шүүгдэгч Б.Ө, хохирогч Б.Г нарт урьд нь хэн нэгнийх нь буруутай үйлдэл, үйл ажиллагаа, хувийн байдалтай холбоотой өс хонзон, атаа хорсол, таарамжгүй харилцаа байгаагүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр Б.Ө нь архи уух зорилгоор Б.Бн гэрт орж, тэнд байсан хүмүүстэй хамт архи уух үедээ Б.Гтой үг зөрж, харилцааны зөрчил үүсгэн маргалдах үедээ нүүрэнд нь гараараа цохиж, улмаар нүүрнээс нь цус гарах үед гэрээс гарч явсан үйл баримтаас харахад тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд Б.Гыг цохихдоо түүнийг санаатай алах зорилго агуулсан, улмаар түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг ухамсарлаж ойлгосон, түүнчлэн хохирогч хүнд гэмтлийн улмаас үхэж болохыг мэдсэн атлаа түүнд тусламж үзүүлэхгүй зориуд орхиж явсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Б.Ө нь хохирогчийн нүүрэнд цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул түүний үйлдлийг “Хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Б.Ө болон өсвөр насны шүүгдэгч Э.Б, Ц.Э, Б.С нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, үнэлэх замаар хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Өад холбогдох хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах, мөн шүүгдэгч Б.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах талаар шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Майдри, Э.Ганбат, Т.Багахүү нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1650 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1509 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч  Т.Багахүү, Д.Майдри, Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН         

       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

       Ч.ХОСБАЯР                                                                                              

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН